Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 60

 

“Ж...” ХХК-ийн гомдолтой,

Улсын төсвийн орлого, хяналтын газрын

Хяналт шалгалтын хэлтсийн

татварын улсын байцаагч

Т.З, Н.Х нарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                        Г.Банзрагч

                                                   П.Соёл-Эрдэнэ

                                                   Ч.Тунгалаг

            Илтгэгч шүүгч:               Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

            Нэхэмжлэлийн шаардлага: “ Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Т.З, Н.Х нарын 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №211820024 тоот шийтгэлийн хуудсын 2, 4, 6 дахь хэсгийг хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0753 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 660 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, Ж.С, хариуцагч Т.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Ц.Т нарыг оролцуулж,

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Б нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0753 дугаар шийдвэрээр: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 2006 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.4, 7.3.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2015 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т заасныг тус тус баримтлан Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Т.З, Н.Х нарын “2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай №211820024 тоот шийтгэлийн хуудсын 2, 4, 6 дахь хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий “Ж...” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 660 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0753 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтын дараа 2 дахь заалтаар “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг баримтлан Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 211820024 дүгээр шийтгэлийн хуудсаар “Ж...” ХХК-ийн 2015 онд ажил гүйцэтгэх гэрээний дагуу авсан 2,624,666,592.00 төгрөгийн ажил, үйлчилгээний орлогод ногдуулаагүй зөрчилд оногдуулсан алданги, торгууль, хүүг зохих журмын дагуу өршөөн хэлтрүүлэхийг хариуцагч нарт даалгасугай” гэж нэмж, 2 дахь заалтын дугаарыг “3” гэж өөрчлөн, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... “Ж...” ХХК нь “Ж а” ХХК-тай 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 01/15 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу 2015 онд авсан 2,624,666.592 төгрөгийн орлогоос Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна”, 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараанд”, 7.1.4-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд” нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна гэж заасныг зөрчсөн нь хяналт шалгалтаар тогтоогдсон тул Татварын улсын байцаагчид дээрх зөрчилд 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 211820024 тоот шийтгэлийн хуудсаар хариуцлага ногдуулсан.

4. Тус компани нь дээрх ажил гүйцэтгэх гэрээний дагуу авсан 2,624,666.592 төгрөгийн орлогыг татварын албанд Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 2015 оны 9 дүгээр сард 2,325,843,376.70 төгрөгөөр, 2015 оны 10 дугаар сард 249,407,763.17 төгрөгөөр, 2015 оны 11 дүгээр сард 49,415,451.74 төгрөгөөр тус тус тайлагнаж байсан нь уг орлого 2015 оны 07 дугаар сараас хойших орлого буюу Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д “энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэж заасантай нийцэхгүй байх бөгөөд энэ нь өршөөлд хамруулах үндэслэлгүйг нотолж байна.

5. Хэдийгээр тус компани нь орлогоо тайлагнаж байсан боловч хуулийг буруу хэрэгжүүлж татвар ногдуулах орлогыг үндэслэлгүйгээр бууруулж байсан нь хууль тогтоомжийг зөрчиж байна гэж татварын улсын байцаагчид хариуцлага ногдуулсныг энд дурдах нь зүйтэй гэж үзлээ.

6. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 660 дугаар магадлалын “тогтоох” хэсгийн 1 дэх заалтаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0753 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

7. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... ААНОАТ тухай хууль болон НӨАТ тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу хэрэглэж, тайлбарласан гэж бидний зүгээс үзэж байгаа тул энэхүү гомдлыг гаргаж байна.

8. 2 дахь хэсэгт: 2013 онд хүдэр баяжуулсны 168,517,640 төгрөгийн төлбөрт өгсөн 4.371.54 тонн төмрийн хүдрийн үнийг борлуулалтын орлогод тооцоогүй, ААНОАТ-ын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулаагүй, 4 дэх хэсэгт: 2013 онд хүдэр баяжуулсны 168,517,640 төгрөгийн төлбөрт өгсөн 4.371.54 тонн төмрийн хүдрийг НӨАТ-ын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулаагүй, 6 дахь хэсэгт: “Ж а” ХХК-тай байгуулсан гэрээнии дагуу 2015 онд 2,624,666,592.00 төгрөг, 2016 онд 2,241,432,118.73 төгрөг нийт 4,866,098,710.73 төгрөгийн ажил үйлчилгээний орлогод НӨАТ ногдуулаагүй.

9. 2 дахь хэсэгт дурдсан ААНОАТ-ыг тайланд тусгаагүй зөрчлийг манай компанийн зүгээс татварын улсын байцаагчдын хяналт шалгалтын үеэр тайланд тусгаагүй гэдгийг олж мэдсэн бөгөөд тухайн үед ажиллаж байсан санхүүгийн албаны тайланг хариуцаж гаргасан албан тушаалтнуудтай Хөдөлмөрийн гзрээнд тусгагдсан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг тусгайлан тооцохоор хууль, хяналтын байгууллагад шалгуулахаар өгч байна.

10. Гэхдээ улсын байцаагч нарын акт нь ААНОАТ-ын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т заасан “үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил үйлчилгээний борлуулалтын орлого”-д татвар ногдуулахаар зохицуулсан. ААНОАТ-ыг ногдуулахдаа 12 дугаар зүйлд заасан хасагдах зардлыг хасч, илүү гарсан буюу “ашиг”-т татвар ногдуулах ёстой байтал шууд гэрээний үнийн дүнгээр ашиг гэж тооцож татвар ногдуулсан нь үндэслэлгүй.

11. 2013 оны татварын тайланг бид татварын албанд гаргаж, дотоодын болон хөндлөнгийн аудитын байгууллагаар баталгаажуулсан, хасах бланстай буюу алдагдалтай ажилласан байдаг.

12. 4, 6 дахь хэсэгт НӨАТ-ын тайланд тусгаагүй гэх үндэслэлээр татвар ногдуулсан. Манай компанийн зүгээс НӨАТ-ын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.11-д “борлуулсан алт” НӨАТ-аас чөлөөлөгдөхөөр зохицуулсан. “Ж а” ХХК болон “Ж...” ХХК-иудын хооронд байгуулсан 2015 оны “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний үндсэн зохицуулалт бол төлбөрийг бартераар буюу олборлосон алтаар хийхээр тохиролцсон. “Ж...” ХХК нь гүйцэтгэсэн ажлын хөлсөө алтаар авсан, энэхүү алтаа Монгол банкинд худалдсан байдаг.

13. Давж заалдах шатны шүүхээс Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9 дэх заалтыг үндэслзн “Ж...” ХХК-ийг алт олборлох эрхгүй учир, алт тушаах үндэслэлгүй гэж тайлбарласан байна.

14. “Ж...” ХХК-д мэдээж тусгай зөвшөөрөл байхгүй, гэхдээ “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний төлбөртөө алт авсан, алтаа Монгол банкинд тушааж орлогоо авсан. Алт нь төлбөрийн хэрэгсэл буюу бартерийн харилцаанд гэрээний зүйл болдог. Аливаа гэрээ зөвхөн “мөнгө” буюу үнэт цаасыг төлбөрийн хэрэгсэл болгох албагүй бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд гэрээний эрх чөлөөний зарчимд гэрээгээр талууд хуулиар хориглосноос бусад зүйлийг тохиролцох эрхийг олгосон.

15. “Ж а” ХХК болон “Ж...” ХХК-ийн байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ” нь хууль зөрчсөн ямар нэг зохицуулалт байхгүй тул хүчин төгөлдөр гэрээ бөгөөд гэрээний тохиролцоог нарийвчлан задлаж, хяналт шалгалтаа хийхгүй байгаа татварын байцаагчдын үйлдлийг бид хүлээн зөвшөөрөхгүй.

16. Анхан болон давж заалдах шатны шүүхээс гэрээний харилцааг үнэлж, нөхцөл байдлыг нарийвчлан тогтоохгүйгээр шийдвэр гаргасан. Татварын улсын байцаагчид өмнө 2013, 2015, 2016 онуудад “Ж...” ХХК-ийн төлбөрөө алтаар авч, тушааж байгаа харилцааг ойлгож, НӨАТ-аас чөлөөлөгдөнө гэж шийдвэрлэж баталгаажуулсан байдаг. Төрийн албаны хариуцлагатай албан тушаалтнууд өөрсдийн хэрэглэдэг хуулийг нэг мөр хэрэглэж, татвар төлөгчдийг төөрөгдүүлэх ёсгүй гэж үзэж байна.

17. Иймд, дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 660 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

ХЯНАВАЛ:

18. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

19. Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Т.З, Н.Х нар “Ж...” ХХК-ийн 2012-2016 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж,  2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 211820024 дүгээр шийтгэлийн хуудсаар 6 төрлийн зөрчил зааж, нийт 10,703,447,973.79 төгрөгийн зөрчилд 1,182,313,385.7 төгрөгийн нөхөн татвар, 409,335,538.0 төгрөгийн торгууль, 193,558,342.2 төгрөгийн алданги, 819,622.8 төгрөгийн хүү ногдуулсан,  “Ж...” ХХК-иас уг шийтгэлийн хуудсын “олсон нь” хэсгийн 2-т заасан “2013 онд хүдэр баяжуулсны төлбөрт өгсөн ... төмрийн хүдрийн үнийг борлуулалтын орлогод тооцоогүй, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулаагүй”, 4-т заасан “... /2-т заасан/ төмрийн хүдрийг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулаагүй”, 6-д заасан “... /2015, 2016 онд/ “Ж а” ХХК-иас Ажил гүйцэтгэх гэрээний дагуу авсан ... ажил үйлчилгээний орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй” гэх хэсгүүдийг тус тус эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар маргаж, үндэслэлээ “... Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар ... борлуулсан алт, ... уул уурхайн бүтээгдэхүүнийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхөөр заасан байхад /татвар ногдуулсан/, ... хяналт шалгалт хийхдээ ... /хуулиар тогтоосон/ журам зөрчсөн” гэж маргажээ.    

20. Анхан шатны шүүх “... тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлохыг хориглодог тул ... борлуулсан алтыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зохицуулалт нь ... тусгай зөвшөөрөлгүй “Ж...” ХХК-д хамааралгүй...,  өрийн төлбөрийг бараа шилжүүлэх замаар хаах ... /нь/ бараа борлуулсанд тооцогдох тул ... өр төлбөрт авсан төмрийн хүдрийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй нь ... /хууль зөрчсөн/” гэх дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэхдээ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 2006, 2015 оны хуулийн 13 дугаар зүйлд тус тус заасан “борлуулсан алт”, “уул уурхайн /ашигт малтмалын/ бүтээгдэхүүн”-ийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зохицуулалтыг маргааны үйл баримтуудад холбогдуулж тайлбарлан хэрэглээгүй, дүгнэлт хийгээгүй нь буруу, анхан шатны шүүхийн дүгнээгүй асуудлаар хяналтын журмаар гаргасан гомдолд хяналтын шатны шүүх дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

21. Түүнчлэн, гомдол гаргагчаас “... 2012-2013 оны нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газраас хяналт шалгалт хийсэн байхад ... дахин хяналт шалгалт хийсэн нь /хууль бус/, ... 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 21170900217 тоот томилолтын дагуу 5 жилийн хугацааг хамруулан 18 хоногийн хугацаанд шалгах томилолт олгосон байхад ... 229 хоног үргэлжлүүлэн шалгасан, ... томилолтыг хугацаанд нь сунгаагүй, ... 7 хоног хэтэрсэн” гэх зэргээр маргасан, анхан шатны шүүх маргааны эдгээр үйл баримтуудад холбогдуулж мөн хууль зүйн дүгнэлт хийгээгүй, “...хариуцагчаас ... /хууль зөрчөөгүй/ гэж тайлбарлаж байх тул гомдол гаргачийн тайлбар үндэслэлгүй” гэх агуулгатай дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэсэн нь буруу, зүй нь татварын хяналт шалгалтын үйл ажиллагаа нь хуульд нийцсэн эсэхийг холбогдох хуулийн зүйл заалтыг тайлбарлан хэрэглэх замаар дүгнэлт өгөх учиртай.

22. Мөн Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан “татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх”, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4.1.7-д заасан “хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх” гэсэн заалт, зарчмыг маргааны үйл баримтуудад холбогдуулан тайлбарлаж, дүгнэлт өгөх нь зүйтэй байна.

21. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн эдгээр алдааг засаагүй, “маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийсэн” гэх дүгнэлтээр анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, хяналтын шатны шүүхээс алдааг засаж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

23. Хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “... өршөөлд хамруулах үндэслэлгүй” гэх хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0753 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 660 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Ж...” ХХК-иас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

              ШҮҮГЧ                                                                   Д.МӨНХТУЯА