Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2018/01174

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2018/01174

 

 

О.Отгонбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2018/00852 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч О.Отгонбаярын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Тунгалагт холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 662 280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: Б.Тунгалаг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч О.Отгонбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие эхнэр Ариунбилэгийн хамтаар Баянгол дүүрэг 3 дугаар хороо 37 дугаар байрны өргөтгөлд байрлах лангууг 6 нэрийн хүнсний бараа худалдаалах зорилгоор 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөс түрээсэлж эхэлсэн. 2017 оны 12 сард хүнсний дэлгүүрийг шинэ түрээслэгч болох Б.Тунгалагт шилжүүлж өгсөн. Ингэхдээ дэлгүүрт тавин худалдаалж байсан бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээс хямдаар буюу анх худалдаж авсан үнээр Б.Тунгалагт худалдахаар тохирч 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дэлгүүрт байсан нийт бараа, хүнсний бүтээгдэхүүнүүдийг Б.Тунгалаг, түүний найз гэх О.Эрдэнэчимэг, эхнэр Л.Ариунбилэгийн хамтаар нэг бүрчлэн тоолж, нийт 4 928 730 төгрөгийн үнэ бүхий бараа, кассанд бэлэн байсан 163 300 төгрөг, 300 000 төгрөгийн үнэ бүхий модон лангуу, нийт 5 383 000 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэгдэхүүн, эд зүйлийг Б.Тунгалагт хүлээлгэж өгсөн. Б.Тунгалаг нь уг мөнгийг 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төлөхөөр тохирч, тооллого хийсэн дэвтэрт гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Гэвч Б.Тунгалаг нь дурдсан хугацаанд дээрх мөнгийг төлөөгүйгээс гадна түүнд хүлээлгэн өгсөн бараа бүтээгдэхүүнийг зарж, үрэн таран хийж бидэнд төлөлт хийхгүй байсан тул 2018 оны 1 дүгээр 20-ны өдөр бид дэлгүүрээ барааных нь хамт буцаан авч, тус өдрөө Б.Тунгалаг, О.Эрдэнэчимэг нарын хамтаар, мөн хөндлөнгийн гэрч болгож дэлгүүрийн түрээслүүлэгч Баясгалан, Энхмаа нарын хамт дахин тооллого хийхэд дэлгүүрт нийт 2 693 280 төгрөгийн үнэ бүхий бараа үлдсэн байсан. 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр түүнд хүлээлгэн өгсөн модон лангууг би буцаан авсан тул төгрөгийн нийт дүнгээс 300 000 хасаад 5 083 000 төгрөг болно. Түүнчлэн Б.Тунгалаг нь дээрх 5 083 000 төгрөгөөс 500 000 төгрөгийг төлсөн тул уг мөнгийг кассанд бэлэн байсан мөнгө болох 163 000 төгрөг болон нийт барааны үнээс суутгаж, тэрээр надад 4 580 000 төгрөг төлөх үлдэгдэлтэй болсон бөгөөд 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр тооллогоор 2 693 280 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг буцаан авсан буюу зөрүү 1 886 720 төгрөг болж байгаа юм. Мөн энэхүү дүнгээс Б.Тунгалаг нь анх түрээслүүлэгчтэй түрээсийн гэрээ байгуулахдаа барьцаа 200 000 төгрөг, түрээсийн төлбөрт 300 000 түрээслүүлэгчид өгснөөс түрээслүүлэгч нь тог, цахилгаан зэрэг ашиглалтын зардлаа аваад үлдэгдэл 224 440 төгрөгийг бидэнд шилжүүлж өгснийг хасаад нийт 1 662 280 төгрөгийг Б.Тунгалагаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Иймд Б.Тунгалагаас 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээлгэн өгсөн нийт бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр болох 1 662 280 төгрөгийг гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү.

Хариуцагч Б.Тунгалаг шүүхэд болон шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би анх зарын дагуу очиж дэлгүүрийг түрээслэсэн. Би 4 563 030 төгрөгийн бараа татсан байсан үүнийг барааг хүлээлгэж өгсөн падануудаар нотолж байгаа. Хэдийгээр би О.Отгонбаяртай анхлан тохиролцсон хугацаандаа тоолж авсан барааныхаа үнийг төлж дуусгаж чадаагүй нь жилийн эцэс болон эхний хүмүүсийн ажил амьдралд нөлөөлдөг эгзэгтэй үе таарсан, хувь хүмүүс, байгууллагууд болон өөр хоорондоо битүү өрийн сүлжээнд орчихсон байсан зэрэг шалтгаан нөлөөлсөн. Тэнд ажилласан нэг сарын хугацаанд нийт 68 удаа бүгд 4 563 030 төгрөгийн бараа татаж авсан байна. Үүнийг нотлох он, сар, өдөр, цагтайгаа тухайн бүтээгдэхүүнийг тоо ширхэг үнэлгээтэй нь бичиж ирүүлсэн барааны падаанууд болон дэлгүүрийн хар дэвтрүүдийг шаардлагатай бол нотлох баримтаар шүүхэд өгч болно. Ийм байхад намайг зарж үрэн таран хийж, идэж уусан гэх үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч О.Отгонбаяр өөртөө болон надад зохион байгуулалттай, зохиомлоор ийм хор хохирол учруулаад байна. Миний эхний орохдоо өгсөн барьцааны 200 000 төгрөг хэвээрээ байсан, энэ сарын хугацаанд би хэрэглэсэн цахилгааны төлбөрийг 2 удаа, түрээсийн төлбөр анх орохдоо болон нэхэмжлэгч О.Отгонбаярыг гэнэтхэн ирж бүх юмыг буруугаар эргүүлэн бужигнуулахаас 3 хоногийн өмнө 2 дахь сарын түрээсийн төлбөрөө урьдчилан төлсөн байсан зэргээс үзэхэд миний зүгээс нэхэмжлэгч болон дэлгүүрийн түрээслэгчтэй хуулийн хүрээнд зохистой хандаж байсныг илтгэж байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох буюу нэхэмжлэгч О.Отгонбаяртай эвлэрч, маргаанаа эв зүйгээр дуусгах боломжгүй бол нэхэмжлэгч О.Отгонбаяр 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр гэнэт дайрч орж ирээд миний ажиллуулж буй дэлгүүрийн бараа болон падаан баримтанд өөрийн дураар, хууль бусаар хүч хэрэглэн халдаж, хохирол учруулсныг холбогдох хууль тогтоомжийн дагуу хамгаалуулах болно. Нэхэмжлэгч О.Отгонбаяр  бараагаа үнэнчээр тоолоод, борлуулагч нарт бараа өгч явуулаагүй авсан бол ийм хэмжээний хохирол, дутагдал гарахгүй байсан. Бас О.Отгонбаяр өөрийнхөө барааг анх өгөхдөө Барс захын бөөний үнээр тооцож өгсөн гэсэн боловч дэлгүүрийн үнээр өгсөн байсныг сүүлд мэдсэн. О.Отгонбаяр хохирсон гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Боржигон овогт Бямбын Тунгалагаас 1 662 280 төгрөг гаргуулан Адуучин овогт Оросоогийн Отгонбаярт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 140 төгрөгөөс 41 546 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын төсвөөс 3 594  төгрөг, хариуцагч Б.Тунгалагаас улсын тэмдэгтийн хураамжид 41 546 төгрөг тус, тус гаргуулан нэхэмжлэгч О.Отгонбаярт олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Б.Тунгалаг давж заалдах гомдолдоо:

... Би О.Отгонбаярын нэхэмжлэлийг хариуцах үүрэг хүлээх үндэслэлгүй. Тус Есөн хуш дэлгүүр нь харуул хамгаалалтын Бамбай компанийн гэрээтэй байсан тул надад гэрээгээр хүлээлгэж өгсөн миний мэдлийн бараа бүтээгдэхүүний дотоод асуудалд нэхэмжлэгч О.Отгонбаяр, түүний эхнэр Баясгалан зэрэг хамтран надад хэрхэн бүдүүлгээр хандсаныг 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн өглөөний 9 цагаас орой 22 цаг хүртэлх камерын бичлэгийг авахуулах хүсэлтэй байна. Тухайн өдөр надад урьдчилан сануулалгүйгээр барааны падаануудыг нэхэж аваад харилцагч байгууллагуудад буруу ойлголт төрүүлж, О.Отгонбаярын санаачилгаар миний мэдэлд байсан бараануудыг бусдад өгүүлсэн. Миний бизнесийн нэр хүндэд хууль бусаар халдсаныг гэрчлэх Витафит ХХК, Боролдой ХХК, Үлэмж хүнс ХХК болон О.У ХХК-иас гэрч дуудаж асуухыг шаардаж байна. Падаануудад гэрчлэх хүмүүсийн утасны дугаар бичигдсэн байгаа. Би О.Отгонбаярын барааг авч, идэж дутаасан зүйл байхгүй. Би лангууг ажиллуулах 1 сарын хугацаанд хичнээн хэмжээний бараа бүтээгдэхүүн авсан, тухайн өдөр надад О.Отгонбаяраас авсан хэмжээний бараа бүтээгдэхүүн байсан зэргийг нотлох баримтыг зурагнуудын хамт шүүхэд ирүүлсэн байхад уг баримтуудыг шүүх үнэлээгүйд гомдолтой байна. Нэхэмжлэгч О.Отгонбаяр тухайн үед дэлгүүрт байсан барааг анх хүлээлгэж өгсөн шигээ буцаагаад тоолж авсан бол дутагдал гарахгүй байснаас гадна миний 1 сарын хугацаанд нойр хоолоо хасч цаг наргүй ажилласан хөдөлмөр талаар болж, бизнесийн нэр хүнд унахгүй байсан гэдгийг шүүх анхаарч үзэхийг хүсч байна. Би ашиг орлого олохоор лангуу түрээслэн 1 сар ажиллуулсан боловч эцэст нь олсон ашиг орлогогүй, нэр хүнд, сэтгэл санаа, бие махбодийн хохиролтойн дээр бусдад өр төлбөртэй болсон тул шүүхийг миний энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж шударга ёс, хүнлэг энэрэнгүй ёсны дагуу хэргийг үнэн зөв шийдвэрлэнэ гэж найдаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч О.Отгонбаяр нь хариуцагч Б.Тунгалагт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 662 280 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

Зохигчдын тайлбар болон бичгийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч О.Отгонбаяр нь хариуцагч Б.Тунгалагт 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр түрээслэн ажиллуулж байсан 6 нэрийн барааны дэлгүүрийн бараа болон лангууг 5 383 000 төгрөгөөр худалдаж, төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төлөхөөр тохиролцож, барааг хүлээн авсан үйл баримт тогтоогдсон байна.

Хэргийн 26 дугаар талд талууд 163 300 төгрөг бэлнээр, 300 000 төгрөгийн үнэтэй лангуу, нийт 4 928 730 төгрөгийн үнэ бүхий бараа, нийт 5 383 000 төгрөгийн эд зүйл хүлээн авсан болохоо бичгээр тохиролцсон баримт авагдсан байна. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон тохиолдолд хэлцэл хийсэн гэж үздэг бөгөөд анхан шатны шүүх дээрх баримтад үндэслэн зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалттай нийцжээ.

Зохигчид дээрх бичгийн баримтыг үйлдсэн болон бараа, материал, бэлэн мөнгөний үнийн дүнгийн асуудлаар маргаагүй бөгөөд анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний төлбөр 5 383 000 төгрөгийг 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр төлж дуусгавар болохыг баталгаажуулсан баримт гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

Мөн нэхэмжлэгч О.Отгонбаяр лангуу болон зарим эд хөрөнгийг буцаан авснаар худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсан асуудлаар зохигчид маргаагүй болно. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Тунгалаг гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаан өгөх үүрэгтэй юм.

Харин талууд буцаан өгөх эд зүйлийн үнийн талаар маргаж байгаа боловч хэдэн төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг бусдад шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдоогүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэг зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг.

 

Хариуцагч Б.Тунгалаг нэхэмжлэгч О.Отгонбаяртай гэрээ байгуулснаас хойш 4 563 030 төгрөгийн бараа татсан гэж тайлбарлан, энэ талаарх зарлагын баримтуудыг нотлох баримтаар ирүүлсэн байх боловч тооллого хийх үед буюу нэхэмжлэгчид бараа хүлээлгэн өгөхөд 4 563 030 төгрөгийн бараа байсан нь тогтоогдоогүй байна. Иймд анхан шатны шүүх худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч Б.Тунгалаг 1 662 280 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо ... камерын бичлэг авахуулах, лангууг ажиллуулах үед хичнээн хэмжээний бараа бүтээгдэхүүн байсныг нотлох баримтыг зургуудын хамт өгснийг шүүх үнэлээгүй гэсэн үндэслэл заасан байна. Хэргийн 33-72 дугаар талд зарлагын баримт, зарлагын падаан, лангуун дээр өрөгдсөн хүнсний барааны фото зураг зэрэг бичгийг баримтууд авагдсан байгаа боловч зарим нь аль байгууллагаас хэн, хэзээ авсан нь тодорхойгүй байгаагаас гадна дээрх баримтуудыг тухайн лангуунд зориулж авсан барааны баримт гэж үзэх эсэх, уг лангуу нь хариуцагчийн түрээсэлж авсан лангууны зураг гэдэг нь нотлогдоогүй байх тул анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан дээрх нотлох баримтаар 4 563 030 төгрөгийн бараа худалдаж авсан болох нь тогтоогдоогүй байна гэж үзсэнийг буруутгах боломжгүй юм.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу нотлох баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2018/00852 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Б.Тунгалагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 560 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Ц.ИЧИНХОРЛОО