Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 210/ма2018/02267

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Жавхлантын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2018/02848 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х.Жавхлантын нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Төгсжаргалд холбогдох,

 

2016 оны 01 дүгээр 29-ний өдрийн итгэмжлэл гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Х.Жавхлант шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би П.Бат-Эрдэнэ гэдэг хүнтэй 1990 оноос хойш хамтран амьдарч байгаад одоогийн байдлаар тусдаа амьдарч байна. Хаан банк ХХК-ийн теллер та манайд 4.5 тэрбум төгрөгийн зээлийн өртэй байна гэж хэлсэн. Баянгол дүүргийн нотариатч С.Төгсжаргалын гэрчилсэн итгэмжлэлээс болж би 4.5 тэрбум төгрөгийн хамтран зээлдэгч болчихсон байна. Гарын үсгээ хартал шал өөр гарын үсэг зурагдсан байсан. Тэгээд нотариатч хүн ингэж болохгүй гэдэг шаардлага тавихад намайг доромжилсон учраас би шүүхэд хандсан. Энэ хүний намайг байхгүй хооронд итгэмжлэл баталсан үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Төгсжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр П.Бат-Эрдэнэ гэдэг хүн над дээр ирээд хамтран зээлдэгч маань гадаадад явж байгаа. Х.Жавхлантын нэр дээр итгэмжлэл хийгээд өгөөч гээд Х.Жавхланттай утсаар яриулсан. Тэгсэн тухайн үед Х.Жавхлант Наад хүн чинь бүгдийг мэднэ. Миний хамраас цус гараад байна. Алив наад хүндээ өгдөө гээд тэр хоёр яриад байсан. Хоёр тэрбумын зээл гэж ярьдаг юм билээ. Итгэмжлэлээ бичээд эхэлсэн чинь нэг хаягтай байсан, сүүлд асуухад эхнэр нь гэж сонсогдсон. Юу ч мэдээгүй явж байтал 4.5 тэрбумын зээлтэй болчихлоо гэж яриад байх юм. Иргэний хуульд итгэмжлэлийг амаар буюу бичгээр өгнө гэсэн заалт байгаа. Х.Жавхлант амаар зөвшөөрөл өгсөн учраас итгэмжлэл хийсэн. Надтай утсаар ярьсан учраас би итгэмжлэл хийсэн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг баримтлан 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Х.Жавхлантаас П.Бат-Эрдэнэд олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Жавхлантаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Төгсжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Жавхлантад олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч С.Төгсжаргал давж заалдах гомдолдоо: ...Нэхэмжлэгч нь нотариатаар гэрчилсэн итгэмжлэлийн үр дагавар нь Хаан банкны барьцаат зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр орсон гэж тайлбарладаг боловч өөрийнх нь зөвшөөрөлгүй хамтран зээлдэгч болгосон буюу эрхийг нь зөрчсөн гэх зээлийн гэрээ байхгүй, нэхэмжлэгчээс шүүхэд тийм баримтыг гаргаж өгөөгүй юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн үндэслэл, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэх үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, нотлох баримтаар нотлогдохгүй байхад түүнийг үндэслэн гаргасан шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно. Нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг ямар нэгэн байдлаар сэргээн эдлүүлэх ёстой боловч энэхүү хэргийн тухайд нэхэмжлэгчийн ямар эрх сэргээн тогтоогдож байгаа нь тодорхойгүй байна.

Энэ нь шүүх ямар нэгэн нотлох баримтгүйгээр маргааны үйл баримтыг дүгнэн маргааныг шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь "нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэлийн улмаас л намайг хамтран зээлдэгч болгосон" гэж маргадаг. Харин нэхэмжлэгчийн зөвшөөрөхгүй байгаа итгэмжлэлийг буюу итгэмжлэлээр олгосон эрхийг авч үзвэл, Хаан банкны барьцаат зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр намайг төлөөлөн гарын үсэг зурах бүрэн эрхийг олгож байна гэсэн байдаг. Зөвхөн зээлийн гэрээнд гарын үсэг зурах л эрхийг олгосон байна. Тодруулбал, гэрээнд гарын үсэг зурах нь гэрээ байгуулах процессийн сүүлд хийгдэх тул нэхэмжлэгч нь үнэхээр Хаан банкны зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр орсон бол гэрээ байгуулах талаар огт мэдээгүй байх боломжгүй юм.

Хариуцагчаас шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө нэхэмжлэгч буюу төлөөлүүлэгчийг төлөөлсөн этгээд болох П.Бат-Эрдэнийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахаар хүсэлт гаргасан. Энэ нь шүүхээс үндэслэл бүхий маргааны бодит үнэн зөвийг тогтоосон шийдвэр гарахад чухал ач холбогдолтой байсан болно. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн хүсэлтийг буруу ойлгож "Эм Ти Эс Агро" ХХК, "М Ти Эс" ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь илт үндэслэл муутай болсон. Хүсэлтэд П.Бат-Эрдэнийн хаягийг тодруулах үүднээс дээрх 2 компанийн захирлаар ажиллаж байгааг дурдсан байхад компанийг гуравдагч этгээдээр оролцуулах эсэх асуудлыг шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн. Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн ажлын хаягаар гаргасныг үл анзааран хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан хэргийн харьяаллыг зөрчсөн байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Х.Жавхлант нь хариуцагч С.Төгсжаргалд холбогдуулан итгэмжлэл гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

Нотариатч С.Төгсжаргал нь 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Х.Жавхлантаас П.Бат-Эрдэнэд Хаан банкны барьцаат зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр төлөөлөн гарын үсэг зурах бүрэн эрхийг олгосон итгэмжлэлийг Нотариатын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт заасан эрхийн дагуу гэрчилж, нотариатын үйлдэл хийсэн болох нь хэрэгт авагдсан дээрх итгэмжлэл, нотариатчийн бүртгэлийн дэвтэр, хариуцагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх 9, 10, 42-44/

Хариуцагч С.Төгсжаргал нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ Х.Жавхланттай утсаар ярьж амаар зөвшөөрөл авснаар түүний итгэмжлэлийг гэрчилсэн тул хүчингүйд тооцох үндэслэлгүй гэж тайлбарлажээ.

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасан амаар зөвшөөрөл өгөх нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар мэдэгдэхтэй холбоотой бөгөөд нотариатч нь энэ зүйлд заасан төлөөлөгч, эсхүл Х.Жавхлантай хэлцэл хийх гуравдагч этгээдийн хэн аль нь биш, харин хуулийн дагуу төлөөлөх бүрэн эрхийг нь баталгаажуулах үүрэг бүхий этгээд тул энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

 

Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлд итгэмжлэл гэрчлэхэд тавигдах шаардлага, итгэмжлэлийг гэрчлэх нотариатчийн анхаарах зүйлийн талаар тодорхойлсон байна.

Итгэмжлэл нь төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгосон бүрэн эрхийг гэрчлэх баримт бөгөөд өөрөө эрх зүйн үр дагавар үүсгэдэг, мөн төлөөлөгчийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон энэхүү эрх зүйн үр дагавар нь төлөөлүүлэгчид бий болдог тул эрх зүйн ач холбогдолтой баримт юм.

Итгэмжлэл гэрчилсэн нотариатын үйлдлийг хийх үед нэхэмжлэгч Х.Жавхлант Монгол Улсад байгаагүй, мөн түүнтэй утсаар ярьж, амаар зөвшөөрөл авсан, нотариатчийн бүртгэлийн дэвтэрт Х.Жавхлант гарын үсэг зураагүй зэрэг үйл баримтын талаар хариуцагч маргаагүй тул 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр уг итгэмжлэлээр эрх шилжүүлж авсан П.Бат-Эрдэнэд олгосон итгэмжлэлийг гэрчилсэн үйлдэл нь Нотариатын тухай хуулийн 21.2.1, Нотариатын үйлдэл хийх зааврын 7.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагуудыг зөрчсөн талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүх Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.6, 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Х.Жавхлантаас П.Бат-Эрдэнэд олгосон итгэмжлэлийг гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгосон нь зөв болжээ.

Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар гуравдагч этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдээр Эм Ти Эс Агро ХХК, М Ти Эс ХХК-ийг оролцуулах тухай хариуцагчийн хүсэлтийг шүүх 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШЗ201/12750 дугаартай шүүгчийн захирамжаар хангаагүйг буруутгах боломжгүй, энэ талаар гаргасан давж заалдах үндэслэлгүй болно.

Түүнчлэн нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан хэргийн харьяаллыг зөрчсөн гэж байгаа боловч хариуцагч С.Төгсжаргал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаараа хүсэлт гаргаагүй байх тул анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2018/02848 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Төгсжаргалаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.ЦОГТСАЙХАН