Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 75

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа,

Улсын яллагч Х.Гүнжидмаа,

Шүүгдэгч Г.М  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Гэцэл овгийн Г-ын М-д холбогдох 1816000710058 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, халх, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат, *** оны *** дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 6, аав, ээж, дүү, эхнэр, хүүхдийн хамт Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, ............ баг .......... тоотод оршин суух, урьд нь Говь-Алтай аймаг дахь сумын дундын шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн .... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн .....дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан бөгөөд Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ...... дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж одоо ялаа эдэлж байгаа, төрөөс авсан гавьяа шагналгүй, .............. регистрийн дугаартай, Гэцэл овогт Г-ын М гэв.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.М нь “...2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 21 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг журмын хашааны урд талд Г-ын толгойн тус газарт нь цохиж, мөн хавсарч унагаан эрүүл мэндэд  нь хөнгөн хохирол учруулсан...” гэх гэмт хэрэг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Г.М  нь 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 21 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг *** урд талд Д.Га-тай үл ойлголцлын улмаас харилцан маргалдаж улмаар түүний толгойн тус газарт 2-3 удаа цохиж, мөн хавсарч унаган тархи доргилт, зулайн хуйхны орой шарх, зулгаралт, духны зулгаралт, баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Г.М гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Г.М-гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...3 дугаар сарын 22-ны өдөр Г  намайг эхлээд дуудсан. Дээд нуруун дээр морио алдсан эмээлээ үүрээд ирлээ гээд дуудсан. Ж гэдэг хүнтэй. Эвэр хайж явж байгаад айлын гадаа морио алдсан гээд гэсэн. Би найзуудтайгаа өмнөөс нь очсон. Тэгээд Г  бид хоёр муудалцаад зодолдсон. Тэгээд хашаандаа ирээд Г  өөрөө гэр рүүгээ явсан байсан. Цагдаа ирж аваад очсон 4, 5 хоногийн дараа намайг дуудаад байцаалт авсан... Аймгийн урд талд болсон... Гараараа цохисон... Өөрөө намайг зодох гээд томроод янз бүрийн үгээр хэлээд байсан... Г  нилээн согтуу байсан. Би орой нь эмнэлэг дээр хүүхдээ үзүүлэх байсан болохоор нээх уугаагүй байсан. Тийм учраас намайг зодож чадаагүй. Нэг хавсарч унагаад нэг цохисон тэр сайн ороогүй... Зөвшөөрч байна, цуг явсан хүмүүс ***-хын найз... Манай хадам ах байгаа юм... Гэм буруутайгаа ойлголоо, ***-тай маргалдаж толгой руу нь цохиж, хавсарч унагаахад нь хавсарч унагаасан нь миний буруу. 450 нэгжийг өмнөх авсан хоёр жилийн хугацаа дээр нэмж нэгтгэж хоног болгож өгнө үү... Төлөх боломж байгаа, төлөхөөр аав, ээж хоёр төлнө. Аавын бие муу байгаа учраас хоног болгоод явъя гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг, 

Хохирогч Д.Г-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Журмын хашааны урд талд очиж дэлгүүрээс авсан архиа ууж байгаад Г.М  бид хоёр маргалдсан. М  толгойруу 2-3 удаа цохиод авахаар нь би босоод М-г хавсарч унагасан чинь зөрүүлээд намайг хавсарч унагасан. Тэр үед миний баруун хөлийн шагай гэмтсэн. Сууж байхад толгойруу цохисноос болж толгойн тус газар 2 хагарсан. Тэгээд тэндээсээ гараад М  өөрийнхөө хашаанд орж машинтайгаа зогссон. Машинаас буухад М  бууж ирээд намайг заамдаж аваад зодох гэсэн. Тэр үед Д , Ш  нар салгаж намайг хашаанаас гаргаж явуулсан. Би гэртээ алхаж очоод эмнэлэгт дуудлага өгч үзүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 45-46-рт/,

Гэрч Б.Д-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Нэг мэдэхэд зодоон боллоо гээд цагдаа ирсэн. Маргааш нь би Г-ынд очиход *** толгой 2-3 хагарсан, М  зодлоо гээд хэвтэж байсан. М  ч гэсэн ирээд Галбадрахтай уулзсан. Тэгэхдээ урд шөнө зодолдсон байна. Миний буруу гэхэд Г-д чи намайг цохичихсон тархи хагараад хөл гэмтээчихлээ гэж байсан...” гэсэн мэдүүлэг/хх 21-22-рт/,

Гэрч Г.Ш-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2-3 шил архи авсан байсныгаа тал дээр гарч ууцгаасан. Архи ууж байхдаа Г , М  нар маргах гээд байсан. Аймгийн төвд харанхуй байхад орж ирсэн. Аймгийн төв орж ирээд ***-гийн хашаанд очсон. М , Г нар машинаас буучихсан. Д , Ж , Д , Б  нар машинд сууж байсан. Гэтэл машины гаднаас цохиод М , Г  нар зодолдоод эхлэх шиг болсон. Бид нар машинаас буугаад ирэхэд М , Г  нар нэгнийгээ заамдчихсан байхаар нь бид салгасан. Г-ын хацар шанаа нь цус болсон байсан ...” гэсэн мэдүүлэг/хх 23-рт/,

Гэрч И.Д-гийн мөрдөн байцаалтад мэүүлсэн: “...тэр өдрөөс хойш 2-3 хоногийн дараа М-тэй гудамжинд таарахад Г-ыг 2 цохичихсон чинь эхнэр нь өргөдөл өгөөд гай болж байна гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх 24-рт/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Т.Н , Ц.Н , Ц.О нарын бүрэлдэхүүнтэйгээр 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №655 дугаартай: “...1.Г-ын биед тархи доргилт, зулайн хуйхны /орой/ шарх, зулгаралт, духны зулгаралт, баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд учирчээ.

2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...." гэсэн дүгнэлт/хх 36-37-рт/,

Шүүгдэгч Г.М-гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн: “...Миний машинд Г , Ж , Д , Д , Ө  нар сууж явсан. Ш  Б  нар мотоциклтой явсан. Аймгийн төв дээр орж ирээд Баяншанд багт байдаг нэг дэлгүүрмйн үүдэнд очсон тэндээс Ө  явсан. Бид нар орж нэг шил архи авсан. Тэндээс хөдлөөд журмын хашааны урд хавьцаа очоод зогсож нөгөө архи уусан. Тэр үед Г  нилээд согтоод агсам тавьж эхэлсэн. Би нар луу бүгд рүү нь янз бүрийн юм яриад та нар намайг яаж чадах юм, яаж ч чадахгүй, би томчуудтай харьцдаг гээд байхаар нь би хэдэн үг хэлээд бид хоёр маргалдаж байтал Г  намайг хавсарч унагаасан. Би босож ирээд өөрийг нь хавсарч унагаагаад за одоо болъё гээд миний машинд Г , Ж , Б  Д  нар суусан. Би шууд яваад хашаандаа ирээд гэртээ орсон. Тэд нар миний машинаас буугаад хашаанаас явахгүй байсан. Г надтай хэрүүл маргаан хийх гээд байсан чинь манай хажуугийн айлын эгч Э  цагдаад дуудлага өгсөн байсан. Удалгүй цагдаа нар ирээд Д , Ж , Б  бид дөрвийг авч явсан. Г  яваагүй алга болсон байсан. Э  эгч бас ирээд хоорондоо маргалдаж зодолдох гээд байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Ямар нэгэн асуудал болоогүй гэж хэлээд бид нарыг авч явсан...” гэх мэдүүлэг /хх 49-50-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу  хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Г.М-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох  үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар аймгийн Прокурорын газраас  шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгч Г.М  нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох, гэм буруугйй хүлээн зөвшөөрч байгаа талаараа  шүүх хуралдаанд хүсэлт  гаргасан, мөн шүүх хуралдаанд шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй гэсэн болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүгдэгч Г.М-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.М  нь тус шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 жил хорих ялаар шийтгэгдэж, одоо ялаа эдэлж байгаа бөгөөд гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус бүрийг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн шүүгдэгч Г.М  нь шүүх хуралдаанд “...Төлөх боломж байгаа, төлөхөөр аав, ээж хоёр төлнө. Аавын бие муу байгаа учраас хоног болгоод явъя гэж бодож байна...” гэх хүсэлтийг гаргасан байх бөгөөд уг хүсэлт болон түүний хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450. төгрөгөөр торгох ялыг хорих ялаа эдэлж дууссанаас хойш сар бүр 90.000 төгрөгөөр 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй байна.

Хохирогч Д.Г  нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “...Д-ын Г  нь Г.М-д холбогдох эрүүгийн хэрэгт гаргах гомдол санал, хүсэлтгүй...” гэжээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Г.М нь бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Энэ хэрэгт  шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цахим үнэмлэх нь шүүхэд ирээгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус  дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт Г-ын М-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 жилийн хорих ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус бүрийг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450. төгрөгөөр торгох ялыг хорих ялаа эдэлж дууссанаас хойш сар бүр 90.000 төгрөгөөр 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн  5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.М-д танилцуулсугай.

6. Г.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүэй.

7. Энэ хэрэгт шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цахим үнэмлэх нь шүүхэд ирээгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.САРАНТУЯА