Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2018/01513

 

Г.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2018/00453 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1216 дугаар магадлалтай,

Г.Э-ын нэхэмжлэлтэй,

“Б” ХХК-д холбогдох,

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор болон туршилтын 3 сарын хугацаанаас хойш ажлаас халагдах хүртэлх хугацааны цалингийн зөрүү гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн баталгаажилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч А.Чинбишрэлтийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Г.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би “Б” ХХК-тай 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээг туршилтын 3 сарын хугацаагаар байгуулж, хуульчаар ажиллаж эхэлсэн. Тухайн үед цалинг 1 сарын 1.500.000 төгрөг байхаар үүнээс туршилтын 3 сарын хугацаанд үндсэн цалингийн 80 хувиар буюу 1.200.000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Туршилтын хугацаа 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр дууссан бөгөөд талуудын хэн аль нь гэрээг цуцлах санал гаргаагүй. Туршилтын хугацаа дууссан үед намайг үндсэн ажилтан болгох эсэхээ шийдэж гэрээг шинээр байгуулах ёстой байсан. Намайг үндсэн ажилтан болгоно, чи тайлангаа бичиж өгөөрэй гэж удирдлагын зүгээс хэлж байсан. Гэтэл 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 49 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас халсан. Уг тушаалд “...2017 оны 7 дугаар сарын 24, 27-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-с дээш хоног ажил тасалж хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан ... гэжээ. Би уг өдрүүдэд өвчтэй, чөлөөтэй байсан ба энэ талаарх чөлөөний хуудсыг ахлах хуульчаар батлуулан Захиргаа, хүний нөөцийн газарт хүргүүлсэн. Намайг ажиллаж байх үед чөлөөний хуудас гэж байгаагүй, харин гадуур ажиллах хуудас л байсан. Тэгээд ч цагийн бүртгэлд намайг хоёр өдөр чөлөөтэй гэж бүртгэсэн нь намайг өвчтэй, чөлөөтэй байсныг нотолно. Тойрох хуудсаар би хамгийн сүүлд 9 дүгээр сарын 29-нд ажлаа хүлээлгэж өгөөд тушаалаа хуулбарлаж авсан учир хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Иймд намайг хуульчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг талуудын тохиролцсон хэмжээгээр гаргуулж, мөн туршилтын 3 сараас хойших ажилласан хугацааны цалингийн зөрүүг ажлаас халагдах өдөр хүртэл тооцон гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгүүлж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч “Б” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Э-тай туршилтын 3 сарын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Туршилтын хугацаа дууссан ч гэрээнд заасны дагуу хэн аль нь шаардлага гаргаагүй учир гэрээ сунгагдаад явж байсан. Харин түүнийг гүйцэтгэх захирлын 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 49 дүгээр тушаалаар хоёроос дээш өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас нь халсан. Г.Э- 2017 оны 7 дугаар сарын 24, 27-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй бөгөөд чөлөө авсан, өвчтэй гэдэг ч нотлох баримт гаргаж өгөөгүй тул ажил тасалсанд тооцсон. Компанийн зүгээс Г.Э-ыг дээрх өдрүүдэд ажиллаагүй шалтгаанаа тайлбарлах шаардлага тавьж, тодорхой хугацаа өгсөн ч тэрбээр тайлбар өгөөгүй тул Компанийн дотоод журмын 12.10.3-т заасан хүндэтгэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан,... тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоож, хөдөлмөрийн гэрээг цуцална гэсний дагуу ажлаас нь чөлөөлсөн. Удирдлагын хороо 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн хурлаар Г.Э-ыг жинхлэх эсэх асуудлыг авч хэлэлцсэн ажил үүргээ сайжруулах тодорхой хугацаа өгч, ажилдаа ахиц дэвшил гаргасан тохиолдолд өнгөрсөн хугацааны цалингийн 20 хувийг нөхөж олгох шийдвэр гаргасан. Тэрээр ажлаас халсан тушаалыг 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр мэдсэн тул шүүхэд гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2018/00453 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Г.Э-ыг Б ХХК-ийн Хууль эрх зүйн газрын Гэрээ, эрх зүйн албаны хуульчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч Б ХХК-иас 6,515,364 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Э-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2017.05.20-ны өдрөөс 2017.08.18-ны өдрийг хүртэлх ажилласан хугацааны цалингийн зөрүү гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Э-ын дээрх олговроос шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Б ХХК-нд үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Э- нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Б ХХК-иас 119,196 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1216 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 182/ШШ2018/00453 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Чинбишрэлтийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б ХХК-ийн төлсөн 119.195 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч А.Чинбишрэлт хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ12018/00453 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1216 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Ажилтан нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд багтаан гаргасан” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй тухайд, мөн давж заалдах шатны шуух энэ талаар ямар ч дүгнэлт хийгээгүй байгаа тухайд: Б ХХК нь Хууль эрх зүйн газрын Гэрээ, эрх зүйн албаны хуульч ажилтай Г.Э-ыг тус компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 49 дугаартай тушаалд Г.Э-ын хөдөлмөрийн гэрээг 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон цуцлахаар тусгасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд ажилтанд урьдчилсан мэдэгдэл өгөх шаардлагагүй байдаг. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т зааснаар ажилтны ажил хүлээлцэх хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заадаг бөгөөд ажил хүлээлцэх хугацаа нь хэдий хэмжээний хугацаа байх талаар хуульчилсан зохицуулалт байхгүй тул ажил хүлээлцэх хугацааг тогтоох нь ажил олгогчийн бүрэн эрхийн асуудал байна. Иймд г Энхжаргалыг ажлаас халах тухай шийдвэрт зааснаар түүний ажил хүлээлцэх хугацаа нь 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байсан. Харин Г.Э- нь тушаал гарснаас хойш элдэв шалтаг тоочин ажилдаа ирж ажлаа хүлээлцэхгүй байсаар байсан бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ажил дээрээ ирж тойрох хуудсаа хүлээн авч, 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр тойрох хуудсаа бүрэн зуруулж дуусган, ажлаа хүлээлцсэн байна. Үүнээс үзэхэд Г.Э-ыг өөрийн буруугаас ажил хүлээлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Г.Э- нь 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс хойш ажилдаа очоогүй, ирцээ бүртгүүлээгүй болон дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд Г.Э- нь өөрийг нь ажлаас халсан тухай гүйцэтгэх захирлын тушаалыг тус тушаал гарсан өдөр гардаж авсан гэдэг нь тодорхой байна. Гэтэл анхан шатны шүүх ямар нэгэн нотлох баримтад үндэслэлгүйгээр, зөвхөн Г.Э-ын амаар хэлж буй тайлбарт үндэслэн, хариуцагчийн өгсөн тайлбарыг хэрэгсэхгүйгээр, Г.Э-ыг 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр тушаалаа гардан авсан гэж дүгнэсэн. “Б” ХХК нь давж заалдах журмаар гомдол гаргасан гол үндэслэл нь “ажилтны гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн” асуудал байсан. Гэтэл давж заалдах гомдлын гол үндэслэл болох хөөн хэлэлцэх хугацааны асуудлаар магадлалд нэг ч өгүүлбэр тусгагдаагүй. Хөдөлмөрийн гэрээний 7.5-д “Гэрээний хугацаа дуусгавар болсон ч аль нэг тал гэрээг цуцлах санал гаргаагүй тохиолдолд энэхүү гэрээ тодорхой бус хугацаагаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэж тооцно” гэж зааснаар хөдөлмөрийн гэрээ нь “байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулна” гэсэн шаардлагын дагуу тодорхойгүй хугацаагаар сунгагдсан байна. Иймд шүүх Г.Э-ыг хөдөлмөрийн гэрээгүй ажиллуулж байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн тухай хуульд Хөдөлмөрийн гэрээг “Туршилтын хугацааны гэрээ”, “Үндсэн ажилтны Хөдөлмөрийн гэрээ” зэргээр ангилдаггүй. Гэтэл анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтээс харахад туршилтын хугацаатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ гэж тусдаа гэрээ байдаг мэтээр тайлбарлажээ. Ийнхүү талуудын хооронд анх байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээг үндсэн ажилтнаар томилогдсоноор сунгагдсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байх тул тус гэрээнд заасан үндэслэлээр ажилтныг ажлаас халах шийдвэр гаргах бүрэн боломжтой байсан гэж үзэж байна. Г.Э- нь 2017 оны 7 дугаар сарын 24 ба 27-ны өдрүүдэд ажлаас чөлөө авсан болон хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байдаг. Харин хариуцагчийн зүгээс Г.Э-ыг ажил тасалсан гэдгийг нотлох баримт хурууны хээгээр цаг бүртгүүлэх системийн ирцийн мэдээг гаргаж өгсөн. Тус ирцийн мэдээнээс Г.Э- 2 өдөр ажилдаа ирээгүй гэдэг нь тодорхой харагддаг. 2017 оны 7 дугаар сарын 24, 27-ны өдрүүдэд Г.Э- нь гадуур ажиллаагүй бөгөөд тэрээр нэхэмжлэлдээ “чөлөө авсан” гэж бичсэнээр энэ нь хангалттай нотлогдож байгаа юм. “Б” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.33-т ажилтанд чөлөө олгох асуудлыг зохицуулсан бөгөөд ажилтан 5 цагаас 1 хүртэлх өдрийн чөлөө авах тохиолдолд шууд удирдлагатай зөвшилцөн, Хүний нөөцийн нэгжээс чөлөөний хуудас авч Хүний нөөцийн захирлын зөвшөөрлийг авах ёстой байдаг. Гэтэл Г.Э- нь ийнхүү чөлөөний хуудас бөглөж Хүний нөөцийн газрын захирлаас чөлөө авсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/00453 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23- ны өдрийн 1216 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтад тулгуурлан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Нэхэмжлэгч Г.Э- нь ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор болон цалингийн зөрүү гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч “Б” ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.

Ажил олгогч 2017 оны 08 дугаар сарын 18-ний өдөр 49 тоот тушаал гаргаж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 131 дүгээр зүйлийн 131.1.3. дах заалтыг үндэслэн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-с дээш хоног ажил тасалж хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэжээ. /хэргийн 12 дугаар тал/.

Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй боловч зөрчил баримтаар тогтоогдсон байх шаардлагатай. 

Зохигчийн хооронд 2017 оны 2 дугаар сарын 20-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээгээр хариуцагч нь Г.Э-ыг хууль, эрх зүйн газрын гэрээ, эрх зүйн албаны хуульчийн албан тушаалд туршилтын 3 сарын хугацаагаар томилж, сарын үндсэн цалинг В3 кодоор олгохоор тогтоожээ.

Туршилтын хугацаа 2017 оны 5 дугаар сарын 20-ний өдөр дууссан, ажил олгогч 2017 оны 5 дугаар сарын 22-ний өдрийн 24 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг үндсэн ажилтнаар томилжээ /хэргийн 39 дүгээр тал/.

Хөдөлмөрийн гэрээний 7.5-т гэрээний хугацаа дуусгавар болсон ч аль нэг тал гэрээг цуцлах санал гаргаагүй тохиолдолд энэхүү гэрээ тодорхой бус хугацаагаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэж ойлгоно гэж заасан тул зохигчийн хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэх боломжгүй юм.

Дээрх хөдөлмөрийн гэрээний 6.5.15-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан бол ноцтой зөрчилд тооцохоор заасан, нэхэмжлэгч уг зөрчлийг гаргасан эсэх нь маргааны зүйл болжээ.

Ажлаас халах тушаалд заасан 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Г.Э- гадуур ажилтай байсан байх ба ажлын цагийн бүртгэлд 27-ний өдөр тасалсан гэж бүртгээгүй байна.

Шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, энэ тухайгаа шийдвэр, магадлалд тодорхой тусган нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт хариуцагчаас 6.515.364 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-т нийцжээ.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2018/00453 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1216 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч А.Чинбишрэлтийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 119.195 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ