Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2019/02533

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 1-р хороо,

С ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 1-р хороо, М

ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 30 000 000 төгрөг гаргуулах, М ХХК-ний сөрөг нэхэмжлэлтэй С ХХК-иас 30 420 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг тус тус хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тэмүүлэн нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2017 оны 06-р сарын 13-ны өдөр 03/2017 тоот Зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Мал боловсруулах үйлдвэрийн төсөл, Баянзүрх дүүргийн 11-р хороо, Мах боловсруулах үйлдвэрийн төсөл дээр байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх ажилд зөвлөх үйлчилгээ үзүүлэх, М ХХК гэрээний 3.1-т зааснаар 30 000 000 төгрөг төлөхөөр тохирч, гүйцэтгэх ажлын задаргааг тусгасан. Байгаль орчны үнэлгээний тайлан нь дотроо төлөв байдлын судалгааны ажил, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах ажил гэж тусгагддаг. Байгаль орчны судалгаа, үнэлгээний ажил нь хээрийн ажил бөгөөд тухайн баг төсөл хэрэгжих газар биечлэн ажиллаж дээж авч судалгаа хийдэг. Авсан дээжээ компьютерт оруулж тайлан боловсруулан хуулийн дагуу үнэлгээ хийхийг байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх ажил гэнэ. Энэ 2 ажлыг гэрээний хүснэгт хэсэгт задлаад үнийн дүнг тооцож өгсөн. Сонгинохайрхан

 дүүргийн мах боловсруулах үйлдвэрийн төслийн байгаль орчны төлөв байдлын судалгаа үнэлгээний ажилд 4 500 000 төгрөг, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний ажилд 8 500 000 төгрөг, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах ажилд  2 000 000 төгрөг нийт 15 000 000 төгрөг, Налайх дүүрэгт байрлах мах боловсруулах төсөлд мөн адил үнэлгээтэй 15 000 000 төгрөг нийт 30 000 000 төгрөгийн ажил байсан. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх /БНОНЕҮ-БОННҮ/ гэсэн нэрний тайлбар нь байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ гэсэн үг. Бидний зүгээс яагаад ийм нөхцөл тавьсан бэ гэхээр тайлан бол ерөнхий үнэлгээ болдог, Нийслэлийн байгаль орчны газраас тус тайланг холбогдох хууль журмын дагуу судалж үзээд энэ төсөлд нарийвчилсан үнэлгээ хийх шаардлагатай гэсэн дүгнэлт гарах тохиолдол байдаг. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.1.2-т зааснаар шийдвэрлэсэн тохиолдолд энэ ажлыг хамтад нь хийгээд үнэлгээ нь 8 500 000 төгрөг гэдгийг тодорхойлж өгсөн. Ийм байдлаар гэрээний үнийг харилцан тохиролцож тогтоосон. Энэ гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх юм. Ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хөлсийг харилцан тохиролцож тогтоодог тул ажлын хөлсийг 30 000 000 төгрөгөөр тогтоосон. С ХХК нь салбартаа олон жил ажилласан, нэр хүндийн хувьд тодорхой байр сууриа эзэлсэн компани. М ХХК нь төслийг яаралтай хийх шаардлагатай байгаа болохоор ажлыг хурдан хийж өгөхийг хүсэлтийг удаа дараа тавьж байсан. Ийм учраас бүх нөөц бололцоогоо дайчлаад сар гаруйн хугацаанд 2 төслийг хийж дуусгаад 2017 оны 6 сарын 19-ний өдөр М ХХК-д хүлээлгэж өгсөн. Улмаар М ХХК нь тайланг холбогдох бусад баримт бичгийн хамт Нийслэлийн байгаль орчны газарт хүлээлгэж өгсөн. Нийслэлийн байгаль орчны газар 2017 оны 7 сарын 18-ны өдрийн албан тоот бичгээр М ХХК-д мэдэгдэл хүргүүлж, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.3-т зааснаар байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх журмын 3 дахь хэсгийн үндэслэн байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийснийг мэдэгдсэн. Уг үнэлгээнд тусгасан нөхцөлийг хэрэгжүүлж ажиллахыг мэдэгдсэн, цаашид нарийвчилсан үнэлгээ хийхийг шаардаагүй. Ингээд манайх гэрээнд заасан ажлаа гүйцэтгэсэн, харин ажлын хөлсийг М ХХК төлөөгүй. Бид удаа дараа шаардахад ...төлнө,  төсөлтэй холбоотой Хөгжлийн банкнаас зээл хөөцөлдөж байгаа, зээлийн бүтэхээр төлнө...гэж явсаар 6 сар гаруйн хугацаа өнгөрсөн. Бид уг төслийг хийхийн тулд банкнаас зээл авсан, зээлийн хүүнээс болоод санхүүгийн маш их хүндрэлд орсон учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд ажлын хөлс 30 000 000 төгрөгийг М ХХК-иас  гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С ХХК-ний 30 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 9 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.  Энэ нь байгаль орчны төлөв байдлын үнэлгээний хөлс 4 500 000 төгрөг 2 төсөлд 9 000 000 төгрөг болсныг зөвшөөрч байна. Харин байгаль орчны нөлөөллийн үнэлгээний 17 000 000 төгрөг, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын 4 000 000 төгрөг нийт 21 000 000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулиар үнэлгээг нөлөөллийн ерөнхий, нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ гэж ойлгодог. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг 2017 оны 6 сарын 13-ны өдөр Сс ХХК-тай байгуулахдаа байгаль орчны цогц үйлчилгээ авах, тэр дундаа төлөв байдлын судалгаа хийлгэх, байгаль орчны ерөнхий үнэлгээ хийлгэх, байгаль орчны менежментийн төлөвлөгөө хийлгэх асуудал дээр тохиролцсон гэж ойлгосон. Гэрээний 3 дугаар зүйлд хаалтанд бичсэн байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний талаар тодруулахад хуулиараа ерөнхий үнэлгээ нь нөлөөллийн үнэлгээнд ордог гэсэн хариу өгсөн. Нөлөөллийн үнэлгээ хийх ажлын тухайд хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь байгаль орчны ерөнхий үнэлгээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эсхүл байгаль орчны алба нөлөөллийн ерөнхий үнэлгээг хийлгэнэ гэж хуулийн 7.3-т заасан байдаг. Ерөнхий үнэлгээг хэн нэгэн хувь компани хийхгүй, Төрийн захиргааны байгууллага хийж гүйцэтгэх ажил юм. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4.2-т байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийлгэхэд тодорхой нөхцөл бололцоотойгоор хэрэгжүүлэх боломжтой гэж заасан. Үүний дагуу 2017 оны 7 сарын 8-ний өдөр Нийслэлийн байгаль орчны газраас тодорхой нөхцөлтэйгөөр төсөл хэрэгжүүлэхийг албан бичгээр манайд мэдэгдсэн. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагагүй гэсэн хариуг өгсөн. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээг нэхэмжлэгч хийж гүйцэтгээгүй. Нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд менежментийн төлөвлөгөө боловсруулагдаад цаашид жил бүр төлөвлөгөөгөө байгаль орчны газарт танилцуулдаг. Нарийвчилсан үнэлгээ хийгдээгүй учраас менежментийн төлөвлөгөө хийгдээгүй. Ийм учраас нөлөөллийн үнэлгээ хийх хууль зүйн нөхцөл бүрдээгүй учраас 21 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12-р сарын 4-ний өдрийн 03266 дугаартай шийдвэр, давж заалдах шатны магадлалыг Дээд шүүх хүчингүй болгосон. Анхан шатны шүүх хуралд манай захирал Бямбасүрэн оролцож чадаагүй, шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй байсан. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх шатанд манай данснаас 30 420 000 төгрөгийг татаад авчихсан. 2018 оны 4-р сарын 13-нд шийдвэр гүйцэтгэл дээр очиход ...мөнгө тань манай дансанд байгаа, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх захирамж гараагүй тохиолдол ажиллагааг зогсоох боломжгүй гэсэн хариуг өгсөн. Тэгээд уг мөнгийг шилжүүлчихсэн. Улмаар миний бие хугацаа сэргээлгэх хүсэлт гаргаж давж заалдах гомдол гаргаж хэргийг хянуулсан. Гэтэл биелэгдсэн шийдвэр хүчингүй болсон асуудал үүссэн. Нэхэмжлэгч 30 000 000 төгрөгийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар авснаа хүлээн зөвшөөрдөг. Үүнээс 310 000 төгрөг нь тэмдэгтийн хураамж, 110 000 төгрөг нь шийдвэр гүйцэтгэлийн зардал юм. Ийм учраас манайхаас үндэслэлгүйгээр авсан 30 420 000 төгрөгийг С ХХК-ниас гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байгаа учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд сөрөг нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болох үндэслэлтэй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С

 ХХК нь М трейд ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 30 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг, М ХХК нь С ХХК-иас хохирол 30 420 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 12 920 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Талууд 2017 оны 06-р сарын 13-ны өдөр 03/2017 тоот Зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулж, С ХХК нь М ХХК-ний захиалгаар Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Мах боловсруулах үйлдвэрийн төсөл, Баянзүрх дүүргийн 11-р хороо, Мах боловсруулах үйлдвэрийн төсөлд байгаль орчны төлөв байдал, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх ажил гүйцэтгэх, М ХХК нь гэрээний 3.1-т зааснаар ажлын хөлс 30 000 000 төгрөг төлөхөөр /хх 6-12/ тохирчээ.  Талуудын хооронд Иргэний хуулийн 343-р зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгэсэн боловч М ХХК хөлсөө төлөөгүй гэж маргасан бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 9 000 000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн, бусад 21 000 000 төгрөгийн ажлыг хийгээгүй талаар маргажээ.

            Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ" гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний явцад хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд учирч болзошгүй хортой нөлөөллийг урьдчилан тодорхойлж, түүнийг багасгах, арилгах арга хэмжээ тогтоохыг, энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шинээр байгуулах болон одоо ажиллаж буй үйлдвэр, үйлчилгээ, барилга байгууламж, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх болон бусад хэлбэрээр байгалийн нөөц баялаг ашиглах төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэх бөгөөд энэхүү үнэлгээний хүрээнд төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг урьдчилан тогтоож дүгнэлт гаргадаг.

            Мөн зүйлийн 4.2., 4.З., 4.4,-т зааснаар байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ нь ...төсөл хэрэгжүүлж эхлэхийн өмнө хийгдсэн байх ёстой бөгөөд төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн эсэхэд тухайн орон нутгийн байгаль орчны хяналтын улсын байцаагч, аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчид хяналт тавьж, төсөл хэрэгжүүлэгч нь төслийн товч тодорхойлолт, техник-эдийн засгийн үндэслэл, технологийн шийдэл, ажлын зураг болон холбогдох бусад бичиг баримтыг бүрдүүлэн төслийн энэ хуулийн хавсралтад заасан ангиллын дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл нутгийн захиргааны байгууллагад хүргүүлж, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэдэг байна.

            Талууд Сонгинохайрхан болон Налайх дүүрэг дэх мах боловсруулах үйлдвэрийн төслийн байгаль орчны төлөв байдлын судалгаа, үнэлгээ хийхэд тус бүр 4 500 000 төгрөг, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ /БОНЕҮ буюу ерөнхий, БОННҮ буюу нарийвчилсан/ хийхэд тус бүр 8 500 000 төгрөг, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах ажилд тус бүр 2 000 000 төгрөг нийт 30 000 000 төгрөгийн хөлс төлөхөөр тохирсон байна.

            С ХХК нь 2017 оны 6-р сард М ХХК-д Байгаль орчны төлөв байдлын тодорхойлолт ба байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлан-г хүлээлгэж өгсөн /1-р хавтас хх 118-249, 2-р хавтас 30-53/, Нийслэлийн байгаль орчны газар нь уг тайланд шинжилгээ хийж 2017 оны 7 сарын 18-ны өдрийн 806, 809 тоот албан тоот бичгээр ...Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.3, Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх журмын 3 дахь хэсгийг үндэслэн байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийж, уг үнэлгээнд тусгагдсан нөхцөл болзлыг хэрэгжүүлж ажиллахыг мэдэгджээ.  Өөрөөр хэлбэл, эрх бүхий байгууллага, шинжээч нь энэ хуулийн 7.4.2-т зааснаар төслийг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэлгүйгээр тодорхой нөхцөл, болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой гэж үзжээ.

Ажил гүйцэтгэгч нь тайлангийн 1, 2 дахь бүлэгт төсөл хэрэгжүүлэхэд байгаль орчны төлөв байдлын судалгаа, 3, 4 дэх бүлэгт байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний тайланг хийсэн байх ба харин эрх бүхий байгууллагаас энэ хуулийн 7.4.3 байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэж үзэ

эгүй, 8-р зүйлд заасан байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай болохыг тодорхойлсон дүгнэлт гаргаагүй байна.

Үүгээр С

ХХК нь гэрээний дагуу 2 төслийн төслийн байгаль орчны төлөв байдлын судалгаа, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний тайланг хийсэн, төлөв байдлын судалгаа, үнэлгээний ажлын хөлс тус бүр 4 500 000 төгрөг нийт 9 000 000 төгрөг, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний ажлын хөлсийг ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг оролцуулан тус бүрт 8 500 000 төгрөг буюу нийт 17 000 000 төгрөгөөр тохирсон, үүнээс ерөнхий үнэлгээний ажлын хөлсийг тал хувиар нь тооцож 8 500 000 төгрөгийн нийт 17 500 000 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн гэж дүгнэлээ. 

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9-р үйлийн 9.1.Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, стратегийн үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх, төсөл хэрэгжих орчинд бий болж болзошгүй сөрөг үр дагаврыг хянах, илрүүлэх зорилгоор байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг гүйцэтгэсэн байгууллага боловсруулна, 9.2.Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг байхаар заасан байх ба С

 ХХК нь нэгэнт байгаль орчны нарийвчилсан үнэлгээний ажил хийгээгүй,  улмаар менежментийн төлөвлөгөө хийх шаардлага үүсээгүй гэж үзнэ.

Хэдийгээр нэхэмжлэгч нь 2 төслийн хэмжээнд гаргасан менежментийн төлөвлөгөөг /2-р хавтас хх 57-97/  нотлох баримтаар гаргасан боловч нарийвчилсан үнэлгээ хийгээгүй, менежментийн төлөвлөгөө нь нарийвчилсан үнэлгээний салшгүй хэсэг байх боломжгүй, өөрөөр хэлбэл, менежментийн төлөвлөгөө хийх ажлын хөлс нийт 4 000 000 төгрөгийг шаардах эрх үүсээгүй байна.

Нэхэмжлэгч С

ХХК нь М ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 10-р сарын 27-ны өдөр гаргаж, иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан, тус шүүхийн 2017 оны 12-р сарын 4-ний өдрийн 102/ШШ2017/03266 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж / 1-р хавтас 56-59/ шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн 2018 оны 01-р сарын 17-ны өдрийн 102/ШЗ2018/01138 тоот захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан, улмаар шийдвэрийг 2018 оны 4-р сарын 27-ны өдөр М ХХК-ний данснаас 30 420 000 төгрөгийг шилжүүлж, 2018 оны 5-р сарын 8-ны өдрийн 5/35 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон  /1-р хавтас хх 62, 2-р хавтас 174, 176-180, 2-р хавтас 189-190/ байна.

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссанаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2018 оны 06-р сарын 29-ний өдрийн 1510 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Өөрөөр хэлбэл, шүүхийн биелэгдсэн шийдвэр хүчингүй болсон боловч нэхэмжлэгч 30 420 000 төгрөгийг М ХХК-д буцааж шилжүүлээгүй, энэ тохиолдолд дахин 30 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна.

Хариуцагч М

ХХК нь нэхэмжлэгч С ХХК-иас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12-р сарын 4-ний өдрийн 03266 дугаар шийдвэрийг биелүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд шилжүүлсэн 30 420 000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Талуудын хооронд 2017 оны 06-р сарын 13-ны өдөр байгуулсан 03/2017 тоот Зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ-ний дагуу С

 ХХК нь 17 500 000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэснийг үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд дүгнэсэн.

Иймд сөрөг 30 420 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 12 920 000 төгрөгийг хангах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан М ХХК-иас 30 000 000 /гучин сая/ төгрөг гаргуулахыг хүссэн С

 ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, С ХХК-иас 12 950 000 /арван хоёр сая есөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулж М ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг 17 500 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310 000 төгрөг, хариуцагчаас төлсөн 310 050 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч Сс ХХК-иас 310 050 төгрөг гаргуулж М ХХК-д олгосугай.

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                              Р.АЛТАНТУЯА