Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2019/02317

 

2019 оны 10 сарын 31 өдөр Дугаар 183/ШШ2019/02317 Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, ...... тоотод оршин суух, Ө /РД.......... /-ын нэхэмжлэлтэй,

 

 

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, тоотод оршин суух, Л /РД....................... /,

 

 

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, тоотод оршин суух, У /РД.......... нарт холбогдох,

 

 

 

Зээлийн гэрээний үүрэгт 29.443.980 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө, түүний өмгөөлөгч Б, хариуцагч Л шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Ган-Эрдэнэ нар оролцов.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч Ө шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Ж ББСБ-аас 20 сая төгрөгийг 3 сарын хугацаатай зээлж авсан. Банкны хуулгаас үзэхэд шимтгэл хасагдаад миний данс руу 19,800,000 төгрөг орсон. Хариуцагч У , Л тай бид гурав ББСБ-ын эдийн засагчтай уулзаж зээлийг энэ хүмүүс төлөхөөр тохиролцсон. Нэг сарын хүү төлөхгүй байхаар ББСБ-ын эдийн засаг н.А  над руу утсаар ярьж нөгөө хүмүүс зээлийг төлөхгүй байгаа учраас та зээлийн гэрээний үүргийг биелүүлэх шаардлагатай гэсэн. ББСБ намайг маш их харж үзэж, бүр болохгүй болоход нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж намайг хариуцагчаар татсан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр 22,517,485 төгрөг надаас гаргуулж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж шүүхийн шийдвэрийг албадан биелүүлж, миний барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулна гэсэн. Би энэ зээлийн асуудлаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж шийдвэрлүүлж байгаа тул хугацаа шаардлагатай байгааг хэлсэн. Хариуцагч Л хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхнаасаа түүний зурсан гарын үсэг биш байна гэж маргасан боловч шинжээчийн дүгнэлтээр түүний гарын үсэг мөн болохыг тогтоосон. Би Аавтомашины ломбардад өөрийн эзэмшлийн ...... УБЗ улсын дугаартай Toёото Хайлюкс маркийн автомашинаа барьцаалсан байсныг Л чөлөөлсөн тохиолдолд энэ мөнгийг би түүнд өгч Л бид хоёр гэрээ байгуулсан. Гэрээг нотариатаар батлуулахаар явахад Л өөрийн иргэний үнэмлэхээ өгч араас ирнэ гэсэн боловч ирээгүй. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхээс гарсан шүүхийн шийдвэрийг төлүүлэх хүсэлттэй байна. Одоо нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж 20,000,000 төгрөгийг энэ хүмүүсээр төлүүлээд маргааныг дуусгая гэв.

 

 

 

Хариуцагч Л шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч худлаа тайлбар гаргаж байна. Надтай цуг нотариат орно гэж хэлээгүй. Миний иргэний үнэмлэх нэхэмжлэгчид байсан. Бид хоёр орой гэрт очиход нэхэмжлэгч согтуу байсан. Гарч яваад үлдэгдэл мөнгийг авсан. 16-ны өдөр бид хоёр хүний машинаар цуг уурхай явсан, надад ковшны хэрэг гараад хайж явахад цуг ажиллаж байсан залуу утасны дугаар өгч холбогдсон. Тэгээд 15 сая төгрөгөөр гэрээ байгуулж, Ө өөрөө данснаасаа 5 сая төгрөгийг урьдчилж шилжүүлж өгсөн. Би ажлаа зохицуулж 16-ны өдөр уурхай руу явах замд дугуй хагарч, маргааш нь буюу 17-ны өглөө уурхай дээр очиж ажлаа эхлүүлсэн. Мөнгө төгрөг бүх юм дууссаны дараа Ө над дээр ирж автомашинаа ломбардад 3 сая төгрөгөөр барьцаанд тавьж нэхэгдээд байна гэхэд нь би энэ мөнгөнөөс өгчих дараа нь хоёулаа болох биз гэж хэлсэн болохоос би Өын машиныг чөлөөлж тэр надад зээл авч өгнө гэж огт яриагүй. Ө миний 2,600,000,000 төгрөгийн ажил хийх гэрээг харж маргааш өглөө нь надтай уулзаж би хамтран ажиллах хүсэлттэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь юу хийж чадахыг асуухад ХАБ хариуцаж ажиллах боломжтой гэж хэлсэн. Өын Шарга морьт байрлах байшинг болон Peace Tower-ийн дээврийг би барьж, янзалж өгсөн ч Ө надад дутуу мөнгө өгсөн. Би өөрөө хийсэн ажлынхаа хөлсийг БНХАУ-ын иргэнээс авч чадаагүй байгаа. Авсан тохиолдолд зохих хэмжээний мөнгийг төлөхөд бэлэн байна. Одоо 20,000,000 төгрөгийг нэхэмжилж байгааг зөвшөөрч байна гэв.

 

 

 

Хариуцагч У  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ч.Өлзийбат нь анх манай компани Дундговь аймгийн Баянжаргалан суманд байрлах Хөөтийн уурхайн ажил гүйцэтгэх гэрээг уншиж үзэхэд тооцоо бодож Лд хамтран ажиллах санал тавьсан байсан. Ингээд өөрийн эзэмшлийн Шарга морьтод байрлах зуслангийн байшинг зээлийн барьцаанд тавьж 20.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн хаан банкны дансаар авсан болно. Ингээд үүнээс 5.000.000 төгрөгийг өөрийн биеэр данснаасаа ковшийн жолоочид шижлүүлж үлдэгдэл болох 11.860.000 төгрөгийг 2 хоногийн дараа гаргаж өгсөн. Л  болон миний бие нь анхнаасаа Өлзийбатыг мөнгө зээлүүлж хамтран ажиллаач гэж ажлын хүсэлт тавьж дарамт шахалт үзүүлээгүй болно. Мөн 2018 оны 8 дугаар сард Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст уг зээлийн асуудлаар шалгуулан өргөдөл гомдол гаргаж шалгуулахад У  би гэрчээр асуугдаж байсан нь үнэн. Өлзийбат нь анхнаасаа худал ярьж янз бүрийн үгээр доромжилж, өөрийн хамтран ажиллах хүсэл сонирхлоо нуун, эрс эсэргүүцэж нэхэмжлэлийн шаардлагын материал дээр зээлийн гэрээ гэгч огт хийгдэж байгаагүй материал хавсарган оруулсан байна. Өлзийбат нь хэзээ ч миний иргэний үнэмлэх регистрийн дугаарыг асууж байгаагүй. Иймд миний бие нь Өлзийбатын нэхэмжилсэн 29.443.930 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна. Өлзийбатад ямар нэгэн зээл авах саналыг анхнаасаа тавьж байгаагүй мөн дарамт шахалт үзүүлээгүй. Харин бид 16.860.000 төгрөгийг төлнө гэжээ.

 

 

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

 

 

Нэхэмжлэгч Ө шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ зээлийн гэрээний үүрэгт нийтдээ 29,443,980 төгрөгийг хариуцагч Ө, У  нараас гаргуулахаар шаардсан байна.

 

 

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 17,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн, тэрээр зээлийн гэрээ байгуулаагүй, хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажилд хөрөнгө оруулсан 17,000,000 төгрөгийг хүлээн авсан талаар маргахгүй, уг мөнгийг буцааж төлнө гэсэн хариу тайлбар ирүүлжээ.

 

 

 

Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2017.09.13-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан, гэрээний 2.1.1, 2.1.3, 2.1.4-т зааснаар 20,000,000 төгрөгийг 3 сарын хугацаагаар уурхайн машин механизмын ажлын хөлсний урьдчилгааны зориулалтаар олгосон гэх, уг зээлийн гэрээнд Л гарын үсэг зурсан байна.

 

 

 

Хариуцагч Л дээрх зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй, өөрийнх нь гарын үсэг биш гэж маргасан бөгөөд түүний хүсэлтээр шинжээч томилсон, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019.10.07-ны өдрийн 4508 дугаар шинжээчийн дүгнэлтээр 2017.09.13-ны өдрийн зээлийн гэрээ гэх баримтын 3 дугаар хуудасны баруун доод хэсэгт Л ШБ65091511 гэсний ард зурсан гарын үсэг нь Лгийн гэх гарын үсгийн загваруудтай тохирно гэжээ.

 

 

 

Нэхэмжлэгч Өын Хаан банкны ........ тоот данснаас 7,500,000 төгрөг бэлнээр, мөн өдөр машин механизмын ажлын урьдчилгаанд 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Хаан банкны 2017.09.13-ны өдрийн зарлагын мэдүүлэг, гүйлгээний баримтаар тогтоогдсон байх бөгөөд хариуцагч Л 12,000,000 төгрөгийг, харин хариуцагч У  11,860,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн авсан гэж тус тус тайлбарладаг боловч хөрөнгө оруулсан гэх 17,000,000 төгрөгийг буцааж төлөхийг Л зөвшөөрсөн болно.

 

 

 

Зээлийн гэрээний 2.1.5-д зааснаар талуудын хооронд зээлийн тохиролцоо хийсэн, АХХК-ийн барьцаанд байгаа Өын автомашиныг зээлээс чөлөөлөхөөр тохирч, дээрх 20,000,000 төгрөгнөөс 3,000,000 төгрөгийг АХХК-д төлж өөрийн автомашиныг барьцаанаас чөлөөлж авсан, уг 20,000,000 төгрөгийн зээлийг олгохын тулд Ө нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, Ж ББСБ-тай 2017.09.12-ны өдрийн зээлийн гэрээ байгуулж, сарын 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаагаар 20,000,000 төгрөгийг зээлж авсан гэж нэхэмжлэгч тайлбарладаг болно.

 

 

 

Ө нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 29,443,980 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хагуулахыг хүссэн Ж ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 22,517,485 төгрөгийг Ө нараас гаргуулахаар шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.04.09-ний өдрийн 00832 дугаар шийдвэр хэрэгт авагдсан байна.

 

 

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх үүрэгтэй, зээлдэгч нь шилжүүлэн авсан хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт ...мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан байна.

 

Иймд талуудын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, тодорхой хэмжээний мөнгийг хариуцагч нар хүлээн авсан тул буцаан төлөх үүрэгтэй бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Ө нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, зээлийн үлдэгдэл 20,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахыг хүссэн, хариуцагч Л 20,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн болно.

 

 

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан үнийн дүнгийн талаар хариуцагч Л маргаагүй тул шүүх зээлийн гэрээ болон зээлийн тооцоог дүгнэх шаардлагагүй гэж үзсэн, мөн хариуцагч У  шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л, У  нараас зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Өад олгосугай.

 

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305,165 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 257,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ