Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2021/00745

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2020/01271 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1588 дугаар магадлалтай,

 

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

 

нэхэмжлэл: эд хөрөнгө битүүмжилсэн, хураасан тогтоолыг хүчингүй болгуулах, битүүмжлэх хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх, үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болоржаргалаас хяналтын журмаар 2020.08.18-ны өдөр гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болоржаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунчимэг, нарийн бичгийн даргад Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015.03.17-ны өдрийн 1719 дугаар шийдвэрээр Нэйшнл кашмер силк ХХК-иас 722,842,274 төгрөг, Намере ХХК-иас 149,851,863 төгрөг гаргуулж Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна...шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж 2015.09.25-ны өдрийн 140/01 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор *******гийн өмчлөлийн Улсын бүртгэлд бүртгэлтэй, Баянгол дүүргийн 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс /16102/, Сонсголонгийн зам 22/1 тоотод байрлах, 756 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилгыг битүүмжилсэн. Гэтэл 2019.10.09-ний өдрийн 15290889/07 дугаар эд хөрөнгө хураах тогтоолоор битүүмжлэх тогтоолд тусгагдаагүй буюу битүүмжлээгүй хөрөнгө болох Улсын бүртгэлд бүртгэлтэй 306 м.кв газрыг дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хамт хураах ажиллагаа хийж хууль зөрчиж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байна. Мөн хариуцагчаас үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн тухай шийдвэрийг улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлээгүй. Барьцаа хөрөнгөд үзлэг хийж, нэвтрэн орж битүүмжлэх ажиллагааг хийхдээ хөндлөнгийн гэрч оролцуулаагүй нь ШШГТХ-н 49.7, 41.1-г зөрчсөн байна. Дээрх хөрөнгөнүүдийг хууль бусаар битүүмжлэн, хураан авч, шинжээч томилон хамтад нь 735,564,000 төгрөгөөр үнэлсэн болохыг 2019.11.05-ны өдрийн 4/24476 дугаар мэдэгдлийг хүлээн авснаар мэдсэн. Үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн, адил төстэй барилга, үл хөдлөх эд хөрөнгө, газартай адилтгаж жишиж, харьцуулж үзээгүй үндэслэлгүйгээр үнэлгээ тогтоон хөрөнгийг үнэгүйдүүлж байна. ШШГГ-с үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсний дараа улсын бүртгэлийн байгууллагад өмнө дагаж мөрдөгдөж байсан ШШГТХ-н 61.1-д заасны дагуу битүүмжилснээс хойш 3 хоногийн дотор үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлэх ёстой байсан боловч энэ талаар бүртгүүлээгүй байдаг. Битүүмжилснээс хойш 1 сарын дараа буюу 2015.10.29-ний өдөр БГД-н бүртгэлийн хэлтэст албан бичиг хүргүүлсэн. Барьцаа хөрөнгийн өмчлөгч буюу гуравдагч этгээдээс ШШГТХ-н 55.3, 55.7, 122.3-т тус тус заасны дагуу хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын *******гийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг битүүмжилсэн 2015.09.25-ны өдрийн 140/01 дугаар тогтоол, 2019.10.09-ний өдрийн 15290889/07 дугаар хураасан тогтоолыг тус тус хүчингүй болгож, ШШГТХ-н 122.1-д заасны дагуу битүүмжлэх хөрөнгийн жагсаалтаас чөлөөлж, мөн дээрх үл хөдлөх хөрөнгийг 735,564,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2015.09.02-ны өдрийн 15290889 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор үүсгэсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд дурдсан БГД-н 20-р хороо, 22/1 тоот хаягт байрлах 756 м.кв талбайтай үл хөдлөх, 306 м.кв талбайтай газрын хамт 2015.09.25-ны өдрийн 140/01 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2019.10.09-ний өдөр хөндлөнгийн гэрчээр Ж.Мөнхдагина, Б.Хуягболд нарыг оролцуулан 15290889/07 дугаар тогтоолоор хураасан. Талууд болон өмчлөгч нарт үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг 2019 оны 4/21817 дугаар албан бичгээр мэдэгдэхэд Нэйшнл кашмер силк ХХК үнийн санал ирүүлсэн ба Намере ХХК-д үнийн санал ирүүлэх мэдэгдлийг 2019 оны 4/22323 дугаар албан бичгээр дахин мэдэгдэхэд үнийн санал ирүүлээгүй бөгөөд Нэйшнл кашмер силк ХХК-ийн үнийн саналыг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй, талууд харилцан тохиролцоогүй тул 2019 оны 331 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт нийт 735,564,000 төгрөгөөр үнэлсэн. Энэ талаар Намере ХХК, Нэйшнл кашмер силк ХХК, өмчлөгч *******, төлбөр авагч Голомт банк ХХК нарт мэдэгдсэн. Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2019 оны 4/25625 дугаар мэдэгдэл, 2019 оны 12/46 дугаар тогтоолыг талууд болон өмчлөгчид баталгаат шуудангаар хүргүүлсэн. Төлбөр төлөгч *******гийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж 2019.11.20-ны өдрийн 183/Ш32019/13665 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. ШШГТХ-н 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно, 41.1 дэх хэсэгт төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хурааж авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна гэж заасны дагуу хураах ажиллагаанд хөндлөнгийн гэрч нарыг байлцуулан хурааж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Мөн хуулийн 122.1 дэх хэсэгт төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд гэж заасан байдаг тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 183/ШШ2020/01271 дүгээр шийдвэр гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах тухай *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1588 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 13-ны өдрийн 183/ШШ2020/01271 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ....Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн битүүмжлэх болон хураах тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, битүүмжлэх хөрөнгийн жагсаалтаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...70,200... гэснийг ...210,600... гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болоржаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. ******* нь тус шүүхэд 2020.01.14-ний өдөр БГД-н 20-р хороо, үйлдвэрийн баруун бүс, Сонсголонгийн зам 22/1 тоотод байрлах 756 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга, эрхийн улсын бүртгэлтэй 306 м.кв газрыг битүүмжилсэн 2015.09.25-ны өдрийн 140/01 дугаар тогтоол, 2019.10.09-ний өдрийн 15290889/07 дугаар хураасан тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас чөлөөлж, мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 735,564,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авч 2020.01.21-ний өдөр дээрх 3 шаардлагад иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Нэхэмжлэгч талын зүгээс ХХША-ны явцад болон шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгах буюу өөрчлөх тухай хүсэлт огт гаргаагүй. Гэтэл шүүхээс шийдвэрийн үндэслэх хэсэгт үнэлгээ хүчингүй болгож, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлд дүгнэлт өгч бусад шаардлагад дүгнэлт өгөлгүй орхигдуулсан төдийгүй ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтаар зөвхөн ...үнэлгээ хүчингүй болгуулж, битүүмжлэх хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж бусад шаардлагыг огт шийдвэрлээгүй орхигдуулж ХХША-ны журмыг ноцтой зөрчсөн. Гэтэл анхан шатны шүүхээр хэлэлцэж шийдвэрлээгүй, дүгнэлт өгөөгүй асуудлыг давж заалдах шатны шүүхээс дүгнэн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хэт нэг талыг баримталж, ХХША-ны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. 2. Үнэлгээ хүчингүй болгуулах тухай шаардлагын тухайд: Хөрөнгийн үнэлгээний Баян модот ХХК-ийн 2019.11.01-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр *******гийн өмчлөлийн барилга болон 306 м.кв газрыг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн бөгөөд харьцуулалтын аргаар үнэлгээ гаргахдаа харилцан хамааралгүй, үнэлгээ хийж байгаа газар, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс өөр обьекттой харьцуулсан төдийгүй шинжээч нь дүгнэлтийнхээ гурав дахь хэсэгт хөрөнгийн үнэлгээг гаргахдаа орлогын хандлага, зах зээлийн хандлагаар хийж гүйцэтгэлээ гэсэн байх боловч орлогын хандлагаарх тооцоо гаргаагүй, зах зээлийн хандлагын арга хэрэглэхдээ барилгын буюу үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хандлагыг 735,563,994 төгрөг гэж гаргасан боловч газрын үнэлгээг тусад нь огт гаргаагүй. Эрхийн улсын бүртгэлийн Г-00417185 дугаарт бүртгэлтэй 306 м.кв газрыг хэрхэн үнэлсэн харьцуулсан талаар шинжээчийн дүгнэлтэд огт тусгагдаагүй. Гэтэл шүүхээс шинжээчийн дүгнэлтэд дүгнэлт өгч хэргийг үнэн зөв эргэлзээгүй талаас нь шийдвэрлэх бус харин хэргийг хурдан шийдвэрлэх гэж яарч шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж, газрын үнэлгээ огт хийгдээгүй дүгнэлтийг зөвтгөж хэргийг шийдвэрлэсэн нь газрыг үнэгүйдүүлж нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

******* 2020.01.14-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, эд хөрөнгө битүүмжлэх, хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах, эд хөрөнгийг битүүмжлэх хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх, үнэлгээг хүчингүй болгохыг шаардсан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулсан байна.

Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2015.09.25-ны өдрийн 140/01 дугаартай тогтоол, Эд хөрөнгө хураах тухай 2019.10.09-ний өдрийн 15290889/07 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, Нийслэлийн Баянгол дүүргийн 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс, Сонсголонгийн зам 22/1 тоотод байрлах 756 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга, 306 м.кв газрыг битүүмжлэх хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх, эд хөрөнгийн нийт 735,564,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох.. шаардлага гаргасан байна. /хх1,4,129/

*******гийн нэхэмжлэлтэй холбогдуулан хариуцагч тайлбар өгсөн /хх 37-38/, зохигч анхан шатны шүүх хуралдаан дээр /хх 130-133/ мэтгэлцсэн тул ..анхан шатны шүүхийн хэлэлцээгүй баримтыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн... гэх гомдол үндэслэлгүй байна.

 

Шүүхэд гаргасан *******гийн нэхэмжлэлтэй холбоотой тайлбарыг хариуцагч шүүхэд гаргаж, зохигч энэ талаар шүүх хуралдаан дээр мэтгэлцсэн байх тул давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 116 дугаар зүйлийн 116.3, 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсгийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

2. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2-р шүүхийн 2015.03.17-ны өдрийн 102/ШШ2015/01719 дугаар шийдвэрээр Нэйшнл кашмер силк ХХК-с 722,842,274 төгрөг, Намере ХХК-с 149,851,863 төгрөг гаргуулан Голомт банк ХХК-д олгох, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны нэр заасан буюу *******гийн эд хөрөнгөөр хангуулахыг заасан байна.

 

Төлбөр төлөгч мөнгийг сайн дураар төлөөгүй тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зохих журмын дагуу явагдсан нь тогтоогджээ.

 

Хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн гэх байдал хэргийн баримтаар нотлогдоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 

3. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу явагдсан ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн гэж хоёр шатны шүүх дүгнэснийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шүүхийн шийдвэрт заасан эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааг явуулсны дараа үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар санал авах, үнэлгээ хийлгэсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн дүгнэлт бодит бус буюу үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хэт доогуур тогтоосон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдан баримтаар нотлогдоогүй байна.

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1., 107 дугаар зүйлийн 107.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1., 55 дугаар зүйлийн 55.2.6 дахь хэсэг болон Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

4. Нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлаа нотлох үүргийг зохигч хүлээнэ. Шүүх нотлох баримтын хэмжээнд маргааны талаар дүгнэлт хийнэ.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэсэн, шийдвэрт өөрчлөлт оруулсан буюу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой заасан байх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1588 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧИД, Б.МӨНХТУЯА

П.ЗОЛЗАЯА

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Б.УНДРАХ