Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2019/00223

 

Х.Ж-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2018/02848 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2267 дугаар магадлалтай,

 Х.Ж-ын нэхэмжлэлтэй

С.Т-д холбогдох, 

2016 оны 01 дүгээр 29-ний өдрийн итгэмжлэл гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Ж-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Д, хариуцагчийн өмгөөлөгч Б.С, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Х.Ж-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие П.Б гэдэг хүнтэй 1990 оноос хойш хамтран амьдарч байгаад одоогийн байдлаар тусдаа амьдарч байна. Хаан банк ХХК-ийн теллер та манайд 4.5 тэрбум төгрөгийн зээлийн өртэй байна гэж хэлсэн. Баянгол дүүргийн нотариатч С.Т-ын гэрчилсэн итгэмжлэлээс болж би 4.5 тэрбум төгрөгийн хамтран зээлдэгч болчихсон байна. Гарын үсгээ хартал шал өөр гарын үсэг зурагдсан байсан. Тэгээд нотариатч хүн ингэж болохгүй гэдэг шаардлага тавихад намайг доромжилсон учраас би шүүхэд хандсан. Энэ хүний намайг байхгүй хооронд итгэмжлэл баталсан үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Т-ын шүүхэд гаргасан тайлбарт: ...2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр П.Б гэдэг хүн над дээр ирээд хамтран зээлдэгч маань гадаадад явж байгаа. Х.Ж-ын нэр дээр итгэмжлэл хийгээд өгөөч гээд Х.Ж-тай утсаар яриулсан. Тэгсэн тухайн үед Х.Ж- наад хүн чинь бүгдийг мэднэ. Миний хамраас цус гараад байна. Алив наад хүндээ өгдөө гээд тэр хоёр яриад байсан. Хоёр тэрбумын зээл гэж ярьдаг юм билээ. Итгэмжлэлээ бичээд эхэлсэн чинь нэг хаягтай байсан, сүүлд асуухад эхнэр нь гэж сонсогдсон. Юу ч мэдээгүй явж байтал 4.5 тэрбумын зээлтэй болчихлоо гэж яриад байх юм. Иргэний хуульд итгэмжлэлийг амаар буюу бичгээр өгнө гэсэн заалт байгаа. Х.Ж- амаар зөвшөөрөл өгсөн учраас итгэмжлэл хийсэн. Надтай утсаар ярьсан учраас би итгэмжлэл хийсэн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2018/02848 дугаар шийдвэрээр Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг баримтлан 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Х.Ж-аас П.Бд олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Ж-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Ж-ад олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2267 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2018/02848 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Т-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч С.Т- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх “Нотариатч С.Т- нь Нотариатын тухай хуулийн 16 дугаар зүйпийн 16.3 дахь хэсэгт заасан нотариатын үйлдэл хийсэн болох нь... тогтоогдож байна” гэжээ. Гэвч маргааны зүйл, түүний үндэслэл нь хуулийн дээрх заалттай ямар ч хамааралгүй бегөөд давж заалдах шатны шүүх уг хэм хэмжээг огт хэрэглэх ёсгүй байсан. Анхан болон давж заалдах шатны шүүх Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.6, 31.3 дахь хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэлийг хангасан. Гэвч дээрх хуулийн зохицуулалтыг шалгавал нотариатын үйлдэл хийхээс татгалзах үндэслэл байх ба 31 дүгээр зүйлийн 31.1.6-д “хуульд заасан бусад үндэслэлээр татгалзахаар” заасан байна. Өөрөөр хэлбэл, Нотариатын тухай хууль болон өөр бусад хуульд нотариатын үйлдэл хийхээс татгалзах тусгайлан зохицуулсан байх үндэслэлийг оруулжээ. Нотариатын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “...шилжүүлсэн итгэмжлэлийг гэрчлэхийг хориглоно” гэж заасан боловч энэхүү татгалзах үндэслэл нь маргааны үйл баримтад хамааралгүй болно. Харин анхан болон давж заалдах шатны шүүхээс хуульд заасан бусад үндэслэлээр татгалзах зохицуулалтыг үндэслэл болгосон хэдий ч нотариатын үйлдэл хийхээс татгалзах хэм хэмжээг заалгүйгээр хэргийг шийдвэрлэж буй нь үндэслэлгүй юм. Тодруулбал, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-31.1.5-д заасан үндэслэлд хамаарахгүй л бол мөн зүйлийн 31.1.6-д хамааруулан хэрэглэж буй нь буруу гэж үзэж байна. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ МТС агро ХХК-ийн Хаан банкнаас аюсан зээлд хамтран зээлдэгчээр орсон ба нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэлээс болсон гэж тайлбарладаг. Гэвч итгэмжлэл олгогдсон эрхийг авч үзвэл Хаан банкны зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурах эрхийг олгосон байдаг. Нэхэмжлэгч нь өөрөө хамтран зээлдэгчээр орохыг зөвшөөрсөн байгаа нөхцөлд нотариатын үйлдлыг хүчингүй болгох нь үндэслэлгүй бөгөөд “зээлийн гэрээнд заавал өөрөө гарын үсэг зурах ёстой байсан хэмээн маргах нь учир дутагдалтай юм. Нэг үгээр хэлбэл, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь энэхүү итгэмжлэлээс болж огтхон ч хөндөгдөөгүй болно. Түүнчлэн итгэмжлэлд заасан хугацаа нь олгосон өдрөөс эхлэн 2 сар гэсэн байх бөгөөд энэхүү хугацаанд зээлийн гэрээ байгуулсан эсэх нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, итгэмжлэлд олгосон эрх хэрэгжсэн эсэх нь тодорхойгүй байхад нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн тухай шүүхээс дүгнэх боломжгүй юм. Эдгээр нөхцөл байдал нь иргэний зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох талаар заасан Шүүхийн тухай хуулийн шүүхийн эрхэм зорилгыг тодорхойлсон 4 дүгээр зүйлийн 4.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасантай нийцэхгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх энэ талаар  үнэлэлт дүгнэлт өгөлгүй орхигдуулсан. Хариуцагчаас шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө П.Бат-Эрдэнийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасан. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-т зааснаар төлөөлөгчид эрх үүсэх ба мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т зааснаар төлөөлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ч энэхүү маргааны үйл баримтад шууд хамааралтай юм. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн хүсэлтийг буруу ойлгож, хэрэгсэхгүй болгож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Энэхүү хэрэгт ямар нэгэн компани оролцох бодит хэрэгцээ шаардлага болон хууль зүйн боломжгүй болох нь нэн ойлгомжтой байхад шүүх хэргийн оролцогчийн эрхийг зөрчиж, хэргийг шийдвэрлэсэн нь буруу. Энэ алдааг давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр буруутгах боломжгүй гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д заасан чиг үүргээ бодитоор хэрэгжүүлэхээс зайлс хийсэн гэж үзэж байна. Түүнчлэн нэхэмжлэгч хэргийн харьяаллыг зөрчиж нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх үүнийг хүлээн авч шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх “...хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар хүсэлт гаргаагүй” гэж дүгнэжээ. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нэг бүр нь хуульд заасан журмын дагуу явагдах ёстой бөгөөд уг хуульчилсан журмыг хэн нэгний хүсэлтээр өөрчилж, зөрчиж болохгүй. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах үүрэгтэй ба ингэж байж сая хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дээдлэх ёсны зарчимд нийцнэ. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх нь материаллаг хуулийн хэрэглээнээс гадна шийдвэр гаргах процесс нь зүй ёсны дагуу явагдсан эсэхтэй салашгүй холбоотой. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Х.Ж- нь хариуцагч С.Т-д холбогдуулан 2016 оны 01 дүгээр 29-ний өдрийн итгэмжлэл гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг баримтлан 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Х.Ж-аас П.Бд олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хянаж, хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч С.Т- шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан боловч, нэхэмжлэгч Х.Ж- нэхэмжлэлээсээ татгалзаж, уг хүсэлтээ шүүхэд ирүүлжээ.

Хүсэлтэд “...бид харилцан тохиролцсон бөгөөд хариуцагч нь өөрийн буруугаа ойлгон уучлал гуйж маргаанаа эвийн журмаар шийдвэрлэсэн тул миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг үндэслэн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Х.Ж-ын нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлт нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заажээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгч Х.Ж- нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэлээр хариуцагч С.Т- хяналтын журмаар гаргасан гомдлоосоо татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.3-т зааснаар түүнийг гомдол гаргаагүйд тооцож, улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2018/02848 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2267 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хариуцагч С.Т-д холбогдох 2016 оны 01 дүгээр 29-ний өдрийн итгэмжлэл гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Х.Ж- татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч С.Т- хяналтын журмаар гаргасан гомдлоосоо татгалзсан тул гомдол гаргаагүйд тооцсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар хариуцагч С.Т-ын хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг Улаанбаатар хотын банк, 2602002965 тоот данснаас буцаан олгосугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ