Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00677

 

“Т... шил” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

     Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн       

          2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2018/03420 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 100 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: “Т... шил” ХХК

          Хариуцагч: “З... шилтгээн” ХХК-д холбогдох

          Үндсэн нэхэмжлэл: 16,403,919 төгрөг гаргуулах тухай,

          Сөрөг нэхэмжлэл: Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичүүлэх, доголдлыг гуравдагч этгээдээр засуулсны төлбөрт 1,138,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

      Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: 2013-4-15-нд “З... шилтгээн” ХХК-тай бэлтгэн нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу З... хотхоны С блокийн барилгад цонхны ажил хийх болж гэрээт ажлын хөлсөнд 222,019,592 төгрөг авахаар тохиролцсон. “З... шилтгээн” ХХК нийт 205,615,673 төгрөг төлсөн. Гэрээт ажлыг 2014-01-27-нд “З... шилтгээн” ХХК-д хүлээлгэн өгсөн. Гэрээгээр тохиролцсоны дагуу баталгаат хугацаанд “З... шилтгээн” ХХК-н зүгээс гаргасан хүсэлтийн дагуу айлуудын цонхонд засвар үйлчилгээ хийж, тухай бүрд нь оршин суугчдаар гарын үсэг зуруулан компанийн инженерүүдэд танилцуулж баталгаажуулж ирсэн. Гэрээгээр хүлээсэн баталгаат хугацаа дуусаж гэрээний үлдэгдэл болох 16,403,919 төгрөг төлөхийг хүссэн боловч төлбөр төлөхөөс татгалзсан. Иймд гэрээт ажлын үлдэгдэл төлбөр 16,403,919 төгрөгийг гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. “Т... шил” ХХК нь 2015-08-07-ны өдрийн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу НӨАТ тайлагнасан. Уг тайланд хариуцагчийн дурдсан НӨАТ-н тайланг дурдсан тул НӨАТ-н бичилт хийх боломжгүй гэжээ.

       Хариуцагч тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Зүүн хүрээ хотхоны С блокийн барилгад цонхны ажил хийж гүйцэтгэхээр болж гэрээт ажлын хөлсийг 222,019,592 төгрөгөөр тохиролцсон. “З... шилтгээн” ХХК нь нийт 205,615,673 төгрөгийг төлсөн. Дээрх тооцооноос “Т... шил” ХХК-д барьцаа төлбөрийн үлдэгдлийн нийлбэр гэж 16,406,919 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй ч “Toпцонх шил” ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Үүнд:чанар муу материал ашигласнаас доголдол үүсч оршин суугчдаас байнга гомдол ирдэг байсан. Бид цонхны доголдлын талаар удаа дараа оршин суугчдын гомдлын дагуу “Toпцонх шил” ХХК-д хэлж, доголдлыг зассан гэх боловч оршин суугчдаас ирэх гомдол тасрахгүй ирсэн. “Toпцонх шил” ХХК-д удаа дараа мэдэгдсэн боловч сүүлдээ бүр ирэхээ больсон. Барьцаа төлбөрийг гуравдагч этгээдээр янзлуулсан төлбөрт төлөх болохыг 2017-9-26-нд 17/107 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.Харин сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэгчээс 111,006,796 төгрөгийн НӨАТ-ын тооцоо буюу 10,091,526 төгрөгийн НӨАТ-ын падаан бичүүлнэ. Түүнчлэн,доголдлыг гуравдагч этгээдээр засуулсан тул 1,138,500 төгрөгийг нэхэмжилж байна. БНГ-01 тоот гэрээний 7.1-р доголдлыг залруулахыг шаардаж байна гэжээ.

      Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 101/ШШ2018/03420 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан “З... шилтгээн” ХХК-иас 16,403,919 төгрөг гаргуулж “Т... шил” ХХК-д олгож, Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2.1, 7 дугаар зүйлийн 7.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан “З... шилтгээн” ХХК-д 111,009,796 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичиж өгөхийг Топ цонх шил ХХК-д даалгаж, сөрөг нэхэмжлэлээс 1,138,500 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

      Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 100 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 101/ШШ2018/03420 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхижээ.

     Хариуцагчийн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Барьцаа 6,660,588 төгрөгийг “Т... шил” ХХК-д олгох, 1,138,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгох шийдвэрийг эс зөвшөөрч байна. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн хянавал хэсэгт: “Түүнчлэн, талууд гэрээндээ чанарын талаар тодорхой тохиролцоогүй тохиолдолд ИХ-ийн 214.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийн чанарын талаар гэрээнд тодорхой заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч нь ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй байдаг тул нэхэмжлэгч байгууллагын нийлүүлсэн цонхыг чанарын доголдолтой гэж үзэхгүй юм. Талууд гэрээний 3.1-д ашиглалтын баталгаат хугацаа бүтээгдэхүүнийг суурилуулан өгснөөс хойш 36 сар байхаар тохиролцсон байх бөгөөд хариуцагч байгууллага дээрх хугацааны дотор нэхэмжлэгчид хандан гомдлын шаардлага гаргасан гэх байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй болно” гэжээ. Гэтэл гэрээний 6.1.4-д Хавсралт зурагт заасан цонхны хэлбэр, хэмжээсүүдийн дагуу 55 830:2007 стандартад заасан барилгын хуванцар цонхонд тавигдах шаардлагуудыг хангасан 540 ширхэг буюу 1117м2 цонх үйлдвэрлэх үүргийг гэрээгээр хүлээлгэсэн бөгөөд гэрээний 2.2, 2.3, 2.4-д заасан чанарын шаардлагыг хангаж байгаа эсэх тухай шинжээч томилуулах хүсэлтийг шүүх хүлээж авалгүй гомдол гаргах эрхгүй захирамж гарган хариуцагчийн гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон байдаг. ИХ-ийн 353.3-д “Хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ” гэж зааснаас үзэхэд хэрэв “Т... шил” ХХК нь гэрээнд заасан стандартын дагуу ажлын гүйцэтгэлийг хийсэн бол 2-3 жилийн хугацаанд нэг айлын цонхыг 2-3 удаа засахгүй байх байсан юм. Учир нь хийсэн ажил нь чанаргүй доголдолтой байсан учраас маш их засвар орж, хийсэн засварууд нь хэдэн сарыг аргацаах хэмжээний байсан байна. Энэ нь нэхэмжлэгч талын гаргасан засвар хийсэн хуудаснаас харагддаг.  Магадлалын хянавал хэсэгт: “Хариуцагч байгууллага нэхэмжлэгч байгууллагын ажлын чанарын шаардлага хангаагүйгээс цонхны цапыг арилгуулах ажлыг 2017 онд гуравдагч этгээдээр хийлгэсэн гэж тайлбарлаж, сөрөг нэхэмжлэлээр 1,138,500 төгрөг гаргуулахаар шаардсан байгаа боловч тухайн ажлыг хийж гүйцэтгүүлсэн талаарх баримтыг бусад нотлох баримттай харьцуулан үзэхэд цаг хугацааны хувьд баталгаат хугацаа өнгөрсөн байгаа зэрэг нь хариуцагч доголдлыг арилгах үүргээ биелүүлээгүйгээс өөр байгууллагаар тухайн ажлыг хийлгэсэн гэж эргэлзээгүйгээр дүгнэх боломжгүй байна.” гэжээ. “Т... шил” ХХК нь 2016 онд “З... шилтгээн” ХХК-н 2016-11-10-нд гаргасан оршин суугчдийн гомдлыг жагсаасан жагсаалтын дагуу засварын ажлыг хийсэн байдаг. Тус жагсаалтанд ..............тоотын айлууд байсан бөгөөд тус айлуудыг зассан гэж тайлагнасан боловч бодит байдал дээр ямар нэгэн засвар хийгээгүй эсвэл хийсэн засвар нь чанаргүй байснаас болж “З... шилтгээн” ХХК нь гуравдагч этгээдээр хийлгэн төлөх төлбөрөөс хасаж тооцох тухай албан тоотуудыг 2016, 2017 оны албан тоотуудаас явуулж байсан. ИХ-ийн 349.2-д “Хууль буюу гэрээнд баталгаат хугацаа заасан бөгөөд уг хугацааны дотор ажлын дутагдлыг илрүүлсэн бол гомдлын шаардлага гаргах хугацааг дутагдал илрүүлсэн өдрөөс эхлэн тоолно.” гэж заасны дагуу гуравдагч этгээдээр засуулсан айлуудын доголдлыг 2016 онд нэхэмжлэгч тал мэдэж байсан бөгөөд чанаргүй, бүрэн бус хийснээс болж гуравдагч этгээдээр янзлуулсан болно. Иймд энэхүү гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        “Т... шил” ХХК 2018-06-08-ны өдөр “З... шилтгээн” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, гэрээт ажлын үлдэгдэл хөлс 16,403,919 төгрөг шаардсан байна. /хх1/

       Хариуцагч тайлбартаа “...222,019,592 төгрөгөөр гэрээ байгуулсан...205,615,673 төгрөг шилжүүлсэн...үлдэгдэл нь 16,403,919 төгрөг байсан ч ажлаа доголдолтой гүйцэтгэсэн... доголдлыг хангалттай сайн засварлаагүйгээс оршин суугчдаас гомдол ирж байсан... энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдээд өөр байгууллагаар засвар хийлгэсэн...” гэж мэтгэлцсэн бөгөөд сөрөг нэхэмжлэл гаргаж “...татварын тооцооны 10,091,526 төгрөгийн падаан бичиж өгөхийг даалгах...бусад этгээдээр гүйцэтгүүлсэн ажлын зардал 1,138,500 төгрөг гаргуулах...”-г шаарджээ. /хх 39,44,95/

      Анхан шатны шүүх хариуцагчаас 16,403,919 төгрөг гаргуулж “Т... шил” ХХК-д олгож, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичиж өгөхийг нэхэмжлэгчид даалгаж сөрөг нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

     2013-04-15-ны өдрийн БНГ-01 дугаартай “Бэлтгэн нийлүүлэх гэрээ”-р /хх 9-11/  нэхэмжлэгч нь Зүүн хүрээ хотхоны С1 блокийн барилгын хуванцар цонх, тагтны хаалгыг норм, стандартын дагуу барилгад суурилуулан 45 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх, хариуцагч үнийг төлөхөөр тохирсон байна

       Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ. 

       Иймд хоёр шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд нийцжээ. 

       Гэрээ хүчин төгөлдөр байх тул талуудын хэн аль нь гэрээнд заасан үүргээ биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.

      “Т... шил” ХХК нь 2014-01-07-ны өдөр “З... шилтгээн” ХХК-тай тохиролцсоны дагуу З... хотхоны С1 блокийн барилгад 478 ширхэг хуванцар цонх, 168 ширхэг хуванцар цонхны хаалгыг хийж гүйцэтгэн хүлээлгэж өгсөн,захиалагч ажлыг хүлээн авсан нь зохигчийн тайлбар, хэрэгт буй баримтаар тогтоогджээ.

      Захиалагч 222,019,592 төгрөгөөс 205,615,673 төгрөг төлж үлдэх мөнгийг төлөөгүй байх тул шүүх хариуцагчаас 16,403,919 төгрөг гаргуулсан нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байна. 

      “Т... шил” ХХК-с гэрээний дагуу ажлыг “З... шилтгээн” ХХК-д 2014-01-07-ны өдөр хүлээлгэн өгснөөс хойш ..8, ...2, ...3, ...4 тоот орон сууцны цонхны доголдлыг хэзээ илрүүлсэн, уг доголдлыг арилгуулахаар ажил гүйцэтгэгчид мэдэгдсэн нь тогтоогдохгүй байна. 

    Гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаар гуравдагч этгээд захиалагчид ямар нэгэн шаардлага гаргах эрхгүй бол уг ажлын үр дүнг эрхийн доголдолгүй гэнэ. Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ. Хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ. Иймд шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 349, 353 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

      “...шинжээч томилуулах хүсэлтийг шүүх хүлээж аваагүй...” гэх гомдол шийдвэр, магадлалыг хүчингүй болох нөхцөл болохгүй байна. 

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...цонх чанар, дулаан алдалтыг тогтоолгох...” зорилгоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан /хх117/, шүүгч хүсэлтийг хянаж 2018-10-05-ны өдрийн 101/ШЗ2018/17029 дугаартай /хх122/ захирамж гаргаж хангахаас татгалзжээ.

    Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно.

    Шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд хариуцагчийн хүсэлтийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.

    Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2018/03420 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 100 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 139,736 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ЦАГААНЦООЖ

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ