Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 70

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн,

Улсын яллагч Х.Гүнжидмаа,

Шүүгдэгч Б.П, Ө.У  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *** овогт Б-ын П, *** овогт Ө-ын У  нарт холбогдох 1816000000062 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн нарын байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, *** ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ......сумын ........ .... тоотод оршин суудаг, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, төрөөс авсан гавьяа шагналгүй, ........... регистрийн дугаартай, *** овогт Б-ын П.

2. Монгол Улсын иргэн, *** аймгийн *** сумын харьяат, 1983 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газрын кадастрын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ...... сумын ....... баг .......... тоотод оршин суудаг, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, төрөөс авсан гавьяа шагналгүй, *** регистрийн дугаартай, *** овогт Ө-ын У .

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б-н П, Ө-ын У  нар нь бүлэглэн 2018 оны 06 сарын 27-ны өдөр *** аймгийн *** сумын төвд үйл ажиллагаа явуулдаг *** ресторан дотор менежер Б.Б-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг холбогдож Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон шүүгдэгч Б-ын П, Ө-н У нар нь бүлэглэн 2018 оны 06 сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулдаг *** ресторан дотор менежер Б.Б-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  нөхцөл байдал нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайн гэмт хэргийг шүүгдэгч Б.П, Ө.У нар  бүлэглэж үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Б.П-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...2018 оны 06 дугаар сарын 27-нд орой 9 цагийн үед найзтайгаа кристал рестораны гадаа таараад кристал ресторанд хоол, архи захиалсан. Тийшээ оръё гээд орсон. Өмнө нь манай найз тэр залуутай маргалдсан байсан. Тэр залуутай дахиад маргасан. Би хажуугаас нь маргаад ийм үйл явдал болсон. Тэгээд цагдаа руу эрүүлжүүлэх рүү явсан... Нэлээд согтуу байсан... Гадаа таараад муудалцсан. Сайн санахгүй байна. 2-3 удаа цохисон байх... Гэм буруу байгаа... Эмчилгээний мөнгө, эм тарианы мөнгө өгсөн... Б овогтой П миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Өөр санал хүсэлт байхгүй...татгалзах зүйлгүй... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Ө.У-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...2018 оны 06 сарын 27-нд эхнэр хүүхдийн хамт кристал ресторанд хоол идэхээр орсон. Орохдоо би нэлээд согтолттой байсан. Тэр дотор зөөгч залуутай үл ойлголцоод захиалсан зүйлээ хэрэглэж чадаагүй тооцоогоо хийгээд буцаад гарсан. Тэгээд гадаа нь найз Б.П-той тааралдаад буцаад захиалсан зүйлээ авах гээд орохдоо тэр залуутай муудалцаад орсон. Тэнд зодоон болоод цагдаа дуудаад явсан... Зөвшөөрч байна... Нийлээд 1.000.000 төгрөг өгсөн... Согтуугаар олон нийтийн газар маргалдсан, бүлэглэж хүн зодсон... Өлзийжаргал овогтой Ууганбаяр миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Торгуулийн ялыг эсэргүүцэх зүйлгүй... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Б.Б-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2018 оны 06 сарын 27-ны өдөр 21 цагийн үед *** гэх залуу эхнэр хүүхэдтэйгээ *** ресторанд орж ирсэн. *** нь орж ирэхдээ согтуу байсан. У  нь 100 грамм архи хоол цай захиалсан. Захиалчихаад сууж байхдаа ширээ цохиж аваад орилж чарлаад байхаар нь би очиж уучлаарай та ингэж болохгүй соёлтой үйлчлүүлээрэй гэж хэлсэн. У  нь намайг хэл амаар доромжилж дахин дахин ширээ цохиод орилж чарлаад байхаар нь би дахин очиж санeулсан чинь 10 минут орчим зүгээр сууж байгаад захиалсан хоол цайгаа авалгүй гарч явсан. Тэгээд 40-50 минутын дараа би рестораны үүдэнд зогсож байтал У  нь 2 залуутай ирээд ямар нэгэн шалтгаангүй намайг барьж аваад зодох гээд байсан. Тэгээд араас дагаж орж ирээд У  нь найзуудтайгаа нийлж намайг шалтгаангүйгээр зодох гээд байсан. Ууганбаяр эхэлж миний нүүрэн тус газарт цохиод хажууд байсан хүрэн өнгийн подволктай махлаг залуу нь бас цохиж аваад нийлж зодсон...” гэсэн  мэдүүлэг /хх 21-22-рт/,

Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...тэр ах согтуу чанга чанга орилоод ширээ цохиод байсан учир манай ах Б  очоод та соёлтой үйлчлүүлээрэй гэж хэлсэн. Тэгээд тэр ах уурлаж байгаад гарч явсан. Удалгүй 20-30 минутын дараа нөгөө ах 2 эрэгтэй хүнтэй хамт ирсэн. Согтуу орж ирсэн ах болон хүрэн подволктай ах хоёр нийлээд манай ахыг зодсон...” гэсэн мэдүүлэг /хх 29-30-рт/,

Гэрч Т.Э-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Б  нь биеэ хамгаалаад гараараа толгойгоо дарсан байдалтай байсан. Харин нөгөө хоёр залуу нь Б-ийг барьж аваад буйдан руу унагаагаад цохиж зодоод байсан. Б-ийг олон удаа цохисон байсан. Сүүлд нь салгасны дараа Б-ийн нүд хөхрөөд уруул хацарнаас нь цус гарсан, хоолой нь боогдож зулгарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 35-рт/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Т.А-ын 2018 оны 06 сарын 29-ны өдрийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт №173 дугаартай “...1.Б.Б-ийн биед гавал ясны хөхлөг сэртэнгийн заадасны цуурал, тархи доргилт, баруун шанаа, эрүүнд зулгаралт, зүүн чихний ар хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

4. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /хх 24-25-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.П, Ө.У  нар нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцоно гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй гэсэн болно.

 Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнээд шүүхээс шүүгдэгч Б.П, Ө.У нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан  хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар аймгийн Прокурорын газраас  шүүгдэгч нарт  холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүх шүүгдэгч Б.П, Ө.У нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан  хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, шүүгдэгч Б.П, Ө.У нарыг тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.П, Ө.У нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзэв.

 Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч нарт тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.П, Ө.У нар  уг хэргийг согтуугаар үйлдсэн ба Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй, энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.П, Ө.У нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Б.П, Ө.У нарын иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, хохирогчид хохирол төлөгдсөн  зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч *** овгийн Б-ын П, *** овгийн Ө-ын У нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан  хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П, Ө.У нарыг тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр тогрох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П, Ө.У нарт тус бүрт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.П, Ө.У нарт танилцуулсугай. 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.П, Ө.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч нарын хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид хохирол төлөгдсөн, шүүгдэгч нарын  цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч нар Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.П, Ө.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Д.САРАНТУЯА