Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/01562

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Ө нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 31-ний өдрийн 183/ШШ2019/02317 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Ө хариуцагч Ч.Л , К.У нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 29 443 980 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч К.У ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч К.У ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, түүний өмгөөлөгч У.Х шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Хариуцагч нартай Апекс финанс ХХК-д барьцаалагдсан Л.Ө эзэмшлийн 65-44 УБЗ улсын дугаартай Toёота Хайлюкс маркийн автомашиныг барьцаанаас чөлөөлөхөөр харилцан тохиролцож, зээлийн гэрээ байгуулан өөрийн эзэмшлийн газар, үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 09 сарын 13-ны өдөр Жи эс би капитал ББСБ ХХК-д барьцаалж 20 000 000 төгрөгийн зээл авч өгсөн. Талууд тус банк бус санхүүгийн байгууллагын /цаашид ББСБ гэх/ эдийн засагчтай уулзаж зээлийн төлбөрийг К.У , Ч.Л нар төлөхөөр тохиролцсон боловч төлөөгүй. Ингээд ББСБ-ын зүгээс шүүхэд хандаж, Л.Өлзийбатаас 22 517 485 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Үүний улмаас Л.Өлзийбат орон сууцгүй болох гээд байна. Ч.Л гэрээнд зурагдсан гарын үсгийг өөрийнх биш гэж маргасан боловч шинжээчийн дүгнэлтээр мөн болох нь тогтоогдсон.

Нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж 20 000 000 төгрөгийг хариуцагч нараар төлүүлээд маргааныг дуусгая гэжээ.

 

Хариуцагч Ч.Л тайлбартаа: Л.Өлзийбаттай зээлийн гэрээ байгуулаагүй, харин манай компанийн Дундговь аймгийн Баянжаргалан суманд хөрс хуулалт нүүрс олборлолтын ажлын хөрөнгө оруулалт гэж 17 000 000 төгрөг хийсэн. Үүнийг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Уг мөнгөн хөрөнгийн 5 000 000 төгрөгийг Л.Өлзийбат нь өөрийн таньдаг ковшийн жолоочийн данс руу шилжүүлж, 12 000 000 төгрөгийг би авсан.

Зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, хэрэгт миний гарын үсгийг дуурайлгаж зурсан хуурамч нотлох баримт өгсөн байна. 20 000 000 төгрөгийг нэхэмжилж байгааг зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагч К.У тайлбартаа: Л.Өлзийбатаас мөнгө зээлээгүй, зээлийн гэрээг анх удаа харж байна. Тэрээр манай компанийн Дундговь аймгийн Баянжаргалан суманд байрлах Хөөтийн уурхайн ажил гүйцэтгэх гэрээг үзээд Ч.Л д хамтран ажиллах санал тавьсан. Ингээд өөрийн эзэмшлийн Шарга морьтод байрлах зуслангийн байшинг зээлийн барьцаанд тавьж 20 000 000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банк ХХК-ийн дансаар авсан болно. Үүнээс 5 000 000 төгрөгийг ковшийн жолоочид шилжүүлж үлдэгдэл 11 860 000 төгрөгийг 2 хоногийн дараа өгсөн. Түүнээс зээл авах талаар хандаж байгаагүй. Иймд 16 860 000 төгрөгийг төлнө гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Л , К.У нараас зээлийн гэрээний үүрэгт 20 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Өлзийбатад олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305 165 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 257 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч К.У давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх тус хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн, зохигчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрх болон мэтгэлцэх зарчмыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд, нэхэмжлэгч Л.Өлзийбат нь 2019 оны 03 сарын 11-ний өдөр Ч.Л -д холбогдуулж гэрээний үүрэгт 29 443 980 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2019 оны 03 сарын 18-ны өдөр 183/Ш32019/03423 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 03 сарын 21-ний өдөр К.У ийг хамтран хариуцагчаар татах тухай хүсэлт гаргасан бөгөөд түүнийг хэрхэн шийдвэрлэсэн тухай захирамж гараагүй. Нэхэмжлэлийн хувийг хариуцагч К.У т гардуулаагүй атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

Мөн 2019 оны 07 сарын 30-ний өдрийн 183/Ш32019/08869 дугаартай Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шинжээчийн дүгнэлт ирэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн. Тус захирамжид заасан шинжээчийн дүгнэлт нь 2019 оны 09 сарын 07-ны өдөр гарсан бөгөөд 2019 оны 09 сарын 13-ны өдөр шүүхэд ирүүлж, 2019 оны 10 сарын 31-ний өдөр 183/Ш32019/12602 дугаартай захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн. Хэргийн оролцогч нарт 2019 оны 10 сарын 21-ний өдөр хэргийн материал танилцуулсан, 2019 оны 10 сарын 25-ны өдөр шүүх хуралдаанд ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг шуудангаар явуулах зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн хэргийг сэргээгээгүй түдгэлзсэн хэвээр байх хугацаанд явуулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т заасны дагуу шүүхээр хэлэлцүүлэх тухай захирамж гаргаагүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.

Шүүх зохигчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрх, мэтгэлцэх зарчмыг хангаагүй талаар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн өдөр буюу 2019 оны 10 сарын 31- ний өдрийн 15 цагт шүүх хуралдааныг зарласан бөгөөд шүүх хуралдааны зар, болон хэргийн оролцогч нарт хэрэг танилцуулсан өдөр нь тухайн хэрэг сэргээгүй байх хугацаанд хийгдсэн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзэхээргүй байна. Мөн хариуцагч К.У ,нь тус өдрийн анхан шатны шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаарх хүсэлтийг бичгээр гаргасан бөгөөд хариуцагч Ч.Л нь шүүх хуралдаан дээр хариуцагч К.У ийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах хүсэлттэй байгаагаа илэрхийлсэн. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар бичгээр хүсэлт гаргаагүй байхад нэхэмжлэгч талыг илт дэмжиж, тодруулж асуух зэргээр хэт нэг талын эрх ашгийг илүүд үзсэн байна. Нөгөөтээгүүр хариуцагч К.У ийн эзгүйд тус хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмыг баримтлаагүй хариуцагч талын хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч К.У нь нэхэмжлэгч талтай зээлийн гэрээ байгуулаагүй, зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй харин хамтран ажиллах аман хэлцлийн дагуу нэхэмжлэгч Л.Өлзийбат нь хөрөнгө оруулалт хийсэн талаар тайлбар гаргаж маргасан байхад шууд түүнийг зээлийн гэрээ байгуулсан гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь маргаан бүхий харилцааг зөв тодорхойлоогүй гэж үзэж байна.

Хариуцагч К.У нь нэхэмжлэгч талаас тодорхой хэмжээнд мөнгө хүлээн авсан талаар хүлээн зөвшөөрдөг гэхдээ зээлийн гэрээний дагуу хүлээж аваагүй харин хамтран ажиллах аман хэлцлийн дагуу хөрөнгө оруулалт 16 860 000 төгрөг оруулсан. Мөн хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй, нэхэмжлэгчээс мөнгө зээлээгүй гэх үйл баримтыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй үнэлэлт дүгнэлт хийгээгүй. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дах хэсэгт зааснаар хариуцагч К.У гарын үсэг зураагүй тул зээлийн гэрээний харилцааны оролцогч биш тул талуудын хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан гэрээний үүрэг үүсээгүй учир нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу шаардах эрхгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан, хариуцагч нь зээлийн гэрээ байгуулаагүй, зээлийн гэрээний дагуу үүрэг үүсээгүй харин хамтран ажиллах гэрээний дагуу хөрөнгө оруулалтыг нэхэмжлэгч оруулсан гэж маргадаг. Анхан шатны шүүх талуудын тайлбар хэрэгт авагдсан баримтаар дээрх үйл баримтыг хангалттай тогтоогоогүй зөвхөн нэг талыг барьж хэргийг хянан шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл талуудын мэтгэлцээнд тулгуурлан маргаан бүхий эрх зүйн харилцааг тодорхойлох шаардлагатай байсан хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч талын мэтгэлцэх эрхийг хангаагүй түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн байна.

Иргэний хуульд заасан зээлийн болон хамтран ажиллах гэрээний үүрэг нь өөр өөр төрлийн гэрээний үүрэгт хамаарах бөгөөд тэдгээр гэрээний үүргийг зөв тодорхойлох нь хэргийн оролцогчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдөхөөс хамгаалах, хэргийг үнэн зөв шударга шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.

Анхан шатны шүүх зээлийн гэрээний харилцааг ямар нотлох баримтыг үндэслэн байгуулагдсан талаарх дүгнэлтийг шийдвэртээ тусгаагүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журам зөрчөөгүй боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч Л.Өлзийбат нь хариуцагч Ч.Л , К.У нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 29 443 980 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч нар эс зөвшөөрч талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, харин хамтран ажиллах зорилгоор түүнээс мөнгөн хөрөнгө хүлээн авсан гэх үндэслэлээр маргах бөгөөд Ч.Л нь 17 000 000 төгрөг, К.У нь 16 860 000 төгрөгийг буцаан төлөхөд татгалзах зүйлгүй гэх агуулгаар тус тус тайлбар гаргасан байна. /хх 1-5, 32, 34-35/

 

Хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг 20 000 000 төгрөг гэж тодорхойлсныг хариуцагч Ч.Л зөвшөөрсөн байдлаар тайлбар гаргасан тул анхан шатны шүүх уг үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч хариуцагч К.У т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгоогүй нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, хэрэгт авагдсан 2017 оны 09 сарын 13-ны өдрийн зээлийн гэрээнд уурхайн машин механизмын ажлын хөлсний урьдчилгааны зориулалтаар, 20 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд 20 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлийг харилцан тохиролцож тусгасан байх ба уг гэрээг баталгаажуулж, зээлдүүлэгчийг төлөөлж Л.Өлзийбат, зээлдэгчийг төлөөлж Ч.Л нар гарын үсэг зурсан байна.

 

Хэдийгээр дээрх гэрээний дагуу Л.Өлзийбат нь зээлдэгч талд мөнгөн хөрөнгө шилжүүлсэн баримт хэрэгт авагдаагүй байх боловч зохигчдын тайлбараар мөнгө хүлээн авсан болох нь тогтоогдож байна. Иймд Л.Өлзийбат, Ч.Л нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч Ч.Л гаас 20 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Өлзийбатад олгож, хариуцагч К.У т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, үүнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Харин хариуцагч К.У ийн гаргасан анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна. Учир нь, нэхэмжлэгч Л.Өлзийбат шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ К.У ийг хариуцагчаар татсан байх бөгөөд шүүх үүнд үндэслэн түүнд нэхэмжлэлийн шаардлага гардуулсан /хх 31/, тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, түүнд шүүхээс хуульд заасны дагуу эрх, үүрэг тайлбарлаж /хх 28-29/, хэргийн материал танилцуулсан /хх 30, 100/, шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдсэн /хх 101/байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн, талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Ч.Л нь зээлийн гэрээний харилцаа үүсээгүй үндэслэлээ дээрх гэрээнд зурагдсан гарын үсэг өөрийнх биш гэж маргах боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүний хүсэлтээр хийгдсэн шинжээч нарын дүгнэлтээр гэрээнд зурагдсан гарын үсэг нь Ч.Л гийн гэх гарын үсгийн загваруудтай тохирно гэжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч К.У ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 31-ний өдрийн 183/ШШ2019/02317 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Л гаас зээлийн гэрээний үүрэгт 20 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Өлзийбатад олгож, хариуцагч К.У т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305 165 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Л гаас 257 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч К.У ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.НЯМБАЗАР