Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2018/00653

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2018/00653

 

 

 

Д.Цэцгээгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/00093 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.Цэцгээгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяад холбогдох

Төрийн байгууллагын буруутай ажиллагааны улмаас учирсан хохирол 9 874 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Цэцгээ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Цэцгээ шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/363 дугаар захирамжаар нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүйгээр жижиглэнгээр худалдаа наймаа эрхэлж буй иргэдийн үйл ажиллагааг зогсоож, албадан шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Түүнчлэн уг захирамжийг үндэслэн Баянгол дүүргийн Засаг даргын орлогчийн Дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын удирдамж-ийг 2017 оны 8 дугаар сарын 28-ний өдрөөс ажлыг эхлүүлэхээр баталж, 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр өглөөний 05 цаг 50 минутаас 09 цаг 30 минутын хооронд Баянгол дүүрэг, 3-р хороолол 15-р хороо Байгаль эх цогцолборын өмнөх талбайд байрлах Энжээлээ ХХК-ийн түрээслэгч болох 18 хүний асар майхныг албадан буулгахаар тус дүүргийн Мэргэжлийн хяналтын ахлагч Баасандоржоор ахлуулсан Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дэд хурандаа албаны хүмүүсийн хамт, Онцгой байдлын газрын ажилтнууд, албан тушаалтан, мөн Шинэ-Өргөө ТҮК-ийн ажилчид нийт 150 гаруй төрийн албан тушаалтнууд, ажилчид, 4 том ачааны машин, цагдаагийн 5 машинтай ирж иргэдэд хүч хэрэглэн түрэмгийлэн тэдний эд хөрөнгөнд халдан эвдэн, сүйтгэж дахин ашиглах боломжгүйгээр ачиж тээвэрлэн 4 дүгээр цахилгаан станцын урд байрлах Шинэ-Өргөө ХХК-ийн хашаанд буулгасан. Тухайн талбайд 18 иргэн Энжээлээ ХХК-ийг байгуулан хамтран ажиллаж худалдаа эрхэлж амьжиргаагаа залгуулан, өрх гэрээ тэжээдэг билээ. 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл тухайн иргэд, аж ахуй нэгжүүд нь үйл ажиллагаа эрхлээгүй сул зогсолт хийж, банкны зээл болон бусад өр төлбөрөө төлж чадахгүй байдалд хүрч маш хүнд байдалд орсон. Баянгол дүүргийн Засаг даргын захирамж, удирдамжийг хэрэгжүүлж байгаа нэрийдлээр иргэдийг айлган сүрдүүлэн эд хөрөнгийг эвдлэн сүйтгэж, дахин ашиглах боломжгүй болгосон төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаа явуулснаас болоод тухайн иргэдэд эд хөрөнгийн болон бизнесийн үйл ажиллагаанд хохирол учирсан. Эд хөрөнгийн нийт 9874000 төгрөгийн хохирол учирсан. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дэх хэсэгт заасны дагуу "...төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүйн/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцана" гэж, түүнчлэн тус хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар "бусдын эд хөрөнгөнд учирсан гэм хорыг тухайн буруутай этгээд, байгууллага хариуцахдаа урьд байсан байдалд нь сэргээх буюу мөнгөн хэлбэрээр төлбөрийг барагдуулахаар тус тус заасан. Иймд Баянгол дүүргийн Засаг даргын захирамж, удирдамжийг хэрэгжүүлэхээр ажиллахдаа төрийн тусгай хүчнийхэн хүч хэрэглэн түрэмгийлэн хувийн өмчид халдаж, эд хөрөнгөнд хохирол учруулаад байгаа тул дээрх гаргасан тооцооллын дагуу нийт учирсан хохирол болох 9 874 000 төгрөгийг төлж барагдуулах эсвэл анх байсан байдалд нь сэргээж оруулахыг шаардаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн иргэд, оршин суугчдаас нийтийн эзэмшлийн зам талбайд худалдаа хийж байгаа иргэдийн үйл ажиллагаатай холбогдуулан "нийтийн эзэмшлийн зам талбайд зорчих зайгүй, бохирдол ихтэй, хог ихээр төвлөрдөг" гэж удаа дараа ирүүлсэн гомдол, мөн Нийслэлийн удирдлага, шуурхай хуралдаанаас өгөгдсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх үүднээс Баянгол дүүргийн Засаг даргын А/363 дугаар захирамжаар дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд зохих зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг зогсоож, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулж, хяналт шалгалт хийж, шийдвэрлэх ажиллагааг Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтнууд зохих хууль, журмын дагуу зохион байгуулсан бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт заасны дагуу зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авсан. Ийнхүү нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг албадан газар чөлөөлөх арга хэмжээ авч ажиллахдаа Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Байгаль эх цогцолборын урд байх явган хүний зам дагуу байрлуулсан асарыг иргэн Д.Цэцгээд өөрөө сайн дураараа буулгаж газар чөлөөлөх, хууль зөрчсөн үйл ажиллагаагаа зогсоох тухай хугацаатай мэдэгдэл өгсөн ба мэдэгдэлд заасан хугацаанд газар чөлөөлөөгүйн улмаас зөрчлийг таслан зогсоох, газар чөлөөлөх албадлагын арга хэмжээг Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 7.5.5-д заасны дагуу газар чөлөөлөх албадлагын арга хэмжээ авсан байна.

Засаг дарга захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрт хууль, тогтоомж зөрчигдөж байгаа аливаа үйлдлийг таслан зогсоох, хуулийг нэг мөр хэрэгжүүлэх зохион байгуулалтын шинжтэй арга хэмжээ авсан ба биечилж иргэдийн эрх, эрх чөлөө эд хөрөнгөнд халдсан үйлдэл гаргаагүй байна. Нэхэмжлэлд дурдсан төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл болохыг тогтоосон хүчин төгөлдөр шийдвэр эрх бүхий албан тушаалтнаас гараагүй. Нэхэмжлэгч төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл байна гэж үзвэл шийдвэр гаргасан албан тушаалтан бус хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлсэн эрх бүхий албан тушаалтан дээрх зөрчлийг арилгах, таслан зогсоох үйл ажиллагааг хуульд зааснаар хэрэгжүүлсэн бөгөөд дүүргийн Засаг дарга дээрх иргэний хэргийн хариуцагч биш байна. Иргэн Д.Цэцгээгийн нийтийн эзэмшлийн гудамж зам, талбайд зөвөөрөлгүйгээр, дур мэдэн асар барьж, худалдаа эрхлэн, улмаар дээрх асар майхан доторх талбай болон гаднах ойр орчмын талбайг зөвшөөрөлтэй мэтээр тайлбарлан бусдад түрээслэн ашиг, хонжоо олж иргэдийг хохироосон үйлдэлдээ, мөн нийтийн албан тушаалтныг гаргасан шийдвэртэй нь холбогдуулан заналхийлэх, далайлган сүрдүүлсэн үйлдлүүдэд цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ба нэхэмжилсэн эд зүйлээ мөнгөн дүнгээр үнэлсэн нь хаанаас ямар үнээр худалдан авсан болох нь компанийн орлогын баримт, худалдагч байгууллагын зарлагын баримтаар үнэн бодитой эсэх нь нотлогдохгүй байна.

Иргэн Д.Цэцэгээгийн нэхэмжилж буй эд зүйл нь өөрийнх нь болох эсхүл Энжээлээ ХХК-ийн өмч болох, дээрх компанийг үүсгэн байгуулсан гэх 18 иргэний эд зүйл болох нь тодорхойгүй байна. Тухайлбал нэхэмжлэлд дурдсанаар тухайн иргэдийн асар, майхныг эвдсэн мэтээр бичсэн нь Д.Цэцгээ нь 18 иргэнийг төлөөлж нэхэмжлэл гаргасан нь дээрх иргэдийг төлөөлөх эрх, итгэмжлэл хэрэгт хавсаргагдаагүй байна. Асар майхны төмөр карказ нь газарт зоож бетондсон, хооронд нь холбож гагнасан учир тастагч ашиглан буулгаж зөрчлийг таслан зогсоох, газар чөлөөлөх арга хэмжээ авагдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад гэм хор учирсан эсэхийг тогтоогоогүй. Бусдад гэм хор учирсан гэж үзвэл түүний ажиллаж байгаа хуулийн этгээд /газрын алба, цагдаа, мэргэжлийн хяналтын хэлтэс/ нь дүүргийн Засаг дарга биш. Энжээлээ ХХК болон нэхэмжлэлд дурдсан 18 иргэнийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан зэрэг нөхцөл байдлууд байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Д.Цэцгээгийн нэхэмжлэлтэй Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяад холбогдох төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол 898 8000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 886 000 төгрөг гаргуулах хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173 000 төгрөгөөс 172 934 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас 66 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Цэцгээд буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Цэцгээ давж заалдах гомдолдоо: Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг 3 дугаар хорооллын Байгаль-Эх цогцолборын урьд, нийтийн эзэмшлийн талбай буюу явган хүний замын дагуу 18x6 хэмжээтэй павильон буюу Асар барьж 2000 оноос 2017 он буюу буулгах хүртэл нэр бүхий 18 иргэн жижиг худалдаа, наймаа эрхлэн ар гэрээ тэжээн амьдарлаа залгуулдаг байсан юм. Уг газарт өөрсдийн хүч хөрөнгөөр ажлын түр байр бий болгон амьдралаа залгуулах, иргэдийг эрэлт хэрэгцээтэй, хямд үнэтэй бараа материал, үйлчилгээ үзүүлэх явдлыг дэмжиж, үе үеийн нийслэлийн засаг дарга болон Нийслэлийн Иргэдийн хурал, Засаг даргын Тамгын газрын албанаас дэмжин, газрыг түр эзэмшүүлэн, худалдаа, үйлчилгээ явуулах зөвшөөрөл олгосон ба үйл ажиллагаа эрхлэн явуулж байсан иргэд худалдаа, наймаа, үйлчилгээнээс олсон орлогоос татвар хураамжаа Баянгол дүүргийн татварын хэлтэст тушааж ирсэн бөгөөд мөн бидний 18 иргэн "Энжээлээ" ХХК-ны нэрээр бусад иргэдэд түрээсийн байр гаргаж бизнес болон худалдаа наймаа эрхлэхэд нь тусалж ирсэн юм.

Гэтэл Баянгол дүүргийн засаг дарга С.Одонтуяа 2017 оны 08-р сарын 02-ны өдрийн А|363 дугаартай захирамж гарган бидэнд 08-р сарын 25-ны өдөр мэдэгдэн, эрх ашгаа хамгаалах цаг хугацаа өгөлгүй 28-ны өдөр Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн 1-р хэлтэс, Онцгой алба,"Шинэ өргөө" ТҮК зэргээс бүрдсэн төрийн албаны 110 гаруй албан хаагчид дээрх захирамжийг биелүүлэх нэрээр татвар төлөгчид хүч хэрэглэн халдаж, бидний эд хөрөнгийг эвдэж сүйтгэн гэм хор, хохирол учруулсныг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хэт нэг талд үйлчлэн үндэслэлгүй хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд би гомдолтой байна.

Захиргаа өөрсдийн гаргасан захирамжаараа түрий барин бусдын эрх, эрх чөлөө эд хөрөнгөнд дураараа аашлан, халдан довтолж, гэм хор, хохирол учруулсан үйлдлээ хууль журмын дагуу ажилласан гэж эрээ, цээргүй аашилж, анхан шатны шүүх нь захиргааны хууль зөрчсөн, иргэдийн эрх, эд хөрөнгөнд дур сэдэн халдсан, хууль ёс, шударга байдлыг алдагдуулан, иргэдийн өмчийн эрхэнд албан тушаал барин халдан довтолсон, хуулиар олгосон үйл ажиллагаагаа урвуулан хэрэгжүүлж иргэдэд өмчийн болон сэтгэл санааны хохирол учруулсан балмад ажиллагааг анхан шатны шүүх нь хамгаалан иргэдийн гомдлыг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, хууль зөрчсөн аливаа үйлдэл, эс үйлдлийг хамгаалан, зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан мэтээр тайлбарлаж байгааг зөвшөөрөн үйлчилж, төрийн эрх мэдлээ урвуулан, ашиглаж, бусдын өмч хөрөнгөнд хүч хэрэглэн халдан довтолсон үйлдлийг, хамгаалж байгаад бид гомдолтой байна. Бид захирагчийн шийдвэрийг хүндэтгэн биелүүлэх үүрэгтэй боловч бидний эрх, хууль ёсны эрхийг зөрчсөн, өмчид хохирол учруулсан, төрийн нударга зангидсан буюу эрх мэдэл, хүчээр түрий барьсан үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд бидний өмч хөрөнгөнд халдан довтолж, ахин ашиглах аргагүй, жижиглэн зүсэж, эвдэж хэмхлэн, хохирол гэм хор учруулсан гэм бурууг шалган тогтоолгож, дураар аашилсан үйлдэлд зохих хариуцлага хүлээлгэхийг хохирогч бид давж заалдах шатны шүүхээс хүсэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул залруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Д.Цэцгээ нь хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяад холбогдуулан төрийн байгууллагын буруутай ажиллагааны улмаас учирсан хохирол 9 874 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр А/363 дугаар захирамж гаргаж, дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд зохих зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг зогсоож, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулж, хяналт шалгалт хийж, шийдвэрлэх ажиллагааг зохих хууль, журмын дагуу зохион байгуулахыг холбогдох хэлтэс, алба, эрх бүхий албан тушаалтнуудад даалгасан. Уг захирамжийн хавсралтаар батлагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн удирдамжийн дагуу Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Байгаль эх цогцолборын урд талбайд зөвшөөрөлгүй асар байрлуулан худалдаа үйлчилгээ явуулж байсан зөрчлийг зогсоох талаар хугацаатай мэдэгдлийг Д.Цэцэгээ болон холбогдох иргэдэд өгч байсан ч мэдэгдэлд заасан хугацаанд үйл ажиллагаагаа зогсоогоогүйгээс Баянгол дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Газрын алба, Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ зэрэг байгууллагаас албадлагын арга хэмжээ авсан үйл баримт тогтоогдсон. /хх-47-49/

Энэхүү захирамж хүчин төгөлдөр бөгөөд захирамжийг хууль бус гэж үзсэн шийдвэр хэрэгт байхгүй байна. Засаг дарга захирамжийг гаргахдаа албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн, хуулиар эрх олгогдоогүй үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.

Нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд нэхэмжлэгч төрийн байгууллага, албан хаагчийн гэм буруутай үйлдэлтэй холбоотой хохирлыг арилгуулах шаардлага гаргасан гэж үзнэ. Дүүргийн Засаг дарга С.Одонтуяа хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд дээрх захирамж гаргасныг албан тушаалтны гэм хор учруулсан үйлдэл гэж үзэх үндэслэл болохгүй.

Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын хүчин төгөлдөр захирамжийг биелүүлсэн төрийн байгууллага, албан тушаалтан нар хуулийн ямар хэм хэмжээг хэрхэн зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй, нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох, баримтаа цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллага, албан хаагчийн буруутай үйлдэл байгаа гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа учраас нэхэмжлэлийг хангахгүй талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Түүнчлэн дээрх захирамжийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа өөрөө хууль ёсны байсан эсэх нь тодорхойгүй төдийгүй уг үйл ажиллагааны явцад бусдад учруулсан гэм хорын хариуцлагатай холбогдох шаардлагын хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа биш гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг нэхэмжлэгч баримтаар няцаагаагүй байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв бөгөөд нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дах хэсэгт заасны дагуу шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл хэсэг, заалтыг тодорхой зааж тусгах ёстой байхад шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонтой холбоотой хууль зүйн үндэслэлийг бичээгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөлт оруулах шаардлагатай.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/00093 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын эхэнд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дах хэсэгт заасан үндэслэлгүй тул ... гэж нэмж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Б.НАРМАНДАХ