Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2018/01176

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2018/01176

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Капитал континент инвестмент ББСБ ХХК-ийн

Нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2018/00639 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Капитал континент инвестмент ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Р.Оюунболдод холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 96 109 843, 54 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Ууганбаяр

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Отгонжаргал

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Чинбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч Капитал континент инвестмент ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Энхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн С.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа

Нэхэмжлэгч байгууллага Р.Оюунболдотой 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ЗГ15/13 дугаар зээлийн гэрээ байгуулан 50 000 000 төгрөгийг олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байрны 40 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө байрыг барьцаалсан. Зээлийг  2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл нийт 18 сарын хугацаатай, сарын 4 хувь буюу жилийн 48 хувь, хугацаа хэтрүүлсэн хүү сарын 4,8 хувь буюу 57,6 хувь байхаар тохирсон. Хариуцагч нийт 20 удаагийн төлөлтөөр 13 765 000 төгрөг төлснөөс зээлийн хүүнд 7 133 936 төгрөг, үндсэн төлбөрт 4 260 903 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 370 160 төгрөгийг төлсөн. Хариуцагч талд үүргээ гүйцэтгэхийг удаа дараа мэдэгдсэн боловч үүргээ биелүүлээгүй учир зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөрийн үлдэгдэл 45 739 096,98 төгрөг, үндсэн хүү 39 217 829,49 төгрөг, нэмэгдүүлсэн  хүү 8 338 067,26 төгрөг, өмгөөлөл хууль зүйн зөвлөгөө авсаны 2 798 849,81 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 16 000 төгрөг нийт 96 109 843, 54 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байна. Зээлийн гэрээний хүү болон нэмэгдүүлсэн хүүг шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаа буюу 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцсон. Барьцааны зүйл  Р.Оюунболд, Р.Оюунтунгалаг, Ж.Болормаа, О.Майдар нарын 4 хүний өмчлөлд байсан ба Р.Оюунтунгалаг нь Р.Оюунболдод итгэмжлэл олгосны дагуу барьцааны гэрээнд бүгд гарын үсэг зурсан. Иймээс мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч Р.Оюунболд шүүхэд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чинбаатар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагчийн зүгээс зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаан байхгүй, 50 000 000 төгрөгийг зээлж аваад эдийн засгийн хүндрэлээс болж төлбөрөө төлж чадаагүй нь үнэн. Төлөлт хийсэн дүнг суутган авсан үүргийн дараалал, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн зээлдүүлэгч зээлдэгчид мэдэгдэл өгөх үүргээ биелүүлээгүй тул хүү, анз авах эрхээ алдана гэж үзэн маргаж байна. Хариуцагч зээлийн төлөлтөд нийт 13 650 000 төгрөг төлсөн. Тухайлбал 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр зээлдэгч 3 000 000 төгрөгийг төлөхөд зээлийн хүүд 2 038 356 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хүүнд 315 616 төгрөг, үндсэн төлбөрт 646 027 төгрөгийг суутгаж авсан. Дараа нь 1 455 000 төгрөгийн төлөхөд үндсэн төлбөрт 1 000 673 төгрөг, хүүд 454 326 төгрөгийг суутгасан. Үндсэн төлбөрөөс 4 удаа л хасалт хийсэн байна. Уг нь төлөлт хийхэд эхлээд үндсэн төлбөрөөс, дараа нь хуримтлагдсан хүүнээс хасагдах байсан.  Иргэний хуулийн 216.4 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх дараалал зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ нэг бус удаа хариуцагчид мэдэгдэл хүргүүлсэн гэж дурдсан. Ямар мэдэгдлийг, хэзээ хүргүүлсэн тухай баримт хэрэгт авагдаагүй.  Барьцааны гэрээ, зээлийн гэрээнд зээлдүүлэгч мэдэгдэл өгөх талаар заасан байхад энэ үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгчийг хугацаа хэтрүүлсэн гээд Иргэний хуулийн 224.2.3-т зааснаар хүү, анз авах эрхээ алдана гэж үзнэ. Зээлийн гэрээний 2.1.4-д хугацаа хэтрүүлсэн жилийн хүү 57,6 хувь гэсэн мөртлөө хаалтад хүүг тооцоолох хэсэгт хүүг дахин нэмэгдүүлсэн жилийн хүүг оруулсан. Үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, хугацаа хэтрүүлсэн хүү гэх 3 хүүг тусгасан нь хүүгээс хүү тооцсон гэж үзэж байна. Иймд хариуцагч нь зээлийн хүүг төлөх эсэх нь эргэлзээтэй байна. Эцэст нь, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын хувьд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Өмчлөгч нарын нэг Р.Оюунтунгалаг хариуцагчид итгэмжлэл олгохдоо зөвхөн банкинд барьцаалах гэсэн байхад банк бус санхүүгийн байгууллагад барьцаалсан нь бүрэн эрх олгогдоогүй гэж үзнэ. Иймээс энэ шаардлага хангагдах үндэслэлгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 158 дугаар зүйлийн 158.3-д заасныг баримтлан хариуцагч Р.Оюунболдоос зээлийн үндсэн төлбөрт 45 276 528.61 төгрөг, хүүд 40 284 959,66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4 478 055,27 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 16 000 төгрөг нийт 90 055 543,54 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Капитал континент инвестмент ББСБ ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2201000912 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байрны 40 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууцаар хангаж, 6 054 300 төгрөгт ногдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 708 699 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 678 427 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чинбаатар давж заалдах гомдолдоо:

... Шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй тул энэхүү тохиролцоог талуудын хүсэлт зориг гэж үзнэ. Тодруулбал, Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт нь гэрээний талууд үүрэг гүйцэтгэх дарааллын талаар харилцан тохиролцоогүй тохиолдолд хэрэглэгдэх зохицуулалт буюу диспозитив хэм хэмжээ гэж ойлгоно гэж үндэслэсэн нь хуульд нийцэхгүй байна. Зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу сар бүр хүү төлөх үүргээ хугацаанд нь биелүүлэх үүрэгтэй. Харин гэрээнд заасан хугацаа өнгөрснөөс хойш төлөгдсөн төлбөрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу эхний ээлжинд үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлэх журамтай. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгчийн хүлээх хариуцлага бөгөөд эдгээр хариуцлагыг эхэлж төлүүлэхээр гэрээгээр дараалал тогтоох нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Эргэн төлөх төлбөр нь үндсэн төлбөр 36 235 000 төгрөг, зээлийн хүү 39 873 521 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 121 214 төгрөг, нийт 80 229 735 төгрөг юм.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагч талаас үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт "Хэлцэл хийгч гуравдагч этгээд хэлцэл хийх үедээ төлөөлөгчийн бүрэн эрхгүй болохыг мэдэж байснаас бусад тохиолдолд төлөөлүүлсэн этгээдээс уг хэлцлийг дэмжсэн зөвшөөрлийг олгохоос өмнө хэлцлээсээ татгалзах эрхтэй" гэж заасан бөгөөд хариуцагч нь барьцааны зүйлийг зөвхөн банкинд барьцаалах эрхтэй, банк бус санхүүгийн байгууллагад барьцаалах эрхгүй, мөн зээлдүүлэгч барьцаалах эрхгүй гэж тус тус тайлбарлан мэтгэлцсэн боловч шүүх энэ талаар дүгнэлт өгөөгүй болно. Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарьн 5-ны өдрийн 184/ШШ2018/00639 дугаар шийдвэрийн 1 дэх хэсэгт " ... үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах... " гэж шийдвэрлэснийг хүчингүй болгож, мөн 1 дэх хэсэгт " нийт 90 055 543,54 төгөөг гаргуулан .." гэж шийдвэрлэснийг 80 229 735 төгрөг гэж өөрчлөн, 9 825 808,54 төгрөгийг хасч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг шийдвэрлэхдээ зохих хуулийн зүйл, заалтыг баримтлаагүй байх тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Капитал континент инвестмент ББСБ ХХК нь хариуцагч Р.Оюунболдод холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 45 739 096,98 төгрөг, зээлийн хүү 39 217 829,49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 338 067,26 төгрөг, өмгөөллийн хөлс 2 798 849,81 төгрөг, нотариатын зардал 16 000 төгрөг, нийт 96 109 843,54 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ... зээлийн гэрээний үүрэгт 37 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, зээлийн эргэн төлөлтийг дараалал зөрчин суутгасан тул үлдэх 59 109 843,54 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргажээ.

 

Талууд 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний дагуу нэхэмжлэгч Капитал континент инвестмент ББСБ ХХК нь хариуцагч Р.Оюунболдод 50 000 000 төгрөгийг 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 14 хүртэл буюу 18 сарын хугацаатай, нэг сарын 4 хувийн хүүтэй зээлүүлж, төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд жилийн 57,6 \сарын 4,8\ хувийн хугацаа хэтрүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон, зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно. /хх-ийн 11-14 тал/

Анхан шатны шүүх талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг тул хариуцагч Р.Оюунболд нь зээлийн төлбөрийг буцаан төлөх үүрэгтэй болно.

 

Хариуцагч Р.Оюунболд зээлийн гэрээний зүйл болох 50 000 000 төгрөгийг хүлээн авсан, 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл нийт 20 удаагийн төлөлтөөр 13 765 000 төгрөгийг төлсөн асуудлаар маргаагүй боловч зээлдэгч төлбөрийг суутган авахдаа Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан дараалал зөрчсөн гэсэн үндэслэл зааж маргажээ.

 

Гэрээний 2.11-т зээлдэгч зээлийг хавсралт №1-д заасан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд банк бус санхүүгийн байгууллага нь эхний ээлжинд хугацаа хэтрүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллаар тооцон зээлийг төлүүлнэ. Барьцаа хөрөнгөөр хангуулах тохиолдолд гарсан зардал, хугацаа хэтрүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллаар тооцон зээлийг төлүүлнэ гэж тохиролцсон байна. Зээлдүүлэгч тал зээлдэгчийн төлсөн мөнгийг гэрээнд тохиролцсон заалтын дагуу суутган авсан байх тул анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны А-236 дугаар тушаалаар батлагдсан банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 2-т нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Капитал континент инвестмент ББСБ ХХК нь нэмэгдүүлсэн хүүг зээлийн хуваарийн дагуу эргэн төлбөрөөс бус зээлийн нийт үлдэгдэл төлбөрөөс тооцсон нь үндэслэлгүй юм. Нэмэгдүүлсэн хүүгийн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагч Р.Оюунболдоос гэрээний хугацаа дуусах хүртэл гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үндсэн төлбөрөөс тооцож 1 441 426,72 төгрөг, гэрээний хугацаа дууссанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл хугацаанд гэрээний үлдэгдэл төлбөрөөс тооцож 3 036 628,55 төгрөг, нийт 4 478 055, 27 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болно гэж заасан. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Капитал континент инвестмент ББСБ ХХК нь зээлийн гэрээг Р.Оюунболд болон Б.Хонгорзул нартай байгуулсан боловч нэхэмжлэлийг Р.Оюунболдод холбогдуулан гаргасан нь дээрх хуулийн заалттай нийцсэн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хуульд зааснаар зохигчид өмгөөлөгч болон эрх зүйн туслалцаа авах эрх нь нээлттэй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох эсэх нь тухайн оролцогчийн эрхийн асуудал тул өмгөөлөгчид төлсөн мөнгийг хариуцагчаас гаргуулах шаардлагагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй юм.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо ... иргэн О.Оюунтунгалагаас хариуцагч Р.Оюунболдод барьцааны хөрөнгийг зөвхөн банкинд барьцаалах эрхтэйгээр олгосон тул банк бус санхүүгийн байгууллагад барьцаалах эрхгүй гэсэн үндэслэл заажээ. Иргэн Р.Оюунтунгалаг нь хариуцагч Р.Оюунболдод Австри улсын Вена хотноо 2015 оны 5 дугаар сарын 7-ны өдөр барьцааны хөрөнгийг банкны барьцаанд тавих эрхтэйгээр итгэмжлэл олгосон, уг итгэмжлэлийн үндсэн дээр барьцааны гэрээнд хариуцагч Р.Оюунболд Р.Оюунтунгалагийг төлөөлөн гарын үсэг зурж, нотариатаар батлуулан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлсэн байх тул барьцааны гэрээг хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

Талууд 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Р.Оюунболд болон иргэн Р.Оюунтунгалаг, Ж.Болормаа, О.Майдар нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байрны 40 тоотод оршин байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон барьцаалжээ. \хх-ийн 15-17 тал\

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгч Капитал континент инвестмент ББСБ ХХК нь хариуцагч Р.Оюунболдоос Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.3 дахь хэсэгт зааснаар хэрэв барьцаагаар хангах үүргийг гүйцэтгэх хугацаа болсон, эсхүл барьцааны гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч нь барьцааны эрхээ хэрэгжүүлэхээр шаардах эрхтэй байдаг бөгөөд зээлдэгч Р.Оюунболд зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй байх тул энэ талаар давж заалдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх хариуцагч Р.Оюунболдоос үндсэн зээл 45 276 528,61 төгрөг, хүү 40 284 959,66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 478 055,27 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 16 000 төгрөг, нийт 90 055 543,54 төгрөг гаргуулж нэхэмжлэгчКапитал континент инвестмент ББСБ ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 6 054 300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан тогтоох хэсгийн дугаарлалтыг өөрчилж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2018/00639 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг дараах байдлаар өөрчилсүгэй.

...1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 158 дугаар зүйлийн 158.3 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р.Оюунболдоос зээлийн үндсэн төлбөрт 45 276 528,61 төгрөг, хүүд 40 284 959,66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4 478 055,27 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 16 000 төгрөг, нийт 90 055 543,54 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Капитал континент инвестмент ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 054 300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

...2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2201000912 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байрны 40 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууцаар хангасугай гэж тус тус өөрчлөн,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж тус тус дугаарлаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Р.Оюунболдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172 163 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

  ШҮҮГЧИД                           Ш.ОЮУНХАНД

                                                   Ц.ИЧИНХОРЛОО