Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2018/00093

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Ж.Кульдана, А.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 12 дугаар хороо 24-23 тоотод оршин суух Бамбагар ямаат овгийн Дорлигийн Цэцгээ

Хариуцагч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Замчдын гудамж 3 Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа

Төрийн байгууллагын буруутай ажиллагааны улмаас учирсан хохирол 9874000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Цэцгээ

                                        хариуцагчийн төлөөлөгч П.Батбаяр

                                        нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

Нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Цэцгээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/363 дугаар захирамжаар нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүйгээр жижиглэнгээр худалдаа наймаа эрхэлж буй иргэдийн үйл ажиллагагааг зогсоож, албадан шилжүүлэхээр захирамж гаргасан байна. Түүнчлэн уг захирамжийг үндэслэн Баянгол дүүргийн Засаг даргын орлогчийн "Дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ эрхлэж байгаа иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын удирдамж"-ийг батлан 2017 оны 8 дугаар сарын 28-ний өдрөөс ажлыг эхлүүлэхээр баталсан. Уг удирдамжийн дагуу 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр өглөөний 0550 цагаас 0930 цагийн хооронд Баянгол дүүргийн засаг даргын Захирамж, удирдамжийн дагуу Баянгол дүүрэг, 3-р хороолол 15-р хороо Байгаль эх цогцолборын өмнөх талбайд байрлах "Энжээлээ" ХХК-ийн түрээслэгч болох 18 хүний асар майхныг албадан буулгахаар тус дүүргийн Мэргэжлийн хяналтын тасгийн ахлагч Баасандоржоор ахлуулсан Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дэд хурандаа албаны хүмүүсийн хамт, Онцгой байдлын газрын ажилтнууд нийт 110 гаруй албан тушаалтан, мөн "Шинэ-Өргөө" ТҮК-ийн ажилчидаас 40 гаруй ажилтан нийт 150 гаруй төрийн албан тушаалтнууд, 4 том ачааны машин, цагдаагийн 5 машинтай ирж иргэдэд хүч хэрэглэн тэдний эд хөрөнгөд хүч түрэмгийлэн халдан эвдэн, сүйтгэж дахин ашиглах боломжгүйгээр ачиж тээвэрлэн 4 дүгээр цахилгаан станцын урд байрлах "Шинэ-Өргөө"ХХК-ийн хашаанд буулгасан. Тухайн талбайнд 18 иргэн "Энжээлээ" ХХК-ийг байгуулан хамтран ажиллаж худалдаа эрхэлж амьжиргаагаа залгуулган, өрх гэрээ тэжээн авч явдаг билээ. 2017.09.07-ноос 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл тухайн иргэдийн асар, майхныг эвдэн "Шинэ Өргөө" ХХК-ийн хашаанд буулгаснаар энэ хугацаанд худалдаа эрхэлдэг иргэн, аж ахуй нэгжүүд нь үйл ажиллагаа эрхлээгүй сул зогсолт хийж, банкны зээл болон бусад өр төлбөрөө төлж чадахгүй байдалд хүрч маш хүнд байдалд орсон байна. Баянгол дүүргийн Засг даргын захирамж, удирдамжийг хэрэгжүүлж байгаа нэрийдлээр иргэдийг айлган сүрдүүлэн эд хөрөнгийг эвдлэн сүйтгэж, дахин ашиглах боломжгүй болгосон төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаа явуулснаас болоод тухайн иргэдэд эд хөрөнгийн болон бизнесийн үйл ажиллагаанд дараах байдлаар хохирол учирч байна. Үүнд: Нэг.Эд хөрөнгөд учирсан хохирол: 18x6 нийт 108м2 талбайтай төмөр карказ нь нийт 3500000 төгрөг, 18x6 нийт 108м2 талбайтайн ЗбОм 2 давхарт бүтээлэг брезнтэн бүтээлэг мөн гялгар уутан бүтээлэг нийт 1650000 төгрөг, 150м орос цахилгааны утас. 1500x150м нийт 225000 төгрөг. Паскатель 1 ширхэг 22000 төгрөг. Тосон тенн 2 ширхэг 2x70000 нийт 140000 төгрөг. Ус буцалгагч 1 ширхэг 18000 төгрөг, 1.5х2м хэмжээтэй хар банзаар хийсэн манаачийн пүүкэт 220000 төгрөг. Сандал 18 ширхэг 85000x18 нийт 153000 төгрөг. Зх4м харьцаатай ф25 см хэмжээтэй царан төмрөн карказ 11 ширхэг. Нэг бүрийн 216 байна. 11x216000 төгрөг нийт 2376000 төгрөг.3x4 м харьцаатай карказын бүрээс брезент, даруулга уяа 11 ширхэг. Нэг бүрийн үнэ 100000 төгрөг. Нийт 11x100000 төгрөг. Нийт 3.954.000 төгрөг. Эд хөрөнгийн учирсан хохирол нийт 9874000 төгрөг. Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу "...төрийн албан хаагч албан үүргээ зөрчсан гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүйн/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцана" гэж заасан. Мөн түүнчлэн тус хуулийн 510.1-д зааснаар "бусдын эд хөрөнгөнд учирсан гэм хорыг тухайн буруутай этгээд, байгууллага хариуцахдаа урьд байсан байдалд нь сэргээх буюу мөнгөн хэлбэрээр төлбөрийг барагдуулахаар тус тус заасан байна." Иймд Баянгол дүүргийн Засаг даргын захирамж, удирдамжийг хэрэгжүүлэхээр ажиллахдаа төрийн тусгай хүчнийхэн хүч хэрэглэн түрэмгийлэнхувийн өмчид халдаж, эд хөрөнгөд хохирол учруулаад байгаа тул дээрх гаргасан тооцооллын дагуу нийт учирсан хохирол болох 9874000 төгрөгийг төлж барагдуулах эсвэл анх байсан байдалд нь сэргээжоруулахыг шаардаж байна.

Нэхэмжлэгч Д.Цэцгээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн Засаг даргын захирамжийг биелүүлэх нэртэйгээр бидний үйл ажиллагаа явуулж байсан 9874000 төгрөгийн эд хөрөнгийг цагдаагийн 116 хүний хамгаалалттай, мэргэжлийн хяналтын газар, тохижилт үйлчилгээний “Шинэ Өргөө” ХХК-ийн ажилчид бидний ажлыг албадан буулгасан. Мэдэгдлийг 2017 оны 8 дугаар сарын 15-нд аваад яг ид худалдаа хийдэг оргил үеэр буулгаж болохгүй, түрээслэгч нар маань бүгд л зээлтэй, хүүхдийн сургалтын төлбөр, өдрийн хоолны мөнгөө олох гэж зогсдог, ядаж 9 сарын 20-ны өдөр бууя гэсэн чинь С.Одонтуяа дарга цаанаасаа үүрэг болгосон яах ч арга байхгүй гэсэн. Бид нар асар их зээлтэй учраас тэрнээс наана газрыг чөлөөлж чадахгүй гэсэн чинь 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хэнд ч мэдэгдэлгүйгээр ирээд албадан буулгасан. Бид нарт өөрөө сайн дураараа буух, юмаа аваад явчих бололцоо нөхцөл олгох боломж байсан. Эрх бүхий мэргэжлийн хяналтын байгууллага, цагдаагийн байгууллагын дарга нар өөрсдөө энэ ажлыг хариуцаж байсан. Бид нар өөрсдөө эд зүйлээ буулгаад авъя гэхэд үгүй ээ бид нарт цаанаасаа эд хөрөнгийг эвдэж хэмхэлж буулга гэсэн захирамж ирсэн гэж хэлсэн. Тэгээд бид та нар ядаж эвдлэлгүй буулгаач гэсэн чинь 5 метр карказ төмрийг таслагчаар 80 см болгож тастаж буулгасан. Бид нар та нар ингэж болохгүй Нийслэлийн Засаг даргатай өчигдөр уулзсан, иргэдийн ажлын байрыг ингэж болохгүй гэсэн гэхэд тэр хамаагүй дүүргийн засаг даргын захирамжаар бид үүрэг даалгавар авсан гээд бидний нүдэн дээр албаар эвдэж буулгаад авч явсан. Бид дараа нь 20 гаруй хоногийн дараа хэрүүл маргаан хийж, торгууль төлж байж бараагаа буцааж авсан. Би цагдаагийн байгууллагын даргатай уулзаж бид нарт хугацаа өгчих эд зүйлээ өөрсдөө авч 11 цаг гэхэд талбайг чөлөөлчихье гэж хэлэхэд үгүй заавал эвдэж, хэмхэл гэсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би та нар хүний эд зүйл эвдэж хэмхэлсэн юм чинь хариуцлагаа хүлээнэ шүү, та нар Зөрчлийн хуулиа мэддэг юм уу гэхэд “бид цаанаасаа ийм үүрэг даалгавартай Д.Цэцгээ гуай өөр арга байхгүй. Харин таныг орилж, хашхирвал барь гэсэн даалгавартай. Та энэ хүмүүсийг уриалж, удирдаж болохгүй. Хэрэв тэгвэл таныг баривчилна” гээд намайг машинд суулгаад бид нар Нийслэл рүү явсан. Тэр хооронд бүх карказ, эд зүйлсийг эвдсэн. Тэр карказ 18 метрийн урт, 6 метрийн өргөнтэй байсан. Бид нар карказыг өөр газар аваачаад худалдаа хийх боломж байсан. Гэтэл бүгдийг эвдэж, хэмхэлсэн. Манаачийн пүтек дотор байсан бүх компанийн албан бичиг байхгүй. Тэгээд бид эд зүйлээ нөхөн төлүүлье гээд Нийслэл дээр очиход С.Одонтуяагийн хийж байгаа ажил та нар шүүхэд ханд. Бид нар хүний эд зүйл эвд гэж тушаал өгөөгүй гээд ерөнхий менежер эргээд үйл ажиллагаа явуул гэсэн бичиг хийж өгсөн. Бид нар иргэдийн үйл ажиллагааг хэвийн явуул, хэрэв ажлын байрыг авбал оронд нь тэр хэмжээний орлого олох ажлын байраар ханга гэсэн үүрэг өгсөн, түүнээс та нарын ажлын байрыг эвдэж хэмхэл гэж хэлээгүй гээд надад албан тоот бичиж өгсөн. “Байгаль-эх цогцолбор” дээр зогсоож байгаа хүмүүсээс ганцхан Д.Цэцгээг зогсоож болохгүй гэдэг байдлаар хандсан, бусад хүмүүс худалдаагаа хийж байхад ганцхан манайхыг тэгсэн. Мөн намайг хилс хэрэгт гүтгэж Баянгол дүүргийн Эрүүгийн шүүхэд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Одоо майхан асарын төмөр карказ, 18 сандал, цахилгааны утас, тосон тень, паскатель, бүрээс, брезент, даруулга уяа гээд нийт 8988000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна. Нэхэмжлэлд бичсэн зүйлээс манаачийн пүтекийн үнэ 220000 төгрөг, 3 ширхэг төмөр карказны үнэ 648000 төгрөг, ус буцалгагчны үнэ 18000 төгрөгийг нэхэмжлэхээ больж байна.  

 

Хариуцагчийн төлөөлөгч П.Батбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд гаргасан иргэн Д.Цэцгээгийн "Төрийн албан хаагч үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас өөрт учирсан 9874000 төгрөгийг төлж барагдуулах эсвэл анх байсан байдалд  нь сэргээж оруулах" тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Баянгол  дүүргийн иргэд,  оршин суугчдаас нийтийн эзэмшлийн  зам талбайд худалдаа хийж байгаа иргэдийн үйл ажиллагаатай холбогдуулан "нийтийн эзэмшлийн зам талбайд зорчих зайгүй, бохирдол ихтэй, хог ихээр төвлөрдөг" гэж удаа дараа ирүүлсэн гомдол, мөн Нийслэлийн  удирдлага, шуурхай хуралдаанаас өгөгдсөн үүрэгдаалгаврыг хэрэгжүүлэх үүднээс Баянгол дүүргийн Засаг даргын А/363 дугаар захирамжаар дүүргийннийтийн  эзэмшлийн гудамж,  зам,  талбайд  зохих  зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг зогсоож, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулж, хяналт шалгалт хийж, шийдвэрлэх ажиллагааг Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтнууд зохих хууль, журмын дагуу зохион байгуулсан бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт заасан зөрчил гаргагчийн үйл ажиллагааг мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.7.1 дэх Хууль, эсхүл энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчлийн үр дагаврыг арилгах, учирч болзошгүй хохирол, хор уршгаас  урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна гэсний дагуу зөрчлийг таслан зогсоох  арга  хэмжээ авсан байна. Ийнхүү нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг албадан газар чөлөөлөх арга хэмжээ авч ажиллахдаа Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Байгаль эх цогцолборын урд байх явган хүний зам дагуу байрлуулсан асарыг иргэн Д.Цэцгээд өөрөө сайн дураараа буулгаж газар чөлөөлөх, хууль зөрчсөн үйл ажиллагаагаа зогсоох тухай хугацаатай мэдэгдэл өгсөн ба мэдэгдэлд заасан хугацаанд газар чөлөөлөөгүйн улмаас зөрчлийг таслан зогсоох, газар чөлөөлөх албадлагын арга хэмжээг Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, Зөрчил шалган шийдвэрлэх  тухай  хуулийн 7.5 дугаар зүйлийн 7.5.5-д заасны дагуу газар чөлөөлөх албадлагын арга хэмжээ авсан байна. Дүүргийн Засаг дарга захирамжаараа дүүргийн нутаг дэвсгэрт хууль, тогтоомжзөрчигдөж байгаа  аливаа үйлдлийг таслан зогсоох,  хуулийг нэг мөр хэрэгжүүлэх зохион байгуулалтын шинжтэй арга  хэмжээ авсан ба  биечилж иргэдийн эрх, эрх чөлөө эд хөрөнгөд халдсан үйлдэл гаргаагүй байна. Нэхэмжлэлд дурдсан төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм  буруутай үйлдэл болохыг тогтоосон хүчин  төгөлдөр  шийдвэр  эрх бүхий албан  тушаалтнаас гараагүй байна. Нэхэмжлэгч төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн  гэм  буруутай үйлдэл байна гэж үзвэл шийдвэр гаргасан албан тушаалтан бус хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлсэн эрх бүхий албан тушаалтан дээрх зөрчлийг арилгах, таслан зогсоох үйл ажиллагааг хуульд зааснаар хэрэгжүүлсэн бөгөөд дүүргийн Засаг дарга дээрх иргэний хэргийн хариуцагч биш байна. Иргэн Д.Цэцгээгийн нийтийн эзэмшлийн гудамж зам, талбайд зөвөөрөлгүйгээр, дур мэдэн асар барьж, худалдаа эрхлэн, улмаар дээрх асар майхан доторх талбай болон гаднах ойр орчмын талбайг зөвшөөрөлтэй мэтээр тайлбарлан бусдад түрээслэн ашиг, хонжоо олж иргэдийг хохироосон үйлдэлдээ, мөн нийтийн албан тушаалтныг гаргасан шийдвэртэй нь холбогдуулан заналхийлэх, далайлган сүрдүүлсэн үйлдлүүдэд цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ба нэхэмжилсэн эд зүйлээ мөнгөн дүнгээр үнэлсэн нь хаанаас ямар үнээр худалдан авсан болох нькомпанийн орлогын баримт, худалдагч байгууллагын зарлагын баримтаар үнэн бодитой эсэх нь нотлогдохгүй байна. Иргэн  Д.Цэцэгээгийн  нэхэмжилж буй эд зүйл нь өөрийнх  нь болох эсхүл “Энжээлээ”ХХК-ийн өмч болох, дээрх компанийг үүсгэн байгуулсан гэх 18 иргэний эд зүйл болох нь тодорхойгүй байна. Тухайлбал нэхэмжлэлд  дурдсанаар  .... тухайн иргэдийн асар, майханыг эвдсэн мэтээр бичсэн нь Д.Цэцгээ нь 18 иргэнийг төлөөлж нэхэмжлэл гаргасан нь дээрх иргэдийг төлөөлөх эрх, итгэмжлэл хэрэгт хавсаргагдаагүй байна. Баянгол дүүргийн 15 дугаар хороо Байгаль эх цогцолборын урд байх нийтийнэзэмшлийн гудамж, зам, талбайгаас хураагдаж, буулгагдсан асар майхан Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ-ын агуулах, хашаанд харуул хамгаалалтын дор хадгалагдаж байна. Асар,  майхны төмөр караказ нь газарт зоож бетондсон, хооронд нь холбож гагнасан учир тастагч ашиглан буулгаж зөрчлийг таслан зогсоох, газар чөлөөлөх арга хэмжээ авагдсан байна. Газрын  тухай  хуулийн  57 дугаар зүйлийн 57.4 дэх  хэсэгт мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыгалбадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж заасны дагуу газар чөлөөлөхтэй холбогдон гарсан зардлыг нэхэмжилж бие даасан шаардлага гаргана. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад гэм хор учирсан эсэхийг тогтоогоогүй.Бусдад гэм хор учирсан гэж үзвэл түүний ажиллаж байгаа хуулийн этгээд /газрын алба, цагдаа,мэргэжлийн хяналтын хэлтэс/ нь дүүргиин Засаг дарга биш. Энжээлээ ХХК болон нэхэмжлэлд дурдсан 18 иргэнийг төлөөлөх эрхгүй  этгээд нэхэмжлэл гаргасан  зэрэг нөхцөл байдлууд байх  туп  Иргэний  хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай хуулийн  115 дугаар  зүйлийн  115.2.3  дах  хэсэгт заасны  дагуунэхэмжлэлийг бүхэлд  нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Хариуцагчийн төлөөлөгч П.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газарт Баянгол дүүргийн нийт оршин суугч иргэдээс нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд гишгэх газар, явах зайгүй боллоо, чөлөөтэй зорчиж чадахгүй байна, үүнийгээ дагаад хулгайн хэрэг ихсэж, оройн цагаар зөрчил их гарч байна, энэ асуудлыг шийдвэрлэж өгөөч гэж удаа дараа өргөдөл гомдлууд ирж байсан. Дүүргийн засаг дарга 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн А/363 дугаар захирамжаар дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд зохих зөвшөөрөлгүй худалдаа, үйлчилгээ явуулж байгаа иргэд, аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагааг таслан зогсоож, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, хяналт шалгалт хийж, шийдвэрлэх, газар чөлөөлөх ажиллагааг Мэргэжлийн хяналтын байгууллага болон Цагдаагийн байгууллага, Газрын алба, бусад байгууллагад даалгаж захирамж гаргасан. Засаг дарга ямар зорилгоор захирамж гаргасан гэхлээр Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний нэгж удирдлагын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.6 дахь заалтын хүрээнд 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Зөрчлийн тухай хууль мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх зүйлд “Зөвшөөрөлтэйгөөр эрхлэх худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээг зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалт зөрчигдөж байна. Энэ заалтын биелэлтийг хангуулахаар эрх бүхий байгууллагад нь үүрэг, даалгавар өгч захирамж гаргасан. Дээрх захирамжийн хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагч, Газрын алба, Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд зөрчил шалгаж, шийдвэрлэх тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд зөрчлийг шалгаж, илрүүлж, таслан зогсоох арга хэмжээ авсан. Авах явцдаа нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа эд зүйлийг чухам эвдэж хэмхэлснийг мэдэхгүй. Зөрчлийг шалгахдаа хуульд заасны дагуу эрх бүхий байгууллага арга хэмжээ авсан байх. Дүүргийн Засаг даргын зүгээс энэ хуулиа хэрэгжүүлж ажиллаач гэсэн захирамж гаргасан. Тийм учраас зөвхөн Д.Цэцгээ гуайтай холбоотой арга хэмжээ явагдаагүй. Дүүргийн нутаг дэвсгэрт энэ хуулийг зөрчиж байгаа нийт иргэн, аж ахуй нэгжийн зөрчлийг арилгаж, таслан зогсоох арга хэмжээ авагдсан. Мөн нэхэмжлэлд дурдсан төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг тухайн ажилтныг ажиллуулж буй байгууллага буюу төр барагдуулна гэсэн зохицуулалтаар нэхэмжлэл гаргасан. Тиймээс Засаг дарга тухайн үйл ажиллагааг гардан зохион байгуулаагүй, хуулиа зөрчөөгүй, зөвхөн зөрчил гаргаж байгаа үйлдлийг таслан зогсоох, хуулийг мөрдүүлэхээр шийдвэр гаргасан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10 дахь хэсэгт Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх заалтыг шалгаж шийдвэрлэнэ. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.8 дахь хэсэгт Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх заалтын биелэлтийг хангуулж, хэрэгжүүлж арга хэмжээ авна гэж заасан. Өөр субъект зөвшөөрөлгүйгээр худалдаа, үйлчилгээний журам, зөрчлийг шалган шийдвэрлэх эрх байхгүй. Тэр ч утгаараа Дүүргийн Засаг дарга дээрх байгууллага, албан тушаалтныг биечлэн хэрэгжүүлэх үүрэг өгсөн. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмших, ашиглахыг хориглоно” гэж заасан. Харин “хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглагдаагүй орхигдсон газрыг өөрийн хүч хөрөнгөөр нөхөн сэргээсэн бол тухайн газрыг эзэмшүүлж болно” гэсэн зохицуулалт байгаа. Иргэн Д.Цэцгээ тухайн дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд зөвшөөрөлгүйгээр асар майхан барьж үйл ажиллагаа явуулж байсан. Иймд зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж байгааг Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлд заасны дагуу албадан чөлөөлсөн. Дээрх үйл ажиллагааг дан ганц дүүргийн засаг дарга шийдээгүй. Энэ шалгалт зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тухай удирдамж 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн тушаалаар батлагдсан. Тухайн удирдамж дээр шалгалтаар авто замын дагуу зах, худалдааны төвөөс гадна орчинд болон нийтийн эзэмшлийн бусад гудамж, зам, талбайд холбогдох дүрэм журмыг зөрчин худалдаа, үйлчилгээг явуулж байгааг зогсоох гэж байгаа. Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийн дагуу холбогдох улсын байцаагч, Цагдаагийн байгууллагын ажилтан нар хариуцлага тооцож, шаардлагатай арга хэмжээ авна. Энэ арга хэмжээний шийдвэр 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гарч, 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 8 дугаар сарын 30-ны өдөр явуулна гэсэн боловч цаг хугацааны хувьд нэг дүүргийн зөрчлийг зогсоох боломжгүй. Ийм учраас 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хяналт шалгалтын ажиллагаа явагдаж, энэ хоёр шийдвэрийг үндэслэн Дүүргийн 9 салбар нутаг дэвсгэрийн хэмжээнд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийг зогсоох арга хэмжээ авагдсан. Одоо ч явагдсаар байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас гэм хор учирсан эсэхийг хэн нэгэн этгээд тогтоогоогүй байна. Тухайлбал, дүүргийн засаг даргын гаргасан захирамж буруу гэдгийг тогтоогоогүй. Бусдад гэм хор учирсан гэж үзвэл түүний ажиллаж байгаа хуулийн этгээд нь Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх заалтыг хэрэгжүүлсэн албан тушаалтан Мэргэжлийн хяналтын байгууллага, Цагдаагийн байгууллага гэж ойлгож байна. “Энжээлээ” компани болон нэхэмжлэлд дурдсан 18 иргэнийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

Д.Цэцгээ нь Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас буюу төрийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэхдээ үүргээ зөрчсөнөөс учирсан хохирол 9874000 төгрөг гаргуулахаар шаарджээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэг бүр нь 216000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг карказ төмрийн үнэ 648000 төгрөг, манаачийн байрны үнэ 220000 төгрөг, ус буцалгагчийн үнэ 18000 төгрөг нийт 886000 төгрөгөөр багасгаж, 8988000 төгрөгийн шаардлага гаргасан болно.

Баянгол дүүргийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн А/363 дугаар захирамжаар нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг зогсоож, газрыг чөлөөлөх шийдвэр гаргаж, уг арга хэмжээг хэрэгжүүлэхийг Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Газрын алба, “Баянгол шинэ өргөө“ ОНӨААТҮГ-т даалгасан байна. Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн Засаг даргын дээрх захирамж хууль зөрчиж гарсан эсэх асуудлаар маргаагүй бөгөөд уг захирамжид дурдсан арга хэмжээг хэрэгжүүлэхдээ өөрсдөө сайн дураараа үйл ажиллагаагаа зогсоож, газар чөлөөлөх боломжийг олголгүйгээр нэр бүхий байгууллагын ажилчид буюу төрийн албан хаагчид хүч хэрэглэн эд хөрөнгөд халдаж, эд хөрөнгийг дахин ашиглах боломжгүйгээр эвдсэн үндэслэлээр учирсан хохирол шаарджээ. Харин хариуцагч “...худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүй, газар эзэмших эрхгүй атлаа нийтийн эзэмшлийн талбайг мэдэгдэлд заасан хугацаанд чөлөөлөөгүйгээс албадлагын арга хэмжээ хэрэгжүүлсэн, энэ арга хэмжээг хэрэгжүүлсэн төрийн албан хаагчдыг үүргээ зөрчсөн гэм буруутай болохыг тогтоогоогүй, албан үүргээ зөрчсөн гэх албан хаагчдыг ажиллуулж буй хуулийн этгээд нь Засаг дарга биш, Д.Цэцгээ нь нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд” гэж маргаж байна.

Зохигчид “нэхэмжлэгч Д.Цэцгээг зохих зөвшөөрөлтэй байсан эсэх, газар эзэмших эрхтэй байсан эсэх” асуудлаар маргадаг боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “төрийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэхдээ үүргээ зөрчсөнөөс буюу хүч хэрэглэн эд хөрөнгөд халдаж, дахин ашиглах боломжгүй эвдсэн” гэж тайлбарлаж байх тул дээрх маргаж буй зүйл нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад хамаарахгүй байгааг дурдах нь зүйтэй.  

Дээрх захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй эрхэлж буй худалдаа, үйлчилгээний үйл ажиллагаагаа 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн дотор зогсоож, газар чөлөөлөхийг худалдаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагад мэдэгдсэн байх бөгөөд уг мэдэгдлийг 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан, тухайн мэдэгдэлд заасан хугацаанд үйл ажиллагаагаа зогсоогоогүй, газар чөлөөлөөгүй, мэдэгдэлд заасан хугацааг сунгуулаагүй болохоо нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбараараа хүлээн зөвшөөрчээ. Иймд захиргааны шийдвэрийг биелүүлэх мэдэгдэлд заасан хугацаанд нэхэмжлэгч Д.Цэцгээ үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй үйл баримт тогтоогдсон гэж үзлээ. Энэ нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар албадлага хэрэглэх нөхцөл болжээ. Энэхүү албадлагын арга хэмжээг гүйцэтгэсэн төрийн байгууллага, албан хаагчид ямар хэм хэмжээг, хэрхэн зөрчсөн болохыг нэхэмжлэгч нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй гэж үзнэ. Иймд өөрөө сайн дураараа үйл ажиллагаагаа зогсоох, газар чөлөөлөх боломжийг олгоогүй, албадлагын арга хэмжээг гүйцэтгэсэн төрийн албан хаагчид уг үйл ажиллагааг явуулах хуульд заасан журмыг зөрчсөн, хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.  

Нэхэмжлэгч Д.Цэцгээ нь “Энжээлээ” ХХК-ийг үүсгэн байгуулж, нийтийн эзэмшлийн талбайд барьсан асар, майханаа тухайн компанийн нэрээр 18 иргэнд түрээслүүлдэг байсан нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба нэхэмжлэлээ “Энжээлээ” ХХК болон 18 иргэний нэрээр гаргаагүй, өөрт нь хохирол учирсан үндэслэлээр нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд гэж үзэх үндэслэлгүйг тайлбарлах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173000 төгрөгөөс 9874000 төгрөгт ногдох 172934 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 66 төгрөгийг буцаан олгох нь хуульд нийцнэ.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Д.Цэцгээгийн нэхэмжлэлтэй Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяад холбогдох төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол 8988000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 886000 төгрөг гаргуулах хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173000 төгрөгөөс 172934 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас 66 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Цэцгээд буцаан олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Т.ГАНДИЙМАА

 

                              ШҮҮГЧИД                                       Ж.КУЛЬДАНА

 

                                                                                      А.САРАНТУЯА