Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 166

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн Ц.Чагнаадорж,

улсын яллагч М.Сайнзаяа,

хохирогч С.О ,

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн,

шүүгдэгч Т.Д  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Булган аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 163/2019/0166/Э индекстэй, 1915001240090 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зоо техникч мэргэжилтэй, ам бүл 5, урьд өмнө ял шийтгэлгүй, Ч овгийн Т.Д.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Д  нь /яллах дүгнэлтээр/ 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн ...ийн “Н” гэх газарт оршин суух иргэн С.О ын гэрээс эд зүйл хулгайлан авч  10846000 /арван сая найман зуун дөчин зургаан мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 02 дугаар сарын 14-ны өдөр ... “Ю” ХХК-ийн хашаанаас иргэн Д.Э ийн “Ниссан Тийда” маркийн **-** УНҮ улсын дугаартай машиныг хулгайлан авч 9000000 /есөн сая/ төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутагт байрлах Цагдаагийн хэлтсийн гадна Л.Б ы гар утсыг залилан авч 138000 /нэг зуун гучин найман мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Д ы өгсөн: 2019 оны 2 дугаар сарын 23-ны өдөр О  гэх айлд малчинаар орсон. Эд зүйлийг нь авсан үнэн. Гэм буруугаа хүлээж байна. Э  эгчийн машиныг нь авч явсан нь үнэн. Нөхөртэй нь хамт архи ууж байгаад машины түлхүүрийг нь авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Б ы гар утсыг авч итгэлийг нь алдсанаа харамсаж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.О ын өгсөн: Хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэв.

1915001240090 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

 Хохирогч С.О ын өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 11-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын төв рүү сумын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтанд яваад 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 15 цагийн орчим гэртээ  ирэхэд малчин маань байхгүй, гэрийн гадна хонь, мах маань байхгүй байсан. ... миний өвлийн гутал, уяан дээр байсан сартай хуль морь эмээл хазаартайгаа байхгүй байсан. ... Авдарныхаа цоожийг таттал цүүгээр нь онгойлгоод эд зүйлс, үнэт эдлэлийг минь хулгай хийгээд аваад явсан байсан. Авдар дотор байсан хөөрөг, үнэт эдлэл, мөнгөн аяганууд, архи виски, монгол архи, булган малгай байхгүй байсан. ...Тухайн өдөр манайд малчинаар орсон өөрийгөө Б  гэж танилцуулсан залуу ганцаараа үлдсэн байсан. Би нөхөр П ын хамт сумын төв рүү ажил гараад тэр орой ганцхан удаа л ганцааранг нь үлдээсэн. ... Би алдагдсан үнэт эдлэл, эд зүйлээсээ 1000000 орчим төгрөгний үнэт зүйлээ аваагүй, энэ хохирлыг минь барагдуулж өгнө үү. ... ” гэх мэдүүлэг /хх-ийн 33-46 дугаар хуудас/,

Гэрч Ц.П ын өгсөн: ...2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Булган аймгийн ... “Н” гэх газарт байх гэрээс маань манайд ажилд ороод удаагүй, өөрийгөө Б  гэж танилцуулсан залуу гэрийн хойморт байсан улаан эрээн авдарнаас үнэт эдлэл, эд зүйлсийг маань хулгай хийгээд аваад явсан байсан. Авдар дотор 2 хөөрөг, эхнэр О ын үнэт эдлэл, ээмэг бөгж зэргийг авч явсан байсан ба тодорхой байсан зүйлсийг эхнэр О  сайн мэднэ. ...гэх мэдүүлэг / хх-ийн 47-48 дугаар хуудас /,

Гэрч П.Х ын өгсөн:  ... цагдаа Д г барьж авахад тэрээр нилээн согтуу байсан тул цагдаа нар мориноос нь буулгаад аавын гэрээс хулгай хийсэн эд зүйлийг а/х Э  цагдаа өврөөс нь ийм эд зүйл гарч ирлээ, наад эд зүйлээ араас аваад ир гэж хэлсэн. Ээж бид хоёр алдагдсан эд зүйлээ даавуун алчууранд боогоод Э  цагдаагийн араас авсан эд зүйлээ бүртгүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

Гэрч Э.Э ын өгсөн: ... Дашинчилэн сумынхаа ойр орчимд эргүүл хийж байхад сумын төвийн хойд талаас морь унасан залуу ирж байсан. Сэжиг бүхий байхаар нь дуудаж цагдаагийн байранд оруулж байгаад биед байгаа эд зүйлээ гарга гэж хэлсэн. Гэтэл тэрээр бүтэн виски буюу согтууруулах төрлийн ундаа, хөөрөгний даалин, том жижиг  2 хөөрөг, гар чийдэн, сахлын машин, 4 ширхэг мөнгөн аяга, шүдэнз болон бэлэн мөнгөөр нийт 20000 төгрөг хүрэхээргүй бутархай мөнгө, гоёлын зүүлт чимэглэл олон байсан. Эдгээр зүйлийг хаанаас авсан бэ? гэж уг залуугаас асуухад Бүрэгхангай сумын газар нутагт байрлах айлаас гэж хэлэхээр нь Бүрэгхангай сумын хэсгийн төлөөлөгчийг нь дуудаж хүлээлгэн өгсөн. ... гэх мэдүүлэг /хх-ийн 58 дугаар хуудас/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Э ийн өгсөн: ...Би 2012 онд үйлдвэрлэгдсэн, 2018 оны 11 дүгээр сард Монгол улсад орж ирсэн цагаан өнгийн “Ниссан тийда” маркийн **-** УНҮ улсын дугаартай машинаа алдсан. Уг машиныг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Да хүрээ” захаас 11500000 төгрөгөөр худалдаж авч байсан..., машинаа авах үед жолоочийн эсрэг талын толь хугарч хагарсан, урд талын хаалга цөмөрч урагдсан, 4 ширхэг калбак байхгүй, урд талын 2 гэрэл эвдэрч алга болсон, карлан цуурч хагарсан байдалтай байсан. Миний машины түлхүүр байхгүй байсан учраас түлхүүрийг дуудлагаар тааруулж асаахад 400000 төгрөг өгсөн.  Машины толь 80000 төгрөг, хаалга 250000 төгрөг,  урд нэмэлт 2 гэрэл нийт 60000 төгрөг, 4 калбак нийт 40000 төгрөг, карлан 150000 төгрөгөөр худалдаж авах үнэтэй байна. Мөн машин хайхад зарцуулсан шатахууны төлбөрийг нэхэмжилж байна. ... гэмтэл болон бусад зардлыг төлж барагдуулсан тохиолдолд надад ямар нэгэн санал, гомдол байхгүй. ... гэх мэдүүлэг /хх-ийн 198-201 дүгээр хуудас/,

Гэрч Ч.Н ын өгсөн: ... Би архи уугаад тасарчихсан байсан. 16 цаг болж байхад сэрээд охиноо авах гээд машины түлхүүрээ хайгаад байхгүй байхаар нь гадаа гарч машинаа үзэхэд байхгүй байсан. Тэгэхээр нь эхнэрийг аваад явчихсан юм байна гэж бодоод, эхнэрийн ажил дээр очоод машинаа өгчих гэтэл машин чамд байгаа өдөр машинаа халаачихаад чамд түлхүүрийг нь өгсөн гэж хэлсэн. Гэрийн гадаа машин байхгүй байна гэж би түүнд хэлээд машин олдохгүй байхаар нь цагдаад хандсан. Би машинаа байж болох газруудаар 2 хоног хайгаад цагдаа дээр очиж чадаагүй. ... гэх мэдүүлэг /хх-ийн 206-207 дугаар хуудас/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Б ы өгсөн: ... 2018 оны 08 дугаар сард захиргааны зөрчлөөр 15 хоног баривчлах төвд Т.Д тай нэг камерт байсан. ... бид цаг гаран хүлээгээд байж байтал Т.Д  утсаа өгч байгаач ээж болон эхнэртэйгээ утсаар ярих хэрэгтэй байна гээд миний “I phone” 5 маркийн гар утсыг аваад яваад өгсөн. Би 2 цаг гаруй хүлээсэн ба ирэхгүй болохоор нь яваад өгсөн. ... гэх мэдүүлэг /хх-ийн 143-144 дүгээр хуудас/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-12 дугаар хуудас / хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-15 дугаар хуудас/,  эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-25 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 26 дугаар хуудас/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 63-65, 71-72, 78-82,149-150 дугаар хуудас/, “Ашид Билгүүн” ХХК-ний хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээ /хх-ийн 211-212 дугаар хуудас/ иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 114 дүгээр хуудас/ урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 115, 162, 163 дугаар хуудас/, алдагдсан эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 32-37 дугаар хуудас/ болон бусад хувийн байдлын талаарх нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Д  нь 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн ...ийн “Н” гэх газарт оршин суух иргэн С.О ын гэрээс эд зүйл хулгайлан авч  10846000 /арван сая найман зуун дөчин зургаан мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 02 дугаар сарын 14-ны өдөр ...анд байрлах “Ю” ХХК-ийн хашаанаас иргэн Д.Э ийн “Ниссан Тийда” маркийн **-** УНҮ улсын дугаартай машиныг хулгайлан авч 9000000 /есөн сая/ төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутагт байрлах Цагдаагийн хэлтсийн гадна Л.Б ы гар утсыг залилан авч 138000 /нэг зуун гучин найман мянга/ төгрөгийн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт болжээ.    

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугийн талаар мэдүүлсэн мэдүүлэг  нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн  хохирогч Д.Э , Л.Б , С.О  нарын мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2019/э-010 дугаартай “Бан Хас” ХХК-ийн хохирлын үнэлгээний шинжээчийн дүгнэлт, таньж олуулах ажиллагаа явуусан тэмдэглэл, 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 18/189 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, 2019 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 19/70 дугаартай “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт,  2019 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 19/69 дугаатай “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, 2018 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн №БЗ1-18-1392 дугаартай “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2019 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 847 дугаартай “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Хэрэгт хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.

Иймд хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотолвол зохих зүйл нотлогдсон байх тул шүүгдэгч Т.Д  нь бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, залилах гэмт хэргийг үйлдсэн байх тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Т.Д д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Д  нь 2019 оны дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн нийт 135 хоног цагдан хоригдсон байна. Хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүйг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч овгийн Т.Д ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д г 540 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 540 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 540 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 540 цагийг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэж, нийт эдлэх ялын 1080 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож,  ялтанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Д ы цагдан хоригдсон 135 /зуун гучин тав / хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Д д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ж.ДЭЛГЭРМӨРӨН