Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2018/00852

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: О.О

Хариуцагч: Б.Т

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 1662280 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.О

        хариуцагч Б.Т

        гэрч О.Э

        нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

Нэхэмжлэлийг 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Оросоогийн О нь эхнэр Аийн хамтаар Баянгол дүүрэг ..-р хороо ..-р байрны өргөтгөлд байрлах лангууг 6 нэрийн хүнсний бараа худалдаалах зорилгоор 2017.05.08-ны өдрөөс түрээсэлж эхэлсэн. Гэвч эрүүл мэндийн шалтгааны улмаас цаашид хүнсний лангуугаа ажиллуулах боломжгүй болсон тул түрээслүүлэгчтэй харилцан тохиролцоод, 2017 оны 12 сард хүнсний дэлгүүрийг шинэ түрээслэгч болох Б.Тт шилжүүлж өгсөн. Ингэхдээ дэлгүүрт тавин худалдаалж байсан бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээс хямдаар буюу анх худалдаж авсан үнээр Б.Тт худалдахаар тохирсны дагуу 2017.12.16-ны өдөр дэлгүүрт байсан нийт бараа, хүнсний бүтээгдэхүүнүүдийг би, шинээр түрээслэгч Б.Т, түүний найз гэх О.Э, эхнэр Л.Аийн хамтаар нэг бүрчлэн тоолж, нийт 4928730 төгрөгийн үнэ бүхий бараа, кассанд бэлэн байсан 163300 төгрөг, модон лангуу /300000 төгрөгийн үнэ бүхий/ нийт 5383000 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэгдэхүүн, эд зүйлийг Б.Тт хүлээлгэж өгсөн бөгөөд Б.Т нь уг мөнгийг 2017.12.23-ны өдөр төлөхөөр тохирч, тооллого хийсэн дэвтэрт гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Гэвч Б.Т нь дурдсан хугацаанд дээрх мөнгийг төлөөгүйгээс гадна түүнд хүлээлгэн өгсөн бараа бүтээгдэхүүнийг зарж, үрэн таран хийж бидэнд төлөлт хийхгүй байсан тул 2018.01.20-ны өдөр бид дэлгүүрээ барааных нь хамт буцаан авч, тус өдрөө, Б.Т, О.Э нарын хамтаар, мөн хөндлөнгийн гэрч болгож дэлгүүрийн түрээслүүлэгч Б, Э нарын хамт дахин тооллого хийхэд дэлгүүрт нийт 2693280 төгрөгийн үнэ бүхий бараа үлдсэн байсан. 2017.12.16-ны өдөр түүнд хүлээлгэн өгсөн модон лангууг би буцаан авсан тул төгрөгийн нийт дүнгээс 300000 хасаад 5083000 төгрөг болно. Түүнчлэн Б.Т нь дээрх 5083000 төгрөгөөс 500000 төгрөгийг төлсөн тул уг мөнгийг кассанд бэлэн байсан мөнгө болох 163000 төгрөг болон нийт барааны үнээс суутгаж, тэрээр надад 4580000 төгрөг төлөх үлдэгдэлтэй болсон бөгөөд 2018.01.20-ны өдөр тооллогоор 2693280 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг буцаан авсан буюу зөрүү 1886720 төгрөг болж байгаа юм. Мөн энэхүү дүнгээс Б.Т нь анх түрээслүүлэгчтэй түрээсийн гэрээ байгуулахдаа барьцаа 200000 төгрөг, түрээсийн төлбөрт 300000 түрээслүүлэгчид өгснөөс түрээслүүлэгч нь тог, цахилгаан зэрэг ашиглалтын зардлаа аваад үлдэгдэл 224440 төгрөгийг бидэнд шилжүүлж өгснийг хасаад нийт 1662280 төгрөгийг Б.Таас гаргуулахаар ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаа болно. Иймд Б.Таас 2017.12.16-ны өдөр хүлээлгэн өгсөн нийт бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр болох 1662280 төгрөгийг гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч О.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Т анх дэлгүүрийг түрээслэж орохдоо 5 хоногийн дотор миний барааны мөнгийг гаргаж өгнө гэсэн боловч өгөөгүй. Ингээд би 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ямар нэг баримт хийхгүй бол болохгүй гээд зээлийн гэрээ маягаар 5380000 төгрөгөөр гэрээ хийж нотариатаар батлуулсан. Энэ хүнд би нийт 34 хоногийн хугацаа өгч хүлээсэн. Энэ хугацаанд ярьж байсан бүх зүйл нь худлаа байсан. Сүүлдээ Б.Т давхар түрээслэгч хайж эхэлсэн байсан. Тухайн дэлгүүрийн хажууд ломбард ажиллуулдаг хүн оройн цагаар таксинд явж байхдаа Б.Т давхар түрээслэгч хайж байгаа талаар мэдэж надад мэдээлэл өгсөн. Би дүүгээ утсаар яриулж шалгуулахад Б.Т түрээсийн зар өгсөн байсан. Ингээд би үлдэгдэл бараагаа тоолж авах гэж очсон. Б.Т надаас авсан бараагаа зарсан байсан болохоос өөр нэмэлтээр 4 сая гаруй төгрөгийн бараа татаагүй байсан, бага зэрэг л бараа татсан. Би бараагаа тоолж авахад дэлгүүрийн эзэн надад би чамд ямар ч өргүй дэлгүүр өгсөн чи асуудлаа шийд гэсэн учраас борлуулагч нар руу нь ярьж асуудлыг шийдээд үлдэгдэл 2,6 сая гаруй төгрөгийн бараагаа тоолж авсан. Иймд 5380000 төгрөгөөс энэ хүний түрээсийн төлбөр болон барьцаанд өгсөн 500000 төгрөгөөс түрээслүүлэгч дэлгүүрийн эзэн ашиглалтын зардлаа хасаад надад 224440 төгрөг өгсөн, энэ хүний бэлнээр өгсөн 500000 төгрөг, лангууны үнэ 300000 төгрөг, дэлгүүрт байсан 2693280 төгрөгийн барааг хасаад одоо үлдэгдэл барааны үнэ 1662280 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.  

Хариуцагч Б.Т шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд О.Оаас миний нэр дээр гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Ингээд би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлүүдээ доор бичлээ. 1 дүгээрт: Хэдийгээр би Отай анхлан тохиролцсон хугацаандаа тоолж авсан барааныхаа үнийг төлж дуусгаж чадаагүй нь жилийн эцэс болон эхний хүмүүсийн ажил амьдралд нөлөөлдөг эгзэгтэй үе таарч, надад болон миний ажил хэргийн харилцаатай хүмүүсийн мөнгө санхүүд сөргөөр муу нөлөө үзүүлж байсан энэ нь монгол улс даяараа хувь хүмүүс компани байгууллагууд өөр хоорондоо битүү өрийн сүлжээнд орчихсон байгаа байдалд би бас өөрийн мэдэлгүй өртчихсөн байгаа нь үндсэн шаптгаан болсон. 2 дугаарт: Нэхэмжлэлд дурьдсанаар би Оаас хүлээн авсан бараа бүтээгдэхүүнийг зарж, үрэн таран хийж, идэж ашиглаж дутаагаагүй. Харин хэдийгээр миний өөрийн авлага мөнгө бүтээгүй байсан ч өр зээл тавьж байгаад ч болтугай (гүйлгээ орлого ашгаа нэмэгдүүлэх) зорилгоор тэнд ажилласан нэг сарын буюу гуч гаруйхан хоногийн хугацаанд нийт 68 удаа бүгд 4563030 төгрөгийн бараа татаж авсан байна. Үүнийг нотлох он, сар, өдөр, цагтайгаа тухайн бүтээгдэхүүнийг тоо ширхэг үнэлгээтэй нь бичиж ирүүлсэн барааны падаанууд болон дэлгүүрийн хар дэвтрүүдийг шаардлагатай бол нотлох баримтаар шүүхэд өгч болно. Ийм байхад намайг зарж үрэн таран хийж, идэж уусан гэх үндэслэлгүй юм. 3 дугаарт: Би энэ хүнийг залилах мэхлэх, итгэл эвдэх санаа зорилго үйлдэл огт хийгээгүй байхад (нэгэнт надад тоолоод өгсөн миний эд хөрөнгөнд тооцогдох: Дэлгүүрийн бараанд хууль бусаар хүч хэрэглэн бүлэглэн халдаж, Монголд бүхий л дэлгүүрүүдэд мөрдөгддөг жишиг тогтсон падаанаас падааны хооронд тооцоотой явдаг тэр тусмаа өөрийнх нь сарын өмнөх он дамжсан падааны өр хүртэл тэр газруудад байсаар байхад) падаантай барааны эзэд компаниуд руу өөрөө надаас зөвшөөрөл авалгүй харилцан ярилцаж, зөвшилцөхгүй дур мэдэн утсаар залгаж, миний хувийн болон бизнесийн нэр хүндэд маш бүдүүлгээр, хууль бус аргаар халдаж, зориудаар өөртөө өр бий болгосон. 4 дүгээрт: Би цаашид анх хийсэн тохиролцсон дэлгүүр, лангуу түрээслэх гэрээгээ нэг бүрчлэн мөрдөж, тэдгээр хүмүүс нэг бүрт Монгол улсад дагаж мөрдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд маш их хүндэтгэлтэй, хүлээцтэй, ухамсартай, соёлтой хандаж эцсийг нь хүртэл ойлголцож, зохицож, эв зүйгээр нь шийдвэрлэхийг хичээж байхдаа хэн нэгнийгээ хохироож үлдээхгүйн тулд өөрөөсөө шалтгаалах бүх зохист арга хэмжээг авч байсныг О.О өөрөө хөндлөнгөөс маш бүдүүлгээр хууль бусаар, хүчээр таслан зогсоосноос энэ бүх үл ойлголцол үүсэж нэхэмжлэгч О.О өөртөө болон надад зохион байгуулалттай, зохиомлоор ийм хор хохирол учруулаад байна. 5 дугаарт: Миний эхний орохдоо өгсөн барьцааны 200000 төгрөг хэвээрээ байсан, энэ сарын хугацаанд би хэрэглэсэн цахилгааны төлбөрийг 2 удаа, түрээсийн төлбөр анх орохдоо болон нэхэмжлэгч Оыг гэнэтхэн ирж бүх юмыг буруугаар эргүүлэн бужигнуулахаас яг 3 хоногийн өмнө хоёр дахь сарын түрээсийн төлбөрөө урьдчилан төлсөн байсан зэргээс миний зүгээс энэхүү нэхэмжлэгч болон дэлгүүрийн түрээслэгчтэй хууль зүйн хүрээнд зүй зохистой хүндэтгэлтэй хариуцлагатай хандаж байсныг нотлох юм. 6 дугаарт: Нэхэмжлэлийг бүхэлд нь татгалзаж хэрэгсэхгүй болгох буюу нэхэмжлэгч О.Отай харилцан бидний үзсэн энэхүү хохирлоо энэ тэнцүүхэн үүрч хэн хэндээ өр төлбөргүй үлдэж эвлэрэн зохицож маргаанаа эв зүйгээр дуусгах саналтай байгааг минь шүүх хүлээн авч шийдвэрлэх бүрэн үндэслэл байгааг дээрх зүйлүүдээр нотлож болох юм. Эс бөгөөс: Нэхэмжлэгч О.О 2018.01.20-ны өдөр гэнэт дайрч орж ирж, ямар ч урьдчилан сануулах, ярилцаж хэлэлцэхгүйгээр надад, миний тоолоод авчихсан миний мэдлийн байгаа дэлгүүрийн бараа болон падаан баримтанд өөрийн дураар, хууль бусаар хүч хэрэглэн хөндлөнгөөс халдаж улмаар миний хувь хүний нэр хүнд, эрх ашиг, эд хөрөнгө, бизнесийн нэр хүндэд засаж залруулж болшгүй хор хохирол учруулсны төлөө би Монгол Улсын Үндсэн Хууль болон бусад холбогдох хууль тогтоомжоор хамгаалагдсан иргэн хүнийхээ эрхийг эдлэж Монгол улсын зөрчлийн тухай хуулиар цагдаагийн байгууллагад, Монгол улсын иргэний хуулиар нэхэмжлэгч Оын албан ёсны хаягаар шүүхэд дахин хандаж өөрийн эрх ашгийг заавал хамгаалуулах болно. Хэрэв анхлан ярилцаж тохиролцсоны дагуу дэлгүүрийн барааны үнийг би заасан хугацаанд төлж дуусгаагүй нөхцөл үүссэн байхад миний удаа дараа санал тавьснаар бараа сайтай байхад болон тухайн асуудал үүсгэсэн өдрөө миний хувийн бизнесийн харилцааг хөндлөнгөөс хууль бусаар зохицуулах буруу үйлдэл хийж зохиомол өр үүсгэхийн оронд зүгээр л байгаа бараагаа үнэнч шударгаар элдэв арга заль зохиолгүй зүгээр л тоолоод хүлээгээд авчихсан бол одоо ийм хор хохирол хэн хэн маань үзэхгүй. Хэн, хэндээ дайсан бололцож цаг хугацаа, сэтгэл санааны хохирол нэмж хүлээлгүй бүх зүйл сайн сайхан төгсөж болох байлаа. Энэ хүнтэй анхлан ярилцаж тохиролцсон хэлэлцсэндээ хүрэхийн тулд тухайн үед би өөрийн авцаа авалгыг хүлээлгүй өр тавьж байгаад ч гэсэн бүхнийг сайнаар дуусгахаар төлөвлөж байсан. Дахин нэмж тодруулахад компанийн падаантай барааны асуудлыг надад өөрт минь хариуцуулж үлдээгээд О өөрийн барааг үнэнч шударгаар арга заль хэрэглэхгүй тоолоод авсан бол ийм хохирол хэнд маань ч ирэхгүй байсан нь үнэн юм.

Хариуцагч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх зарын дагуу очиж дэлгүүрийг түрээслэсэн. Миний өдөр тутмын үйл ажиллагааг хажууд байсан ломбард, өөдөөс хараад сууж байсан дэлгүүрийн эзэд зэрэг байнгын гэрчүүдтэй байсан. Намайг бараа татаагүй, хоосон байсан гэдгийг зөвшөөрөхгүй. 4563030 төгрөгийн бараа татсан байсан үүнийг барааг хүлээлгэж өгсөн падануудаар нотолж байгаа. Хэрвээ О.О хохиролгүй үлдэе гэж байсан бол бараагаа хүлээж авах уу гэтэл таньд бол тэр нь амар байгаа биздээ гэж аймаар уурлаж байсан. Эв зүйгээр ярилцаад асуудлыг шийдсэн бол ийм байдалд хүрэхгүй байсан. Гэтэл О, эхнэртэйгээ тухайн асуудал үүссэн өдөр ирээд тал талаас татаж чангаагаад намайг залилан мэхлэгч, худалч гэх мэтээр дуудаж дайрсан. Надад паданаа өгч бай гэж аваад борлуулагч нарыг дуудаж ирүүлээд энэ хүн худалч, залилан мэхлэгч байна, би дэлгүүрээ буцааж авах гэж байна та нар байгаа дээр нь бараагаа буцааж ав, байхгүй бол бараанаас нь аваад яв гэж хэлээд цаад хүмүүс нь намайг буруугаар ойлгоод явсан. Энэ хүн миний өмнөөс асуудлыг шийдэж, өөр дээрээ өр гаргачихаад өнөөдөр надаас мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. О.О нь эргэн тойрны хүмүүст намайг буруугаар ойлгуулсан. Үүнээс болж би дахиж бизнесийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Би гомдолтой байгаа. О.О  бараагаа үнэнчээр тоолоод, борлуулагч нарт бараа өгч явуулаагүй авсан бол ийм хэмжээний хохирол, дутагдал гарахгүй байсан. Бас О өөрийнхөө барааг анх өгөхдөө Барс захын бөөний үнээр тооцож өгсөн гэсэн боловч дэлгүүрийн үнээр өгсөн байсныг сүүлд мэдсэн. Бидний хооронд үл ойлголцол гарсан ч эв зүйгээр шийдэж болох байсан. О.О хохирсон гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Учир нь:

1. Нэхэмжлэгч О.О нь хариуцагч Б.Таас барааны үнэ 1662280 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч Б.Т нь 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч О.Оаас түүний түрээслэн ажиллуулж байсан хүнсний 6 нэрийн барааны дэлгүүрийн бараа болон лангууг 5383000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төлөхөөр тохирч, барааг хүлээн авчээ. Худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл нь худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх эд хөрөнгө болон түүний үнийг тохиролцсон байхыг шаардах ба зохигчдын аман тохиролцоонд дээрх хүсэл зориг илэрхийлэгдсэн байна. Нэхэмжлэгч бараагаа бөөний үнээр тооцоогүй, дэлгүүрийн үнээр тооцсон гэж хариуцагч маргаж байгаа боловч 5383000 төгрөгийн бараа авч байгаагаа хүлээн зөвшөөрч баримтад гарын үсэг /ХХ-ийн 20-26-р хуудас/ зурснаар Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болж, тэдний хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдсан гэж үзнэ. Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч тал 5383000 төгрөгийн бараа шилжүүлсэнээс бэлэн мөнгө болон эд хөрөнгөөр /лангуу/ 1027440 төгрөг, бараагаар 2693280 төгрөгийг авч, үлдэгдэл 1662280 төгрөгийг гаргуулахаар шаардсанаас хариуцагч нь дэлгүүрт 4 сая гаруй төгрөгийн бараа байсан, үүнээс борлуулагч нарт дур зоргоор буцаалт хийснээс дутагдал үүссэн, дэлгүүрийн барааг хууль бусаар авсан үндэслэлээр төлөхөөс татгалзаж, хариуцагчийг төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн болон 1027440 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг биелүүлсэн үйл баримтад зохигчид маргаагүй болно.  

Төлбөр төлөх анхны хугацааг хариуцагч хэтрүүлсэнээс 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр барааны үлдэгдэл төлбөр 5380000 төгрөгийг төлөх баталгаа болгож “зээлийн гэрээ” нэртэй гэрээг бичгээр хийсэн байх ба энэ талаар зохигчид маргахгүй байна. Үүнийг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь хэсэгт “талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон”-оор үүрэг дуусгавар болно гэж заасны дагуу 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр сольсон гэж үзэхгүй бөгөөд харин 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 5380000 төгрөг болохыг, уг төлбөрийг 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр гүйцэтгэж дуусгавар болгохыг баталгаажуулсан баримт гэж үзэв. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч барааны үнийг шаардах эрхтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг дэлгүүрийн барааг хүчээр, хууль бусаар авсан гэж байгаа боловч хэрэгт авагдсан баримтуудаар дээрх байдал тогтоогдоогүйгээс гадна бараанд тооллого хийхэд байлцаж, барааг хүлээлгэн өгсөн үйлдлийг нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн авсан буюу төлбөрт дэлгүүрийн барааг тооцож авах нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийлэл Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр болсон гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2 дахь хэсэгт “үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан”-аар хариуцагч 2693280 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг биелүүлсэн байна. Хариуцагчийн “дэлгүүрт 2693280 төгрөгөөс илүү хэмжээний бараа байснаас нэхэмжлэгч дур мэдэн зарим барааг борлуулагч нарт тараасан” гэсэн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй, энэ талаар гэрч О.Э гэрчилсэн боловч хэдэн төгрөгийн барааг дээрх байдлаар бусдад шилжүүлсэн болохыг хариуцагч нотлоогүй, энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул үүргийн гүйцэтгэлд тооцох боломжгүй. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсанаас хойш 4563030 төгрөгийн бараа татсан гэж тайлбарлан, энэ талаарх зарлагын баримтууд /падан/-ыг нотлох баримтаар ирүүлсэн боловч тооллого хийх үед буюу нэхэмжлэгчид бараа хүлээлгэн өгөхөд 4563030 төгрөгийн бараа байсан гэдгийг нотлохгүй болно. Иймд худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч 1662280 төгрөг төлөх үүрэгтэй гэж шүүх үзлээ.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 1662280 төгрөгт 41546 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс 45140 төгрөг төлсөн байх тул илүү төлсөн 3594 төгрөгийг буцаан олгох нь хуульд нийцнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45140 төгрөгөөс 41546 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 41546 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.  

    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Т-аас 1662280 /нэг сая зургаан зуун жаран хоёр мянга хоёр зуун ная/ төгрөг гаргуулан О.От олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45140 төгрөгөөс 41546 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын төсвөөс 3594  төгрөг, хариуцагч Б.Таас улсын тэмдэгтийн хураамжид 41546 төгрөг тус, тус гаргуулан нэхэмжлэгч О.От олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                          Т.ГАНДИЙМАА