Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2018/02437

 

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2018/02437

 

 

Сошио энвайронментал сервис ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/03150 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Сошио энвайронментал сервис ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: МБҮ трейд ХХК-д холбогдох,

 

Ажлын хөлс 30 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Отгонбаатар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Занабазар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани МБҮ трейд ХХК-тай 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулсан. Гэрээгээр манай компани Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мал худалдаалах төвлөрсөн зах мал нядалж бэлтгэх үйлдвэр төсөл, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мах боловсруулах үйлдвэр мах худалдаалах төвлөрсөн зах төсөл-ийг хийж гүйцэтгэх, хариуцагч нь ажлын хөлсөнд 30 000 000 төгрөг төлөх үүрэгтэй байсан.

Нийслэлийн байгаль орчны газраар 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр өөрийн хийж гүйцэтгэсэн төслийн баримт, бичигт үнэлгээ хийлгүүлсэн. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээ хийлгэж, тайлангаа МБҮ трейд ХХК-ийн менежер С.Буянхишигт 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээлгэн өгсөн.

Гэрээний үнийг нийт 30 000 000 төгрөгөөр тохирсон бөгөөд 2 газарт тус бүр 3 ажил хийж гүйцэтгэхээр заасан. Бидний зүгээс гэрээнд заасан 2 ажил болох Байгаль орчны төлөв байдлын судалгаа, үнэлгээ, Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ-ийг тус тус хийж гүйцэтгэж, хариуцагчид хүлээлгэн өгсөн. Харин хариуцагч тал төлбөрийг төлөх талаар маргасан тул бид хийж гүйцэтгэсэн үлдэх ажил болох Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлаа хариуцагчид өгөөгүй байгаа. Иймд хариуцагч МБҮ трейд ХХК-иас ажлын хөлс нийт 30 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулсан нь үнэн. Гэхдээ үнэлгээний ажлыг хийж гүйцэтгэх хугацаа, нөхцөл бүрдээгүй байсан. Нийслэлийн Засаг даргын захирамжид зааснаар 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан. Үүнээс өмнө буюу 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл газар Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газрынх байсан. Уг газар бол тухайн гэрээ хийх үед газрын гэрчилгээ бид нарт байгаагүй. Газар дээр үнэлгээ хийх гэрээ хэлцэл хийх эрх үүсээгүй байсан.

Нэхэмжлэгч 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Байгаль орчны үнэлгээний тайлан гэх баримтыг манай компанийн захирал хүлээж аваагүй, С.Буянхишиг гэдэг хүн хүлээж авсан байдаг.

Гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь тус бүр 3 ажил хийж гүйцэтгэх үүрэгтэй. Бид нэгэнт уг газарт үйл ажиллагаа явуулж байгаа тул гэрээнд заасан ажлын нэг болох Байгаль орчны төлөв байдлын судалгаа, үнэлгээ-ний төлбөрт тус бүр 4 500 000 төгрөг буюу 2 газрын ажлын хөлсөнд нийт 9 000 000 төгрөгийг төлөх боломжтой. Харин үлдэх 2 ажлыг нэхэмжлэгч тал нь хийж гүйцэтгээгүй, бидэнд хүлээлгэж өгөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч МБҮ трейд ХХК-иас 26 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Сошио энвайронментал сервис ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 287 950 төгрөгийг, улсын орлогоос 2 050 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна.

Зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн гэрээгээр талууд Байгаль орчны төлөв байдлын судалгаа, үнэлгээ, Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах гэсэн үндсэн 3 төрлийн ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулж, ажил тус бүрийн үнэлгээг тохиролцсон. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс байгаль орчны төлөв байдлын судалгаа, үнэлгээний ажлыг хагас дутуу хийж, тайланг гаргаж өгснөө шүүхэд нотлох баримтаар өгч, өөр бусад үнэлгээний ажлын тайлан гаргаж өгөөгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр Байгаль орчны төлөв байдлын судалгаа, үнэлгээний тайлангийнхаа зарим хэсгийг байгаль орчинд нөлөөллийн үнэлгээний тайлан багтсан мэтээр тайлбарласныг нэхэмжлэлийн үндэслэлийг нотлох баримтаар нотолсон гэж үзэхгүй.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.6, 4, 6, 7, 8, 9 дугаар зүйлүүдэд байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэж юу болох хэрхэн хийх, хэн хийх, ямар агуулгатай байх зэргээр нэг бүрчлэн тодорхойлсон. Мөн Засгийн газрын 2013 оны 374 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журмын 2 дугаар зүйлд байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, 3 дугаар зүйлд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ, түүнд тавигдах шаардлага, 4 дүгээр зүйлд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, түүнд тавигдах шаардлага, 5 дугаар зүйлд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тодорхойлж, тэдгээрт ямар судалгаа явуулж, хэрхэн хийх талаар тодорхой заасан байдаг бөгөөд дээрх хууль болон журамд зааснаар байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэсэн 3 зүйл нь тус бүр өөрийн гэсэн онцлогтой, судлагдахуун бүхий ажил болох нь тогтоогдож байхад байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайланг хийснээр байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийсэн гэж үзэж болохгүй.

Мөн ажил хийж гүйцэтгэсэн гэж маргаж байгаа тал ямар ажлыг хэрхэн хаана хийж гүйцэтгэн түүнийгээ захиалагчид хүлээлгэн өгсөн буюу өөрсдийн үйлдэхүйгээ нотлох ёстой болохоос бус тухай ажлыг хүлээж аваагүй тал эсрэг талын эс үйлдэхүйг нотлох үүрэг хүлээхгүй бөгөөд ийнхүү нотлох боломжгүй байдлыг ашиглан нөгөө талд ашигтай байдлаар хуулийг талбарлаж, хэрэглэж шийдвэрээ гаргах гол үндэслэлээ болгосон нь шударга бус шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэл болно.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журмын заалтуудыг иш татан гэрээний 3 зүйл нь тус тусдаа хуулийн зохицуулалттай, өөр өөр ажил үйлчилгээнүүд болохыг удаа дараа тайлбарлаж, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний ажлыг нэхэмжлэгчийн зүгээс огт хийгээгүй болох нь Нийслэлийн байгаль орчны газрын 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 02/809, 02/806 тоот албан бичгүүдээс тус тус нотлогдож байхад ямарч нотлох баримт болон үндэслэлгүйгээр Байгаль орчны төлөв байдлын судалгаа, үнэлгээ, Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний ажлыг хийж, улмаар хариуцагч талд хүлээлгэж өгсөн нь нотлогдож байна гэж үзэж, 26 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнг зөвшөөрөхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Сошио энвайронментал сервис ХХК нь хариуцагч МБҮ трейд ХХК-д холбогдуулан Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Сошио энвайронментал сервис ХХК нь Мах боловсруулах үйлдвэрийн 2 төслийн хүрээнд Байгаль орчны төлөв байдлын судалгаа, үнэлгээ, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулж захиалагчид хүлээлгэн өгөх үүргийг, хариуцагч МБҮ трейд ХХК нь ажлын хөлсөнд 30 000 000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

Гэрээний 3.1 дэх хэсэгт Байгаль орчны төлөв байдлын судалгаа, үнэлгээ тус бүр 4.5 сая төгрөгөөр, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ тус бүр 8.5 сая төгрөгөөр, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлыг тус бүр 2 сая төгрөгөөр хийхээр гэрээний үнийг тохиролцож, 2 төслийн нийт үнэ 30.0 сая төгрөгөөр гэж тодорхойлжээ.

 

Ажил гүйцэтгэгч Сошио энвайронментал сервис ХХК нь гэрээнд заасан ажил болох Байгаль орчны төлөв байдлын судалгаа, үнэлгээг хийж гүйцэтгэсэн талаар хариуцагч МБҮ трейд ХХК маргаагүй, уг ажлын үр дүн гарсан нь Байгаль орчны төлөв байдлын тодорхойлолт ба байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлан /Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр тодорхойлогдсон/ гэх 2 баримтаар тогтоогдсон байна. /1хх 172-249 дэх тал/ Иймд хариуцагч нь гэрээний 3.1 дэх хэсэгт зааснаар 9.0 сая /4.5 сая2/ төгрөг төлөх үндэслэлтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд байгаль орчны стратегийн үнэлгээ, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хамаарахаар байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1 дэх хэсэгт зааснаас үзвэл хуульд заасан дээрх үнэлгээнээс байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгүүлэхээр тохиролцсон байна. Эдгээр ажлаас байгаль орчны нөлөөллийн үнэлгээ-ний ажлыг нэхэмжлэгч хийж гүйцэтгэсэн эсэх талаар талууд маргасан.

 

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нөлөөллийн үнэлгээ нь байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ, нарийвчилсан үнэлгээ гэсэн хоёр хэсгээс бүрдэхээр байна. Талуудын гэрээний 3.1 дэх хэсэгт зааснаар байгаль орчны нөлөөллийн үнэлгээ /БОНЕҮ, БОННҮ/ хийлгэхээр гэрээний ажлын хүрээг тодорхойлсон боловч байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт зааснаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эсхүл байгаль орчны алба хийхээр тодорхойлжээ.

 

Иймд талууд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийхээр тохиролцсон гэж дүгнэхээр байна.

 

Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт зааснаар захиргааны эрх бүхий байгууллагаас байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх шаардлагатай гэсэн нөхцөлд уг үнэлгээ хийгдэх юм. Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд тусгавал зохих 9 төрлийн асуудлыг тодорхойлжээ.

 

Нэхэмжлэгч тал байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийсэн гэх тайлбарыг нотлохоор Байгаль орчны төлөв байдлын тодорхойлолт ба байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлан гэх баримт /1хх 172-249 дэх тал/-ыг анхан шатны шүүхэд гаргасан байна. Уг 2 тайлан /Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг/-аас үзвэл гурав болон дөрөвдүгээр бүлгийн гарчиг болох төслөөс БО, НЭЗ-д үзүүлэх болзошгүй нөлөөлөл, БО, НЭЗ-д үзүүлэх болзошгүй нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, бууруулах, арилгах арга хэмжээ гэх хэсэг нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд хамаарахаар байх боловч хийгдсэн ажлын тайлан гэх 4 хуудаст хуульд заасны дагуу тусгавал зохох асуудлууд тусгагдаагүй байна. Жишээлбэл, тооцоо, судалгааны үр дүн, төслийн болзошгүй болон гол сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээний зөвлөмж, төслийн үйл ажиллагаанаас байгаль орчинд сөрөг нөлөө үүсэж болзошгүй бохирдлыг бууруулахад боломжит арга, технологи, байгаль орчинд ээлтэй техник, технологийг ашиглах зөвлөмж гэх зэрэг асуудлууд огт тусгагдаагүй байна. Иймд гэрээгээр тохиролцсон 2 дахь ажил буюу байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийгдээгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нь дээрх ажлын үр дүн гарсныг нотлоогүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь буруу байх бөгөөд уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж дүгнэлээ.

 

Иймд нэхэмжлэгч нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний ажлын хөлсөнд тус бүр 8 500 000 төгрөг шаардах эрх үүсээгүй гэж дүгнэнэ.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг /2хх 57-78, 79-97 дахь тал/ нотлох баримтаар гаргаж өгсөн боловч Байгаль орчин нөлөөллийн байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар эрх бүхий төрийн захиргааны байгууллагаар батлуулах, тэр байгууллагуудын саналыг авах зэрэг ажиллагаанууд хийгдсэн талаар баримтгүй байх тул уг ажлын үр дүн гарсан гэж үзэх боломжгүй.

 

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг байна.

 

Иймд хариуцагч МБҮ трейд ХХК-иас 9 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Сошио энвайронментал сервис ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21 000 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/03150 дугаар шийдвэрийн

1 дэх заалтын 26 000 000 төгрөг гэснийг 9 000 000 төгрөг гэж, 4 000 000 төгрөг гэснийг 21 000 000 төгрөг гэж,

2 дахь заалтын 287 950 төгрөг гэснийг 158 950 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Э.ЗОЛЗАЯА