Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 139

 

Т.Дд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 166 дугаар шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 41 дүгээр магадлалтай, Т.Дд холбогдох 1915001240090 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхсүлдийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1989 оны 8 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Ч овогт Т.Д нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Т.Дыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 540 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 540 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, уг ялуудыг нэмж нэгтгэж, нийт эдлэх ялыг 1080 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, түүний цагдан хоригдсон 135 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэсэн байна.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхсүлд гаргасан гомдолдоо: “...1.Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Т.Дд 1080 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын дээд хэмжээнээс дээгүүр тогтоож хуулийг буруу хэрэглэсэн байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр болон түүний хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулаагүй байна" гэж үзэн анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шийдвэрийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт “шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж” өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй байсныг шийдвэрлээгүй байна. Иймд нийтэд тустай ажил хийлгэх ялын дээд хэмжээнд нийцүүлж, Т.Ды эрх зүйн байдлыг дээрдүүлж хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Дд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн бөгөөд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхсүлдийн гаргасан гомдлыг үндэслэн Т.Дд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч Т.Дд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Дд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 540 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 540 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэж, нийт 1080 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй байх тул магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхсүлдийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 41 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхсүлдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                    ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                    ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН 

                                                                                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                                         Ч.ХОСБАЯР

                                                                                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН