Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 184/ШШ2018/00639

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “К к и ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Р.О,

Зээлийн гэрээний үүрэгт 96,109,843.54 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага бүхий иргэний хэрэг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0837/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзул нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч байгууллага нь 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийн зээлийг Р.О-од олгосон. Зээлийг  2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл нийт 18 сарын хугацаатай, сарын 4 хувь буюу жилийн 48 хувь, хугацаа хэтрүүлсэн хүү сарын 4,8 хувь буюу 57,6 хувь байхаар тохирсон. Хариуцагч нийт 20 удаагийн төлөлтөөр 13,765,000 төгрөг төлснөөс зээлийн хүүнд 7,133,936 төгрөг, үндсэн төлбөрт 4,260,903 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,370,160 төгрөгийг төлсөн. Хариуцагч талд үүргээ гүйцэтгэхийг удаа дараа мэдэгдсэн боловч үүргээ биелүүлээгүй учир зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөрийн үлдэгдэл 45,739,096 төгрөг, үндсэн хүү 39,217,829 төгрөг, нэмэгдүүлсэн  хүү 8,338,067 төгрөг, өмгөөлөл хууль зүйн зөвлөгөө авсаны 2,798,849 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 16,000 төгрөг нийт 96,109,843 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байна. Зээлийн гэрээний хүү болон нэмэгдүүлсэн хүүг шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаа буюу 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцсон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар барьцааны гэрээ байгуулж, барьцаанд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо,  1 дүгээр хороолол, 19-41 тоот орон сууцыг тавьсан. Барьцааны зүйл  Р.О-, Р.О, Ж.Б, О.М нарын 4 хүний өмчлөлд байсан ба Р.О нь Р.О-од итгэмжлэл олгосны дагуу барьцааны гэрээнд бүгд нарын үсэг зурсан. Иймээс мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн зүгээс зээлийн гэрээнд маргаан байхгүй. Төлөлт хийсэн дүнг суутган авсан үүргийн дараалал, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн зээлдүүлэгч зээлдэгчид мэдэгдэл өгөх үүргээ биелүүлээгүй тул хүү, анз авах эрхээ алдана гэж үзэн маргаж байна. Нэгдүгээрт, хариуцагч зээлийн төлөлтөд нийт 13,650,000 төгрөг төлсөн. Тухайлбал 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр зээлдэгч 3,000,000 төгрөгийг төлөхөд зээлийн хүүд 2,038,356 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хүүнд 315,616 төгрөг, үндсэн төлбөрт 646,027 төгрөгийг суутгаж авсан. Хоёр дахь удаа 1,455,000 төгрөгийн төлөхөд үндсэн төлбөрт 1,000,673 төгрөг, хүүд 454,326 төгрөгийг суутгасан. Үндсэн төлбөрөөс 4 удаа л хасалт хийсэн байна. Уг нь төлөлт хийхэд эхлээд үндсэн төлбөрөөс, дараа нь хуримтлагдсан хүүнээс хасагдах байсан.  Иргэний хуулийн 216.4-т заасан үүрэг гүйцэтгэх дараалал зөрчсөн гэж үзэж байна. Хоёрдугаарт, нэхэмжлэгч нэхэмжлэлдээ нэг бус удаа хариуцагчид мэдэгдэл хүргүүлсэн гэж дурдсан. Ямар мэдэгдлийг, хэзээ хүргүүлсэн тухай баримт хэрэгт авагдаагүй.  Барьцааны гэрээ, зээлийн гэрээнд зээлдүүлэгч мэдэгдэл өгөх талаар заасан байхад энэ үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгчийг хугацаа хэтрүүлсэн гээд Иргэний хуулийн 224.2.3-т зааснаар хүү, анз авах эрхээ алдана гэж үзнэ. Гуравдугаарт, зээлийн гэрээний 2.1.4-д хугацаа хэтрүүлсэн жилийн хүү 57,6 хувь гэсэн мөртлөө хаалтад хүүг тооцоолох хэсэгт хүүг дахин нэмэгдүүлсэн жилийн хүүг оруулсан. Үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, хугацаа хэтрүүлсэн хүү гэх 3 хүүг тусгасан нь хүүгээс хүү тооцсон гэж үзэж байна. Иймд хариуцагч нь зээлийн хүүг төлөх эсэх нь эргэлзээтэй байна. Эцэст нь, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын хувьд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Өмчлөгч нарын нэг Р.Оюунтунгалаг хариуцагчид итгэмжлэл олгохдоо зөвхөн банкинд барьцаалах гэсэн байхад банк бус санхүүгийн байгууллагад барьцаалсан нь бүрэн эрх олгогдоогүй гэж үзнэ. Иймээс энэ шаардлага хангагдах үндэслэлгүй гэв.

Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “К к и ББСБ” ХХК нь хариуцагч Р.О-оос зээлийн гэрээний үүрэгт 45,739,096.98 төгрөг, үндсэн хүү 39,217,829.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,338,067.26 төгрөг, өмгөөлөл хууль зүйн зөвлөгөө авсаны 2,798,849.81 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 16,000 төгрөг, нийт 96,109,843.54 төгрөг гаргуулж, улсын бүртгэлийн Ү-2201000912 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байрны 40 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг шаардлага гаргажээ.

Хариуцагч зээлийн үндсэн төлбөрт 37,000,000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, үлдэх 59,109,843,54 төгрөг болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг эс зөвшөөрөх ба үндэслэлийг нэхэмжлэгч эргэн төлөлтийн мөнгийг үүрэг гүйцэтгэх дараалал зөрчин суутгасан, 3 төрлийн хүү тооцсон, гэрээнд заасан мэдэгдэл өгөх үүргээ биелүүлээгүй тул үүрэг гүйцэтгүүлэгч хүү авах эрхээ алдсан, барьцааны гэрээг итгэмжлэлээр олгогдсон бүрэн эрхийг хэтрүүлж байгуулсан хэмээн тайлбарлажээ.  

“К к и ББСБ” ХХК болон Р.Онарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ЗГ15/13 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчид 50,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, үндсэн хүү жилийн 48 хувьтай зээлдүүлж, зээлдэгч нь зээлийг гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу хүүгийн хамт төлөх, хуваарийг зөрчсөн тохиолдолд жилийн 57,6 хувиар хугацаа хэтрүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон байна. /хх-5-10 дахь тал/

Зээлийн барьцаанд мөн өдөр улсын бүртгэлийн Ү-2201000912 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байр, 40 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг барьцаалсан БГ15/08 дугаартай барьцааны гэрээ байгуулсан байна. /хх-15-19, 105-107/ 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний агуулга, гэрээгээр илэрхийлсэн талуудын хүсэл зоргийн илэрхийлэл, нэхэмжлэгч байгууллагын улсын бүртгэлийн дүрэм, гэрчилгээ, Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон 1/423 дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээнээс үзэхэд, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Зохигчид зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээгээр олгогдсон зээлийн хэмжээ, буцаан төлөгдсөн төлбөрийн хэмжээ, огноо, зээлийн гэрээний үүргийн хугацаа хэтрэлтийн талаар маргаагүйн зэрэгцээ зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдоогүй болохыг тэмдэглэж байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”,  мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт, “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэж заасны дагуу “К к и ББСБ” ХХК нь Р.О-оос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд Р.Онь зээл, түүний хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй.

Хариуцагч Р.Онь 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 20 удаагийн төлөлтөөр нийт 13,765,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн /хх-21, 123-124/ ба талууд энэ үйл баримтад маргаагүй боловч зээлдэгч нь төлбөрийг суутган авахдаа хугацаа хэтрүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллаар суутган авсан нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан дараалал зөрчсөн гэж маргаж байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хөдгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь хүү болно”, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны А-236 дугаар тушаалаар батлагдсан “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын 1.3.3-т “”Хүү” гэж зээлийн . . . үнэ бөгөөд хөрөнгө эзэмшигчийн хувьд орлого, ашиглагчийн хувьд зардлыг хэлнэ” гэж заасан байна. Харин нэмэгдүүлсэн хүүг бол Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хугацаа хэтрүүлсэн зээлдэгчид ногдуулж буй хариуцлага байхаар тодорхойлсон. Энэ агуулгаар авч үзвэл үүрэг зөрчсөн этгээдэд хариуцлагыг түрүүлж ногдуулан, дараа нь зээлийн үнэ болох хүүг тооцон, эцэст нь үндсэн төлбөрийг суутгаж байгаа нь үүргийн эрх зүйн зарчимын дагуу гэж үзнэ.  

Түүнчлэн үүрэг гүйцэтгэх дарааллыг талуудын байгуулсан ЗГ15/13 тоот зээлийн гэрээний 2.11-т “Зээлдэгч зээлийг Хавсралт-1-д заасан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд ББСБ нь эхний ээлжинд хугацаа хэтрүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллаар тооцон зээлийг төлүүлнэ. Барьцаа хөрөнгөөр хангуулах тохиолдолд гарсан зардал, хугацаа хэтрүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллаар тооцон зээлийг төлүүлнэ” гэж талууд тохиролцсон байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй тул энэхүү тохиролцоог талуудын хүсэлт зориг гэж үзнэ. Тодруулбал, Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т “үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэх зохицуулалт нь гэрээний талууд үүрэг гүйцэтгэх дарааллын талаар харилцан тохиролцоогүй тохиолдолд хэрэглэх зохицуулалт буюу диспозитив хэм хэмжээ гэж ойлгоно.

Иймд зээлдүүлэгч төлбөрийг суутгахдаа үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчөөгүй гэж үзнэ. 

Хариуцагчийн төлөх зээлийн гэрээний үүргийн хэмжээг үндсэн төлбөрт 45,276,528.61 төгрөг, үндсэн хүүд 40,284,959.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4,478,055.27 төгрөг, нийт 90,039,543,54 төгрөг гэж үзлээ.

Зээлдэгч зээлдүүлэгчийн төлсөн 13,765,000 төгрөгөөс нэмэгдүүлсэн хүүг өндөр дүнгээр суутган авсан гэж үзсэн ба үүнээс хамааран зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үнийн дүн өөрчлөгдсөн болохыг дурдаж байна.

Хариуцагчийн төлөөлөгч зээлийн гэрээнд 3 төрлийн хүү авахаар тусгасан нь үндэслэлгүй гээд гэрээний 2.3-т “Хүүгийн тооцоолох арга: Зээлийн үлдэгдэл*жилийн хүү/365 өдөр*ашигласан өдөр. Тухайн төлсөн өдрөөр тооцоолно”, 2.4-т “Зээлдэгч нь зээлийн хүүг гэрээний “хавсралт-1”-д заасан хугацаанд төлөөгүй бол энэхүү гэрээний 2.1.4-т заасан хугацаа хэтрүүлсэн хүүгээр тооцно. Хугацаа хэтрүүлсэн хүүгийн тооцоолох арга: Зээлийн үлдэгдэл *хугацаа хэтрүүлсэн жилийн хүү/365 хоног*хугацаа хэтэрсэн хоногийн тоо” гэснийг ишлэж байна.

Гэрээний дээр дурдсан хэсгээс үндсэн хүүг ашигласан өдрөөр (жилийн 48%)  авах хирнээ хэрэв хугацаа хэтрүүлбэл хугацаа хэтрүүлсэн хүү (жилийн 48%+9,6%=57,6%) буюу үндсэн хүү дээр нэмж нэмэгдүүлсэн хүү тооцож авахаар харагдаж байна. Гэвч зээлийн эргэн төлөлт, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллын шалгаж үзэхэд ашигласан хугацааны турш үндсэн хүүг тооцож, хугацаа хэтрүүлсэн хоногт жилийн 9,6%-аар нэмэгдүүлсэн хүүг тооцсон байна. 

Энэ нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно”, 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасантай нийцсэн байна.

Харин нэмэгдүүлсэн хүүг зээлийн нийт үлдэгдэл төлбөрөөс тооцсон нь энэ талаар тогтоосон хууль, журамтай нийцээгүй гэж үзлээ. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны А-236 дугаар тушаалаар батлагдсан “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын 2.3-т “Нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцно” гэж зааснаар нэмэгдүүлсэн хүүг зээлийн хуваарийн дагуу эргэн төлөх үндсэн төлбөрийн дүнгээс тооцох ёстой байжээ.

Зээлдүүлэгч нэмэгдүүлсэн хүүд 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 4 хоногийн хугацаа хэтрэлтэд 315,616.43 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 4 хоногийн хугацаа хэтрэлтэд 305,211.92 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 31 хоногийн хугацаа хэтрэлтэд 2,243,823.68 төгрөг суутган авсан нь үндэслэлгүй.

Зээлдэгч 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 3,000,000 төгрөг төлснөөс зээлийн хуваарийн дагуу төлөх үндсэн төлбөр болох 1,961,643.84 төгрөгөөс 4 хоногийн хугацаа хэтрүүлсэн тул нэмэгдүүлсэн хүү 2,063.76 төгрөг болно. /1,961,643.84*48%*9.6%*(4/365)=2,063.76/ Бусад тооцоолол харуулбал, 3,000,000 төгрөгөөс нэмэгдүүлсэн хүүд 2,063.76 төгрөг, хуваарийн дагуу төлөх үндсэн хүүд 2,038,356.16 төгрөг, хуримтлагдсан хүүд 263,013.70 төгрөг, үндсэн төлбөрт үлдэх 696,566.38 төгрөгийг суутгана. Хариуцагч 6 дугаар сарын 25-ны өдөр 1,455,000 төгрөгийг төлснөөс 6 дугаар сарын 14-ний өдөр хуваарь ёсоор үндсэн төлбөрт төлөх 1,961,643.84 төгрөгөөс 6 дугаар сарын 18-ны өдөр төлсөн дүнгээс үндсэн төлбөрт суутгасан 696,566.38 төгрөгийг хасаад гарсан 1,265,077.46 төгрөгөөс нэмэгдүүлсэн хүүг тооцоход 2,329.13 төгрөг болно. Энэ мэтчилэн тооцоолол хийхэд 2015 оны 7 сарын 18-ны өдөр 266,268.33 төгрөгөөс 3,825.09 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 1,963,351.60 төгрөгөөс 16,008.04 төгрөг, нийт 24.226.02 төгрөг суутган тооцсон.

Гэрээний хугацаа дуустал гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үндсэн төлбөрөөс нэмэгдүүлсэн хүүг тооцоход нийт 1,441,426.72[1] төгрөг байна. Гэрээний хугацаа дууссан үе буюу 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс нэхэмжлэл гаргасан 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаа хэтэрсэн 255 хоногоор гэрээний үлдэгдэл 45,276,528 төгрөгөөс тооцоход нэмэгдүүлсэн хүү 3,036,628.55 төгрөг байна. Гэрээний хугацаан дахь болон хугацаа дууссанаас хойш тооцсон хариуцагчийн төлбөр зохих нэмэгдүүлсэн хүүгийн нийлбэр 4,478,055.27 төгрөг байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлдүүлэгч нь зээлдэгчид мэдэгдэл хүргүүлэх үүргээ биелүүлээгүй тул үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэн Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар хүү авах эрхээ алдсан гэж тайлбарлаж байна.

Үүргийн эрх зүйн харилцаанд үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлснээс болж үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон нөхцөлд үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээр Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.1-т хуульчилсан. Уг зохицуулалтыг зээлийн гэрээний хувьд тайлбарлавал зээлдэгч зээлийн төлбөр, хүүг төлөөгүй нь зээлдүүлэгч үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс хамаарсан байхыг ойлгоно. Энэ маргааны хувьд зээлдүүлэгч нь зээлдэгчид мэдэгдэл өгөөгүй байх нь зээлдэгч зээлийн төлбөр, хүүг төлөх үүрэгтэй дүйцэхгүй тул дурдсан хариу тайлбараар гэрээний үүргийн зөрчил, хариуцлагыг үгүйсгэх боломжгүй юм.

Хариуцагч тал барьцааны гэрээний зүйлийн 4 өмчлөгчийн нэг болох Р.Оюунтунгалаг нь Р.О-од итгэмжлэл олгохдоо “банкны барьцаанд тавих” гэсэн эрхийг олгосон байхад Р.Обанк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьсан нь итгэмжлэлээр олгогдсон бүрэн эрхийг хэтрүүлсэн тул барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус хэмээн маргажээ.

Барьцааны гэрээг барьцааны зүйлийн өмчлөгч Р.О-, Р.Оюунтунгалагийг төлөөлөн Р.О-, Ж.Болормаа, О.Майдар нар гарын үсэг зурж нотариатаар батлуулан, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх-105-107/  Австри улсын Вена хотноо 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр үйлдсэн итгэмжлэлээр Р.Оюунтунгалаг нь Р.О-од Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байрны 40 тоот хаягт байрлах орон сууцыг “банкны барьцаанд тавих” бүрэн эрхийг олгож, дипломат төлөөлөгчийн газрын эрх бүхий тушаалтан нотариатаар гэрчилсэн байна. /хх-108/ Барьцаанд тавих эрх нь барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэл хангуулах эрхийг олгож байгаа бөгөөд барьцаалагч нь банк, эсхүл банк бус санхүүгийн байгууллагын хэн аль нь байхаас үл хамааран барьцаалагчийн шаардлага адил хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл, Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулиар барьцаалагч эрх зүйн ямар статустай байхаас хамаарахгүйгээр барьцааны зүйлийн талаар талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, барьцаалуулагчийн шаардлагыг хангах нөхцөл адил байхаар зохицуулсан байх тул итгэмжлэлээр олгогдсон эрхийн хүрээнд хэлцэл хийгдсэн гэж үзнэ. Иймээс барьцааны гэрээ нь хуулиар тавигдсан хэлбэр, агуулга, бүртгэлийн шаардлага хангасан хангасан тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

Нэгэнт үүрэг үүрэг гүйцэтгэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, хугацаандаа биелүүлээгүй тул Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.3-д “Хэрэв барьцаагаар хангах үүргийг гүйцэтгэх хугацаа болсон, эсхүл барьцааны гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч нь барьцааны эрхээ хэрэгжүүлэхээр шаардах эрхтэй.”, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.” гэж зааснаар барьцаалагч нь зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй байна. Иймээс нэхэмжлэлийн зээлийн гэрээний үүргийг улсын бүртгэлийн Ү-2201000912 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байрны 40 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууцаар хангуулах тухай шаардлага хангагдах учиртай.

Нэхэмжлэгч өмгөөлөл хууль зүйн туслалцаа авсны төлбөрт 2,798,849.81 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөрт 16,000 төгрөг шаардсан ба энэ Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4-т “Үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй” гэж зааснаар шаардах эрх үүссэн гэж дүгнэнэ. Дурдсан хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т хохиролд гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал, зайлшгүй орох байсан орлого хамаарах заасан байх тул нэхэмжлэгч энэхүү хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүрэгтэй. Хэдийгээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөллийн үйлчилгээний 2,798,849.81 төгрөгийн зардлыг надад төлсөн тул ийнхүү шүүх хуралдаанд оролцож байгаа гэх тайлбарыг хэлсэн боловч төлбөр төлсөн баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул зардал гарсан гэж үзэх боломжгүй юм. Харин нотариатын үйлчилгээний зардалд 16,000 төгрөг төлсөн баримт хэрэгт байх тул уг шаардлагыг хангах нь зүйтэй. /хх-3/ 

Нэхэмжлэгч “К к и ББСБ” ХХК нь ЗГ15/13 дугаар зээлийн гэрээг Р.Оболон Б.Хонгорзултай байгуулсан боловч нэхэмжлэлийг Р.О-од холбогдуулан гаргасан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болно гэж заасантай нийцэж байна.

Дээрх дурдсан үндэслэлээр хариуцагч Р.О-оос зээлийн үндсэн төлбөрт 45,276,528.61 төгрөг, хүүд 40,284,959.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4,478,055.27 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 16,000 төгрөг нийт 90,055,543.54 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “К к и ББСБ” ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2201000912 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байрны 40 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууцаар хангаж, 6,054,300 төгрөгт ногдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэлээс 90,055,543.54 төгрөгийн шаардлага болон үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага хангасантай холбоотой нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 708,699 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 678,427 (608,227+70,200) төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 158 дугаар зүйлийн 158.3-д заасныг баримтлан хариуцагч Р.О-оос зээлийн үндсэн төлбөрт 45,276,528.61 төгрөг, хүүд 40,284,959.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4,478,055.27 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 16,000 төгрөг нийт 90,055,543.54 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “К к и ББСБ” ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2201000912 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байрны 40 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууцаар хангаж, 6,054,300 төгрөгт ногдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 708,699 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 678,427 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.НЯМСҮРЭН

 


[1] 2016.03.03-ны өдрөөс эхлэн нэмэгдсэн хүүгийн өр үүссэн ба тус өдрийн байдлаар 45,106.37 төгрөг, 2016.03.15-ны байдлаар 67,318.86 төгрөг, 2016.04.20-ны байдлаар 153,717.78 төгрөг, 2016.04.27-ны байдлаар 144,467.8 төгрөг, 2016.05.06-ны өдрийн байдлаар 146,860.67 төгрөг, 2016.05.11-ны байдлаар 145,967.83 төгрөг, 2016.06.30-ны байдлаар 388,591.42 төгрөг, 2016.07.20-ны байдлаар 443,260.26 төгрөг, 2016.08.02-ны байдлаар 501,775.41 төгрөг, 2016.09.02-ны байдлаар 727,773.05 төгрөг, 2016.09.30-ны өдөр 951,992.32 төгрөг, гэрээний хугацаа дуусах үе буюу 2016.11.14-ны байдлаар 1,441,426.72 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү байна.