Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/01216

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/01216

 

 

Г.Энхжаргал  нэхэмжлэлтэй

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Энхжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 182/ШШ2018/00453 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Г.Энхжаргалын нэхэмжлэлтэй

Хариуцагч Бишрэлт холдинг ХХК-д холбогдох

 

Хууль, эрх зүйн газрын гэрээ, эрх зүйн албаны хуульчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор болон туршилтын 3 сарын хугацаанаас хойш ажлаас халагдах хүртэлх хугацааны цалингийн зөрүү гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Бишрэлт холдинг ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Чинбишрэлтийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Г.Энхжаргал

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Нямсамбуу

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Энхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие  Бишрэлт холдинг ХХК-тай 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээг туршилтын 3 сарын хугацаагаар байгуулж, тус компанид хуульчаар ажиллаж эхэлсэн. Тухайн үед цалинг 1 сарын 1 500 000 төгрөг байхаар үүнээс туршилтын 3 сарын хугацаанд үндсэн цалингийн 80 хувиар буюу 1 200 000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Туршилтын хугацаа 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр дууссан бөгөөд талуудын хэн аль нь гэрээг цуцлах санал гаргаагүй. Туршилтын хугацаа дууссан байхад намайг үндсэн ажилтан болгох эсэхээ шийдэж гэрээг шинээр байгуулах ёстой байсан. Гэтэл гэрээ байгуулахгүй, бүр ажил үүргээ гүйцэтгэхийг шаардаж байсан. Гэхдээ намайг үндсэн ажилтан болгоно, чи тайлангаа бичиж өгөөрэй гэж удирдагын зүгээс хэлж байсан. Гэтэл 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 49 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан. Уг тушаалд намайг ...2017 оны 7 дугаар сарын 24, 27-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-с дээш хоног ажил тасалж хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан ... гэж үзсэн байх би уг өдрүүдэд өвчтэй, чөлөөтэй байсан ба энэ талаарх чөлөөний хуудсуудыг ахлах хуульчаар батлуулан Захиргаа, хүний нөөцийн газарт хүргүүлсэн байдаг. Намайг ажиллаж байх үед чөлөөний хуудас гэж байгаагүй, харин гадуур ажиллах хуудас л байсан. Тэгээд ч цагийн бүртгэлээс намайг хоёр өдөр чөлөөтэй гэсэн дээр бүртгэсэн байдаг. Энэ нь намайг өвчтэй, чөлөөтэй байсныг нотолно. Хариуцагч өмнөх хурал дээр нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарлаж байсан. Харин нэмж ирсэн тойрох хуудсаар би хамгийн сүүлд 9 дүгээр сарын 29-нд ажлаа хүлээлгэж өгөөд тушаалаа хуулбарлаж авсан учир хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байгаа. Мөн намайг 1 500 000 төгрөгийн цалин авах байсан гэдгийг Удирдлагын хорооны хурлын тэмдэглэлээс харж болно. Уг тэмдэглэлд намайг дахин харж, цалингийн 80 хувийг нь өгье гэсэн байдаг. 80 хувь гэдэг нь 1 500 000 төгрөгөөс тооцогдож байгаа бөгөөд энэ нь миний авч байсан цалин болох 1 200 000 төгрөг юм. Иймд намайг хуульчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг талуудын тохиролцсон хэмжээгээр гаргуулж, мөн туршилтын 3 сарын хугацаанаас хойшхи ажилласан хугацааны цалингийн зөрүүг ажлаас халагдах өдөр хүртэл тооцон гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, батапгаажилт хийлгүүлж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Г.Энхжаргал нь манай байгууллагатай туршилтын 3 сарын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Туршилтын хугацаа дууссан ч гэрээнд заасны дагуу хэн аль нь шаардлага гаргаагүй учир гэрээ сунгагдаад явж байсан. Харин түүнийг гүйцэтгэх захирлын 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 49 дүгээр тушаалаар хоёроос дээш өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас нь халсан байдаг. Хуулийн мэргэжилтэн Г.Энхжаргал нь 2017 оны 7 дугаар сарын 24, 27-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй бөгөөд чөлөө авсан, өвчтэй гэдэг ч чөлөө авсан болон өвтэй байсан талаар нотлох баримт гаргаж өгөөгүй. Иймд Г.Энхжаргалыг 24, 27 өдрүүдэд ажил тасалсанд тооцсон байдаг. Үүнийг компанийн ажилтнуудын ирцийн мэдээ /хурууны хээгээр цаг бүртгүүлэх сестим/ мөн Г.Энхжаргалын тухайд сард гадуур ажилласан хуудсан дээр 2017 оны 7 дугаар сарын 24, 27 өдрийн тайлбар байхгүй байдаг. Компанийн зүгээс Г.Энхжаргалыг дээрх өдрүүдэд ажиллаагүй шалтгаанаа тайлбарлах шаардлага тавьж, тодорхой хугацаа өгсөн ч тэрбээр тайлбар өгөөгүй тул Компанийн дотоод журмын 12.10.3-т заасан хүндэтгэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан,... тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоож, хөдөлмөрийн гэрээг цуцална гэсний дагуу ажлаас нь чөлөөлсөн. Тус компани нь туршилтын хугацаагаар ажиллах ажилтныг жинхлэх эсэхийг Удирдлагын хорооны хурлаар хэлэлцэн шийдвэрлэдэг. Удирдлагын хороо 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн хурлаар Г.Энхжаргалыг жинхлэх эсэх асуудлыг авч хэлэлцсэн бөгөөд түүнийг зан харилцааны хувьд доголдолтой, ажил үүргийн гүйцэтгэл хангалтгүй гэж дүгнэсэн. Гэхдээ түүнийг ажлаас чөлөөлөхийг урьтал болгоогүй бөгөөд албан тушаалд нь жинхлүүлж, ажил үүргээ сайжруулах тодорхой хугацаа өгч, ажилдаа ахиц дэвшил гаргасан тохиолдолд өнгөрсөн хугацааны цалингийн 20 хувийг нөхөж олгох шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг Г.Энхжаргал хүлээн зөвшөөрч хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргах хүртлээ ажиллаж байсан. Нэхэмжлэгч Г.Энхжаргалыг 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөр ажлаас чөлөөлж, ажил хүлээлцэх комиссыг байгуулсан байхад тэрээр завгүй, өвчтэй, эмнэлэгт хэвтсэн зэрэг шалтгаанаар хойшлуулсаар 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн. Тэрээр ажлаас халсан тушаалыг 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр мэдсэн тул шүүхэд гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Г.Энхжаргалыг Бишрэлт холдинг ХХК-ийн хууль эрх зүйн газрын гэрээ, эрх зүйн албаны хуульчийн ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч Бишрэлт холдинг ХХК-иас 6 515 364 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Энхжаргалд олгож, нэхэмжлэлээс үлдэх 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх ажилласан хугацааны цалингийн зөрүү гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Энхжаргалын дээрх олговроос шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Бишрэлт холдинг ХХК-нд үүрэг болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Энхжаргал нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж, мөн хуулийн дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Бишрэлт холдинг ХХК-иас 119 196 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Бишрэлт холдинг ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Чинбишрэлт давж заалдах гомдолдоо:

... Нэхэмжлэгч Г.Энхжаргал нь нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 49 тоот гүйцэтгэх захирлын тушаалыг үндэслэсэн. Шүүх дээрх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, шаардлагын хууль зүйн үндэслэл болгож буй гүйцэтгэх захирлын 49 тоот тушаалыг хүчингүй болгож шийдвэрлээгүй. Улсын дээд шүүхийн 2016 оны 33 дугаар тогтоолд ажлаас халагдсан сүүлийн өдрийг Хөдөлмөрийн хуулийн 43 дутаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан "ажлаас халагдсан өдөр" -ийг ажил олгогчийн шийдвэрт заахдаа тухайн ажилтны ажилласан хугацаанд нь оногдвол зохих ажил хүлээлцэхэд зориулж тогтоосон хоногийг нэмж, сүүлчийн өдрийг тогтооно. Тус компанийн гүйцэтгэх захирлын 49 тоот тушаалд ажил хүлээлцэх сүүлчийн өдрийг 18-ны өдрөөр тасалбар болгосон. Ажил олгогчийн шийдвэрт заасан хугацаа ажилтны буруугаас хэтэрвэл уг шийдвэрт заасан өдрийг, харин ажил олгогчийн буруугаас хэтэрвэл ажил хүлээлгэн өгсөн өдрийг тус тус ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдөр гэж үзнэ. Г.Энхжаргал нь 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ажлаас халсан тушаал гарсныг мэдсэн. Тушаалын хуулбарыг өөрөө хүлээн авсан, хүлээн авсан өдрөөс ажлаа хүлээлгэн өгөххгүй хаяад явсан. Удаа дараа ажлаа хүлээлгэн өгөх талаар шаардсан боловч тушаал гарснаас хойш 1 сар 8 хоногийн дараа ажлаа өгсөн. Г.Энхжаргал нь 1 сар 8 хоногийн хугацаа хэтрүүлж, ажлаа хүлээлгэн өгсөн талаар шүүхэд тайлбар болон нотлох баримт огт гаргаж өгөөгүй. Дээрх нөхцөл байдал хэрэгт нотлох баримтаар тогтоогдсон байхад энэ талаар анхан шатны шүүх дүгнээгүй орхигдуулсан. Шүүх Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзсэн. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, Г.Энхжаргалыг өмнөх ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 182/ШШ2018/00453 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Г.Энхжаргал нь Бишрэлт холдинг ХХК-д холбогдуулан Хууль, эрх зүйн газрын Гэрээ, эрх зүйн албаны хуульчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор болон туршилтын 3 сарын хугацаанаас хойш ажлаас халагдах хүртэлх хугацааны цалингийн зөрүү гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, ...нэхэмжлэгч нь хоёроос дээш өдрөөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, ноцтой зөрчил гаргасан гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... туршилтын 3 сарын хугацаа өнгөрсөн байхад хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй, туршилтын хугацаа дуусангуут 1 500 000 төгрөгөөр цалинжуулаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасласан гэх өдрүүдэд өвчтэй, чөлөөтэй байсан бөгөөд энэ талаар удирдлагадаа мэдэгдсэн гэж тайлбарласан байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Бишрэлт холдинг ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 09 дугаар тушаалаар Г.Энхжаргалыг Хууль, эрх зүйн газрын Гэрээ, эрх зүйн албаны хуульчийн албан тушаалд туршилтын 3 сарын хугацаагаар томилж, сарын үндсэн цалинг В3 кодоор тооцон олгохоор тогтоож, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. /хх-ийн 5-7, 24 тал/

 

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр дууссан байх боловч ажил олгогч байгууллага нэхэмжлэгч Г.Энхжаргалын ажил, үүргийг гүйцэтгүүлж байсан байх ба 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Бишрэлт холдинг ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 49 дугаар тушаалаар Г.Энхжаргалыг Хууль эрх зүйн газрын гэрээ, эрх зүйн албаны хуульчийн ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 8.57.6-д заасныг баримталсан байна. /хх-ийн 34 тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй.

Гэрээний 7.5-д гэрээний хугацаа дуусгавар болсон ч аль нэг тал гэрээг цуцлах санал гаргаагүй тохиолдолд энэхүү гэрээ тодорхой бус хугацаагаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэж тооцно гэж заасан байна.

Хэргийн 29 дүгээр талын арын хуудсанд ажилтны гадуур ажиллах хуудас, ирцийн бүртгэл гэсэн бичгийн баримт авагдсан байх боловч түүний 2017 оны 7 дугаар сарын 24, 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрүүдэд гадуур ажлаар явсан болохыг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна. Хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоёроос дээш хоног ажил тасалж, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээ нотлоогүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Энхжаргалыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалттай нийцжээ.

Шүүх Г.Энхжаргалын ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг тооцохдоо Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7А-д зааснаар нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалин хөлсний дундаж хэмжээгээр 1 сарын цалинг /1 200 000+ 1 050 000 + 993 478= 2 980 434:3=993 478 төгрөг/ тооцсоныг буруу гэж үзэхгүй.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч Бишрэлт холдинг ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 49 дугаар тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэгч Г.Энхжаргалыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 6 515 364 төгрөг /ажилгүй байсан хугацаа 6 сар 12 хоног бөгөөд 6* 993 478=5 960 868 төгрөг, 993 478:21,5*12=554 496 төгрөг/ гаргуулж, уг олговороос шимтгэл тооцож нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Хариуцагч Бишрэлт холдинг группын удирдах зөвлөлийн 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаар тогтоолоор талуудын тохиролцсон В-3 цалингийн код нь 1 000 000- 1 800 000 төгрөгийн хооронд байх бөгөөд талууд туршилтын хугацаагаар гэрээ байгуулахдаа 1 200 000 төгрөгийн цалинтай байхаар тохиролцсон, туршилтын хугацаа дууссаны дараа 1 500 000 төгрөгийн цалин авах байсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар шууд тогтоогдоогүй тул цалингийн зөрүүг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, энэ талаар давж заалдсан Бишрэлт холдинг ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Чинбишрэлтийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 182/ШШ2018/00453 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Бишрэлт холдинг ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Чинбишрэлтийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Бишрэлт холдинг ХХК-ийн төлсөн 119 195 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Ц.ИЧИНХОРЛОО