Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2018/00726

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2018/00726

 

 

С.Оюунцэцэгийн нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/00209 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: С.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ж.Отгон, Х.Энхтуяа нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт Х.Энхтуяагаас 5 000 000 төгрөг, Ж.Отгоноос 5 000 000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтунгалаг, хариуцагч Х.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Содончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч С.Оюунцэцэг, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтунгалаг нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Х.Энхтуяа, Ж.Отгон нар 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 2-3 жилийн хугацаатайгаар 10 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэйгээр зээлэхийг хүссэн тул тус тусад нь 5 000 000 төгрөг, нийт 10 000 000 төгрөгийг зээлдүүлсэн. Тэд 2015 оны 5 дугаар сарыг дуустал cap бүр зээлийнхээ хүүг төлсөн. Гэтэл 2015 оны 6 дугаар сараас эхлээд хүү төлөхөө больсон учир утсаар Ж.Отгонтой ярьж асуухад Би бусдад 40 000 000 төгрөгөө залилуулчихлаа. Энэ мөнгөө авахаараа таны мөнгийг төлж өгнө. Та түр хүлээж бай гэсэн. Х.Энхтуяатай ажил дээр нь очиж уулзахад Би 5 000 000 төгрөгийг Ж.Отгонд өгсөн, Ж.Отгон хүүгээ төлөхгүй байгаа юм уу, та Ж.Отгоноос 10 000 000 төгрөгөө аваарай гэсэн. Х.Энхтуяа, Ж.Отгон нарт 10 000 000 төгрөгийг зээлдүүлэхдээ Зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулъя, энэ мөнгө бол гадаадад ажиллаж байгаа манай бэр М.Булганцэцэгийн мөнгө байгаа юм гэж хэлэхэд тэд гэрээ, нотариат гээд яах юм бэ, гарын үсэг зураад өгье. Ж.Отгоны хашаа байшингийн гэрчилгээг барьцаанд тавъя, 2 хоногийн дараа авчраад өгье гэсэнд итгээд аман хэлцэл хийж мөнгө өгсөн баримт бичээд тэднээр гарын үсэг зуруулсан ч авчирч өгөөгүй. Иймд Х.Энхтуяагаас 5 000 000 төгрөг, Ж.Отгоноос 5 000 000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Энхтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: С.Оюунцэцэг, Ж.Отгон хоёрыг уулзуулж 10 000 000 төгрөг зээлж авахад нь цуг байлцаж байсан нь үнэн. С.Оюунцэцэг өөрөө хүүхдийнхээ мөнгийг өсгөх гээд Ж.Отгонд 10 000 000 төгрөг өгсөн. Тэгээд цаг хугацаанд нь хүүгээ төлж байсан байх. Сүүлийн үед аль алинтай нь уулзаагүй. Энэ мөнгөний асуудал надад ямар ч хамаагүй, аваагүй. Ж.Отгон 10 000 000 төгрөг гардаж авсан нь үнэн болно. Зээлийн гэрээгээ 2-3 сарын хугацаатай л байгуулсан. Мөнгийг нь удаахгүй төлөх талаар ярилцаж байсан. Харин гэрээ байгуулахад нь байлцсан гэж гарын үсэг зурсан. Надад С.Оюунцэцэгээс мөнгө зээлэх шаардлага ч байгаагүй бөгөөд мөнгө зээлэх тухай огт яриагүй. Ж.Отгон 3-4 удаа би хөдөө явж байна зээл төлөх хугацаа болчхоод байна С.Оюунцэцэгт мөнгө шилжүүлээд өг гэж хэлээд миний данс руу мөнгө шилжүүлэхээр нь би С.Оюунцэцэгийн дансанд мөнгийг нь шилжүүлж хийж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Ж.Отгон болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Содончимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Энхтуяагаар дамжуулж С.Оюунцэцэгээс 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 10 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай 6 хувийн хүүтэйгээр аман гэрээ байгуулж авсан. Энэ мөнгийг нь cap бүр 600 000 төгрөг хийх байдлаар төлж байгаад дунд нь 1 420 000 төгрөг бөөн өгөөд 2015 оны 5 дугаар cap хүртэл бага багаар өгөөд нийт 14 470 000 төгрөгийг төлөөд байна. Цаашид төлөх ямар ч боломжгүй болсон тул өгч чадахгүй гэдгээ хэлсэн. Энэ мөнгө Х.Энхтуяад ямар ч хамааралгүй. С.Оюунцэцэг нь мөнгө өгсөн авснаа баталгаажуулна гэж хэлээд баримтад гарын үсэг зуруулсан ба түүн дээрээ 3 сарын хугацаатай сарын 6 хувийн хүүтэй гэж бичээгүй. Гарын үсэг зурахын өмнө хэрэв бичгийн баримт үйлдэх гэж байгаа бол анх тохиролцсон хугацаагаа бичихгүй яасан бэ гэхэд чи бид 2 ойлголцоод явбал болно биздээ. Өгсөн, авсан гарын үсэг байхад л болох байлгүй дээ гэж хэлсэн. Сар бүр 600 000 төгрөг авч байсан ба 2-3 жилийн хугацаатай мөнгө зээлж авъя гэж огт хэлээгүй. С.Оюунцэцэг нь 3 сарын хугацаатай гэж мөнгө зээлүүлчхээд дараа нь хуурч cap бүр 600 000 төгрөг хийх болно гэж өөрөө бичиж гарын үсэг зуруулсан байна. Үүнийг нь 3 сарын хугацаа гэж ойлгосон болохоос энэ хүнийг ийм өндөр хүүгээр тооцно гэж бодсонгүй. Наймаа эрхэлж, байнга эргэлтийн мөнгө байдаг тул түүнд 2-3 жил cap бүр 600 000 төгрөг төлөхийн оронд зээлээ төлөөд аль хэдийн дуусгах ба эхний 3 сарын хүү төлчхөөд дараа нь цувуулж төлсөөр нийт 14 700 000 төгрөг төлсөн байгаа. Гэтэл төлсөн 14 700 000 төгрөгийг зөвхөн хүүнд төлсөн гэж үзэж 10 000 000 төгрөгөөс нэг ч төгрөг хасалгүй нэхэмжилж байгаад гомдолтой байна. Гэрээнд тодорхой хугацаа заагаагүй байна гэж үзэх юм бол С.Оюунцэцэг нь мөнгө төл гэдгийг 2013 оны 12 дугаар сараас эхэлж шаардсан. Үүнээс хойш бага багаар өгсөөр байгаад 2014 оны 09 дүгээр сард 1 420 000 төгрөг 1 удаа бөөн төлсөн. Дараа нь боломжоороо ахин цувуулж мөнгө төлсөн. Гэтэл 2015 оны 06 дугаар cap хүртэл гэж хүү тооцож авна гэж байгаа нь үндэслэлгүй. 1 420 000 төгрөгийг бөөнд нь төлсөөр байхад үндсэн зээлээс хасаж тооцоогүй байна. Х.Оюунцэцэгт 3 сарын хүү, нийт 11 800 000 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд дахин мөнгө шаардаад байсан тул түүнд 14 700 000 төгрөг төлж илүү төлөлт хийсэн гэж үзэж байна. Х.Энхтуяагаар дамжуулан С.Оюунцэцэгт мөнгө өгч байсан. Х.Энхтуяа С.Оюунцэцэгээс мөнгө зээлээгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Отгоноос 3 085 000 төгрөгийг гаргуулж С.Оюунцэцэгт олгож, С.Оюунцэцэгийн Ж.Отгонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс 1 915 000 төгрөгийг нэхэмжлэлийг болон Х.Энхтуяад холбогдуулан 5 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Оюунцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Отгоноос 64 310 төгрөгийг гаргуулж С.Оюунцэцэгт олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтунгалаг давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхэд нэхэмжлэгч С.Оюунцэцэг нь нэхэмжлэл гаргахдаа Ж.Отгон, Х.Энхтуяа нараас тус бүрээс нь 5000 000 төгрөг, нийт 10 000 000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүх нь нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж буюу хариуцагч Ж.Отгоноос 3 085 000 төгрөгийг гаргуулж, С.Оюунцэцэгийн Ж.Отгонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс 1 915 000 төгрөгийг болон Х.Энхтуяад холбогдуулан 5000 000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хэт хөндсөн шийдвэр болсон гэж үзэж байна. 2013 оны 5 сарын 24 ны өдөр Ж.Отгон.Х.Энхтуяа нарт 10 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэйгээр 2,3 жилийн хугацаатай зээлдүүлсэн бөгөөд хариуцагч нар нь 2 жилийн хугацаанд хүүгээ төлөөд явж байсан ба энэ тал дээр талууд маргаагүй болно.

Нэхэмжлэгч С.Оюунцэцэг нь өөрийн мөнгийг 2 хүнд яг адилхан хуваагаад өгсөн хэмээн шүүхэд тайлбараа өгсөөр байхад Х.Энхтуяаг С.Оюунцэцэгээс 5000 000 төгрөгийг зээлээгүй хэмээн үзсэн нь үндэслэлгүй байна. Харин хариуцагч талын тайлбараар уг зээлийг Ж.Отгон авсан гэдэг нотлогдож байна гэж үзсэн нь хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Х.Энхтуяа нь эрх зүйн бүрэн чадамжтай этгээд бөгөөд хэрэгт авагдсан 2013 оны 5 сарын 24 ны өдрийн зээлийн гэрээнд бичигдсэнээр уг зээлийг хамтран авсан Х.Энхтуяа гэж бичигдсэн байдаг. Энэ гарын үсгийг, хариуцагч Х.Энхтуяа өөрийн гараар бичсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг болно. Хариуцагч Х.Энхтуяа нь зээлийн гэрээнд гарын үсэг зурахдаа зээл авч байна гэдгээ бүрэн ухамсарласан байдаг бөгөөд энэ зээлээ төлөөд явж байсан гэдэг нь Хаан банкны хуулбараар бүрэн нотлогддог, Мөн хэрэгт авагдсан нотлох баримтаар зээлийн гэрээний үүргээ Х.Энхтуяа нь зээлийн хүүгээ төлж байсан баримт байсаар байхад анхан шатны шүүх нь Х.Энхтуяагийн зээл төлж байсныг Ж.Отгоны үүргийг гүйцэтгэсэн гэж үзсэн нь үндэслэлгүй хэмээн нэхэмжлэгч талаас үзэж байна,

Шүүх нь хэт нэг талыг барьсан. Хариуцагч Ж.Отгоноос 3 085 000 төгрөг гаргуулсныг нэхэмжлэгч С.Оюунцэцэг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Зээлийн гэрээнд тусгаснаар уг зээлэнд хугацаа тогтоогоогүй байсан. бөгөөд хариуцагч нар нь уг зээлийг төлөх хүртлээ зээлийн хүүг төлөх үүрэгтэй бөгөөд үндсэн зээл төлөгдөөгүй хүү төлж байх үеийн мөнгийг үндсэн зээлээс төлсөн мэт шийдвэр гарсныг үндэслэлгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхээс хүсэхэд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

Нэхэмжлэгч С.Оюунцэцэг нь хариуцагч Ж.Отгон, Х.Энхтуяа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт Х.Энхтуяагаас 5 000 000 төгрөг, Ж.Отгоноос 5 000 000 төгрөг тус тус гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

С.Оюунцэцэг, Х.Энхтуяа, Ж.Отгон нар 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хугацаа тогтоохгүйгээр, 10 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэйгээр зээлэх талаар тохиролцсон, нэхэмжлэгч 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн, зээлийн мөнгөн хөрөнгийг Ж.Отгон хэрэглэсэн үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зохигчдын тайлбар зэрэг баримтуудад үндэслэн зөв тогтоосон байна. /хх- 5,11,14,51/

Хэргийн 54-70, 78-79, 94-100 дугаар талд авагдсан Ж.Отгон, С.Оюунцэцэг нарын 5011008070, 5063090983 дугаар Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчдын тайлбараас үзвэл зээлийн төлбөрийг зээлдэгч Ж.Отгон төлж байсан, Д. Энхтуяагийн төлсөн гэх мөнгийг Ж.Отгон түүний дансанд шилжүүлж, тэрээр нэхэмжлэгчийн дээрх данс руу шилжүүлэн төлж байсан болох нь баримтаар нотлогдсон. Зээлийн 10 000 000 төгрөгийг хариуцагч нарт 5 000 000 төгрөг тус бүрээр хуваан өгсөн, хүүгийн төлбөрийг тэд хоёулаа хамтран төлж байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар, гомдлыг нотлох баримт хэрэгт байхгүй байна.

Иймд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ байгуулсан талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасантай нийцсэн ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй болно.

Зээлийн гэрээнд талууд үүрэг гүйцэтгэх хугацааг тохиролцоогүй тул 2014 оны 03 дугаар сард зээлийн хүүгийн төлбөрөөс гадна зээлийн үндсэн төлбөрөөс тодорхой хэмжээний мөнгийг төлсөн нөхцөл байдлыг зээлдүүлэгч зээлийн төлбөрийг буцаан шаардсанаар зээлдэгч Ж.Отгонд зээлийн мөнгөн хөрөнгийг буцааж төлөх үүрэг үүссэн гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Хариуцагч 2013 оны 12 дугаар сард зээлийг буцаан төлөхийг шаардсан гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул үндэслэлгүй, 2014 оны 03 дугаар сард 950 000 /500 000+450 000/ төгрөг төлсөн гэх тайлбар, тооцоог нэхэмжлэгч үгүйсгээгүй болно. /х.х-ийн 53,78 дугаар тал/

Мөн дээрх хугацаагаар зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгож, хэрэгт авагдсан баримтад үндэслэн буцаан төлсөн 12 915 000 төгрөгийг зээлийн төлбөрт төлөх хариуцагчийн үүрэг болох 16 000 000 /600 000*10/ төгрөгөөс хасаж тооцон, төлөгдөөгүй 3 850 000 төгрөгийг Ж.Отгоноос гаргуулсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн Жамсран овогтой Отгон 10 000 000 төгрөгийг сарын 600 000 төгрөг 6% хүүтэй зээлэхээр тохиролцов... гэх бичгийн баримтад /хх-5,51/ Д.Энхтуяа гарын үсэг зурсан ч нэхэмжлэгч 5 000 000 төгрөгийг түүнд тухайлан хүлээлгэн өгсөн болохоо баримтаар нотлоогүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг хариуцагч Д.Энхтуяатай байгуулсанд тооцох үндэслэлгүй бөгөөд зээлийн гэрээний үүрэг үүсэхгүй. Хариуцагч Д.Энхтуяад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болсон ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/00209 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Б.НАРМАНДАХ