Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2018/01266

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2018/01266

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.Мөнх-Эрдэмийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 101/ШШ2018/01211 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ш.Мөнх-Эрдэмийн нэхэмжлэлтэй

Хариуцагч П.Хүрэлзоост холбогдох

Гэм хорын хохиролд 4 500 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ш.Мөнх-Эрдэм

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Энхтуяа

Хариуцагч: П.Хүрэлзоос

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

П.Хүрэлзоос нь 2016 оны 9 дүгээр сарын 27-ний өдрийн 13 цагийн орчим утсаар ярьж, Завхан аймгийн Нөмрөг сум яваад ирье, машинаа өгөөч гэхээр нь зөвшөөрсөн. Амартизатор нь муудсан байсан тул Сүхбаатар дүүргийн Авто плаза төвд очиж, 4 амарзитор аваад 32-ын тойргийн арын Турбо засварын төв дээр очиж солиулсан. П.Хүрэлзоост өөрийн эзэмшлийн хар өнгийн 29-48 УБВ улсын дугаартай исузу визард маркийн  авто машиныг багаж, данхраад зэрэг бусад хэрэгсэлүүдийн хамт хүлээлгэж өгсөн. П.Хүрэлзоос 2016 оны 9 дүгээр сарын 28-ны орой Завхан аймгийн Тэлмэн сумаас Нөмрөг сум руу явах замдаа уг автомашиныг онхолдуулж, Нөмрөг суманд ахынхаа хашаанд үлдээгээд ирсэн гэж сарын дараа хэлсэн бөгөөд хожим машиныг авчирсанаа хэлээгүй. Түүнтэй хамт явсан О.Баасандашаас юу болсон талаар асуухад замдаа нийслэл пиво уусан, нэг мэдэхэд машин 2 өнхрөөд зогссон, урд шил юу ч үгүй хагараад миний нүүр биенд шигдсэн байсан, миний толгой хавдсан, хаалга онгойхгүй болохоор жолооч талын хаалгаар гарсан гэж хэлсэн. П.Хүрэлзоос нь 2017 оны 3 дугаар сарын 20-ны үед 2 500 000 төгрөгийг өгсөн бөгөөд үлдэгдэл 4 000 000 төгрөгийг 14 хоногийн дараа төлнө гэж хэлээд явсан. Ш.Мөнх-Эрдэмийн хар өнгийн 29-48 УБВ улсын дугаартай исузу визард маркийн автомашиныг одоо болтол хүлээлгэн өгөөгүй бөгөөд утсаар ярихаар утсаа авахгүй байна. Энэ хугацаанд нэхэмжлэгч хүний машин хөлсөлж Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Бүрд сум явж малаа 3 удаа эргэсэн бөгөөд давхар хохирол учирч байгаа тул П.Хүрэлзоосоос машиныг эвдэлж эд хөрөнгийн хохирол учруулсны төлбөрт 4 000 000 төгрөг, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсны хөлсөнд 500 000 төгрөг нийт 4 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

Хариуцагч П.Хүрэлзоос шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Ш.Мөнх-Эрдэмийг таньдаггүй байсан, түүнийг надтай О.Баасандаш нь 29-48 УБВ дугаартай машиныг гуйж авсан өдрөө танилцуулсан. Намайг дагуулан Ш.Мөнх-Эрдэмээс машиныг авсан. Тэрээр О.Баасандашад машины талаарх зарим зүйлийг хэлж, зөвлөгөө өгсөн. Хөдөө явах замд О.Баасандаш  архи уумаар байна гээд дэлгүүрээс 1 шил архи, 1 том пиво авсан ба үүнийгээ уух гэж надаар машин бариулсан. Бид өдөржин яваад шөнийн 2 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сум орж, цааш Нөмрөг сум руу хөдөлсөн. Нөмрөг сум ороход 30 км орчим үлдсэн байхад замаа олохгүй төөрсөн. Тэгэхэд О.Баасандаш согтуу агсан тавиад төөрөөд байхдаа яадаг юм бэ, хамаг түлш дуусгалаа, алив би машин барина гээд уурлаад байсан. Би чи боль, согтуу машин барьж болохгүй гэж хорьсон. Гэтэл тэгж  яривал энэ чинь манай найзын машин гээд руль булааснаас болж машин унасан. Машин нэг бүтэн эргээд 4 дугуй дээрээ буусан, машин унтраагүй асаалттай байсан. Тухайн үед бид хоёрт ямар нэгэн гэмтэл шарх сорви, шил зоогдсон зүйл байгаагүй тул цааш 30 км яваад зүс таних айлын хашаанд оруулж тавьсан. Тэгээд О.Баасандаш хүнд битгий руль булаасан талаар хэлээрэй гээд гуйгаад байсан. Бид хоёр бидэнтэй хамт явсан 28-35 УНК дугаартай Приус-20 марзийн машинтай миний төрсөн дүү П.Сугар-Амгалангийн машинд сууж Улаанбаатар хот руу явсан. Тэгээд машины эзэн Ш.Мөнх-Эрдэмд хотод ирснээ хэлээгүй байж байгаад 15 хоног орчим хоногийн дараа О.Баасандашийг дагуулж очоод замд дугуй хагарсанаас болж машин унасан гэж хэлсэн. Гэтэл Ш.Мөнх-Эрдэм би унасан машин авахгүй, 5 000 000 төгрөг өг гэсэн тул О.Баасандаш бид хувааж, тус бүр 2 500 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Ш.Мөнх-Эрдэм, О.Баасандашийн 37-50 дугаартай Истима маркийн машиныг биднийг мөнгө өгөх хүртэл хугацаанд унахаар болсон. Бид мөнгөний боломжгүй байсан тул төлбөрийг төлж чадахгүй байсаар цагаан cap өнгөрч хавар болсон. Энэ хугацаанд Ш.Мөнх-Эрдэм гэгч хэд хэдэн удаа утсаар ярьж мөнгө нэхсэн. О.Баасандаш би Мөнх-Эрдэмд 2 500 000 төгрөгөө өгсөн, одоо та мөнгөө олж өг гэсэн. Би маргааш төрсөн дүү П.Сугар-Амгалангийн эзэмшилд байгаа Кроун маркийн автомашиныг ломбарданд тавьж мөнгийг нь өгөөд мөнгө авсан тухай баримт үйлдсэн. Машиныг ачуулаад ирэхэд О.Баасандаш надад мөнгө байхгүй, өөрөө зохицуулж, учраа ол гэсэн. Мөн л дүү Сугар-Амгалангаас 400 000 төгрөг авч ачуулсан зардалд нь өгсөн. Уг машин манай хашаанд 4 cap орчим болсон. Энэ хугацаанд миний бие Төв аймгаас бүтэн кузов 600 000 төгрөгөөр худалдан авч, янзлахаар болоод  О.Баасандашид хэлсэн. Мөн О.Баасандаш та хүн олоод янзлуулчих, би гарсан зардлынх нь талыг өгнө гэж хэлсэн. Би зар өгөөд 1 800 000 төгрөгөөр уг машиныг сэлбэгэнд өгсөн. Уг 1 800 000 төгрөгийг нь өрөндөө өгсөн бөгөөд гарсан нийт зардалтайгаа 2 200 000 төгрөгийн өртэй үлдсэн ба одоог хүртэл өрөө төлж чадаагүй байна. О.Баасандашын үйлдлээс болж Ш.Мөнх-Эрдэм, бид хоёр хохирсон. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Хүрэлзоосоос 750 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Мөнх-Эрдэмд олгож, нэхэмжлэлээс 3 750 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 22 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Ш.Мөнх-Эрдэм давж заалдах гомдолдоо:

... Хариуцагчаар хэнийг татах, түүнийг солих нь нэхэмжлэгчийн хүсэлтээр хийгддэг ажиллагаа юм. Иймээс хариуцагч П.Хүрэлзоосын гэм буруугаас нэхэмжлэгчид гэм хорын хохирол учирсан гэж нэхэмжлэл гаргаж, харин хамт явсан гэх О.Баасандашийг шүүхэд гэрчээр мэдүүлэг өгүүлж, түүний гэм буруутай эсэхийг тодорхойлсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ П.Хүрэлзоосын болгоомжгүй үйлдлээс хохирол учирсан нь тогтоогдсон, уг гэм хор учрахад О.Баасандашийн автомашиныг гуйж авсан, жолооч П.Хүрэлзоосод шилжүүлсэн зэрэг нь нөлөөлсөн байх тул О.Баасандаш хариуцлага хүлээх үндэслэлтэй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх шийдвэр гаргахаасаа өмнө бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татаж болох байсан. Тийм ажиллагаа хийгээгүй байж шүүх О.Баасандашаас хохирлын 50 хувийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа тухайн үеийн зах зээлийн ханшаар тээврийн хэрэгслийн үнэлгээг 6 500 000 төгрөгөөр тооцож, түүнээс 2017 оны 3 дугаар сарын 16-нд авсан 2 500 000 төгрөгийг хасч үлдэгдэл 4 000 000 төгрөгт нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл шүүхээс давхардуулан 2 500 000 төгрөгийг хасч 750 000 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг зөвтгөж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдеэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй гэж заасан бөгөөд тээврийн хэрэгслийг П.Хүрэлзоост хүлээлгэж өгсөн болохоо нотлоогүй гэж шүүхээс үзсэн нь үндэслэл муутай байна. Намайг машинтайгаа 32-ын шинэ замын засварын газар очиход О.Баасандаш согтуу байсан бөгөөд П.Хүрэлзоосыг олон жил машин барьж байгаа туршлагатай жолооч гэж танилцуулсан тул би түүнд машинаа өгсөн, О.Баасандашид хүлээлгэн өгсөн зүйлгүй. Хэрэв хүлээж аваагүй гэж байгаа бол үүнийгээ хариуцагч өөрөө нотлох үүрэгтэй. П.Хүрэлзоос бүтэн машиныг 1 800 000 төгрөгөөр зарсан гэвэл тухайн үед зөвхөн 3100СС турбо мотор нь 3 500 000 төгрөгийн үнэтэй байна гэдгийг гэрчид хэлж, П.Хүрэлзоос өөрөө зарах санал тавьсан байдаг. Хүний өмчийг эзнийх нь зөвшөөрөлгүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлэлгүй зарсан нь үндэслэлгүй юм. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлээгүй тул зарчихна гэж бодоогүй. Тухайн үед шүүхээр эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасан. Өөрөө эрх зүйн мэдлэггүй учраас өмгөөлөгч хөлсөлж ажиллуулсан. Өмгөөлөгчид хөлс төлөх нь миний эрхийн асуудал гэвэл П.Хүрэлзоосоос болж надад учирсан хохирлыг мөн тооцож үзэх хэрэгтэй.би зөвхөн өмгөөлөгчид төлсөн мөнгөө нэхэмжилсэн бөгөөд өөр бусад зардлаа огт нэхэмжлээгүй гэдгийг анхаарах нь зүйтэй. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдэж, хариуцагч П.Хүрэлзоосоос 4 500 000 төгрөгийг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ш.Мөнх-Эрдэм нь хариуцагч П.Хүрэлзоост холбогдуулан гэм хорын хохиролд 4 000 000 төгрөг, өмгөөллийн хөлсөнд төлсөн 500 000 төгрөг, нийт 4 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагчийн буруугаас надад 6 500 000 төгрөгийн хохирол учирсан, үүнээс 2 500 000 төгрөгийг төлсөн тул үлдэх 4 000 000 төгрөг, өмгөөллийн хөлс 500 000 төгрөгийн хамт гаргуулна гэж тайлбарлажээ.

Хариуцагч П.Хүрэлзоос нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөхдөө ... О.Баасандаш бид хоёр гэм хорын хохирлыг хувааж төлөх ёстой, би 2 500 000 төгрөгийг төлж барагдуулсан гэсэн үндэслэл зааж маргасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч П.Хүрэлзоос, иргэн О.Баасандаш нар Ш.Мөнх-Эрдэмийн өмчлөлийн 2948 УБВ улсын дугаартай Исузу Визард маркийн автомашинаар Завхан аймгийн Нөмрөг сум руу явах замдаа 2016 оны 10 дугаар сарын 5-ны шөнө автомашиныг онхолдуулсан, уг автомашиныг П.Хүрэлзоос жолоодож явсан үйл баримт тогтоогдсон, дээрх нөхцөл байдлыг зохигчид үгүйсгээгүй болно.

Мөн хариуцагч П.Хүрэлзоос маргааны зүйл болж буй автомашиныг Завхан аймгийн Нөмрөг сумаас ачуулж ирсэн, автомашиныг сэлбэгт 1 800 000 төгрөгөөр өгсөн үйл баримт тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар тээврийн хэрэгслийн эзэмшигч учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлөх үүрэгтэйг хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч Ш.Мөнх-Эрдэм өөрт учирсан хохирлоо хариуцагч П.Хүрэлзоосоос шаардах эрхтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Мөнх-Эрдэм нь хариуцагчаар П.Хүрэлзоосыг тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх тухайн хэргийн хариуцагч бус О.Баасандашийг гэм хорын хохирол төлүүлэх талаар үнэлэлт, дүгнэлт хийсэн нь буруу болжээ.

Хэргийн 77-80 дугаар талд Аудит, Хөрөнгийн үнэлгээ, Санхүүгийн зөвлөгөө өгөх Шонхор үнэлгээ аудит ХХК-ийн 2018 оны 9 дугаар сарын 14-ний өдрийн 1803/001 дугаар автомашиныг үнэлсэн шинжээчийн дүгнэлт авагдсан байх бөгөөд уг дүгнэлтэд ...1998 онд Япон улсад үйлдвэрлэсэн Монгол улсад 2007 оны 5 дугаар сарын 10-нд орж ирсэн Исузу Визард маркийн автомашин 2018 оны 1 дүгээр сарын байдлаар зах зээлийн үнэ цэнийг 4 500 000 төгрөгөөр тогтоосон байна. Дээрх үнэлгээг үндэслэн автомашины үнэ 4 500 000 төгрөг гэж үзэх үндэслэлтэй.

Хэргийн 82 дугаар талд Unelgee.mn /Үнэлгээ.мн/ сайтын Estimator программын мэдээллийн сангаас авсан мэдээллээр ...1997 онд үйлдвэрлэгдсэн Монгол улсад 2006 онп орж ирсэн Исузу Визард маркийн автомашиныг 2016 оны 9 дүгээр сарын байдлаар 6 600 000 төгрөгөөр тооцоолов гэсэн бичгийн баримт авагдсан байх боловч уг сайтын мэдээллийг шинжээчийн дүгнэлт гэж үзэх боломжгүй болно.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтад үнэлэлт, дүгнэлт хийж хариуцагч П.Хүрэлзоосын төлсөн 2 500 000 төгрөгийг автомашины үнийн дүнгээс хасч, үлдэх 2 000 000 төгрөгийг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Харин хариуцагч П.Хүрэлзоос өөрийн эрх ашгаа зөрчигдсөн гэж үзсэн тохиолдолд шаардлага гаргах эрх нь нээлттэй байдаг.

Нэхэмжлэгч нь эрх зүйн туслалцаа авах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох эсэх нь тухайн хүний эрхийн асуудал байдаг тул эрх зүйн туслалцаа авахад төлсөн хөлсийг түүнд учирсан хохирол гэж үзэж хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй болно. Харин анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаанд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчтой бус байна гэж үзэв.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Ш.Мөнх-Эрдэмийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 101/ШШ2018/01211 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтаас ... 497.3 гэснийг хасч, уг заалтын ... 750 000 төгрөг гэснийг ...2 000 000 төгрөг гэж, ...3 750 000 төгрөг гэснийг ...2 500 000 төгрөг гэж,

2 дахь заалтын ...22 550 гэснийг ...46 950 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ш.Мөнх-Эрдэмийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ш.Мөнх-Эрдэмийн төлсөн 86 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        М.НАРАНЦЭЦЭГ

  ШҮҮГЧИД                           С.ЭНХТӨР

                                                   Ц.ИЧИНХОРЛОО