Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2018/00749

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2018/00749

 

 

 

З.Зердеханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2018/00162 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: З.Зердеханы нэхэмжлэлтэй

Хариуцагч: Х.Ариунболд, Ц.Эрхэмбаяр нарт холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.491.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагч Х.Ариунболд, Ц.Эрхэмбаяр,

Хариуцагч нарын өмгөөлөгч Г.Алтанчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Адалбек нар нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа: нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ц.Эрхэмбаярт 12 тонн 491 кг тарвасыг 1 кг-ийг 1000 төгрөгөөр бодож 12 491 000 төгрөгөөр худалдсан. Ц.Эрхэмбаяр төлбөрийг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон. Ц.Эрхэмбаяраас 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 3 000 000 төгрөг, 2 000 000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 3 000 000 төгрөг, нийт 8 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Хариуцагч нар шилжүүлсэн мөнгөн дүн дээр маргадаггүй. Үлдсэн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй тарвас муудсан гэж тайлбарладаг. Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжихээр заасан. Хариуцагч нар З.Зердехантай уулзаад тарвасыг худалдаж аваад өөрийн өмчлөлд шилжүүлж үнийн тухай харилцан тохиролцсон. Дараа нь тохиролцсон үнийн дүнгийн зарим хэсэг болох 8 000 000 төгрөгийг төлсөн байдаг. Иймээс үлдэгдэл төлбөрийг төлөх ёстой. Зердеханы мэйл рүү өөрсдийн шивсэн бичгийг явуулсан байдаг. Үүнийгээ ч хариуцагч нар хүлээн зөвшөөрдөг бөгөөд хариуцагч нараас 4 491 000 төгрөг гаргуулах үндэслэлтэй. Худалдах худалдан авах гэрээг амаар байгуулж болдог. Талууд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1.1-д хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн үнийг тохиролцсон. Талууд гэрээг заавал бичгээр байгуулах шаардлагагүй. Тиймээс худалдах худалдан авах гэрээ амаар байгуулагдсан. Хэрвээ бараа муудсан байвал тухайн үед буцаах эрхтэй байсан. Хайрцаг болгоныг жигнэж, эксел программ дээр шивэлт хийж авсан байдаг. Худалдан борлуулж ашиг олчхоод мөнгийг өгөхгүй байх нь үндэслэлгүй байна. Мэргэжлийн хяналтын байгууллагад хандаад муудаад устгалд оруулсан баримт байдаггүй. Зүгээр л амаар ярьдаг. Зарагдаагүй байсан бол зохих хэмжээний мөнгийг шилжүүлэхгүй байсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна. Хариуцагч нар 1 кг-ийг 700 төгрөгөөр авсан гэж байна. Гэхдээ анх хариуцагч нар 1000 төгрөг гэж зөвшөөрч байсан. 1000 төгрөгөөр тохиролцсон нь гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Тарвасыг дэлгүүрүүдэд тараасан. Дэлгүүр худалдаж авахдаа падаан бичдэг. Буцаасан талаар баримт байхгүй. Хэрвээ дэлгүүр буцаалт хийсэн бол бас падаан бичиж буцаалт хийдэг. Чанар муутай байсныг хариуцагч нар нотлох ёстой байсан. Тийм баримт байхгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үлдэгдэл үнэ 4 491 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Эрхэмбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хариу тайлбар өгсөн. Тухайн тохиролцсон ажлууд гэрээний дагуу хийгдээгүй. Эрсдэлийн талаар тохиролцсон. 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хавьцаа хилээр тарвас орж ирсэн гэж тооцож байсан. Тарвасыг +8 градуст хадгалах ёстой. 2016 оны 06 дугаар сарын 31-ний өдөр очиход агуулах гэж хэлэхээргүй газар тарвасыг хадгалж байсан. Тухайн тарвасыг хүлээн авахад нэг бүрчлэн ширхэглэн хүлээж авах боломжгүй, бас тухайн үед гэрээ хийх боломж байгаагүй. Хүргэн ах нь бичлэг хийж байсан. З.Зердехан хамгийн сүүлд 1 000 000 төгрөг өгчих гэж хэлж байсан ч бид хүлээж аваагүй. Бид 5900 кг-ийн тарвасны эрсдэлийг үүрсэн. Хагас сарын хугацаанд зориулалтын бус газар хадгалсан тарвасыг худалдаж авсан. Борлуулалт хийх явцад агуулахын түрээс 682 000 төгрөг, борлуулалтын зардал 1 300 000 төгрөг, шатахуун 500 000 төгрөг гэх зардлуудыг гаргасан. Барааг хүлээж аваад залилангийн чанартай төлбөрийг төлөхгүй гэсэн зүйл байгаагүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үйл баримтыг сайн мэдэхгүй байна. Бидний харилцсан чатад бичигдсэн зүйлийг бүхэлд нь хэрэгт өгөөгүй зөвхөн өөрийнхөө бичсэн чатыг өгсөн. Хилээр оруулж ирсэн хил гаалийн баримтыг нэхэмжлэгч яагаад аваагүй вэ. Бид боломжоороо мөнгийг өгсөн. Тарвасыг нэг бүрчлэн задлаад харах боломж байхгүй гэв.

 

Хариуцагч Х.Ариунболд шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээгээр энэ харилцаа зохицуулагддаг. Жимс жимсгэнэ, хүнсний ногоо зэрэгт эрсдэлийн тооцоолол байдаг. Эрсдэлээ тохиролцоогүй, гэрээ хийгээгүй байж яаж 4 000 000 төгрөг нэхэмжилдэг байна. Амаар тохиролцсон байж болно. Гэхдээ З.Зердеханы бидэнд амлаж байсан амлалт хэрэг болохгүй гэж бодсон. 35 хувийн эрсдэлийг тооцно гэж З.Зердехантай тохиролцсон. Эцсийн хэрэглэгч бол тарвасыг гэртээ аваачаад зүссэн хүн байдаг. Хэрвээ муудсан бол худалдаж авсан дэлгүүртээ гомдол гаргадаг. Тэгээд дэлгүүр автоматаар биднээс эрсдэл суутгадаг. Бид борлуулж өгье гээд сайхан сэтгэл гаргахад эргээд биднээс мөнгө нэхэмжлээд шүүхэд хандаж байгаад гутаж байна. Итгэж байсан нь алдаа болсон байна гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-т заасныг баримтлан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт хариуцагч Ц.Эрхэмбаяр, Х.Ариунболд нараас 4 491 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Зердеханд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86 810 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Эрхэмбаяр, Х.Ариунболд нараас 86 806 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Зердеханд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42,1, 43 дугаар зүйлийн 43.1.1-т заасан хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон байвал аман гэрээг байгуулагдсан гэж үзэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйл, 116.2 дах хэсэгт Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, мөн хуулийн 116.3 дах хэсэгт шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэсэн заалтыг тус тус зөрчин талуудын гаргасан тайлбар үндэслэлийг зөв дүгнээгүйн улмаас хэт нэг талд давуу байдлаар буруу шийдвэрлэсэн гэж үзэж байна. Анх бид З.Зердеханаас хадгалах горимын дагуу хадгалсан муудаагүй тарвасыг худалдан авахдаа нийт 12 тонн 491 кг гэж тохирсон. Гэтэл 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн орой уулзаж тарвасыг авахад 2 давхар тарвас хадгалах зориулалтын агуулах бус обьектээс бидэнд тарвасыг гаргаж өгсөн ба тухайн үед бид түүнд итгэн тарвас бүрийг ширхэг бүрээр нь шалгаж авах боломжгүй байсан тул тэрээр өөрөө эрсдэл хорогдлоо өөрөө хариуцна гэсэн тул бид итгэн 12 тонн 491 кг тонн тарвасыг авсан.

Хүнсний аюулгүй байдлын тухай хууль, зуны халуун дулаан улирлын цагт тухайн бүтээгдэхүүн нь хүнсний бүтээгдэхүүн төдийгүй бүх насны хүмүүс шууд хэрэглэх, +5-+8 градусын температурт хадгалах зориулалттай ба тухайн шаардлагыг огт хэрэгсээгүй зориулалтын бус агуулахад хадгалсан бөгөөд үүнийг нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг. Мөн аливаа хүнсний бүх бүтээгдэхүүн гарал үүслийн бичигтэй байхыг шаарддаг болохоор бид түүнээс бичиг баримт гаалийн бичгийг нэхэхэд дараа бичгээр гэрээ байгуулаад аваад ирье гээд алга болсон. Түүнтэй холбогдох гэхэд Бек тухайн үед хөдөө явсан байсан бөгөөд тухайн өдөр бичгээр гэрээ хийх боломжгүй ба нэхэмжлэгчийн хүргэн ах гэсэн хүн утсаар бичлэг хийж тухайн бүтээгдэхүүний тоо, жин бүхий төлбөр хийх хугацааг буулгаж байсан атлаа маргаан үүсэхэд бидэнд нэг ч баримт үлдээгээгүй өөрсдөдөө байсан нотлох баримтаа гаргаж өгөхгүйгээр өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргуулахын тулд нотлох баримтыг нуун дарагдуулсан байдаг. Тухайн тарвасны Монгол улсын хилээр нэвтэрсэн огноо нь тухайн өдрөөс 14 хоногийн өмнө буюу 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр байсан гэж шүүхэд З.Зердеханы өмгөөлөгч Б.Аделбек мэдүүлдэг боловч шүүхээс 2017 оны 6-7 сарын хоорондох хугацаанд гаалийн баримт гаргуулахаар шүүгчийн захирамж гарч Гаалийн ерөнхий газраас ирсэн хариу албан бичгээр бол иргэн З.Зердеханы нэр дээр ямар ч жимс, жимсгэнэ оруулж ирээгүй гэсэн хариу өгсөн байдаг. Тэгэхээр хэн, хэзээ оруулж ирсэн нь опг мэдэгдэхгүй бүтээгдэхүүн худалдаж, бидний итгэлийг ашигласан ба тарвасыг мэдээгүй хүлээж авснаас үүдэн тухайн тарвас нь борлуулалтад гарсны дараагаас буцаалт ихээр ирж асуудал гаргаж байсан. Гэтэл одоо хүртэл тарвасыг хэзээ, хаанаас оруулж ирсэн, хэр удаан хадгалсан хугацаа зэрэг нь огт тогтоогдоогүй шүүхэд түүнийгээ гаргаж өгөөгүй, өгдөггүй гэтэл дээрх тарвасны борлуулалтыг хийхэд гарсан зардал нь агуулахын түрээс 1 тонн тутамд 55 000 төгрөг, агуулахын түрээс нийт жингээр тооцвол 382 000 төгрөг, борлуулалттай холбоотой зардал жолооч борлуулагчийн цалин 1 300 000 төгрөг түгээлт шатахууны зардал 500 000 төгрөг зарцуулсан байдаг ба тухайн тарвасыг хүлээж авснаараа бид 5.9 тонн орчим шууд буцаалт хийж эрсдэлийг бүрэн хүлээсэн байдаг ба муудаж буцаалт хийж ирсэн тарвасны зураг зэргийг хэрэгт хавсаргасан байдаг шүүх харгалзаж үзэлгүй шийдвэр гаргасан.

Мөн жимс жимсгэнэ, хүнсний ногоо зэрэгт эрсдэлийн тооцоолол байдал хэрвээ эрсдэл гарвал хэлцлээр тохирсны дагуу муудсан жисээ буцааж авах, гомдол гарсан тохиолдолд хамтран хариуцах байтал нэхэмжлэгч тал гэрээ хийгээгүйг далимдуулан амаар эрсдэл хүлээх амлалтыг гаргасныг шүүх харгалзаж үзээгүй болно. Хэрэв шүүх бидний хооронд хийсэн гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 буюу худалдах худалдан авах гэрээний үүрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй, 255 дугаар зүйлийн 255.1.1-т зааснаар худалдан авагч нь шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэж байгаа бол мөн хуулийн 253 дугаар зүйлийн Эд хөрөнгийн доголдлын талаарх худалдагчийн эрх, үүрэг гэх заалтын 253.2 дах хэсэгт зааснаар доголдлыг арилгахтай холбогдсон ачих, тээвэрлэх, гүйцэтгэсэн ажлын хөлс, зарцуулсан материалын үнэ гэх мэт/

зардлыг худалдагч хариуцна гэсэн заалтыг мөн харгалзан хууль зүйн хувьд үнэлэлт дүгнэлт өгч байж шийдвэр гаргах боломжтой байтал хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд давж заалдах шатны эрхэм шүүгчид та бүхэн эдгээр нөхцөлүүдийг тунгаан харгалзан үзэж дээрх үндэслэлээр иргэний хэргийг бүх талаас нь хянан хэлэлцэж хэрэгт цугларсан нотлох баримт, хариуцагч бидний тайлбарт бодитой дүгнэлт хийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг тус тус баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

Нэхэмжлэгч З.Зердехан нь хариуцагч Х.Ариунболд, Ц.Эрхэмбаяр нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 491 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

З.Зердехан, Х.Ариунболд, Ц.Эрхэмбаяр нар нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 12 тонн 491 кг тарвасыг 1 кг-ийг 1000 төгрөгт тооцож, нийт 12 491 000 төгрөгөөр тохиролцож өгч авсан, 8 000 000 төгрөг төлсөн үйл баримтыг хэрэгт авагдсан Хаан банкны депозит дансны хуулга, зохигчдийн тайлбар зэрэгт үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоожээ. /х.х-ийн 8-9 дүгээр тал/

 

Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ байгуулагдсан талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн болно.

 

Худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч З.Зердехан нь эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн бөгөөд хүлээн авсан үйл баримтад дээр хариуцагч нар маргаагүй.

Хариуцагч нар нь гэрээний дагуу төлбөрийг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон байх ба худалдах, худалдан авах гэрээний үнийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тарвасны үнийг шаардах эрхтэй байна.

Зохигчид тарвасны хэмжээ болон үнийн талаар маргаагүй боловч хариуцагч Х.Ариунболд кг тус бүрийн үнийг 700 төгрөг болгохоор тохиролцсон болон нэхэмжлэгч З.Зердеханаас хүлээн авсан тарвас муудсан, чанарын шаардлага хангаагүйг устгасан гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхээ мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дах хэсэгт заасан хугацаанд хэрэгжүүлээгүй, хэрэгт энэ талаар нотолсон баримт байхгүй байх тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар дээрх шаардлага гаргах эрхээ алдсан гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Талууд тарвасны чанар, байдлын талаар анхнаасаа тохиролцсон эсэх нь тодорхойгүй, тарвасны гадаад байдал, чанарын талаар хүлээлцсэн баримт, акт үйлдээгүй, хэрэгт энэ талаар баримт авагдаагүй тул эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дах хэсэгт заасантай нийцжээ.

Иймд шүүх худалдах, худалдан авах гэрээний үүрэгт хариуцагч нараас 4 491 000 төгрөгийг гаргуулсан нь үндэслэл бүхий болжээ.

Хариуцагч нарын нотлох баримт бүрдүүлэх талаар гаргасан хүсэлтийг анхан шатны шүүх хуульд зааснаар шийдвэрлэсэн байх тул хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Хариуцагч нарын тайлбарт ямар хүсэлт гаргаж байгаа нь ойлгомжгүй байхаас гадна тарвасыг хэзээ, хэн хил гаалиар оруулсантай холбогдох баримт нь хэрэгт ач холбогдолгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2018/00162 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 806 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Б.НАРМАНДАХ