Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2019/01655

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2019/01655

 

 

 

О.У-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2019/01257 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч О.У-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч НСТ- ХХКхолбогдох

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1 539 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн 561 409 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч О.У-

хариуцагчийн төлөөлөгч Ч.Төрбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч О.У- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр НСТ- ХХК-тай 18172 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр 4 500 000 төгрөгийг 1.5 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай зээлэхээр тохиролцож, барьцаанд өөрийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 57-49 УБН дугаартай автомашиныг барьцаалсан. Зээлийн гэрээний дагуу 4 500 000 төгрөг олгох ёстой байтал зээлийн үйлчилгээний шимтгэл 150 000 төгрөг, тээврийн хэрэгсэл, хариуцлагын даатгалын төлбөрт 169 100 төгрөгийг суутган тооцож, ХААН банк дахь миний эзэмшлийн 5114201613 тоот дансанд 4 180 900 төгрөгийг шилжүүлж, зээлийн хэмжээг багасгасан. Зээлийн гэрээний 1.7 дахь заалтад зээлийг хугацаанаас нь өмнө бүрэн төлөх тохиолдолд хүү 1.5 хувь дээр 5 хувь нэмж, 6.5 хувь хүү тооцохоор заасан нь Иргэний хуулийн тодорхой зүйл заалтад зааснаар тохиролцсон зээлийн хүүгийн хэмжээ нэг л байх ёстой. Түүнчлэн зээл, зээлийн хүүг төлөх график нь тогтмол байдлаар зохиогдсон. 10 сарын хугацаанд хүүг тогтмол төлөх, сарын хүү 67 500 төгрөгийг тогтмол төлөхөөр заасан. Энэ нь Иргэний хуулиар хамгаалсан зээлдүүлэгчийн эрхийг зөрчиж байна. Тухайлбал үндсэн төлбөрөөс сар бүр хасалт хийж байгаа боловч хүү тогтмол бодогддог. Үүнийг хууль бус гэж үзэж байгаа. Зээлийн гэрээний 4.1 дэх заалтад зээл болон зээлийн хүүгийн төлбөрийг графикт хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл дүнгийн 0,3 хувийн алдангийг төлүүлэхээр заасан. Энэ заалт нь хуульд заасан алдангийн заалтыг зөрчсөн, хэт өндөр алданги төлүүлсэн. Миний хувьд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд илүү төлсөн 1 539 400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч НСТ- ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. О.У- нь 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр өөрийн эзэмшлийн Toyota Prius маркийн 57-49 УБН улсын дугаартай автомашиныг барьцаалан 18172 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулахдаа НСТ- ХХК-ийн үйл ажиллагаанд мөрддөг журам, зээлийн нөхцөл, зээлийн гэрээний үүрэг, хариуцлага зэрэгтэй танилцаж хүлээн зөвшөөрч зээлийн гэрээнд гарын үсэг зурж зээл авсан. О.У- нь зээлийн гэрээг удаа дараа зөрчин зээл төлөх хугацааг хэтрүүлж зээлийн гэрээнд заасан алдангид орж байсан нь зээл төлөлтийн хүснэгтээс харагдаж байгаа. НСТ- ХХК нь О.У-тай харилцан тохирч О.У-ын хүсэл сонирхлыг хүндэтгэн зээлийн гэрээ, зээлийн журамтай танилцуулан үйлчилгээний шимтгэл, албан журмын даатгал, тээврийн хэрэгслийн даатгалын төлбөрийг авсан, тэрээр мөнгөгүй байсан учир зээлээс суутган авахыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Үйлчилгээний шимтгэл, барьцааны зүйлийг шилжүүлэх, даатгах гэх мэт зардлыг зээлдэгч хариуцан төлнө гэж зээлийн гэрээний 3.2.2, 3.2.5, 4.6-д заасан бөгөөд зээлдэгч О.У- нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. О.У- нь зээлийн гэрээнд заасан үүрэг хариуцлагаа умартаж удаа дараа компанийг хохироож байсан бөгөөд одоо үндэслэлгүйгээр мөнгө нэхэж байгааг ойлгохгүй байна гэжээ.

Хариуцагч НСТ- ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: О.У- нь зээл авснаас хойш зээлийн гэрээ, эргэн төлөлтийн графикийг ноцтой зөрчиж, компанийг хохироож байсан. Манай компанийн зүгээс зээл, зээлийн хүү, алданги төлөх бүрд нь хөнгөлөлт үзүүлсэн. Иймд алданги тооцох мөнгөнөөс хөнгөлөлт үзүүлж байсан зөрүү болох 561 409 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч О.У- шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээний үүргийн харилцаа дуусгавар болсон. НСТ- ХХК нь 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр тээврийн хэрэгслийг шилжүүлэх тухай албан бичгийг Авто тээврийн үндэсний төвд гаргаж өгснөөр, автомашиныг өөрсдийн эзэмшилд буцаан авсан. Зээлийн гэрээ дуусгавар болсон. Надад хөнгөлөлт үзүүлсэн гэж нэг ч удаа утсаар мэдэгдээгүй. Таны зээлийг хаахад 97 430 төгрөг дутаж байна гэж ярьсан. Энэ мөнгийг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн. Энэ баримт хэрэгт байгаа. Сөрөг нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтад ямар ч тооцоолол байхгүй, зээлийн тооцоолол яаж хийгдсэн нь ойлгогдохгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар хариуцагч НСТ- ХХК-иас 1 128 065 /нэг сая нэг зуун хорин найман мянга жаран таван/ төгрөг гаргуулж, О.У-т олгож, нэхэмжлэлээс 410 935 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул О.У-аас алданги 561 409 төгрөг гаргуулах тухай НСТ- ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1.1-д зааснаар нэхэмжлэгч О.У-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39 574 төгрөг, хариуцагч НСТ- ХХК-иас сөрөг нэхэмжлэлд төлсөн 21 392 төгрөгийг тус тус улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч НСТ- ХХК-иас 31 623 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.У-т олгон шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Би 11 удаагийн шилжүүлгээр НСТ- ХХК-д зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, алдангид нийт 6 161 710 төгрөг төлсөн бөгөөд хэрэв 4 808 035 төгрөг төлөх үндэслэлтэй гэж үзвэл 1 335 565 төгрөгийг хариуцагчаас гаргуулах учиртай. Шүүгч 2018 оны 7 дугаар сарын 12-ны өдөр НСТ- ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 411032702 тоот дансанд төлсөн 207 500 төгрөгийн төлбөрийг орхигдуулан тооцоолол хийсэн байна. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг бууруулан тооцох шалтгаан болсон. Мөн шүүгч дүгнэхдээ зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээлийн дүнг 4 180 900 төгрөгөөр тооцож зөв дүгнэсэн боловч тухайн зээлийн хүүг тооцохдоо алдаа гаргаж нэг сарын хүү болох 62 714 төгрөгийг 10 сараар үржүүлж 627 135 төгрөгийг зээлийн хүүнд төлөх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Учир нь миний бие сар бүр тогтмол болон илүү хэмжээгээр зээлийг төлж барагдуулж байсан тул тухайн үндсэн зээл багасаж түүнийг дагаж төлөх зээлийн хүүгийн хэмжээ багасах учиртай бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах боломжтой байтал буруу тооцоолсон нь иргэний эрхийг зөрчсөн үйлдэл боллоо. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт дурдагдсан тооцооллыг залруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч О.У- нь хариуцагч НСТ- ХХК-д холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 1 539 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс 561 409 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган, маргажээ.

НСТ- ХХК нь О.У-тай 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж, түүний Тоёото Приус маркийн автомашиныг барьцаалан 4 500 000 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцож, улмаар О.У-ын данс руу 4 180 900 төгрөг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, ХААН банк ХХК-ийн депозит дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх5-10, 11/ Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасанд нийцэж байх тул талуудын хооронд мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт зөв.

Зохигчид зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон үйл баримтад маргаангүй, харин шилжүүлсэн мөнгөний хэмжээгээр үүрэг тооцох үндэслэлийн талаар маргаж байна.

Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч компани нь 4 500 000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчид мөнгө шилжүүлэхдээ зээлийн дүнгээс автомашины даатгалын төлбөрт 169 100 төгрөг, үйлчилгээний шимтгэлд 150 000 төгрөг суутган 4 180 900 төгрөг шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, ХААН банк ХХК-ийн депозит дансны хуулга зэрэг баримтаар нотлогдож байна. Анхан шатны шүүх уг баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу харьцуулан үнэлж, хариуцагчийг нэхэмжлэгчид 4 180 900 төгрөг шилжүүлсэн, нэхэмжлэгч уг мөнгө болон ногдох хүүд нийт 4 808 035 /4 180 900 х 1.5%=62 714 х 10 сар + 4 180 900/ төгрөг буцаан төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. Иймд нэхэмжлэгчийн шүүх зээлийн хүүг тооцохдоо алдаа гаргасан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Хариуцагч НСТ- ХХК нь зээлийн дүнг 4 500 000 төгрөгөөр тооцон зээл, зээлийн хүү, алдангид нийт 6 143 100 төгрөг төлүүлсэн болох нь хэрэгт цугларсан нэхэмжлэгч О.У-ын зээлийн үүрэгт төлсөн төлбөрийн баримтаар нотлогдож байх тул хариуцагчийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ. Шүүх энэ үйл баримтыг зөв дүгнэсэн боловч нэхэмжлэгчийн 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 207 500 төгрөгийг орхигдуулан тооцооллын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөх боломжтой тул /хх-70/ нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын энэ хэсгийг хангах нь зүйтэй байна.

Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрт хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй учир давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан эрх тэгш байх зарчимд нийцнэ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлө лт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2019/01257 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 1 128 065 гэснийг 1 332 565 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39 574 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Ч.ЦЭНД