Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2017/00449

 

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2017/00449

 

 

Ц.Цэцэгээгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дүгээр сарын 05ы өдрийн 182/ШШ2016/01242 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Цэцэгээгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Золжаргал, Б.Оюунбилэг нарт холбогдох

 

820 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.Цэцэгээ

Хариуцагч Г.Золжаргал /Б.Оюунбилэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Цэцэгээ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г.Золжаргалын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 10-37 тоотод байрлах 1 өрөө орон сууцыг сарын 600 000 төгрөгөөр 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гэрээ хийж хөлсөлсөн. Гэрээ байгуулахаас өмнө 4 дүгээр сарын 15-ны өдөр 1 200 000 төгрөгийг өгсөн. Би Г.Золжаргалд итгэж байсан учир тухайн үед гэрээг огт уншиж танилцаагүй, шууд гарын үсгээ зурсан. Гэрээний хавсралтад тавилгуудыг нь шинэ гэж бичсэн байсан. Сүүлд угаалгын машин, ор хоёрыг нь хэрэггүй гэхэд Г.Золжаргал гэрээнээс хасаад бичье гэсэн. Надад плитка, чулуун тавцанг нэг бүрчлэн үзүүлж харуулаагүй. Би 4 дүгээр сарын 24-ний өдөр нүүж орсон бөгөөд 5 дугаар сарын 03-нд чулуун тавцан дээр нь 2 зураас гарсан байсныг илрүүлж, Г.Золжаргал руу утсаар хэлсэн. Г.Золжаргал маргааш нь эгчтэйгээ хамт ирээд надтай маргалдаж, нүү гэж хөөсөн. Хүмүүсээс асууж судлаад шилэн плиткийг буруу суулгасан, гажилтаас болж хагардаг гэж мэдсэн. Надад цонхыг нээж, хааж хүлээлгэн өгөөгүй. Би орсныхоо дараа цонхыг онгойлгоод хаах гэхэд хаагдахгүй байсан, үүнийг ч бас хэлсэн. Г.Золжаргалд намайг чулуун тавцан эвдсэн гээд байгаа юм бол шинээр хийлгэж өгөөд хагархай тавцанг нь авъя гэхэд өөрөө зөвшөөрөхгүй байсан.

Би 5 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл уг байранд байсан. Иймд би 18 хоногийн мөнгийг л төлөх ёстой гэж үзэж байна. Скаймедиа нь ажиллаагүй талаар хэрэгт баримт байгаа. Өдөрт 20 000 төгрөгөөр хөлсийг тооцоход 18 хоногийн 360 000 төгрөгийг төлөх ёстой. Иймд уг байранд суугаагүй хугацааны хөлс болох 220 000 төгрөг, барьцаа 600 000 төгрөг, нийт 820 000 төгрөгийг нэхэмжилж байна.

Золжаргал байраа өгөхдөө түлхүүрийнхээ 1 хувийг аваад үлдсэн учраас би цоожны голыг сольсон байсан. Би 5 дугаар сарын 21-ний өдөр 19.00 цагт нүүгээд түлхүүрээ ав гэхэд ирж аваагүй, намайг байр хүлээлгэж өгөөгүй гэж худал ярьж байна. Намайг 21-нд нүүсэн гэдгийг шүүхээс үзлэг хийсэн сидиний бичлэг нотолно. Г.Золжаргалын 5 дугаар сарын 17-ны өдрийн бичлэг гээд байгаа нь дүрсгүй, худал, эвлүүлж хийсэн бичлэг гэж үзэж байна. Би хуучин голыг нь түлхүүртэй нь өгсөн. Ашиглалтын төлбөрт 5 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 19 917 төгрөг төлсөн, баримт нь хэрэгт байгаа. Үүнээс хойш 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл би ашиглаагүй учир ашиглалтын зардалд ямар ч төлбөр гарах ёсгүй. Би плитканы тавцанг эвдээгүй, тэр зураг нь он, сар өдөргүй, хэдийд авсан нь тодорхойгүй, миний дэргэд зураг авч байгаагүй. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Оюунбилэг, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Золжаргал нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 1 өрөө орон сууцаа нэхэмжлэгчид түрээслүүлж, байраа тавилгын хамт хүлээлгэн өгч акт үйлдсэн. Ингээд сард 600 000 төгрөгийн хөлстэй байхаар тохирч, барьцааны мөнгө 600 000 төгрөг нийт 1 200 000 төгрөгийг хүлээн авсан. Тэр өдөр Ц.Цэцэгээ эгчийн хүү нь мөнгө авчрах зуур би өрөөний тавилгуудын зургийг авч, плиткыг близнагаар угаавал барзгар болдог, цонхны торыг аваад хааж болно гэж хэлж байсан. Ц.Цэцэгээ эгч өөрөө угаалгын машин, ор хоёрыг авахгүй гэсэн учир гэрээнд бичсэн байснаа хассан. 15-ны өдөр Ц.Цэцэгээ эгч иргэний үнэмлэхээ мартсан гээд гэрээг хийж чадаагүй. 17-ны өдөр нь гэрээг нотариатаар батлуулсан бөгөөд гэрээг уншиж гарын үсгээ зурсан. Скаймедиа төхөөрөмжийг 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр нээлгэж өгсөн. Гэтэл 5 дугаар сарын 03-ны өдөр утсаар ярьж чулуун тавцан чинь хагарсан байна гэхээр нь очиход тавцан 2 талаасаа цуурч хагарсан байсан. Мөн цонхыг эвдэрсэн байна гэхээр үзэхэд цонхны нугас өргөж хаагддаг байдалтай болсон байсан. Ингээд 5 дугаар сарын 17-ны өдөр би очиж уулзсан. Энэ тухайгаа сидид бичсэн байсан ба шүүхээр үзлэг хийлгэсэн. Ц.Цэцэгээ эгч тавцангийн хагаралтыг суулгалтын буруугаас болдог гэнэ гэхээр нь шалгуулъя гэсэн. 5 дугаар сарын 03-ны өдөр уг зургуудыг Ц.Цэцэгээ эгчид харуулж байсан нь бичлэгээс харагддаг. Ц.Цэцэгээ эгч сар бүрийн 10-ны өдөр төлбөр хийх ёстой боловч төлөхгүй байсан. Бүтэн 3 жилийн дараа мөнгө нэхээд байгаа нь ойлгомжгүй, өөрөө байр чөлөөлж өгөхгүй болохоор нь тухайн үед шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан, бичлэг ч байсан. 2013 оны 5 дугаар сарын байрны төлбөрийг би өөрөө төлсөн. Би Ц.Цэцэгээд төлөх ёстой мөнгөнөөс 512 190 төгрөгийг суутгаж үлдэх хэсгийг нь төлөхийг зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл 600 000 төгрөг нь түрээсийн төлбөрт төлөгдсөн, үлдэх 600 000 төгрөгөөс чулуун тавцангийн төлбөрт 230 000 төгрөг, цонхны нугасны үнэ 15 000 төгрөг, скаймедиа үйлчилгээний төлбөрт 13 770 төгрөг, 5 дугаар сарын 14-нөөс 24-нийг хүртэл 10 хоногийн түрээсэнд 200 000 төгрөг, түлхүүр солиулсны 20 000 төгрөг бүгд 512 190 төгрөгийг хасч үлдэх 87 810 төгрөгийг төлөх боломжтой. 5 дугаар сарын 20-нд хүүтэй нь тооцоо хийгээд хүлээлцэх гэж байхад Цэцэгээ эгч өөрөө бичлэг хийж байсан, түүнийгээ гаргаж өгөхгүй байна. Бидний зүгээс 87 810 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1.-д заасныг баримтлан хариуцагч Г.Золжаргал, Б.Оюунбилэг нараас 426 230 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Цэцэгээд олгож, нэхэмжлэлээс үлдэх 393 770 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. 58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 23 750 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 480 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлого болгон, хариуцагчаас 13 437 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа өнгөрсөн байхад нэхэмжлэлийг хангаж шийдсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч Ц.Цэцэгээ нь хариуцагчийг фото зураг авч байсныг нотлон, тухайн зураг дээрх ус, цахилгааны тоолуурын заалт, акт дээр үйлдсэн ус, цахилгааны тоолуурын заалттай адил байснаар уг зургуудыг 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр авсан нь тодорхой болгож байна. Хариуцагчийн өгсөн "Цэцэгээ-1", "Цэцэгээ-2" CD-нд Ц.Цэцэгээ нь тухайн өдөр зураг авсныг, чулуун тавцан хагарч цуураагүй байсныг /чиний үед бүтэн байсан, миний үед хагарсан, гол нь юунаас болж хагарсныг хоёулаа шинжлүүлье/ 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн авсан он, сартай зургийг 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдөр үзсэнээ хүлээн зөвшөөрч байгаа нь нотлогдсоор байтал шүүхийн шийдвэрт огноо нь тодорхойгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Байр хүлээлгэж өгсөн баримтад гал зуухны ком тавилга шинэ гэж дурдсанаас гадна барьцаа болох 600 000 төгрөгийг эд хогшилд учруулсан гэмтэл тус бүр зохих хэмжээгээр тооцож авах болно. Учруулсан хохирол барьцаа мөнгөнөөс хэтэрсэн тохиолдолд тухайн үеийн ханшаар түрээслэгч төлөх буюу бүрэн хохиролгүй болгож өгнө гэж зааж талууд зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг тул барьцаа мөнгөнөөс суутгаж авсан нь хууль зөрчөөгүй. Иймд эвдэлж хэмхэлсэн зүйлийн (чулуун тавцан солиулахад 230 000, цоож солиулахад 20 000, цоож засуулахад 15 000) үнэд 265 000 төгрөг, ахуйн хэрэглээний (байр, СӨХ ус, цахилгаан, даатгал 53 420, Скаймедиа" 13 770 төгрөг) төлбөрт 67 190 төгрөг, илүү 10 хоног суусан 200 000 төгрөг нийт 512 190 төгрөгийг Ц.Цэцэгээгээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, зохигчдын хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тодорхойлсон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, шийдвэрийн тогтоох хэсгийг буруу дугаарласан тул өөрчлөлт оруулах боломжтой.

 

Нэхэмжлэгч Ц.Цэцэгээ нь хариуцагч Г.Золжаргал, Б.Оюунбилэг нарт холбогдуулж орон сууц хөлслөхөд урьдчилан төлсөн төлбөрийн үлдэх хэсэг 220 000 төгрөг болон барьцаанд өгсөн 600 000 төгрөг, нийт 820 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, 600 000 төгрөг нь түрээсийн төлбөрт төлөгдсөн, үлдэх 600 000 төгрөгөөс чулуун тавцангийн төлбөрт 230 000 төгрөг, цонхны нугасны үнэ 15 000 төгрөг, скаймедиа үйлчилгээний төлбөрт 13 770 төгрөг, 5 дугаар сарын 14-нөөс 24-нийг хүртэл 10 хоногийн түрээсэнд 200 000 төгрөг, түлхүүр солиулсны 20 000 төгрөг бүгд 512 190 төгрөгийг хасч үлдэх 87 810 төгрөгийг төлнө гэж маргажээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн гэрээгээр хариуцагч нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2-р 40 мянгатын 10-37 тоотод байрлах, 1 өрөө, тавилга бүхий орон сууцыг нэхэмжлэгчид 1 жилийн хугацаатай, сарын 600 000 төгрөгөөр хөлслүүлэх, нэхэмжлэгч нь сар тутам хөлсөнд 600 000 төгрөг, барьцааны 600 000 төгрөгийг болон орон сууцны ашиглалтын төлбөрийг тус тус төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан байна.

 

Мөн зохигчид орон сууцны тавилгыг жагсаалт үйлдэж хүлээлцсэн тухай болон барьцаа 600 000 төгрөг, сарын хөлс 600 000 төгрөг, нийт 1 200 000 төгрөг хүлээлгэн өгсөн тухай бичгийн баримт үйлдсэн байна. /хх-ийн 3, 20/

 

Нэхэмжлэгч нь 2013 оны 04 сарын 24-нөөс 2013 оны 05 сарын 21 хүртэл орон сууцыг эзэмшилдээ байлгасан гэж, хариуцагч нь 2013 оны 04 сарын 15-наас 2013 оны 06 сарын 14 хүртэл орон сууцанд байсан гэж маргаж байх боловч нэхэмжлэгч нь орон сууцны түлхүүрийг 2013 оны 04 сарын 15-нд авсан, гал тогооны плитканы чулуун тавцанг нэхэмжлэгч хагалсан эсэх талаар зохигчид 2013 оны 05 сарын 03-ны өдрөөс эхлэн маргасан, хариуцагч 2013 оны 05 сарын 15-нд гэрээг цуцлах талаар мэдэгдсэн, шүүхэд 2013 оны 05 сарын 22-нд орон сууцнаас нэхэмжлэгчийг албадан гаргах нэхэмжлэл гаргаж байсан /хх-ийн 31,37/ зэрэг үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 2013 оны 04 сарын 15-наас 2013 оны 05 сарын 24 хүртэл 38 хоног орон сууцыг хариуцагчид хүлээлгэн өгөөгүй байсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Зохигчид дээрх байдлаар орон сууц хөлслөх гэрээг хугацаанаас нь өмнө цуцласан, хариуцагч нь барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсноор барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан олгох үүрэгтэй юм.

 

Харин Түрээсийн байр хүлээлгэн өгсөн тухай баримтаар ...барьцаа 600 000 төгрөгийг дээрх эд хогшилд учруулсан гэмтэл тус бүрт зохих хэмжээгээр тооцон авах болно... байрны СӨХ, цахилгаан, ус, интернет, кабель, гэрийн утасны төлбөрийг түрээслэгч тал төлнө... гэж тус тус тохирсон байх боловч нэхэмжлэгчийн буруугаас хөлсөлсөн эд хөрөнгө гэмтсэн, муудсан болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй нөхцөлд гал тогооны плитканы чулуун тавцанг хагалсан болон цонхны нугас эвдэлсэн, хаалганы цоож сольсон зэрэгт нийт 265 000 төгрөгийг барьцаанаас суутгах үндэслэлгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Мөн зохигчид 2013 оны 05 сарын 03-наас маргасан, хариуцагч нь 2013 оны 05 сарын 15-нд гэрээг цуцлахаа мэдэгдсэн зэргээр нэхэмжлэгч орон сууцыг зориулалтаар нь ашиглах боломжгүй байсан үйл баримт тогтоогдсон тул орон сууцны ашиглалтын төлбөрт 67 500 төгрөгийг суутгах үндэслэлгүй гэж үзсэн нь зөв байна.

 

Нэхэмжлэгч нь 2013 оны 05 дугаар сарын 24-нд хариуцагчид орон сууцыг хүлээлгэн өгсөн, шүүхэд 2016 оны 04 дүгээр сарын 14-нд нэхэмжлэл гаргасан тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.

 

Нөгөө талаар Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4-т зааснаар Орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарах бөгөөд мөн хуулийн 298 дугаар зүйлийн 298.1Хөлслүүлэгч эд хөрөнгийг өөрчилсөн, муутгаснаас өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр, хөлслөгч эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбогдон гаргасан зардлаа нөхөн төлүүлэхээр гэрээ дуусгавар болсноос хойш зургаан сарын дотор тус тус нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан тул хариуцагч өөрт учирсан гэх хохирлыг барьцаанаас суутгуулахаар шаардах эрхээ алдсан байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон техникийн шинжтэй өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дүгээр сарын 05ы өдрийн 182/ШШ2016/01242 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн Иргэний хуулийн гэсний дараа 160 дугаар зүйлийн 160.3 гэж нэмж, 5 дах заалтын дугаарыг 4 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Г.Золжаргалын төлсөн 13 440 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Н.БАТЗОРИГ