Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 202/МА2020/00015

 

 

 

 

“К банк” ХХК дахь Банкны эрх хүлээн

 авагчийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 136/ШШ2020/00143 дугаар шийдвэртэй,  

 

Нэхэмжлэгч: “К банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А овогт М-ийн Д

 

Хариуцагч: А овогт М-ийн А нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 15078375 төгрөг, нотариатчийн зардал 10100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч М.Д, хариуцагчийн өмгөөлөгч Ю.Н нарын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн өмгөөлөгч Ю.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ууганбаяр оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

“К банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-97 дугаартай “К банк” ХХК-д Банкны эрх хүлээн авагч томилох тухай тушаалаар “К банк” ХХК-д Банкны эрх хүлээн авагч томилсон. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт заасны дагуу К банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь Банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Иймд Банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч М.Д М.А нар нь К банктай 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр №ЗГ-57/15 дугаартай “Зээлийн гэрээ”-г байгуулж, 12000000 төгрөгийг сарын 2.3 хувь, жилийн 27.60 хувийн хүүтэй, Жижиг дунд бизнесийн зээл зориулалтаар 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 36 сарын хугацаагаар зээлэн авсан. Мөн зээлдэгч М.Д, М.А нар нь К банктай 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр №БГ-57/15 дугаартай “Барьцааны гэрээ”-г байгуулж, дээрх зээлийн гэрээний үүргийг хангуулахаар улсын бүртгэлийн Ү-0713000735 дугаарт бүртгэлтэй, Дорноговь аймгийн Сайншанд сум 2-р баг, 3-58 айлд байршилтай 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалуулсан. Банк Зээлийн гэрээний 3.4 дэх хэсэгт заасны дагуу М.Дын К банкны 2039001903 тоот харилцах /депозит/ дансанд 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 12000000 төгрөгийг шилжүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 4216721.97 төгрөг, зээлийн хүү 4308320.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32007.63 төгрөг тус тус төлсөн. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч зээлийн өр төлбөрийг бүрэн төлж барагдуулахгүй байна. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 7783278.3 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 6336364.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 958732.79 төгрөг, нийт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 15078375 төгрөгийг хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэл гаргахад шаардлагатай баримтын хуулбарыг нотариатчаар гэрчлүүлэхэд гарсан 10100 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагч М.Д, М.А нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 15078375 төгрөгийг нотариатчийн зардлын 10100 төгрөгийн хамт гаргуулж “К банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр №БГ-57/15 дугаартай “Барьцааны гэрээ”-гээр барьцаалагдсан барьцааны зүйлүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч М.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие К банкны Дорноговь салбараас 2015 оны 07 сарын 09-ний өдөр зээлийн гэрээ болон барьцаат зээлийн гэрээ байгуулж 12000000 төгрөгийг жилийн 27.60 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан. Уг зээлийг авахдаа өөрийн төрсөн эгч М.Аг хамтран зээлдэгчээр оролцуулсан боловч уг мөнгийг би өөрөө авч тухайн үед ажиллуулж байсан бизнесийн үйл ажиллагаа болох РС тоглоомын газартаа хөрөнгө оруулалт хийсэн. Хамтран зээлдэгч М.Агийн хувьд гарын үсэг зурснаас өөр зүйлгүй, тиймээс цаашдаа энэ зээлийн асуудлыг би өөрөө хариуцаад явах хүсэлтэй байна. Мөн түүнчлэн төрсөн эгч М.А маань уушгины хорт хавдар өвчин нь сүүлийн шатанд орсон гэсэн оноштойгоор биеийн байдал маш тааруу, байнгын гэрийн асаргаанд байдаг, 2 жил гаруй хугацаанд өвчтэй хүнд байдалд байгаа тул түүнийг шүүхэд ирүүлж биеийн байдлыг хүндрүүлмээргүй байгааг харгалзан үзэхийг хүсье. Миний хувьд К банкнаас авсан зээлээ төлж байгаад манай нөхөр С нь аймгийн Холбооны газарт ажиллаж байгаад 2016 оны 06-р сарын 07-ны өдөр нас барсан. Нөхрөө нас барснаас хойш банкны зээлээ төлөх боломжгүй болж, РС тоглоомын газраа ажиллуулахаа больж түүнээс хойш саяхныг хүртэл ажилгүй, 2 хүүхдийнхээ мөнгөөр л амьдарч байсан учир уг зээлийг үргэлжлүүлэн төлж чадаагүй. Манай нөхрийг нас барсны дараа 2016 оны 9 сард К банкнаас ирж уулзаж зээлээ төлөхгүй бол байрыг хураана, битүүмжлэх талаар шаардахад би ийм зүйл боллоо төлөх боломжгүй байна шүүхэд өгөөд шийдвэрлүүлье гэсэн. Мөн үүний дараа 2018 оны 7 сард К банкнаас ирж уулзаж зээлийг төлөх талаар мэдэгдсэн би төлөх боломжгүй байна шүүхэд өгөөд гэрээгээ цуцлаад, хүүгээ зогсооё гэдгийг байнга л хэлж байсан. Банкны хувьд зээлийн гэрээний 8.3 дугаар зүйлийн 8.3.1, 8.3.2, 8.3.3-т тус тус заасан банк зээлийн гэрээг өөрийн санаачилгаар дуусгавар болгож цуцлах үндэслэл, нөхцөл байдлууд 2016 оны 9 сард бий болсон байсан. Гэтэл зээлийн гэрээг дуусгавар болгох нөхцөлүүд 2016 оны 9 сард бий болсон байтал энэ нөхцөл байдал бий болсныг аль эрт мэдсээр байж 3 жилийн хугацааны дараа 2020 оны 01 сард шүүхэд хандаж зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж мөнгө хүүлэх хэмжээний иргэнийг хохироож, банкинд ашигтай байдлыг үүсгэж байгаад гомдолтой байна. 3 жилийн өмнө зээлийн гэрээний үүрэг зөрчигдөхөд гэрээг дуусгавар болгож шийдвэрлүүлсэн бол ийм асуудал үүсэхгүй байсан. К банкны нэхэмжилж байгаа дүнгийн тооцооллыг харахад зээлийн хүүнд 6336364.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58732.79 төгрөгийг нэхэмжилсэн байна. Миний бие 4216721.97 төгрөг, хүү 4308320.40 төгрөгийг тус тус төлсөн ба урьд төлсөн болон банкны одоо нэхэмжилж байгаа дүнг бодоод үзэхээр 12000000 төгрөг зээлснийхээ төлөө зээлийн хүүнд 10644684 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 990740 төгрөг, нийт зөвхөн хүүнд 11635425 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжилж байгаа нь зээлсэн мөнгөнөөсөө давсан хүү төлүүлэх гэж байгаа нь банкны мөнгө хүүлж байгаа нэг хэлбэр төдийгүй, Көөрөө Зээлийн гэрээний 8 дугаар заалтыг зөрчсөн ба 2020 оны 01 сарын 08-ны өдрийн байдлаар тооцон үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Иргэний хуульд зааснаар зээлийн гэрээг хугацаатай болон хугацаагүй байгуулж болохоор заасан ба хугацаагүй байгуулсан гэрээний тухайд хэдийд ч зээлдүүлэгч зээлдэгчээс буцаан шаардах эрхтэй байдгаараа хугацаатай зээлийн гэрээнээс ялгардаг. Юуны тулд зээлдэгч, зээлдүүлэгч нарын хооронд хугацаа тохироод байгаа билээ үүнийг анхаарах нь зүйтэй. Иймд 2015 оны 07-р сарын 09-ний өдрөөс 2018 оны 07-р сарын 09-ний өдрийг хүртэл 36 сарын хугацаанд төлөх үндсэн зээл, зээлийн хүү буюу Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 7783278.03 төгрөг, зээлийн үндсэн хүү 1381636 төгрөг, 2018 оны 07-р сарын 09-ний өдөр хүртэл буюу гэрээний ерөнхий хугацаагаар тооцон 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи буюу 2018 оны 07-р сарын 09-ний өдрөөс хойшхи хугацааны нэхэмжилсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэжээ.  

Хариуцагч М.Д шүүхэд гаргасан нэмэлт хариу тайлбартаа: “...К банкны нэхэмжилж байгаа мөнгөн дүнгийн тооцооллыг харахад үндсэн зээлийн үлдэгдэл 7783278.03 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 6336364.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 958732.79 төгрөг, нийт 15078375 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие зээлийн гэрээний хугацаанд хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 4216721.97 төгрөг, зээлийн үндсэн хүүний төлбөрт 4308320.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 32007.63 төгрөг, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт нийт 8557050 төгрөгийг төлсөн байдаг. К банкны нэхэмжлэлтэй танилцахад 12000000 төгрөг зээлснийхээ төлөө өмнө нь төлсөн болон одоо нэхэмжилж байгааг нэмж тооцоход зээлийн хүүнд 10644684 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 990740 төгрөг, нийт зөвхөн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүнд 11635425 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжилж байгаа нь зээлдүүлсэн 12000000 төгрөгтэй бараг тэнцүү буюу нэг дахин нугалж төлүүлэхээр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Миний хувьд нэхэмжлэлээс банк болон зээлдэгч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаагаар тооцон 2015 оны 07-р сарын 09-ний өдрөөс 2018 оны 07-р сарын 09-ний өдрийг хүртэл 36 сарын хугацаанд зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу төлбөл зохих байдлаар тооцон үндсэн зээлийн үлдэгдэл болох 12000000 төгрөгнөөс гэрээний хугацаанд төлсөн 4216721.97 төгрөгийг хасч тооцон үлдэгдэл 7783278.03 төгрөгийг төлөхийг, төлбөл зохих зээлийн үндсэн хүү 5689956.52 төгрөгнөөс гэрээний хугацаанд төлсөн 4308320.40 төгрөгийг хасч тооцон үлдэгдэл 1381636.12 төгрөгийг төлөхийг, төлөгдөөгүй үндсэн хүү 1381636.12 төгрөгийн 20 хувиар тооцон 276327.22 төгрөгийг төлөхийг, нийт 9441241.37 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, үлдэх 5637133 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэжээ.

 

                Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч М.Д, М.А нараас зээлийн үүргийн гүйцэтгэлд 15,078,375 төгрөг, нотариатчийн зардал 10,100 төгрөгийг гаргуулж КХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож,

 

                Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд Дорноговь аймаг, Сайншанд сум, 2 дугаар баг, 3-58 айл ** тоот, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0713000735 дугаарт бүртгэгдсэн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар,

 

                Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид 233,392 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар,

 

               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж,

 

                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

 

Хариуцагч М.Д давж заалдсан гомдолдоо: “...М.Д миний бие К банктай 2015 оны 07 сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 12000000 төгрөгийг жилийн 27,6 хувийн хүүтэй, жижиг дунд бизнесийг дэмжих зорилгоор 36 сарын хугацаатай авсан. Миний хувьд анх зээлээ авахдаа ПС тоглоомын газар ажиллуулах зорилгоор авсан ба зээлээ хуваарийн дагуу төлж байгаад 2016 оны 6 сард манай нөхөр Б.Соёлхүү нас барж, энэ хугацаанаас хойш ПС тоглоомын газраа ажиллуулахаа больж, ажилгүй орлогогүй болж өрх толгойлон хоёр хүүхдийнхээ мөнгөөр л амьдарч байсан. Банкны зээлээ төлж чадахаа болиход К банкнаас манай гэрт 2016 оны 9 сараас эхлээд удаа дараа ирж зээлээ төлөхийг шаардаж байсан ба би тухайн үед мөнгө хайгаад олдохгүй байна, шүүхэд өгч зээлийн хүүг зогсоох талаар удаа дараа хэлж байсан. Зээлийн гэрээ 2018 оны 07 сарын 09-ний өдөр дуусах байсан ч зээлийн гэрээ цуцлах нөхцөл байдлууд аль хэдийн 2016 оны 9 сард бий болсон байсан. Би хугацаа хожимдуулж чадаж ядан төлсөөр хамгийн сүүлд 2017 оны 01 сараас огт төлөлт хийгээгүй. Хэдийгээр хариуцагч зээлийн гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй хэдий боловч банк гэрээний нэг тал учир мөн гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлэх үүрэгтэй. Нэхэмжлэгч тал буюу К банкны хувьд Зээлийн гэрээний 8 дугаар зүйл “Зээлийн гэрээ дуусгавар болох”, 8.3 дугаар зүйлийн 8.3.1, 8.3.2, 8.3.3, 8.3.9, 8.3.13- т тус тус заасан хэд хэдэн нөхцөлүүд 2016 оны 9 сард үүссэн байхад үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй буруутай үйлдэл харагдаж байгаа ба өөрөөр хэлбэл хариуцагч зээлээ цаашид төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн талаар болон нэхэмжлэгч тал хугацаандаа зээлээ төлөх, хэрэв төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр шаардлага хангуулах талаар удаа дараа уулзаж байсан талаар хэн аль нь маргадаггүй байдлаар банк өөрийн санаачилгаар гэрээг шууд цуцлах нөхцөл байдлууд тогтоогддог юм. Хэрэв гэрээнд заасны дагуу ажилласан бол өнөөдрийг хүртэл зээлийн хүү бодогдохгүй хариуцагч надад илт хохиролтой байдал үүсэхгүй байсан. К банкны нэхэмжилж байгаа мөнгөн дүнгийн тооцооллыг харахад үндсэн зээлийн үлдэгдэл 7783278.03 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 6336364.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 958732.79 төгрөг, нийт 15078375 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Миний бие зээлийн гэрээний хугацаанд хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 4216721.97 төгрөг, зээлийн үндсэн хүүний төлбөрт 4308320.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 32007.63 төгрөг, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт нийт 8557050 төгрөгийг төлсөн байдаг. К банкны нэхэмжлэлтэй танилцахад 12000000 төгрөг зээлснийхээ төлөө өмнө нь төлсөн болон одоо нэхэмжилж байгааг нэмж тооцоход зээлийн хүүнд 10644684 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 990740 төгрөг, нийт зөвхөн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүнд 11635425 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжилж байгаа нь зээлдүүлсэн 12000000 төгрөгтэй бараг тэнцүү буюу нэг дахин нугалж төлүүлэхээр зээлийн гэрээний хариу үүргийн хэмжээ илтэд их нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Миний бие хэдийгээр зээлийг эргэн төлөх үүрэгтэй хэдий боловч банк мөн адил хууль болон журамд зааснаар үүргээ хэрэгжүүлэх үүрэгтэй юм. Иймд зээлийн гэрээний хугацаагаар тооцон 2015 оны 07-р сарын 09-ний өдрөөс 2018 оны 07-р сарын 09-ний өдрийг хүртэл 36 сарын хугацаанд зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу төлбөл зохих байдлаар тооцон үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 9441241.37  төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, үлдэх 5637133 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй ба шүүхээс зээлийн гэрээний хариу үүргийн хэмжээг багасгаж өгөхийг хүсч байна. Иймд Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2020 оны 04 сарын 02-ны өдөр 136/ШШ2020/00143 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний хариу үүргийн хэмжээг багасгаж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.   

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ю.Н давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. М.Д, М.А нар нь 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 12000000 төгрөгийг 36 сарын хугацаатай буюу 2018 оны 07 дугаар сарыг хүртэлх хугацаанд зээлж авсан. Зээлийг бизнесийн үйл ажиллагаа эрхлэх буюу интернэт тоглоомын үйл ажиллагаа явуулах зорилгоор авсан. Зээлийг төлж байх явцад буюу 2016 оны 06 дугаар сард үндсэн зээлдэгч М.Дын нөхөр нь нас барснаар интернэт тоглоомын газар орлогогүй болж, бизнесийн үйл ажиллагаа зогссон байдаг. Нөхөр нь нас барснаас хойш буюу 2016 оны 09 дүгээр сараас банкны ажилтнууд М.Дын гэрт удаа дараа ирж, нөхцөл байдалтай танилцаж байсан. Анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асууж байхад үүссэн нөхцөл байдлыг мэдсэн, энэ үйл баримтын талаар талууд маргадаггүй. Ийм нөхцөл байдал үүсэж явсаар байгаад 2017 оны 01 дүгээр сараас эхлэн уг зээл огт төлөгдөөгүй. Бидний зүгээс маргаж байгаа зүйл нь иргэний эрх зүйн гэрээ нь талуудын тэгш эрхийн зарчимд үндэслэж эрх, үүрэг, хариуцлага нь талуудын харилцаанд эрх тэгш үйлчлэх ёстой. Харин аль нэг талд нь давуу эрх олгох, нөгөө тал нь зөвхөн үүрэгтэй байх талаар тусгаж болохгүй юм. Анхан шатны шүүхийн шийдвэрт “Шүүхэд нэхэмжлэл гаргах нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, үүрэг гүйцэтгүүлэгчийн буюу банкны эрх бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлээгүй явдалд түүнийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй” гэсэн байна. Үүнийг уншихаар банк эрхтэй, зээлдэгч үүрэгтэй мэт харагдаж байна. Гэхдээ талуудын тэгш эрхийн зарчмаар аль аль нь эрхтэй, аль аль нь үүрэгтэй, аль аль нь хариуцлагатай. Хариуцагч талд зээлийг эргэн төлөх боломжгүй нөхцөл байдал 2016 оны 09 дүгээр сард үүссэн. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 8 дугаар зүйлд гэрээ дуусгавар болох талаар заасан ба 8.3-т “Дараах тохиолдолд банк зээлийн гэрээг өөрийн санаачилгаар шууд цуцална” гэж заасан. Зээлийн гэрээний 8 дугаар зүйлд заасан зээлийг 2 буюу түүнээс дээш удаа төлөөгүй, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, бизнесийн үйл ажиллагаа зогссон, эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл нь дууссан, гэрээний заалтыг ноцтой зөрчсөн, зээлдэгч санхүүгийн чадваргүй болсон, төлбөрийн чадвар муудсан гэсэн 5 үндэслэл бий болсон байдаг. 90 хоногоос дээш хугацаагаар зээлийг төлөөгүй бол гэрээг ноцтой зөрчсөн гэж үзэхээр заасан байдаг. Хариуцагч нь мөнгө олоод зээлийг төлнө гэсэн учир харж хүлээсэн гэж нэхэмжлэгч талаас тайлбарладаг. Гэхдээ 2016, 2017, 2018, 2019, 2020 он хүртэл шүүхэд өгөөгүй байдаг. Хариуцагч өөрөө өөрийгөө шүүхэд өгч болох биш. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр дууссан, зээлдэгч зээлээ удаан хугацаагаар төлөөгүй байхад яагаад шүүхэд өгөөгүй юм гэдэг асуудал хөндөгдөж байна. Зээлдүүлэгч талаас шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс болоод 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаагаар нэхэмжилж байгаа нь зээлдэгчийн эрх ашгийг илт хохироосон гэж үзэж байна. Тийм учраас зээлийн гэрээний хариу үүргийн хэмжээ, зээлийн хүүг багасгаж өгнө үү...” гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нэргүй давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч М.А, М.Д нар нь 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 12000000 төгрөгийн бизнесийн зээлийг авсан байдаг. Нөхөр нь нас бараад бизнесийн орлого нь зогссон гэсэн тайлбарыг гаргадаг боловч уг зээл нь М.Дын нэр дээр судлагдаж гарсан болохоос түүний нөхрийн нэр дээр гараагүй. Банкны зүгээс хүүг бууруулах боломжгүй. Зээлийн гэрээнд заасан зээлийн гэрээ дуусгавар болох хэсгийг яриад байх шиг байна. М.Д болон К банкны Дорноговь салбарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан. К банкны Дорноговь салбар нь татан буугдаж, Замын-Үүд салбарт нэгдэх үед уг зээл манай салбарт ирсэн. Үүнээс хойш 2 удаа ирж уулзсан, зөндөө удаа өөрт нь сануулж байсан. Шүүхэд өглөө гэхээр нөхөр нас барсан, шүүхэд өгөхөөр барьцаанд орон сууц маань байгаа болохоор шүүхэд битгий өгөөч, мөнгө олоод хаана гэж хойшлуулдаг байсан. Манай зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргахаар Сайншандад ирэхэд эгч нь Архивын газарт ажилд орсон, 6 сарын хугацаа өгөөч, 6 сарын дараа цалингийн зээл аваад хаана гэж гуйсан. Тэгж байтал банк дампуурч, 2019 оны 12 дугаар сард эрх хүлээн авагч томилогдсон. Тэгээд 2020 оны 01 дүгээр сард нэхэмжлэл гаргасан ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

            Нэхэмжлэгч К ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь хариуцагч М.Д, М.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 7783278,03 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 6336364,18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 958732,79 төгрөг, нотариатын зардал 10100 төгрөг, нийт 15088475 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч хариуцагч М.Д “... банк зээлийн гэрээг өөрийн санаачилгаар дуусгавар болгож цуцлах үндэслэл нөхцөл байдлууд үүссэн байхад гэрээг цуцлаагүйгээс хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нэмэгдсэн. ... зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаагаар зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө...” гэж маргажээ.

 

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч нараас нийт 15088475 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хариуцагч М.Д, хариуцагчийн өмгөөлөгч Ю.Н нар эс зөвшөөрч “ ...зээлийн гэрээнд заасан гэрээ дуусгавар болгох үндэслэлүүд үүссэн байхад нэхэмжлэгч энэ үүргээ гүйцэтгээгүй буруутайгаас ... илт хохиролтой байдал үүссэн. ... Нийт 9441241,37 төгрөг төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж өгнө үү... ” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

 

            Давж заалдах шатны шүүх хариуцагч М.Д болон хариуцагчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн нарын давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, маргаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх боловч хэрэгт цугларсан зарим нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, зээлийн тооцооллыг зөв хийгээгүй тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

            Хэрэгт цугларсан нотлох баримтаар хариуцагч нар нь нэхэмжлэгч “К банк” ХХК-иас 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулан, жижиг, дунд бизнесийн зориулалтаар 12000000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, жилийн 27,6 хувийн хүүтэй зээлж авсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн, хариуцагч нар зээлд 4216721,97 төгрөг, зээлийн хүүд 4308320,40 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 32007,63 төгрөг тус тус төлсөн нь тогтоогдсон, зохигчид энэ талаар болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан  хүчин төгөлдөр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байна.

 

            Анхан шатны шүүх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон нэхэмжлэгчийн шаардах эрхээ хэрэгжүүлэх, шүүхэд мэдүүлэх эрхийн талаар тус тус үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-т зааснаар Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч хэзээ, хэнээс юу шаардахыг өөрөө шийдвэрлэдэг.

 

            Тиймээс нэхэмжлэгчийг энэхүү эрхээ хэрэгжүүлээгүйгээс хариуцагч нарт хохиролтой байдал бий болж, гэрээний үүрэг нэмэгдсэн гэж үзэх нь дээрх хуулиудад нийцэхгүй болно.

 

            Түүнчлэн гэрээнд заасан гэрээг дуусгавар болгож цуцлах үндэслэл гэрээний хугацаа дуусахаас өмнө бий болсон байсан, зээлийн гэрээний хугацаа 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр дууссан байх боловч энэ нь банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээл учир Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3-т зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

            Гэвч хэрэгт цугларсан зээлийн гэрээний үүргийн биелэлтийг тооцсон тооцооллын талаарх нотлох баримтыг шинжлэн судалж үзвэл зээл, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрхэн яаж тооцсон нь тодорхойгүй, үүргийг зөрчсөн хугацааг тодорхойлох боломжгүй байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон зээлийн дансны хуулга /хх-57-62/-ыг үндэслэн зээлийн үлдэгдлийг 7783278,03 төгрөг, балансын гадуурх дансны хуулга /хх-65/-ыг үндэслэн хэтэрсэн хугацааны хүүг 4484703,47 төгрөг, балансын гадуурх дансны хуулга /хх-66/-ыг үндэслэн нэмэгдүүлсэн хүүг 875210,38 төгрөг гэж тооцов.

 

            Харин хэрэгт авагдсан балансын гадуурх дансны хуулга баримтууд /хх-63-64/-ыг хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол бүхий бичгийн баримт гэж үзэх буюу тэдгээрт энэ талаарх агуулга дурдагдаагүйгээс тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж үнэлэх боломжгүй байна.

 

            Иймд хариуцагч нараас зээлд 7783278,03 төгрөг, зээлийн хүү буюу хэтэрсэн хугацааны хүү 4484703,47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 875210,38 төгрөг, нотариатын зардал 10100 төгрөг нийт 13153291,88 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1935183,12 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч С.Д болон түүний өмгөөлөгч Ю.Н нарын “зээлийн төлбөрийг зээлийн гэрээний хугацаагаар тооцох” тухай агуулга бүхий давж заалдсан гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

                1. Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 136/ШШ2020/00143 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч М.Д, М.А нараас зээлийн үүргийн гүйцэтгэлд 15,078,375 төгрөг, нотариатчийн зардал 10,100 төгрөгийг гаргуулж КХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгосугай.” гэснийг,

 

“Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч М.Д, М.А нараас зээлд 7783278,03 төгрөг, зээлийн хүү буюу хэтэрсэн хугацааны хүүд 4484703,47 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 875210,38 төгрөг, нотариатын зардалд 10100 төгрөг, нийт 13153291,88 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч КХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1935183,12 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

 

3 дугаар заалтын “... 233392...” гэснийг “223716” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч М.Д болон хариуцагчийн өмгөөлөгч Ю.Н нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Д нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Н.БОЛОРМАА

 

                                                 ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

 

                                                                                                       Н.БАТЧИМЭГ