Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 136/ШШ2020/00143

 

 

 

 

 

 

 

2020 04 02 136/ШШ2020/00143

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, 15141, Самбуугийн гудамж-43, Чингэлтэй дүүрэг, Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 2-р баг, Алтанговь гудамж, 13-р байр, 37 тоотод оршин суух Алтанханд овогт Монхойдойн Долгор /РД:ЕЮ77082705/,

 

Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 3-р баг, Мааньзав, 2-р гудамж 26 тоотод оршин суух Алтанханд овогт Монхойдойн Ариунаа /РД:ЕЮ68022001/ нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,078,375 төгрөг, нотариатчийн зардал 10, 100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нэргүй, хариуцагч, хариуцагч М.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, хариуцагчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч М.Д, М.А нар нь Капитал банктай 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 55 тоот зээлийн гэрээ байгуулж 12 000 000 төгрөгийг жилийн 27,6 хувийн хүүтэй, жижиг дунд бизнесийн зориулалттайгаар 36 сарын хугацаатайгаар зээл авсан байдаг. Хариуцагч нар нь мөн энэ өдөр 57 тоот барьцааны гэрээ байгуулсан. Үүнд зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар улсын бүртгэлийн 071300735 дугаартай Дорноговь аймгийн Сайншанд сум 2 дугаар баг 3-58 айл байр 29 мкв 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээл эргэн төлөлтийн тухайд зээл авч ашигласнаас хойш зээлийн үндсэн төлбөрт 4 216 721.97 төгрөг, зээлийн үндсэн хүүний төлбөрт 4 308 320.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 32 007.63 төгрөгийг тус тус төлсөн. Нэхэмжлэл гаргах үеэр 2020 оны 01 сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 7 783 278.03 төгрөг, үндсэн зээлийн хүү 6 336 364.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 958 732.79 төгрөг, нийт 15 078 375 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн нотариатын зардал 10 100 төгрөгийг Капитал банкны эрх хүлээн авагчид олгуулна. Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хийсэн барьцааны гэрээгээр барьцаалагдсан барьцааны зүйлийг дуудлага худалдаагаар худалдах гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч М.Д шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг зээлийг авахдаа өөрийн төрсөн эгч М.Аг хамтран зээлдэгчээр ороцуулсан боловч уг зээлийг би өөрөө авч тухайн үед ажиллуулж байсан бизнесийн үйл ажиллагаанд зарцуулсан. Хамтран зээлдэгч М.Агийн хувьд гарын үсэг зурснаас өөр зүйлгүй. Тийм учраас цаашдаа энэ зээлийн асуудлыг би өөрөө хариуцаад явах хүсэлтэй байна. Мөн төрсөн эгч М.А уушгины хорт хавдар өвчний улмаас байнгийн гэрийн асаргаанд байдаг, биеийн байдал нь маш тааруу байгаа. 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр нөхөр Б.Соёлхүү маань нас барсан. Энэ хугацаанаас хойш писи тоглоомын газраа ажиллуулахаа больж хоёр хүүхдийн мөнгөөр амьдарч байна. Ийм учраас зээлийг үргэлжлүүлэн төлж чадаагүй. Банкнаас 2016 оны 09 дүгээр сар, 2018 оны 07 дугаар саруудад ирж уулзсан. Тухайн үед зээл төлөх боломжгүй гэрээгээ цуцлаад хүүгээ зогсоолгох хүсэлтэй байгаагаа хэлсэн. Гэтэл зээлийн гэрээг цуцлах нөхцөл 2016 оны 09 дүгээр сард бий болсоор байтал 3 жилийн хугацааны дараа 2020 оны 01 дүгээр сард шүүхэд хандаж зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж мөнгө хүүлэх хэмжээний иргэнийг хохироож банканд ашигтай байдал үүсгэж байгаад гомдолтой байна. Нэхэмжилж байгаа дүнг бодоод үзэхэд 12 000 000 төгрөг зээлсний төлөө зээлийн хүүд 10 644 684 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 990 740 төгрөг, нийт хүүнд 11 635 425 төгрөг төлүүлэх гэж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Иймд нийт 9 441 241 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Үлдэгдэл 5 637 133 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчийн хүсэлтээр шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч М.Д, М.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 15,078,375 төгрөг, нотаритчийн зардал 10,100 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг зохигчдын хооронд байгуулсан барьцааны гэрээний зүйлээр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч М.Д нь нэхэмжлэлийн шаардлагаас 9,441,241 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй, банк зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар шүүхэд хандах боломжтой байсан ч хандаагүй өнөөг хүрч, зээлдэгч нарын хариуцлагын хэмжээг нэмэгдүүлсэн тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 5,637,133 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргана.

 

М.Д, М.А нар нь 2015 оны 07 дугаар сарын 09-ны өдөр ЗГ-57/15 тоот зээлийн гэрээ байгуулж, 12,000,000 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, зээлдэгч нар нь үүргийн гүйцэтгэлд Дорноговь аймгийн Сайншанд сум, 2 дугаар баг 3-58 айл, 37 тоот орон сууцыг барьцаалж, уг гэрээг Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн тухай баримт хэрэгт авагдсан байх бөгөөд эдгээр үйл баримтын талаар талууд маргаагүй.

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хийсэн барьцааны гэрээ нь хуулийн хувьд хүчин төгөлдөр гэж дүгнэлээ.

Зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлдэгч зээлээ төлөөгүй, гэрээний үүргийн биелэлт зөрчигдсөн нь хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайбараар тогтоогдож байна.

 

Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тухай Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасан байх тул хариуцагч М.Д, М.А нараас үндсэн зээл 7,783,278.03 төгрөг, үндсэн хүү 6,336,364.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 958,732 төгрөг, нийт 15,078,375 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зээлийн гэрээнд заасан 36 сарын хугацаа 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон мөн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах нөхцөл байдал 2016 оны 9 дүгээр сард бий болсон атал нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй 2 жил шахам хугацаа өнгөрснөөс зээлдэгч нарын хариуцлагын хэмжээг нэмэгдүүлсэн гэж хариуцагч маргаж байгаа.

 

Шүүхэд нэхэмжлэл гарган зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн буюу банкны эрх бөгөөд энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй явдалд түүнийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,078,375 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөгөгдсөн болохыг дурдаж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 233,392 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч М.Д, М.А нараас зээлийн үүргийн гүйцэтгэлд 15,078,375 төгрөг, нотариатчийн зардал 10,100 төгрөгийг гаргуулж Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд Дорноговь аймаг, Сайншанд сум, 2 дугаар баг, 3-58 айл 37 тоот, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0713000735 дугаарт бүртгэгдсэн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид 233,392 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛГИРМАА