Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2019/01619

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2019/01619

 

 

 

С.Э.Д.Э- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/01881 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч С.Э.Д.Э- ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Ц- Г.Н- нарт холбогдох

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 46 922 012 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ганбат

Хариуцагч Г.Ц- Г.Н-

Хариуцагч нарын өмгөөлөгч Л.Очбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч С.Э.Д.Э- ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Г.Ц- Г.Н- нар 2017 оны 10 дугаар сард манай эмнэлэгт хандаж, үр шилжүүлэн суулгуулахаар харилцан тохирсон ба 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр үр шилжүүлэн суулгах ажилбарыг эхлүүлж, 2 ихэр үр тогтсон. 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хариуцагчаас ЭХО зураг авахад хэвлийд ямар нэгэн өөрчлөлт байгаагүй. Харин 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Г.Цэнд-Аюуш хэвлийгээр өвдөж байна гэж эмнэлэг дээр ирсний дагуу үзлэг хийсэн бөгөөд олгой байх магадлалтай тул өөр эмнэлэгт үзүүлээд ир гэж хэлсэн. Гэвч Цэргийн төв эмнэлэгт 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр үзүүлэхэд олгой биш гэж хэлээд буцаасан байсан. Үүний дараа 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дахин ЭХО зураг авахад үрэвсэл үүссэн байх магадлалтай гэсэн учраас нарийн шинжилгээ хийлгэхийг зөвлөн Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлэхийг санал болгосон юм. Гэвч тус эмнэлгийн эмч нар олгой биш үр шилжүүлэн суулгаснаас өндгөвч хэт сэдээгдсэн байна гэж үзсэн. Ингээд тус эмнэлэг 8 хоногийн турш эмчилгээ хийгээд 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өвчтөний биеийн байдлын талаар ярилцаж зөвлөлдөхөд өндгөвчинд үрэвсэл байна, нээлттэй хагалгаа хийнэ, дурангийн хагалгаа хийх боломжгүй гэж үзсэн. Хагалгаагаар ургийн эрүүл мэндэд баталгаа өгч чадахгүй тухай бидэнд хэлсэн учраас манай эмнэлгийн эмч нар хуралдаж Бүгд Найрамдах Солонгос улс руу яаралтай авч явж эмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Хариуцагчийг Бүгд Найрамдах Солонгос улсын Жусоны их сургуулийн харьяа Сан Гиб төв эмнэлэгт үзүүлж, монгол эмч нар эмэгтэйчүүдийн өвчин гэж оношилж байсныг үндэслэн эхлээд эмэгтэйчүүдийн эмчид үзүүлсэн хэдий ч эмэгтэйчүүдтэй холбоогүй, харин мухар олгой хагарсан нь тогтоогдсон учраас 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр дурангийн мэс ажилбарт оруулсан ба манай эмнэлгийн буруутай ажиллагаанаас үүдэн хариуцагч ямар нэгэн өвчин тусаагүй гэдэг нь тогтоогдсон.

Иймд хариуцагч Г.Цэнд-Аюушийн эмчилгээний зардал 35 112 012.00 төгрөг, хариуцагч нарын онгоцны тийзний үнэ 7 610 000 төгрөгийг тэдгээрийн өмнөөс эрх бүхий этгээдэд төлж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 42 722 012 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 4 200 000 төгрөг нийт 46 922 012 төгрөг нэхэмжилж байна. Бид, эрүүл биш хүнд үр шилжүүлэн суулгахгүй, өндгөвч хэт сэдээгдсэн учраас олгой ургасан гэх баримтгүй, олгой хагарсан тул хэвлийн ус ихэдсэнээс гадна мөн халдвар орсон учраас шингэн улам их болсон. Манай эмнэлэг үр шилжүүлэн суулгаж хүүхэдтэй болгоно гэж гэрээ байгуулаад хүүхэдтэй болгосон, бусад ямар нэгэн өвчнийг эмчлэх үүрэг эмнэлэгт байхгүй гэв.

Хариуцагч нараас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид, 2017 оны 10 дугаар сард нэхэмжлэгч С.Э.Д.Э- ХХК-ийн эмнэлэгт очиж үр шилжүүлэн суулгахаар шинжилгээнд орсон. Тухайн үед бүтэн шинжилгээнд ороход бүх эрхтэн эрүүл байна гэсэн. Ингээд 2017 оны 11 дүгээр сараас өндөр тунгаар дааврын эм хийж, өндгөвчний сэдээлт хийж эхэлсэн. Би тэр үед эмчид миний өндгөвч маш хурдан сэдээгддэг шүү гэж сануулахад огт тоогоогүй, хэсэг хугацааны дараа 2 өндгөвчиндөө тариа тариулж, 6 дахь хоногоос эхлэн хэвлийгээр хүчтэй өвдсөн учраас эмчид үзүүлэхэд их хэмжээгээр өндгөн эс ялгаруулсан тул өвдөж байгаа гэсэн. Тухайн сардаа 23 өндгөн эсийг надаас соруулж авсан ба үүнээс 21 үр хөврөл бий болж, улмаар 2 эсийг суулгасан. Үүнээс хойш 8 хоногийн дараа эмнэлэг дээр очиж шинжилгээ өгөхөд 2 ихэр хүүхэдтэй болсон байсан боловч 2 дахь удаагийн шинжилгээ хийхэд миний хэвлий 4-5 сартай жирэмсэн хүнтэй адил томорсон байсан. Үүнийг тодруулахаар ЭХО-д харуулахад хэвлийд шингэн хуримтлагдсан байсныг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 2 литр 200 гр ус соруулж авсан. Гэвч 5 хоногийн дараа дахиад л 2 литр орчим шингэн соруулсан ба ойролцоогоор хагалгаанд орохын өмнө нийт 8 литр шингэн авсан. Гэвч биеийн байдал дээрдэхгүй байсан тул эмч Амгалан амаржих газар руу шилжүүлэх гэтэл уг эмнэлэг манай эмнэлэг ийм хүнд өвчтэй хүн авахгүй гэсэн хариу өгсөн. Үүний дараа Цэргийн госпитал дээр очиход жижүүр эмч нь олгой байх магадлалтай, гэхдээ одоогоор манайд хагалгааны заал байхгүй гэсэн. Тэгээд С.Э.Д.Э- ХХК-д буцаж очсон бөгөөд тус эмнэлэг намайг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв рүү шилжүүлж, шинжилгээ хийлгэхэд дурангаар эхлээд харна, тэгээд оношлогдохгүй бол нээлттэй хагалгаа хийнэ гэсэн. Гэвч нээлттэй хагалгаа хийсэн тохиолдолд ургийг аврах боломжгүй гэсэн учраас нэхэмжлэгч тал БНСУ руу авч явсан. Би Солонгос улсад хагалгаанд ороход юу болсныг сайн мэдэхгүй, хагалгааны дараа өндгөвчний хэт сэдээлт гэж тайлбарласан. Би энэ хугацаанд сэтгэл санаа, бие эрхтнээрээ хохирсон, цаашид надад ямар сөрөг үр дагавар гарахыг мэдэхгүй нисэх дээр байхад нэхэмжлэгч С.Э.Д.Э- ХХК-ийн эмч нар өөрсдөө хэвлийн гаднаас халдвар орсон гэж хүлээн зөвшөөрсөн бөгөөд Бүгд Найрамдах Солонгос улсад очих эмнэлэг нь манай төв эмнэлэг, төлбөр мөнгө дээр та нар санаа зоволтгүй, битгий санаа зов гэж хэлснийг эмнэлгийн дарга болон орчуулагч нар гэрчилнэ. Анх С.Э.Д.Э- ХХК нь 24 цагийн үйлчилгээтэй гэж реклам хийж байсан. Гэтэл манай тал гуйж байж арай гэж 1 хонуулсан. Тэгээд Эх, хүүхдийн эрүүл мэндийн төв рүү очсон юм. Төлбөр мөнгөний талаар бид нарт нэг ч зүйл урьдчилж хэлээгүй, хэрвээ төлбөрийн талаар мэдэж байсан бол ийм их зардал гаргаж Бүгд Найрамдах Солонгос улс руу явахгүй, мухар олгой гэдгийг мэдэж байсан бол Монгол Улсад авахуулж болох байсан. Мөн Бүгд Найрамдах Солонгос улсад эмчилгээ хийсэн эмч нар манай хүүхдүүдийг дауны өвчтэй гэж хэлсэн боловч Монгол Улсад хүүхдүүдээ үзүүлэхэд эрүүл байсан. Нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа байсан гэдэг нь хариуцагч нарыг тайлбар, нотлох баримтаар тогтоогдож байна. Өөрсдийн буруугаа мэдээд Бүгд Найрамдах Солонгос улс руу хариуцагчийг авч явсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх: Иргэний хуулийн 496 угаар зүйлийн 496.1.1, 229 дүгээр зүйлийн 229.1.-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч С.Э.Д.Э- ХХК-ийн гаргасан Г.Ц- Г.Н- нарт холбогдох 46 922 012.00 гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 392 565.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Бүгд Найрамдах Солонгос Улсын Жусоны Их Сургуулийн эмнэлгийн онош, эмч нарын тодорхойлолтоор мухар олгойн цоорлоос үүдэлтэй хэвлийн гялтангийн үрэвсэл бий болж идээ хурсан болох нь тогтоогдож дурангийн аргаар хэвлийд үүссэн идээ, буглааг авч цэвэрлэх мэс ажилбар хийсэн. Энэ нь өндгөвчний үйл ажиллагаатай огт хамааралгүй бие даасан мэс заслын өвчин болох нь Г.Цэнд-Аюушийн өндгөвчинд ямар нэгэн мэс ажилбар хийгээгүйгээр нотлогдож байхад шүүх 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн ... хэвлийд шингэн хуралдах, хоол хүнс, биеийн эсэргүүцэл гэх мэт олон шалтгаанаар мухар олгой үрэвсэх боломжтой гэсэн хоёрдмол утга бүхий дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон байна. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг бодитой, шинжлэх ухааны үндэслэл, хууль зүйн шалтгаант холбоо талаас нь үнэн зөв үнэлж чадаагүй болно. Хэвлийн хөндийд шингэн хуралдах процесс нь ихэвчлэн үр тогтохоос өмнө илэрдэг бөгөөд хэрэв энэ шинж хүндээр илэрвэл үр тогтоох мэс ажилбарыг хойшлуулдаг юм. Г.Цэнд-Аюушид хэвлийд шингэн хуралдах явц үр шилжүүлэн суулгасны дараа буюу найман долоо хоногтой байх үед хурцаар илэрсэн нь өндгөн эс сэдээлтнээс үүсээгүй болох нь БНСУ-д оношлогдсон байна. "Өндгөвчний хэт сэдээлтийн хам шинж" гэдэг нь тухайн хүний физиологийн зохицуулалтаар идэвхжиж буй процесс бөгөөд эмчийн ямар нэгэн буруу үйлдлээс болсон гэсэн ойлголт биш юм. Мухар олгойн үрэвсэл нь өндгөвчний процесстой холбоотой байсан бол өндгөвчинд эмгэг идээт үрэвсэл бий болж өндгөвчийг авах, угаах гэх мэт эмчилгээ хийх байсан. Гэтэл ийм үйл баримт огт болоогүй. Хэвлийн хөндийд байрлах бүдүүн гэдэсний эхлэл хэсэгт байрлах мухар олгойн ургацаг үрэвсэж тэр орчимдоо хэвлийн хөндийд шингэн /идээ/ хуримтлагдаж хэвлийн гялтангийн үрэвсэл болсон, үр шилжүүлэн суулгахтай холбоогүй болохыг БНСУ-д хийсэн мэс заслын эмнэлгийн тодорхойлолтоор нотлогдсон. Гэтэл Г.Цэнд-Аюушийн мухар олгойн цооролт бүхий үрэвслийг үр шилжүүлэн суулгахтай шалтгаант холбоотой гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл, дүгнэлт бодитой биш буйг анхаарч Эрүүл Мэндийн Яамны эх барих эмэгтэйчүүдийн болон мэс заслын нарийн мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүд оролцсон хамтарсан дүгнэлт гаргуулсны дараа хэргийг шийдвэрлүүлэх шаардлагатай байна. Шүүх "Хэрэв нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дурдсан шиг нэхэмжлэгчийн үүргийг зөвхөн үр шилжүүлэн суулгаснаар дуусгавар болсон гэж үзвэл үүний улмаас үйлчлүүлэгчийн эрүүл мэндэд бусад байдлаар сөрөг үр дагавар учирснаас бий болсон хохирлыг хариуцах эзэнгүй болж .. гэж үндэслэлгүй дүгнэсэн. Үр шилжүүлэн суулгаж үр тогтсоноор байгалийн жамаар жирэмсэлсэнтэй адилтган үздэг бөгөөд жирэмсэн болсноос хойш бусад эхийн адил өрхийн эмнэлгийнхээ хяналтад орж явдаг. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчаас 42 722 012 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч С.Э.Д.Э- ХХК нь хариуцагч Г.Ц- Г.Н- нарт холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 46 992 012 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, ... өндгөвчний хэт сэдээлтийн улмаас Солонгос Улс руу эмчилгээнд явах саналыг нэхэмжлэгч тал өөрсдөө гаргасан ... гэж маргажээ.

Г.Ц- Г.Н- нар С.Э.Д.Э- ХХК-ийн Си эл фэртилити /CL Fertility/ эмнэлэгт хандан үр шилжүүлэн суулгах мэс ажилбар хийлгэсэн үйл баримт талуудын тайлбар болон хэрэгт авагдсан өндгөн эс соруулж авахын өмнөх хуудас, мэс ажилбар хийлгэх зөвшөөрлийн хуудас зэрэг баримтуудаар нотлогдож байна. /хх7-9/

Талууд үр шилжүүлэн суулгах мэс ажилбар хийж, улмаар 2 ихэр үр тогтсон үйл баримтад маргаангүй, харин нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийн талаар маргажээ.

Зохигчид тохиролцсоны дагуу нэхэмжлэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагч Г.Цэнд-Аюушид өндгөн эс соруулж авах мэс ажилбар хийж, 20-ны өдөр нь үр хөврөл суулгуулж 2 ихэр үр тогтсон, мөн ажилбарын дараа өндгөвч хэт сэдээгдэх хам шинж үүсч, хэвлийд их хэмжээний шингэн үүссэний улмаас мөн оны 12 дугаар сарын 8, 11-ний өдөр тус бүр хэвлийгээр хатгалт хийж 4 литр шингэн соруулж авсан болох нь хэрэгт авагдсан мэс заслын тэмдэглэгээ, төрөлтийн түүх зэрэг баримтаар тогтоогдож байна. /1хх-12, 113-114/

Мөн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн хариуцагч Г.Цэнд-Аюушийн хэвлий хэсгээр өвдөж, халуурах, шээсний гарц багасах, хоолонд дургүй болох шинж тэмдгүүд илэрч Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвд мөн оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хэвтэн эмчилгээ хийлгэхэд хариуцагчийн биеийн байдал сайжраагүй хүндэрч, улмаар тус эмнэлгээс үр шилжүүлэн суулгах ажилбарын дараа өндгөвч хэт сэдээгдэн хам шинж хүнд хэлбэрээр үүсч эмчлэгдэх явцад аарцаг гялтангийн үрэвсэл хүндэрч эмийн эмчилгээнд үр дүнгүй байна гэж үзээд хэвлийн хөндийг нээж мэс заслын хүрээг тухайн үед шийдэх шийдвэр гарсан талаар ажилбар хийсэн нэхэмжлэгч талын эмнэлгийн эмч нарт танилцуулан, зөвлөлдөөд зохих бэлтгэл хийж өвчтөний ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөний дагуу 2017 оны 12 дугаар сарын 29-ний өглөөний нислэгээр Г.Цэнд-Аюушийг Сөүлийн эмнэлэгт шилжүүлсэн тухай түүний өвчний түүхэнд тэмдэглэгджээ. /1хх 117-150/

Нэхэмжлэгч тал, хариуцагч Г.Цэнд-Аюушийн мухар олгой үрэвсэл нь үр суулгах ажилбараас шалтгаалаагүй гэх үндэслэлээ нотлохоор Жусонь Их сургуулийн эмнэлгийн эмч Ким Кёнг Жунг, Шинь Минь Ху, Чуй Санг Жүнь нарын хийсэн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн тодорхойлолтыг шүүхэд гарган өгсөн байна. /1хх-24-27/ Уг бичгийн баримтуудад солонгос эмч нар хариуцагч Г.Цэнд-Аюушийн өвчний оношийг мухар олгойн цоорлоос үүдэлтэй хэвлийн гялтангийн үрэвсэл, уг үрэвсэл мухар олгойн цоорлоос үүддэг өвчин гэж оношилжээ. Тодруулбал, эмч Ким Кёнг Жунгийн хувьд хэвлийн гялтангийн үрэвслийн гол шалтгаан мухар олгойн цоорлоос үүддэг өвчин тул эмэгтэйчүүдийн тасаг болон мэс заслын тасгийн эмчилгээтэй хамааралгүй гэж, эмч Шинь Минь Ху нь ... хариуцагч Г.Цэнд-Аюушид Солонгос Улсын Жусонь их сургуулийн эмнэлэгт хүргэгдэн 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хэвлийн хөндийн дурангийн хагалгаа хийсэн ... , ... тухайн үед мухар олгойн үрэвсэл, хэвлийн хөндий үрэвсэлт шингэн хуримтлагдсан байсан. ... мухар олгойн үрэвслийн улмаас хэвийн хөндийн үрэвсэл болон хэвлийн хөндийн гялтангийн үрэвсэл тархсан байна гэсэн оноштой байсан гэж, эмч Чуй Санг Жүнь ... мухар олгойн үрэвсэл нь ямар ч үед үүсэх боломжтой байдаг ба үрэвсэлт өвчин тул дээрх /үргүйдэл оноштойгоор мэс ажилбар хийсэн, овуляцийн хам шинж илэрсэн, жирэмслэлт ихэр тээлт/ шалтгаанаас үүдэлтэй гэж дүгнэх боломжгүй гэж тус тус тодорхойлжээ. /1хх-24-25, 27/

Зохигчид мухар олгойн үрэвсэл үүссэн шалтгааны талаар маргаж, хариуцагч тал шүүхийн журмаар шинжээч томилуулсан байна. Шинжээч нь Г.Цэнд-Аюушид үр шилжүүлэн суулгах ажилбарын явцад өндгөвч хэт сэдээлтийн улмаас хэвлийд их хэмжээний шингэн үүссэн байна, ... өндгөвч хэт сэдээлтийн улмаас хэвлийд их хэмжээний шингэн хуралдсан нь мухар олгойг хоёрдогчоор үрэвсүүлэх боломжтой ..., ... хэвлийд их хэмжээний шингэн хуралдсаныг өвчний түүхэнд өндгөвч сэдээлтийн хам шинж гэж оношилсон байна гэсэн дүгнэлт гарган ирүүлжээ. /2хх-35/ Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч С.Э.Д.Э- ХХК-ийн эмнэлэг нь хариуцагчтай байгуулсан гэрээний дагуу үр тогтоох мэс ажилбар хийсэн, улмаар өндгөвчний хэт сэдээлтийн улмаас түүний хэвлийд их хэмжээний үрэвсэлт шингэн хуралдаж мухар олгойг үрэвсүүлсэн гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгч тал нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллагын чиг үүргээ хэрэгжүүлж хариуцагчийг эмчилсэн байх тул хариуцагч Г.Ц- Г.Н- нарыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй.

Анхан шатны шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтууд, хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.1, 19 дүгээр зүйлийн 19.3.1, 36 дугаар зүйлийн 36.1, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дахь хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

Иймээс нэхэмжлэгчийн гаргасан шүүх нотлох баримтыг үнэлээгүй, бодитой дүгнэлт өгөөгүй гэх давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

Харин шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн холбогдох заалтыг баримтлахдаа техникийн алдаатай бичсэн байхаас гадна хэрэгт хамааралгүй хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн байгааг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/01881 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 496.1.1 гэснийг 496.1 гэж өөрчлөн, 229 дүгээр зүйлийн 229.1 гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 371 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Т.ТУЯА

Ч.ЦЭНД