Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2019/00100

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2019/00100

 

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2018/03420 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч З ХХК-д холбогдох

 

-               Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 18 403 919 төгрөг гаргуулах тухай үндсэн,

-               111 009 796 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичүүлэх, доголдлыг гуравдагч этгээдээр засуулсны төлбөрт 1 138 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: К.Отгонцэцэг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Халиунаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Отгонцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай Toп цонх шил ХХК нь 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр З ХХК-тай бэлтгэн нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу Зүүн хүрээ хотхоны С блокийн барилгад цонхны ажил хийж гүйцэтгэх болж гэрээт ажлын хөлсөнд 222 019 592 төгрөг авахаар тохиролцсон. З ХХК-ийн зүгээс 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр компанийн дансаар 66 605 877 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын З0-ны өдөр 111 009 796 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 5 000 000төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 5 000 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 19-ны өдөр 10 000 000 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр 3 000 000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 3 000 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 7-нд 2 000 000, нийт 205 615 673 төгрөгийг өгсөн. Гэрээт ажлыг 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хийж гүйцэтгэн З ХХК-д хүлээлгэн өгсөн. Гэрээгээр тохиролцсоны дагуу баталгаат хугацаанд З ХХК-ийн зүгээс гаргасан хүсэлтийн дагуу айлуудын цонхонд засвар үйлчилгээ хийж, тухай бүрд нь оршин суугчдаар гарын үсэг зуруулан тус компанийн инженерүүдэд танилцуулж баталгаажуулж ирсэн. Гэрээгээр хүлээсэн баталгаат хугацаа дуусаж гэрээний үлдэгдэл болох 16 403 919 төгрөг төлөхийг хүссэн боловч З ХХК-нийн зүгээс гэрээний зүйл заалтыг буруугаар тайлбарлаж, төлбөр төлөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан. Иймд гэрээт ажлын үлдэгдэл төлбөр 16 403 919 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Халиунаа шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа:

Toп цонх шил ХХК нь 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр З ХХК-тай бэлтгэн нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу Зүүн хүрээ хотхоны С блокийн барилгад цонхны ажил хийж гүйцэтгэхээр болж гэрээт ажлын хөлсийг 222 019 592 төгрөгөөр тохиролцсон. З ХХК нь нийт 205 615 673 төгрөгийг төлсөн.  Дээрх тооцооноос Т ХХК-д барьцаа төлбөрийн үлдэгдлийн нийлбэр гэж 16 406 919 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй байх боловч Toп цонх шил ХХК нь гэрээнд заасан дараах үүрээ биелүүлээгүй, чанар муу материал ашигласнаас доголдол үүсч оршин суугчдаас байнга гомдол ирдэг байсан. Бид цонхны доголдлын талаар удаа дараа оршин суугчдын гомдлын дагуу Toп цонх шил ХХК-д хэлж, доголдлыг зассан гэх боловч оршин суугчдаас ирэх гомдол тасрахгүй ирсэн. Toп цонх шил ХХК-д удаа дараа мэдэгдсэн боловч сүүлдээ бүр ирэхээ больсон. Барьцаа төлбөрийг гуравдагч этгээдээр янзлуулсан төлбөрт төлөх болохыг 2017 оны 9 дугаар сарын 26-ны өдрийн 17/107 дугаартай мэдэгдэл бүхий албан бичгээр мэдэгдсэн гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Халиунаа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Манай компани нь Toп цонх шил ХХК-тай гэрээ байгуулан С1 блокод барилгын цонх нийлүүлж, угсарч суурилуулах ажлыг хийж гүйцэтгүүлэн хамтран ажилласан. Гэрээт ажлын нийт төлбөр 222 019 592 төгрөгөөс 205 615 673 төгрөгийн санхүүжилт хийгдсэн. Гэрээний дүнд нэмэгдсэн өртгийн албан татвар багтсан бөгөөд өнөөдрийн байдлаар 205 615 673 төгрөг төлснөөс нийт 94 605 877 төгрөгт НӨАТ-ийн падаан бичигдсэн байна, үлдэх 111 009 796 төгрөгт НӨАТ-ийн падаан бичигдээгүй болох нь татварын мэдээллийн санг шалгахад тодорхой болсон юм. Toп цонх шил ХХК нь Зүүн хүрээ хотхоны С1 блок буюу 204 дүгээр байрны цонх нийлүүлж угсарч, суурилуулах ажлыг хийж гүйцэтгэсэн боловч Зүүн хүрээ хотхоны ашиглалт, үйлчилгээ хариуцаж байсан Таван өндөр ХХК-д цонхны доголдлын талаар удаа дараа оршин суугчдаас гомдол ирсний дагуу Toп цонх шил ХХК нь доголдлыг ирж зассан боловч гомдол тасрахгүй байсан ба гүйцэтгэсэн нийт ажлыг нь дүгнэж үзэхэд 108 айлын цонхны ажил гүйцэтгэснээс 33 айл нь гомдол гаргасан байна. Энэ чанаргүй гүйцэтгэл нь орон сууцны борлуулалтад сөргөөр нөлөөлж, оршин суугчдын тав тухтай байдалд нийцээгүй, чанарын шаардлага хангаагүй гэж үзэж арга буюу гуравдагч этгээдээр 1 138 500 төгрөгөөр засвар үйлчилгээг хийлгүүлсэн байна. 1 138 500 төгрөгийн шаардлагын хувьд бид тухайн үед ийм ийм юмнуудыг засах хэрэгтэй байна гэж мэдэгдсэн боловч засаагүй, баталгаат хугацаа дууссан шалтгаанаар засварлаагүй тул бид гуравдагч компаниар 204 байрны 68, 38, 84, 83 гэсэн 4 айлын цонхыг засуулсан. Тухайн компанийн дансанд 1 138 500 төгрөгийг ажил гүйцэтгэсэн хөлсөнд тухайн шилжүүлсэн. Иймд гэрээт ажлын доголдлын улмаас бусдаар доголдлыг арилгуулсан зардал болох 1 138 500 төгрөгийг гаргуулж, 111 009 796 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг бичүүлэхийг Т ХХК-д даалгаж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлд 205 615 673 төгрөгөөс 94 605 877 төгрөгийн баримт бичсэнийг хасаад 111 009 796 төгрөгийг 111 006 796 төгрөг гэж 3 000 төгрөгөөр дутуу бичсэн бичвэрийн алдаа байна. Нэхэмжлэгч тал уг асуудлаар маргахгүй байгааг анхаарч үзнэ үү гэжээ

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Отгонцэцэг сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч нь 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татварыг тайлагнасан. Уг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд хариуцагч компанийн гаргаад байгаа тайланг тусгаж тайлагнасан тул дахин нэмэгдсэн өртгийн албан татварыг бичилт хийх боломжгүй. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд хүчинтэй байхаар гарсан. Хэрэгт авагдсан материалаас харахад тухайн гуравдагч компанид үнийн санал явуулсан харин тухайн мөнгийг шилжүүлсэн ямар нэгэн баримт байдаггүй. Баталгаат хугацаа дууссанаас хойш 8 сарын дараа үнийн саналаа явуулж засварын ажлыг хийлгэсэн гэж байгаа боловч энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй. Тухайн мөнгийг дансаар шилжүүлсэн гэх боловч баримт байхгүй байна гэж үзэж байна. Хариуцагч байгууллага нь Т ХХК нэмэгдсэн өртгийн албан татварын бичилт хийгээгүйгээс болоод татварын өртэй болсон гэдэг. Гэтэл тухайн нэмэгдсэн өртгийн албан татварын өр нь З ХХК дээр яригдахгүй. Т ХХК дээр яригдана. Цонх, хаалгыг 2014 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хүлээлгэн өгснөөс хойш гэрээнд заасан 3 жилийн хугацаа дууссан, доголдлыг тухай бүр зассан тул бусдаар засуулсан гэх 1 138 500 төгрөгийг хариуцах үндэслэлгүй гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З ХХК-иас 16 403 919 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож, Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2.1, 7 дугаар зүйлийн 7.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З ХХК-д 111 009 796 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичиж өгөхийг нэхэмжлэгч Т ХХК-д даалгаж, сөрөг нэхэмжлэлээс Т ХХК-иас 1 138 500 төгрөгийг гаргуулах гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 250 000 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 194 790 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 239 969 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д, Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 176 419 төгрөгийг гаргуулж З ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч З ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Шинэбаяр давж заалдах гомдолдоо:

... Гэрээний 5.7-д заасны дагуу "Т" ХХК нь засварын ажлыг баталгаат хугацаанд гарсан доголдлыг засварлах ажлыг хангалттай хийж гүйцэтгээгүйгээс гомдол өнөөдрийг хүргэлх хугацаанд тасрахгүй байна. Энэ нь "Таван өндөр"ХХК-аас ирүүлсэн албан тоот, "З" ХХК-аас "Т" ХХК-д өгсөн мэдэгдэл зэргээс харагддаг. Хэдий "Т" ХХК нь доголдолуудыг засварласан гэх боловч 204 дүгээр байрны 96, 66, 67, 75, 102, 60, 42, 68, 18 тоотын айлуудыг засварлаагүй болох нь ашиглалт үйлчилгээг хариуцаж байсан "Таван өндөр" ХХК-аас "З" ХХКирүүлсэн оршин суугчдын гомдлын жагсаалтаас тодорхой харагддаг. Мөн шүүх хариуцагч тал дурдаж буй ... 204 дүгээр байрны 96,66,67,75,102,60,42,68,18 гэсэн 9 айлын цонхны доголдлыг арилгуулахаар гэрээний нөгөө тал болох "Т" ХХК-нд холбогдуулан шаардлага гаргах эрх нь нээлттэй байхад ажлыг хүлээлгэн өгсөн 2014 оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөс хойш одоог хүртэл гомдлын шаардлага гаргаагүй байна гэж үзсэн нь учир дутагдалтай. Анхан шатны шүүхэд хариуцагч тал дээрх эрхээ эдлэхийн тулд нэхэмжлэгч талын хийсэн ажил нь доголдолтой болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч шүүх үндэслэлгүйгээр хүлээн аваагүй байдаг. Дээрх нотлох баримтуудад "Т" ХХК-ийн гүйцэтгэсэн ажил нь доголдолтой байгаа тухай засварлаж янзлуулах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн байдаг. Анхан шатны шүүх "Т" ХХК-аас гэрээний дагуу ажлыг "З" ХХК-нд 2014 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хүлээлгэн өгснөөс хойш 38, 62, 83, 84 тоот орон сууцны цонхны доголдлыг хэзээ илрүүлсэн, уг доголдлыг арилгуулахаар "Т" ХХК-д мэдэгдсээр байтал ямар нэгэн арга хэмжээ аваагүй нь тогтоогдоогүй гэж 1 138 500 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй гэж үзсэн. З ХХК-ийн 2016 оны мэдэгдлийн дагуу "Т" ХХК нь 2016 онд доголдлыг засварласан гэх боловч ашиглалт үйлчилгээг хариуцаж байсан "Таван өндөр" ХХК-аас "З" ХХК-д 2017 онд ирүүлсэн 204 дүгээр байрны цонх хаалгыг засварлах тухай албан тоотын жагсаалтын хамт засварласан байдаг. Тус жагсаалтанд дээрх айлууд байсан бөгөөд тус жагсаалтанд оршин суугчид хэзээ гомдол гаргасан, юу эвдэрсэн тухай тодорхой бичсэн байдаг. Ингээд "З" ХХК нь 2017 онд "Т" ХХК-д албан тоот явуулсан бөгөөд гэрээний дагуу хийсэн ажил иь доголдолтой талаар гомдол тасраагүй. Гэтэл "Т" ХХК-аас дахиж ирээгүй, албан тоотын хариуг өгөөгүй байдаг. Дээрх албан тоотоор З ХХК нь доголдлыг гуравдагч этгээдээр янзлуулах болсноо мэдэгдсэн байдаг. Гэтэл шүүх энэ тухай мэдэгдсэн нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. "Т" ХХК-аас ямар нэгэн хариу ирэхгүй байсан тул нэн яаралтай засварлах шаардлагатай 38, 62, 83, 84 тоот айлуудын доголдолыг 1 138 500 төгрөгөөр засварласан. Иймд гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч З ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 18 403 919 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч байгууллага эс зөвшөөрч 111 009 796 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичүүлэх, доголдлыг гуравдагч эдгээдээр засуулсны төлбөрт 1 138 500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч З ХХК нь нэхэмжлэгч Т ХХК-тай 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулан уг гэрээгээр ажил гүйцэтгэгч буюу Тод цон шил ХХК Зүүн хүрээ хотхоны С1 блокийн барилгын хуванцар цонх, тагтны хаалга бүхий цонхыг норм, стандартын дагуу барилгад суурилуулан 45 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх, захиалагч буюу З ХХК нь ажлын хөлсөнд 222 019 592 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 9-11 тал/

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байх бөгөөд ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Ажил гүйцэтгэх гэрээний хугацааг 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 2013 оны 6 дугаар сарын 15-ны өдөр дуусахаар тохиролцсон байгаа боловч гэрээний 1.5-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний хугацаа сунгагдсан байна. Дээрх гэрээний дагуу Т ХХК нь 2014 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Зүүн хүрээ хотхоны С1 блокийн барилгад 478 ширхэг хуванцар цонх, 168 ширхэг хуванцар цонхны хаалгыг хийж гүйцэтгэн хүлээлгэж өгсөн болох нь хэргийн 13 дугаар талд авагдсан 2014 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр үйлдсэн Цонхны ажил хүлээлцсэн акт-аар тогтоогджээ.

 

Хариуцагч буюу захиалагч З ХХК нь уг ажлын үр дүнг хүлээн авсан атлаа хэлэлцэн тохирсон хөлсийг нэхэмжлэгч буюу ажил гүйцэтгэгч Т ХХК төлөөгүй байх тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй. Харин зохигчид ажил гүйцэтгэх гэрээний дагуу З ХХК-иас 205 615 673 төгрөгийг авсан асуудлаар маргаангүй болно.

Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ ... хуванцар цонх, хуванцар цонхны хаалга дулаан алддаг, сийгдэг доголдолтой байсан, ажлаа чанаргүй хийсэн гэж тайлбарлажээ.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж, 251.2 дахь хэсэгт Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж тус тус зааснаас үзвэл эд хөрөнгийн биет байдлын доголдол нь тоо, хэмжээ, чанараар ялгагдахаар байна.

Түүнчлэн, талууд гэрээндээ чанарын талаар тодорхой тохиролцоогүй тохиолдолд Иргэний хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийн чанарын талаар гэрээнд тодорхой заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч нь ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй байдаг тул нэхэмжлэгч байгууллагын нийлүүлсэн цонхыг чанарын доголдолтой гэж үзэхгүй юм. Талууд гэрээний 3.1-д ашиглалтын баталгаат хугацаа бүтээгдэхүүнийг суурилуулан өгснөөс хойш 36 сар байхаар тохиролцсон байх бөгөөд хариуцагч байгууллага дээрх хугацааны дотор нэхэмжлэгчид хандан гомдлын шаардлага гаргасан гэх байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ, ажлын үр дүн, гэрээний үүргийн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагч байгууллагаас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 16 403 919 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна.

Хариуцагч давж заалдах гомдолдоо ... гуравдагч этгээдээр засвар хийлгэсний хохирлыг хэрэгсэхгүй болгосон буруу шийдвэр гаргасан гэж заажээ.

Хариуцагч байгууллага нэхэмжлэгч байгууллагын ажлын чанарын шаардлага хангаагүйгээс цонхны цаныг арилгуулах ажлыг 2017 онд гуравдагч этгээдээр хийлгэсэн гэж тайлбарлаж, сөрөг нэхэмжлэлээр 1 138 500 төгрөг гаргуулахаар шаардсан байгаа боловч тухайн ажлыг хийж гүйцэтгүүлсэн талаарх баримтыг бусад нотлох баримттай харьцуулан үзэхэд цаг хугацааны хувьд баталгаат хугацаа өнгөрсөн байгаа зэрэг нь хариуцагч доголдлыг арилгах үүргээ биелүүлээгүйгээс өөр байгууллагаар тухайн ажлыг хийлгэсэн гэж эргэлзээгүйгээр дүгнэх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй байх тул давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч аж ахуй нэгж байгууллага нь Нэмэлдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар олсон орлогоо татварын тайландаа тусгаж тайлагнах, уг тайлангийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчид  падааныг бичиж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч З ХХК-д борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээний орлого 111 009 796 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг бичиж өгсөн болохоо нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэг хүлээдэг.

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг нөхөн бичүүлэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, энэ шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу биш байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангалгүй орхих нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2018/03420 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 139 736 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР