Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 01257

 

 

 

 

2019 оны 07 сарын 16 өдөр

      Дугаар 182/ШШ2019/01257

 Улаанбаатар хот

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65 дугаар байрны 23 тоотод оршин суух, 39 настай, эрэгтэй, Есүүл овгийн Отгонбаярын Ууганбаяр /РД:ЦД80011171/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Премиум Палас зочид буудал 7 давхар, 710 тоотод байрлах, “Нар сарны технологи” ХХК /РД:6244688/-д холбогдох

Илүү төлсөн 1 539 000 төгрөг гаргуулах,

“Нар сарны технологи” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй, О.Ууганбаярт холбогдох алданги 561 409 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Ууганбаяр, хариуцагч “Нар сарны технологи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Төрбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбоо нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Ууганбаяр нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “Нар сарны технологи” ХХК-тай 18172 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр 4 500 000 төгрөг 1,5 хүүтэй, 10 сарын хугацаатай зээлэхээр тохиролцож, барьцаанд өөрийн эзэмшлийн Тоёота Приус маркийн маркийн 57-49 УБН дугаартай авто машиныг барьцаалсан. Зээлийн гэрээний дагуу 4 500 000 төгрөг олгох ёстой байтал зээлийн үйлчилгээний шимтгэл 150 000 төгрөг, тээврийн хэрэгсэл, хариуцлагын даатгалын төлбөрт 169 100 төгрөгийг суутган тооцож, ХААН банк дахь миний  эзэмшлийн 5114201613 тоот дансанд 4 180 900 төгрөгийг шилжүүлж, зээлийн хэмжээг багасгасан.

            Зээлийн гэрээний 1.7 дахь заалтад зээлийг хугацаанаас өмнө бүрэн төлөх тохиолдолд хүү 1,5 хувь дээр 5 хувь нэмж, 6.5 хувь хүү тооцохоор заасан нь  Иргэний хуулийн тодорхой зүйл заалтад зааснаар тохиролцсон зээлийн хүүгийн хэмжээ нэг л байх ёстой. Түүнчлэн зээл, зээлийн хүүг төлөх график нь тогтмол байдлаар зохиогдсон. 10 сарын хугацаанд хүүг тогтмол төлөх, сарын хүү 67 500 төгрөгийг  тогтмол төлөхөөр заасан. Энэ нь Иргэний хуулиар хамгаалсан зээлдүүлэгчийн эрхийг зөрчиж байна гэж үзэж байна. Тухайлбал үндсэн төлбөрөөс сар бүр хасалт хийж байгаа боловч хүү тогтмол бодогддог. Үүнийг хууль бус гэж үзэж байгаа.

            Зээлийн гэрээний 4.1 заалтад зээл болон зээлийн хүүгийн төлбөрийг графикгт хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл дүнгийн 0,3 хувийн алдангийг төлүүлэхээр заасан. Энэ заалт нь хуульд заасан алдангийн заалтыг зөрчсөн, хэт өндөр алданги төлүүлсэн. Миний хувьд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд илүү төлсөн 1 539 400 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

 Хариуцагч “Нар сарны технологи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Төрбат хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. О.Ууганбаяр нь 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр өөрийн эзэмшлийн Toyota Prius маркийн 57-49 УБН улсын дугаартай автомашинаа барьцаалан 18172 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулахдаа “Нар сарны технологи” ХХК-ийн үйл ажиллагаанд мөрддөг журам, зээлийн нөхцөл, зээлийн гэрээний үүрэг, хариуцлага зэрэгтэй танилцаж хүлээн зөвшөөрч зээлийн гэрээнд гарын үсэг зуран зээлээ авсан байдаг. О.Ууганбаяр нь зээлийн гэрээг удаа дараа зөрчин зээл төлөх хугацааг хэтрүүлж зээлийн гэрээнд заасан алдангид орж байсан байдаг нь зээл төлөлтийн хүснэгтээс харагдаж байгаа юм.

“Нар сарны технологи” ХХК нь О.Ууганбаяртай харилцан тохирч О.Ууганбаярын хүсэл сонирхлыг хүндэтгэн зээлийн гэрээ, зээлийн журамтай танилцуулан үйлчилгээний шимтгэл, албан журмын даатгал, тээврийн хэрэгслийн даатгалын төлбөрийг авсан байдаг. О.Ууганбаяр нь зээл авахдаа үйлчилгээний шимтгэл, албан журмын даатгал, тээврийн хэрэгслийн даатгал хийлгэх мөнгөгүй байсан бөгөөд зээлээс суутган авахыг хүлээн зөвшөөрсөн байдаг юм. “Нар сарны технологи” ХХК нь үйл ажиллагаа явуулж байгаагийн хувьд зээлийн үйл ажиллагаанд мөрдөх журам дүрмээ баримтлан үйлчилгээний шимтгэлийг зээлийн дүнгээс хамааран шатлалтайгаар авдаг бөгөөд зээлдэгчид энэ тухайгаа танилцуулан хүлээн зөвшөөрсний үндсэн дээр зээл олгогддог болно. Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг хуульчлан заасан байдаг бөгөөд тээврийн хэрэгсэл эзэмшигч, өмчлөгч нь заавал даатгуулах ёстой даатгал юм. “Нар сарны технологи” ХХК нь зээлийн барьцаа хөрөнгийг эрсдэлээс хамгаалах үүднээс 100 хувь даатгуулдаг бөгөөд энэ нь зээлийн журам, барьцаат зээлийн гэрээнд тусгагдсан зээлдэгчид танилцуулж хүлээн зөвшөөрсний үндсэн дээр зээлийн үйлчилгээ үзүүлдэг болно. Үйлчилгээний шимтгэл, барьцааны зүйлийг шилжүүлэх, даатгах гэх мэт зардлыг зээлдэгч хариуцан төлнө гэж зээлийн гэрээний 3.2.2, 3.2.5, 4.6-д заасан бөгөөд зээлдэгч О.Ууганбаяр нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг.

“Нар сарны технологи” ХХК нь Монгол улсад одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд зээлдэгчийг залилан мэхэлж хуурсан зүйлгүй, зээлийн гэрээний үүрэг хариуцлагаа биелүүлэхийг шаардаж зээлийн гэрээ болон хуулийн хүрээнд хүү, алданги тооцож авсан болно. О.Ууганбаяр нь зээлийн гэрээнд заасан үүрэг хариуцлагаа умартаж удаа дараа компанийг хохироож байсан бөгөөд одоо үндэслэлгүйгээр мөнгө нэхэж байгааг нь үл ойлгож байна гэв.

 

Хариуцагч “Нар сарны технологи” ХХК сөрөг нэхэмжлэлдээ болон тус компанийн гүйцэтгэх захирал Ч.Төрбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О.Ууганбаярт зээл олгосон материалыг үзэж, зээл олгосон талаар лавлаж асуухад манай нягтлан зээлийн тооцооллыг бодож, хугацаа хэтэрсэн хүү, алдангийн тооцоог гаргасан байгаа. О.Ууганбаяр нь зээл авснаас хойш зээлийн гэрээ, эргэн төлөлтийн графикийг ноцтой зөрчиж, компанийг хохироож байсан бөгөөд манай компанийн зүгээс зээл, зээлийн хүү, алданги төлөх бүрд нь хөнгөлөлт үзүүлж байсан. Иймд алданги тооцох мөнгөнөөс хөнгөлөлт үзүүлж байсан зөрүү болох 561 409 төгрөгийг нэхэмжилж байна. Сөрөг нэхэмжлэлд холбогдох баримтыг хавсаргаж өгсөн  гэв.

Нэхэмжлэгч О.Ууганбаяр шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээний үүргийн  харилцаа дуусгавар болсон. “Нар сарны технологи” ХХК нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өөрийнх нэр дээр байсан тээврийн хэрэгслийг шилжүүлэх тухай албан бичгийг Авто тээврийн үндэсний төвд гаргаж өгснөөр, авто машиныг өөрсдийн эзэмшилд буцаан авсан. Зээлийн гэрээ дуусгавар болсон. 561 409 төгрөгийг гаргуулна гэж байгааг зөвшөөрөхгүй байна. Надад хөнгөлөлт үзүүлсэн гэж нэг ч удаа утсаар мэдэгдээгүй. “Таны зээлийг хаахад 97 430 төгрөг дутаж байна гэж ярьсан. Энэ мөнгийг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн. Энэ баримт хэрэгт байгаа. Сөрөг нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтад ямар ч тооцоолол байхгүй, зээлийн тооцоолол яаж хийгдсэн нь ойлгогдохгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч О.Ууганбаяр нь хариуцагч “Нар сарны технологи” ХХК-д холбогдуулан илүү төлсөн 1 539 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг

хариуцагч “Нар сарны технологи” ХХК нь О.Ууганбаяраас алданги болох 561 409 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим  хэсгийг хангаж, сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үзэхэд хариуцагч “Нар сарны технологи” ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх эрх бүхий хуулийн этгээд байх бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр О.Ууганбаярт 4 500 000 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй 10 сарын хугацаатай зээлдүүлэх, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгчийн 57-49 УБН дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч өөрийн нэр дээр шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцож, барьцаат /фидуци/ зээлийн гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 5-11 тал/

“Нар сарны технологи” ХХК нь зээлийн гэрээний дагуу О.Ууганбаярын нэр дээрх 5114201813 тоот харилцах дансанд 4 500 000 төгрөг бус, харин 4 180 900 төгрөг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлсэн үйл баримт зохигчдын тайлбар, ХААН банкны депозит дансны хуулгаар тогтоогдож байна. /х.х-ийн 11 тал/

Хариуцагч “Нар сарны технологи” ХХК нь О.Ууганбаярт 4 180 900 төгрөг  шилжүүлсэн тухайд маргаагүй, харин “нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсоны дагуу олгох ёстой зээлээс зээлийн үйлчилгээний шимтгэл, барьцаа хөрөнгийн албан журмын болон эд хөрөнгийн даатгалын төлбөрийг суутгаж авсан нь үндэслэлтэй” гэж тайлбарлаж байгааг зөвтгөх боломжгүй байна.   

            Иргэний хуульд зааснаар зээлдүүлэгч буюу субъектээс нь хамаарч зээлийн гэрээний төрлийг тодорхойлсон байдаг ба барьцаалан зээлдэх журмаар олгох зээлийн харилцааг Иргэний хуулийн 286 дугаар зүйлд тусгайлан зохицуулсан.

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д “Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй” мөн хуулийн 286 дугаар зүйлийн 286.2-т “барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн хүүг талууд тохиролцон тогтооно” гэж заажээ.

Мөн Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4-т зааснаар барьцаалан зээлдэх газар нь гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй, харин уг зүйлийг өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй юм байна. 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлсэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл тоо чанар хэмжээний эд хөрөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

“Нар сарны технологи ХХК нь зээлийн гэрээнд заасан зээлийг бүрэн хүлээлгэн өгөх, зээлдэгч авсан зээлийн хэмжээгээр хүү төлөх үүргийг тус тус хуулиар хүлээжээ.

“Нар сарны технологи” ХХК нь О.Ууганбаярт 4 180 900 төгрөгийн зээл олгосон гэж үзэх үндэслэлтэй байх тул тэрээр ашигласан зээлийн хэмжээгээр хүү төлнө.

Өөрөөр хэлбэл О.Ууганбаяр нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйл, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 286 дугаар зүйлийн 286.1-д зааснаар  “Нар сарны технологи” ХХК-иас зээлсэн 4 180 900 төгрөгийг тохирсон зээлийн хүүгийн хамт хугацаанд нь буцаан төлөх үүрэгтэй.

Зохигчид зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргаагүй бөгөөд О.Ууганбаяр нь “Нар сарны технологи” ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлж, улмаар “Нар сарны технологи” ХХК нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн нэр дээр шилжүүлж авсан барьцааны зүйл болох тээврийн тээврийн хэрэгслийг түүнд буцаан өгчээ. /х.х-ийн 14-15, 49 тал/

“Нар сарны технологи” ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх эрхтэй атлаа зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн нэгэн адил гэрээний нэг адил хэтэрсэн хугацааны хүү /алданги/ тооцох, ашиглаагүй зээлээс хүү тооцон авсан зэрэг нь хуулийн дээрх зүйл заалтад нийцээгүй, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны зарчим алдагдсан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч О.Ууганбаяр нь хариуцагч “Нар сарны технологи” ХХК-д холбогдуулан илүү төлсөн 1 539 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа, барьцаат зээлийн гэрээ, ХААН банкны депозит дансны хуулга, 2018 оны 07 дугаар сараас 2019 оны 04 сар хүртэл хугацаанд 11 удаагийн үйлдлээр нийт 5 936 100 төгрөг төлсөн гэх баримтуудыг үндэслэсэн. /х.х-ийн 5-9, 11, 13, 16-26, 50 тал/

Иймд нэхэмжлэгч О.Ууганбаяр нь хариуцагч “Нар сарны технологи” ХХК-иас 4 180 900 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай зээлсэн гэж үзэх ба биелүүлэх үүргийн хэмжээг тооцвол 4 808 035 төгрөг байх бөгөөд биелүүлсэн нь 5 936 100 төгрөг байх тул хариуцагчийг 1 128 065 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ. 

Хариуцагч “Нар сарны технологи” ХХК нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж сөрөг шаардлага гарган мэтгэлцэж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч өөрийн татгалзлаа нотлох холбогдох нотлох баримтуудыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй болно.

Шүүх хуралдаанд зохигчдын өгсөн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд сөрөг нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй гэж үзнэ. /х.х-ийн 59-71 тал/

Иймд “Нар сарны технологи” ХХК-иас 1 128 065 төгрөг гаргуулж, О.Ууганбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 410 935 төгрөг гаргуулах тухай шаардлагыг О.Ууганбаяраас 561 409 төгрөг гаргуулах тухай “Нар сарны технологи” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ Нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар хариуцагч “Нар сарны технологи” ХХК-иас 1 128 065 /нэг сая нэг зуун хорин найман мянга жаран таван/ төгрөг гаргуулж, О.Ууганбаярт олгож, нэхэмжлэлээс 410 935 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул О.Ууганбаяраас алданги 561 409 төгрөг гаргуулах тухай “Нар сарны технологи” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1.1-д зааснаар нэхэмжлэгч О.Ууганбаяраас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39 574 төгрөг, хариуцагч “Нар сарны технологи” ХХК-иас сөрөг нэхэмжлэлд төлсөн 21 392 төгрөгийг тус тус улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Нар сарны технологи” ХХК-иас 31 623 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Ууганбаярт олгосугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                                      ДАРГАЛАГЧ                               Ж.ЦЭНГЭЛ