Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 49

 

 “О ш” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Үндэсний аудитын газар, Засгийн газрын

 хэрэг эрхлэх газрын Хяналт, шалгалт, дотоод аудитын газарт холбогдох

 захиргааны хэргийн тухай

 

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:         Д.Мөнхтуяа,

            Шүүгчид:                       Г.Банзрагч,

                                                   П.Соёл-Эрдэнэ,

                                                   Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:              Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга:Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Үндэсний аудитын газар нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас нийтийн өмчийн нэг хэлбэр болох Засгийн газрын тусгай санд учирсан 2,779,027,850 төгрөгийн хохирлыг тухайн буруутай этгээдээр нөхөн төлүүлэх Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан болохыг тогтоолгох, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас нийтийн өмч болох Засгийн газрын тусгай санд учирсан 2,779,027,850 төгрөгийн хохирлыг Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-д заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэхийг даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0580 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 609 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Хариуцагч Үндэсний аудитын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А-ыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0580 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.3, Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.23, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О ш НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Үндэсний аудитын газар нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас нийтийн өмчийн нэг хэлбэр болох Засгийн газрын тусгай санд учирсан 2,779,027,850 төгрөгийн хохирлыг тухайн буруутай этгээдээр нөхөн төлүүлэх Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас нийтийн өмч болох Засгийн газрын тусгай санд учирсан 2,779,027,850 төгрөгийн хохирлыг Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-д заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэхийг Үндэсний аудитын газарт даалгаж шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 609 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0580 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.5-д заасныг баримтлан О ш НҮТББ нэхэмжлэлтэй, Үндэсний аудитын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт, шалгалт, дотоод аудитын газарт тус тус холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, Үндэсний аудитын газар нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас нийтийн өмчийн нэг хэлбэр болох Засгийн газрын тусгай санд учирсан 2.779.027.850 төгрөгийн хохирлыг тухайн буруутай этгээдээр нөхөн төлүүлэх Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас нийтийн өмч болох Засгийн газрын тусгай санд учирсан 2.779.027.850 төгрөгийн хохирлыг Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-д заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэхийг Үндэсний аудитын газар даалгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Манай “О ш” НҮТББ нь нийтийн эрх, ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах зорилгоор Үндэсний аудитын газарт холбогдуулан дараах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Үүнд: Үндэсний аудитын газар нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас нийтийн өмч болох Засгийн газрын тусгай санд учирсан 2.779.027.850 төгрөгийн хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан болохыг тогтоолгох, тус хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэхийг даалгах.

4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 0580 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Хариуцагч тус шийдвэрт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 сарын 21-ний өдрийн 609 тоот магадлалаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

5. Магадлалыг дараах үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.3 болон 18.3.1, 18.3.2-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

6. 1. Дүрмийн зорилго нэхэмжлэлийн шаардлагатай “нийцсэн” болно. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд хуульд тусгайлан заасан дөрвөн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хуулиар зохицуулсан бөгөөд “О ш” НҮТББ нь нийтийн өмчийг хамгаалахаар буюу Засгийн газрын тусгай санд учирсан хохирлыг буруутай этгээдээс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх тул уг асуудал тухайн төрийн бус байгууллагын дүрмийн зорилгод тусгагдсан байх, уг зорилгынхоо дагуу гурваас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан байхыг ойлгоно. ...Тухайн төрийн бус байгууллагын дүрмийн зорилгод нийтийн өмчийг хамгаалах үйл ажиллагааны чиглэл тухайлан тусгагдаагүй, үйл ажиллагаа тогтвортой явуулаагүй гэж үзэхээр байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэхгүй” гэжээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.3-д заасныг давж заалдах шатны шүүхийн тайлбарлаж хэрэглэснээс илүү өргөн агуулгатай гэж үзэж байна.

7. Шүүхэд тус хуулийн 18.3-д заасан 4 асуудлаар /сэдвээр/ нийтийн эрх, ашиг сонирхлыг хамгаалж нэхэмжлэл гаргаж болно. Тус нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэл гаргаж байгаа төрийн бус байгууллагын дүрмийн зорилготой нийцсэн /уялдсан/ байх шаардлагыг тус хуулийн 18.3.1-д тодотгож өгчээ. Хуулийн “нийцсэн байх” гэдэг нөхцөл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тайлбарлаж хэрэглэсэн шигээр дүрмийн зорилгодоо шууд нийтийн өмчийг эсхүл Засгийн газрын тусгай сангийн өмчийг төлөөлөн хамгаалах гэж зааж өгсөн байх шаардлага биш. Төрийн бус байгууллагын дүрмийн зорилго илүү өргөн хүрээтэй байж болох бөгөөд тус дүрмийн зорилготой нь гаргаж байгаа нэхэмжлэл уялдсан байх ёстой. “О ш” НҮТББ-ын дүрмийн зорилго бол дүрмийн 6.1-д зааснаар “Хууль эрх зүйн практикийн судалгаа, онолын судалгаа, бусад улс орнуудын тэргүүн ололт, шийдлийг олж илрүүлэх, Монголын хууль зүйн салбарт нутагшуулах боломж бололцоог эрэлхийлэх замаар Монгол Улсын хууль зүйн салбарын хөгжил, шинэтгэлд хувь нэмрээ оруулах, иргэдийн хууль зүйн боловсролд чиглэсэн үйл ажиллагаа явуулах, цаашлаад эрх зүйт төр, эрх зүйт нийгмийг бүрдүүлэх” юм. Энэхүү дүрмийн зорилготой “нийтийн өмчид хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үүргээ хэрэгжүүлэхийг холбогдох төрийн захиргааны байгууллагад даалгах” нэхэмжлэл нийцнэ.

8. Нэхэмжлэл хангагдсанаар “О ш” НҮТББ нь дүрмийн зорилгодоо нэг алхам ойртох юм. Тус нэхэмжлэлийн шаардлага ЗХШХШТХ 18.3-д заасан 4 асуудлын хүрээнд буюу “нийтийн өмч”-ийн асуудлаар гарсан. Иймд тус хуулийн 18.3 болон 18.3.1-д заасныг хангасан. Өөрөөр хэлбэл дүрмийн зорилго “эрх зүйт төр, эрх зүйт нийгмийг бүрдүүлэх” тус зорилгодоо хүрэхийн тулд шийдвэрлэх ёстой нэг асуудал, зорилт нь нийтийн өмчид хууль бусаар учруулсан хохирлыг буруутай этгээдээр буцаан төлүүлэх үүргийг хуулиар хүлээсэн этгээд гүйцэтгэхгүй байгаа хууль бус үйлдлийг таслан зогсоох явдал юм. Буруу шийдвэр гаргасан албан тушаалтнаар түүний улмаас иргэн, хуулийн этгээд, төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх чиг үүрэг хэрэгжсэнээр хууль зөрчсөн шийдвэр багасаж бусад хуулийн хэрэгжилт хангагдах маш том хөшүүрэг болно. Харин түүнийгээ хэрэгжүүлэх арга хэрэгсэл нь шүүхэд нэхэмжлэл гаргаж “Үндэсний аудитын газрыг Захиргааны ерөнхий хуулийн 103.3-д заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан болохыг тогтоолгож, тухайн чиг үүргийг хэрэгжүүлэхийг нь даалгах” шаардлага бүхий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болно.

9. 2. Дүрмийн зорилгын дагуу тогтвортой үйл ажиллагаа явуулсан. Магадлалын хянавал хэсэгт “О ш” НҮТББ-ын өөрийн дүрмийн зорилгын чиглэлээр явуулж байсан үйл ажиллагааны заримыг дурдаж, “Нэхэмжлэгч “О ш” НҮТББ-ын нийтийн өмчийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсныг эдгээр баримтууд нотлохгүй байхын зэрэгцээ, анх шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2018 оны 04 сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх бөгөөд цаг хугацааны хувьд сүүлийн гурваас доошгүй жил уг чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх хуулийн шаардлагыг хангахгүй байна” гэжээ.

10. ЗХШХШТХ-ын 18.3.2-д “дүрмийн зорилгын дагуу” гэж заасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын асуудлаар үйл ажиллагаа явуулсан байхыг хуулиар шаардаагүй. Иймд “О ш” НҮТББ-ын зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө өөрийн дүрмийн зорилгын дагуу тогтвортой үйл ажиллагаа явуулж байх хугацаанд эрх зүйт ёс, хуульт ёсны төлөвшилтөд хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий төрийн албан хаагчдын хууль зөрчсөн шийдвэр үйл ажиллагаа саад болж байгааг олж харсан. Энэхүү байдал даамжирсаар байгаа нэг шалтгааныг хууль зөрчсөн шийдвэр гаргасан болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон албан тушаалтнаар өөрийн буруутай шийдвэрийнх нь улмаас иргэн, хуулийн этгээд, төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлдэггүйд байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Манай байгууллага 2017 оноос “албан тушаалтны буруутай шийдвэрийн улмаас нийтийн өмчид хууль бусаар учирсан хохирлын нөхцөл байдал, түүнийг буруутай этгээдээр нөхөн төлүүлж нийтийн өмчид учирсан хохирлыг барагдуулах хууль зүйн орчин нөхцөл, тус үүргийг хуулиар хүлээсэн байгууллага албан тушаалтан үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар судалгаа хийж “нийтийн өмчийн хууль бус хохирол” асуудал чиглэлээр ажиллаж эхэлсэн. Улмаар судалгааны үр дүнд түшиглэн нийтийн өмчид учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх шаардлагыг Үндэсний аудитын газарт гаргасан боловч татгалзсан хариу авсан тул шүүхэд тус асуудлаар нэхэмжлэл гаргасан болно.

11. Нэхэмжлэлд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн оны 04  дүгээр сарын 18-ны өдрийн 2482 тоот захирамжаар захиргааны хэрэг үүсгэснээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тасралтгүй явагдаж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 0597 тоот шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 сарын 22-ны 0605 тоот магадлалаар “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож” дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрсдийн өмнөх судалгааны ажлын үр дүн, нийтийн өмчид учирсан хохирлыг буруутай этгээдээр буцаан төлүүлэхтэй холбоотой Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуулийн зохицуулалтын талаар олон нийтэд хандаж мэдээлэл өгч улмаар Авлигатай тэмцэх газартай хамтран 2018 оны 02-06 сарын хугацаанд нийт 9.000 орчим төрийн албан хаагчдад хичээл орсон болно. Одоогийн байдлаар тус хэрэгтэй зэрэгцээ “О ш” НҮТББ-ийн нийтийн эрх, ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалахаар гаргасан нэхэмжлэлтэй ХХААХҮ-ын сайдад холбогдох ХХААХҮ-ын сайдын 2018 оны 05 сарын 14-ний “Төсөлд дэмжлэг үзүүлэх тухай” А/88 тоот, ХХААХҮ сайдын 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/141, 2017 оны 02 сарын 10-ны А/21 тоот тушаалуудын холбогдох хэсгийг хүчингүй болгож, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хууль зөрчин олгосон хөнгөлөлттэй зээлийг буцаан төлүүлэх, хөнгөлөлттэй зээл ашигласан хугацаанд төсөвт учирсан хохирол болох хүүгийн зөрүүг нөхөн төлүүлэхийг даалгах шаардлага бүхий хэрэг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байна.

12. Мөн нийтийн эрх ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах чиглэл, нийтийн өмчийн асуудлаар ХХААХҮ-ын сайдын 2018 оны 01 сарын 03-ны өдрийн “Журмын заалт хүчингүй болгох тухай" А-01 тоот тушаалаар “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгох төсөл сонгон шалгаруулах журамд оруулсан өөрчлөлт хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргаж байсан ба шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2019 оны 06 сарын 10-ны өдрийн 221/ШШ2019/0008 дугаар шийдвэрээр шийдвэрлэж байсан. Уг хэргийг Улсын дээд шүүхийн 2019 оны 10 сарын 02-ны өдрийн 295 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн байдаг. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэг нэхэмжлэлд хэрэг үүсгэн эцэслэн шийдвэрлээд нөгөө нэхэмжлэлд нэхэмжлэгч байгууллагыг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байгааг ойлгохгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.3-д зааснаар бие даасан гурван нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлж байгаа болно. Иймд “О ш” НҮТББ-ын дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурван жил тогтвортой үйл ажиллагаа явуулаагүй гэж дүгнэх нь үндэслэлгүй гэж үзэж байна.

13. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 609 тоот магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09  дүгээр сарын 17-ны өдрийн 0580 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

14. Давж заалдах шатны шүүхээс, нэхэмжлэгч “О ш” НҮТББ-ын нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

15. Нэхэмжлэгч “О ш” НҮТББ /Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага/ нь “Үндэсний аудитын газар нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас нийтийн өмчийн нэг хэлбэр болох Засгийн газрын тусгай санд учирсан 2,779,027,850 төгрөгийн хохирлыг тухайн буруутай этгээдээр нөхөн төлүүлэх Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан болохыг тогтоолгох, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас нийтийн өмч болох Засгийн газрын тусгай санд учирсан 2,779,027,850 төгрөгийн хохирлыг Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-д заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

16. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн “...Магадлалыг дараах үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.3 болон 18.3.1, 18.3.2-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. ...дүрмийн зорилготой “нийтийн өмчид хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үүргээ хэрэгжүүлэхийг холбогдох төрийн захиргааны байгууллагад даалгах” нэхэмжлэл нийцнэ. ...Тус нэхэмжлэлийн шаардлага ЗХШХШТХ-ийн 18.3-д заасан 4 асуудлын хүрээнд буюу “нийтийн өмч”-ийн асуудлаар гарсан. Иймд тус хуулийн 18.3 болон 18.3.1-д заасныг хангасан. Өөрөөр хэлбэл, дүрмийн зорилго “эрх зүйт төр, эрх зүйт нийгмийг бүрдүүлэх” тус зорилгодоо хүрэхийн тулд шийдвэрлэх ёстой нэг асуудал, зорилт нь нийтийн өмчид хууль бусаар учруулсан хохирлыг буруутай этгээдээр буцаан төлүүлэх үүргийг хуулиар хүлээсэн этгээд гүйцэтгэхгүй байгаа хууль бус үйлдлийг таслан зогсоох явдал юм. ...“О ш” НҮТББ-ын дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурван жил тогтвортой үйл ажиллагаа явуулаагүй гэж дүгнэх боломжгүй...” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй. 

17. Учир нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дараахь шаардлагыг хангасан байна: 18.3.1-д нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх, 18.3.2-т дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх” гэж хуульчилжээ.

18. Үүнээс үзвэл, нэхэмжлэгч “О ш” НҮТББ-ийн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх, мөн тус байгууллага нь дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байхыг хуулиар тусгайлан шаардсан байна.

19. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, “О ш” НҮТББ-ын улсын бүртгэлийн 000043595 дугаар гэрчилгээ /2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн/-нд үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг “Хууль эрх зүйн онол, практикийн судалгаа, харьцуулсан судалгаа, сургалт явуулах” гэж, мөн тус байгууллагын дүрмийн 6.1-д “Хууль эрх зүйн практикийн судалгаа, онолын судалгаа, бусад улс орнуудын тэргүүн ололт, шийдлийг олж илрүүлэх, Монголын хууль зүйн салбарт нутагшуулах, боломж бололцоог эрэлхийлэх замаар Монгол Улсын хууль зүйн салбарын хөгжил, шинэтгэлд хувь нэмэр оруулах, иргэдийн хууль зүйн боловсролд чиглэсэн үйл ажиллагаа явуулах, цаашлаад эрх зүйт төр, эрх зүйт нийгмийг бүрдүүлэх нь үндсэн зорилго болно”, 6.2-т “Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараахь үйл ажиллагаа явуулна: 6.2.1 Эрх зүйн сургалт, судалгаа. 1.Хууль эрхзүйн онол, практикийн судалгаа, харьцуулсан судалгаа. 2.Хууль эрх зүйн сургалт, мэдээлэл” гэж тус тус заажээ. Нэхэмжлэгч байгууллагын дүрэмд заасан эдгээр заалтуудаас үзэхэд тус байгууллагын үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлд нийтийн өмчийг хамгаалах үйл ажиллагааны чиглэл тусгагдаагүй, харин дүрмийн зорилгод “...эрх зүйт төр, эрх зүйт нийгмийг бүрдүүлэх...” гэж зааснаар тус байгууллагыг “нийтийн өмч”-ийн асуудлаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх зорилготой, түүний гаргасан нэхэмжлэл дүрмийнх нь зорилгод нийцсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

20. Түүнчлэн, нэхэмжлэгч байгууллагын бусадтай байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 74 дүгээр “Ажил гүйцэтгэх гэрээ”, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”, мөн “Энхийн төлөө үйлчлэхүй” ТББ-тай байгуулсан “Ерөнхий төлөвлөгөөний газрын асуулга, журмын үнэлгээг хийх ажил гүйцэтгэх гэрээ” зэрэг баримтууд хэрэгт авагдсан байх боловч эдгээр нь нэхэмжлэгчийг нийтийн өмчийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулсан, энэ чиглэлээр гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсаныг мөн нотлохгүй байна.

21. Иймд, нэхэмжлэгч төрийн бус байгууллагын дүрмийн зорилгод нийтийн өмчийг хамгаалах үйл ажиллагааны чиглэл тухайлан тусгагдаагүй, үйл ажиллагаа тогтвортой явуулаагүй гэсэн үндэслэлээр “О ш” НҮТББ-ын нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

22. Харин нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар, нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээдээс хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргахад энэ тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 609 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон  түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.13 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.МӨНХТУЯА

                      ШҮҮГЧ                                                                   Б.МӨНХТУЯА