Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/00685

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/00685

 

 

 

А.Энхжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2018/00169 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А.Энхжаргалын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч А.Энхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Б/494 тоот тушаалаар хүүхэд асрах чөлөөтэй байгаа б.Өлзийнямын оронд Хан-Уул хэрэглэгчдэд үйлчлэх төвийн авлага барагдуулах хэсгийн монтёроор ажилд орж, ажил үүргээ үнэнчээр гүйцэтгэж, ажиллаж байсан. Гэтэл намайг ажил тасалсан гэж үндэслэлгүйгээр 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ажлаас халсан. Ерөнхий захирал н.Баярсайхан ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр өрөөндөө дуудаж, хүн зөөсөн гэж хардсан, сонгуульд явсан, сонгуулийн орой ямар дүн гарна, түүнээс хамаарч хариуцлага оногдуулна гэж хэлсэн ба түүнээс хойш намайг ажлаас шахаж эхэлсэн. Дээрх тушаал гарсны дараа шүүхэд нэхэмжлэл гаргахад хуулийн зөвлөх надтай уулзаж, эвлэрье, нэхэмжлэлээ татан ав, захирамжаа аваад ажилдаа ор гэж хэлсэн. Ажилд авсан тушаал 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гарсан ба би нэхэмжлэлээсээ татгалзаж маргааш нь ажилдаа орсон. 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Б.Өлзийнямыг хүчээр дуудаж ирүүлсэн. Хэсгийн ахлагч Б.Өлзийнямаас ажилд орох тушаалтайгаа танилцсан уу гэхэд хүүхдээ хараад гэртээ байхад ажлаас дуудсан, мэдэхгүй гэж хэлсэн. А.Энхжаргалын ажилд орсон тушаал болон хөдөлмөрийн гэрээнд Б.Өлзийнямыг ажилдаа эргэж орох хүртэл ажиллуулахаар заасан учраас түүнийг ажилд орох хүртэл ажил үүргээ гүйцэтгэх ёстой.

Гэтэл Б.Өлзийнямыг ажилдаа орох хүсэлтээ гаргасан гэж хэлээд намайг ажлаас халсан боловч Б.Өлзийням одоо болтол ажлаа хийгээгүй, гуравдагч этгээд миний ажлыг хийж байна. Хариуцагч тэр хүнийг Б.Өлзийнямын өмнө ажиллаж байсан гэж тайлбарлаж байгаа боловч тэр талаар нотолсон ямар нэгэн баримт байхгүй. Иймд намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан тул урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэнд даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Баярсайхан, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрболд нар шүүхэд гаргасан тайлбартаа: А.Энхжаргал нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Хан-Уул хэрэглэгчдэд үйлчлэх төвийн авлага барагдуулах хэсгийн монтёроор Б.Өлзийнямын оронд буюу хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд гүйцэтгэх захирлын 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Б/494 тоот тушаалаар ажилд орсон.

Тушаалын 1 дүгээр заалтад ажилд орох хүсэлт гаргасан А.Энхжаргалыг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс хүүхэд асрах чөлөөтэй байгаа Б.Өлзийнямын орон тоонд Хан-Уул хэрэглэгчдэд үйлчлэх төвийн авлага барагдуулах хэсгийн монтёроор түр томилж ажиллуулав гэж тусгасан. Хөдөлмөрийн гэрээг А.Энхжаргалтай 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хугацаатай байгуулсан. А.Энхжаргал нь 2017 оны 8 дугаар сард зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн боловч ажилд нь 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр түр тушаал гарган авсан. Ажилд авсантай холбогдуулан 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх хэсэгт заасны дагуу "жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажил албан тушаалыг хэвээр хадгална гэж заасны дагуу Б.Өлзийнямын ажлын байрыг хадгалж, түүнийг эзгүй байх хугацаанд хөдөлмөрийн хугацаатай гэрээг А.Энхжаргалтай байгуулсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу эх өөрөө хүсвэл ямар ч үед чөлөө авах, ажилд орох эрхтэй. 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Б.Өлзийням 10 дугаар сарын 16-наас ажилдаа орох өргөдөл гаргаснаар гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/516 дугаар Б.Өлзийнямыг ажилд нь эгүүлэн томилох. А.Энхжаргалыг ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн. А.Энхжаргалыг анх ажилд ороход нь түр тушаалтай гэж хэлсэн. Б.Өлзийням ажилд орох өргөдөл гаргасан учраас А.Энхжаргалыг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан нь хуульд нийцсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар А.Энхжаргалыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Хан-Уул хэрэглэгчдэд үйлчлэх төвийн авлага барагдуулах хэсгийн монтёр /авлага барагдуулагч/-ын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас 1 887 505 төгрөгийг гаргуулж А.Энхжаргалд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Баярсайхан давж заалдах гомдолдоо: Авлага барагдуулах хэсгийн монтёр /авлага барагдуулагч/-оор Б.Өлзийнямын орон тоонд хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулан ажиллаж байсан.

Б.Өлзийням нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн бичсэн өргөдөлдөө /хэргийн материалын 30 дугаар тал/"... 10 дугаар сарын 1-ний өдрөөс хүүхэд асрах чөлөө дуусаж байгаа тул 10 дугаар сарын 16-аас ажилдаа орох хүсэлтэй байна хүлээн авна уу" гэсэн өргөдөл гаргасны дагуу Гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/516 дугаар "Б.Өлзийнямыг ажилд эгүүлэн томилох, А.Энхжаргалыг ажлаас чөлөөлөх" тухай тушаал гаргаж гэрээнд заасны дагуу А.Энхжаргалын хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Гэтэл тушаал гаргаж Б.Өлзийнямыг ажлын байрны зааварчилгааг өгч ажилтай нь танилцуулж байтал 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өргөдөл гаргасан /хэргийн материалын 31 дүгээр тал / ба "... хүүхэд асрах хүнгүй ар гэрийн шалтгааны улмаас ажилдаа орж чадахгүй болсон тул хүүхэд асрах чөлөөг гаргаж 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгаж өгнө үү" гэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу эх өөрөө чөлөө хүсвэл чөлөөг олгоно гэж заасны дагуу чөлөөг олгосон. Тус компанийн зүгээс хүүхэд асрах чөлөөтэй байсан эхийн ажилдаа эргэн орох өргөдлийг үндэслэж тушаал гаргаж ажилд авсан. Уг ажилдаа орох өргөдөл, тушаалын дагуу А.Энхжаргалын хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон.

Гэтэл шүүгч шийдвэрийн үндэслэх хэсгийн 5 дугаар хуудасны 2 дахь догол мөрөнд "...2018.02.01, 2018.03.01 хүртэл сунгах хүсэлт гаргасан байхад Б.Өлзийнямыг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс ажилд нь эгүүлэн томилж, А.Энхжаргалыг мөн өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй гэж үзэв" гэж үндэслэсэн нь хэргийг буруу шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Учир нь 1-т Б.Өлзийням нь чөлөөтэй байх хугацаандаа хугацаагаа сунгах хүсэлт гаргаагүй бөгөөд ажилд эгүүлэн томилсон тушаал гарч ажил хүлээлцэж байхад чөлөө сунгах өргөдлөө гаргасан. Тушаал гарч А.Энхжаргалын хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж гэрээг дуусгавар болгосон байсан бөгөөд хууль болон гэрээгээр ажилтан буюу Б.Өлзийням чөлөөгөө сунгавал дахин А.Энхжаргалыг ажилд нь авна гэж тохиролцоогүй ба ийм үүрэг хүлээгээгүй болно. Иймд нэхэмжлэл болон Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нотлох баримтыг үйл баримтад харьцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч А.Энхжаргал нь хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон, ажлаас чөлөөлсөн тушаал хуульд нийцсэн гэж маргажээ.

А.Энхжаргал нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/494 дугаар тушаалаар 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс хүүхэд асрах чөлөөтэй Б.Өлзийнямын орон тоон дээр түр томилогдон, Хан-Уул хэрэглэгчдэд үйлчлэх төвийн авлага барагдуулах хэсгийн монтёр /авлага барагдуулагч/-оор ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 08 дугаар сарын 01ий өдрийн Б/384 дүгээр тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсны улмаас ажлаас халагдсан боловч ажил олгогчийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны Б/472 дугаар тушаалаар дахин дээрх орон тоонд түр томилогдон ажиллажээ. /хх-15,16/ Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2017 оны 10 сарын 16-ны өдрийн Б/516 дугаар тушаалаар Хан-Уул хэрэглэгчдэд үйлчлэх төвийн авлага барагдуулах хэсгийн монтёр /авлага барагдуулагч/-ын ажлаас А.Энхжаргалыг чөлөөлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон./ х.х-ийн 17 дугаар тал/

Ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр, 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Хөдөлмөрийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасны дагуу бичгээр байгуулсан байна. / х.х-ийн 18-25, 26-29 дүгээр тал/

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 10 сарын 16-ны өдрийн Б/516 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 35 дугаар зүйлийн 35.1.4, 37 дугаар зүйлийн 37.1.3, компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 4.9, Ажилтнуудын хөдөлгөөнийг зохицуулах журмын 5 дугаар зүйлийн 5.11, 6 дугаар зүйлийн 6.3, компанийн Захиргаа Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2015-2016 онд мөрдөх Хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.17 дах заалтыг тус тус баримтлан хүүхэд асрах чөлөөний хугацаа нь дуусч 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан Хан-Уул хэрэглэгчдэд үйлчлэх төвийн авлага барагдуулах хэсгийн монтёр /авлага барагдуулагч/ Баянжаргалын Өлзийнямыг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс ажилд нь эгүүлэн томилох, Б.Өлзийнямын оронд түр ажиллаж байсан Алтангэрэлийн Энхжаргалыг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн хугацаатай түр гэрээг цуцлах үндэслэлийг заажээ.

Б. Өлзийням нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Захиргаа хүний нөөцийн хэлтэст хандан өргөдөл гарган хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусаж байгаа тул 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс ажилдаа орох хүсэлтэй болохоо мэдэгдэж, түүнийг ажилд нь томилсноор Хан-Уул хэрэглэгчдэд үйлчлэх төвийн авлага барагдуулах хэсгийн монтёр /авлага барагдуулагч/-оор түүний оронд ажиллаж байсан А.Энхжаргалын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл болсон гэж үзнэ. /хх-30/ Энэ үндэслэлээр ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлсөн байхад анхан шатны шүүх Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 10 сарын 16-ны өдрийн Б/516 дугаар тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, хөдөлмөрийн гэрээний 1.1 дэх заалттай нийцэхгүй гэж дүгнэсэн нь буруу юм.

Талууд хөдөлмөрийн гэрээний 1.1-т ... харилцан тохиролцож жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа Баянжаргалын Өлзийнямын эзгүй байх хугацаанд нь буюу ажилдаа эргэж орох хүртэл хугацаагаар ... гэж гэрээний хугацааг тодорхойлсон бөгөөд хүүхэд асрах чөлөөтэй байсан Б.Өлзийням нь шүүх хуралдаан дээр 2017 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр өргөдөл гаргаж, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ажилдаа орох хүсэлтээ өөрөө өгсөн гэж мэдүүлсэн зэргээс үзвэл нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх болсон үндэслэл давхар нотлогдсон байхад гэрчийн мэдүүлгийг хэрэгт авагдсан бусад нотлох баримттай бодитойгоор харьцуулан үзээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчжээ. /х.х-ийн 52 дугаар тал/

Мөн ажил олгогч 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дээрх үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн хугацаатай гэрээг цуцалсны дараа 2017 оны 10 дугаар сарын 17, 19-ны өдөр Б.Өлзийням өргөдөл гаргаж, тодорхой шалтгааны улмаас хүүхэд асрах чөлөөг сунгасан нь хариуцагч байгууллагыг А.Энхжаргалтай хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэх үүрэг үүссэн гэж дүгнэхгүй юм. /хх-31,32/ Учир нь гэрээг цуцалснаар хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох тул талуудад хөдөлмөрийн гэрээгээр эдлэх эрх, хүлээх үүрэг үгүй болно.

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр нь жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй, эзгүй байгаа ажилтныг ажилдаа орох хүртэл хадгалагдаж байгаа ажлын байр тул Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт заасны дагуу талууд хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа хугацаатай байгуулахаар харилцан тохиролцсон бөгөөд хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссанаар хугацаатай гэрээг ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасны дагуу цуцалсныг буруутгах үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Энхжаргалын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2018/00169 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай А.Энхжаргалын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Б.НАРМАНДАХ