Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/01617

 

Ш.Мийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2018/01211 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1266 дугаар магадлалтай

Ш.Мийн нэхэмжлэлтэй

П.Хт холбогдох

Гэм хорын хохиролд 4 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ш.М, хариуцагч П.Х нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа, хариуцагч П.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.Х нь 2016 оны  09 дүгээр сарын 27-ны өдрийн 13 цагийн орчим утсаар ярьж, Завхан аймгийн Нөмрөг сум яваад ирье, машинаа өгөөч гэхээр нь зөвшөөрсөн. Амартизатор нь муудсан байсан тул Сүхбаатар дүүргийн Авто плаза төвд очиж, 4 амарзитор аваад 32-ын тойргийн арын Турбо засварын төв дээр очиж солиулсан. П.Хт өөрийн эзэмшлийн хар өнгийн 29-48 УБВ улсын дугаартай Исузу визард маркийн  автомашиныг багаж, данхраад зэрэг бусад хэрэгслүүдийн хамт хүлээлгэж өгсөн. П.Х 2016 оны 09 дүгээр сарын 28-ны орой Завхан аймгийн Тэлмэн сумаас Нөмрөг сум руу явах замдаа уг автомашиныг онхолдуулж, Нөмрөг суманд ахынхаа хашаанд үлдээгээд ирсэн гэж сарын дараа хэлсэн бөгөөд хожим машиныг авчирсанаа хэлээгүй. Түүнтэй хамт явсан О.Баасандашаас юу болсон талаар асуухад замдаа нийслэл пиво уусан, нэг мэдэхэд машин 2 өнхрөөд зогссон, урд шил юу ч үгүй хагараад миний нүүр биед шигдсэн байсан, миний толгой хавдсан, хаалга онгойхгүй болохоор жолооч талын хаалгаар гарсан гэж хэлсэн. П.Х нь 2017 оны 03 дугаар сарын 20-ны үед 2 500 000 төгрөгийг өгсөн бөгөөд үлдэгдэл 4 000 000 төгрөгийг 14 хоногийн дараа төлнө гэж хэлээд явсан. Ш.Мийн хар өнгийн 29-48 УБВ улсын дугаартай Исузу визард маркийн автомашиныг одоо болтол хүлээлгэн өгөөгүй бөгөөд утсаар ярихаар утсаа авахгүй байна. Энэ хугацаанд нэхэмжлэгч хүний машин хөлсөлж Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Бүрд сум явж малаа 3 удаа эргэсэн бөгөөд давхар хохирол учирч байгаа тул П.Хоос машиныг эвдэлж эд хөрөнгийн хохирол учруулсны төлбөрт 4 000 000 төгрөг, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсны хөлсөнд 500 000 төгрөг нийт 4 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Ш.Мийг таньдаггүй байсан, түүнийг надтай О.Баасандаш нь 29-48 УБВ дугаартай машиныг гуйж авсан өдрөө танилцуулсан. Намайг дагуулан Ш.Мээс машиныг авсан. Тэрээр О.Баасандашид машины талаарх зарим зүйлийг хэлж, зөвлөгөө өгсөн. Хөдөө явах замд О.Баасандаш  архи уумаар байна гээд дэлгүүрээс 1 шил архи, 1 том пиво авсан ба үүнийгээ уух гэж надаар машин бариулсан. Бид өдөржин яваад шөнийн 2 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сум орж, цааш Нөмрөг сум руу хөдөлсөн. Нөмрөг сум ороход 30 км орчим үлдсэн байхад замаа олохгүй төөрсөн. Тэгэхэд О.Баасандаш согтуу агсан тавиад төөрөөд байхдаа яадаг юм бэ, хамаг түлш дуусгалаа, алив би машин барина гээд уурлаад байсан. Би, чи боль, согтуу машин барьж болохгүй гэж хорьсон. Гэтэл тэгж яривал энэ чинь манай найзын машин гээд руль булааснаас болж машин унасан. Машин нэг бүтэн эргээд 4 дугуй дээрээ буусан, машин унтраагүй асаалттай байсан. Тухайн үед бид хоёрт ямар нэгэн гэмтэл шарх сорви, шил зоогдсон зүйл байгаагүй тул цааш 30 км яваад зүс таних айлын хашаанд машинаа оруулж тавьсан. Тэгээд О.Баасандаш хүнд битгий руль булаасан талаар хэлээрэй гээд гуйгаад байсан. Бид хоёр бидэнтэй хамт явсан 28-35 УНК дугаартай Приус-20 маркийн машинтай миний төрсөн дүү П.Сугар-Амгалангийн машинд сууж Улаанбаатар хот руу явсан. Тэгээд машины эзэн Ш.Мд хотод ирснээ хэлээгүй байж байгаад 15 хоног орчим хоногийн дараа О.Баасандашийг дагуулж очоод замд дугуй хагарснаас болж машин унасан гэж хэлсэн. Гэтэл Ш.М би унасан машин авахгүй, 5 000 000 төгрөг өг гэсэн тул О.Баасандаш бид хувааж, тус бүр 2 500 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Ш.М, О.Баасандашийн 37-50 дугаартай Истина маркийн автомашиныг биднийг мөнгө өгөх хүртэл хугацаанд унахаар болсон. Бид мөнгөний боломжгүй байсан тул төлбөрийг төлж чадахгүй байсаар цагаан cap өнгөрч хавар болсон. Энэ хугацаанд Ш.М гэгч хэд хэдэн удаа утсаар ярьж мөнгө нэхсэн. О.Баасандаш би Мөнх-Эрдэмд 2 500 000 төгрөгөө өгсөн, одоо та мөнгөө олж өг гэсэн. Би маргааш нь төрсөн дүү П.Сугар-Амгалангийн эзэмшилд байгаа Кроун маркийн автомашиныг ломбарданд тавьж мөнгийг нь өгөөд мөнгө авсан тухай баримт үйлдсэн. Машиныг ачуулаад ирэхэд О.Баасандаш надад мөнгө байхгүй, өөрөө зохицуулж, учраа ол гэсэн. Мөн л дүү Сугар-Амгалангаас 400 000 төгрөг авч ачуулсан зардалд нь өгсөн. Уг машин манай хашаанд 4 cap орчим болсон. Энэ хугацаанд миний бие Төв аймгаас бүтэн кузов 600 000 төгрөгөөр худалдан авч, янзлахаар болоод О.Баасандашид хэлсэн. Мөн О.Баасандаш та хүн олоод янзлуулчих, би гарсан зардлынх нь талыг өгнө гэж хэлсэн. Би зар өгөөд 1 800 000 төгрөгөөр уг машиныг сэлбэгэнд өгсөн. Уг 1 800 000 төгрөгийг нь өрөндөө өгсөн бөгөөд гарсан нийт зардалтайгаа 2 200 000 төгрөгийн өртэй үлдсэн ба одоог хүртэл өрөө төлж чадаагүй байна. О.Баасандашийн үйлдлээс болж Ш.М, бид хоёр хохирсон. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2018/01211 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Хоос 750 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Мд олгож, нэхэмжлэлээс 3 750 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 22 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1335 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2018/01211 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “... 497.3” гэснийг хасч, уг заалтын “... 750 000 төгрөг” гэснийг “...2 000 000 төгрөг” гэж, “...3 750 000 төгрөг” гэснийг “...2 500 000 төгрөг” гэж,

2 дахь заалтын “...22 550” гэснийг “...46 950” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ш.Мийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ш.Мийн төлсөн 86 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2018/01211 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1266 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтуудыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-д шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр хэргийг хянуулахыг хүсч байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд “Шонхор үнэлгээ аудит “ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтийн Шинжээчийн хариулт хэсэгт заасан 1998 онд Япон улсад үйлдвэрлэсэн Монгол улсад 2007 оны 05 дугаар сарын 10-нд орж ирсэн Исузу Визард маркийн автомашин 2016 оны 09 дүгээр сарын байдлаар зах зээлийн үнэ цэнийг 6 600 000 төгрөгөөр үнэлсэн нь тухайн гэм хорыг учруулсан цаг хугацаатай нийцэж байхад шүүхээс 2018 оны 01 дүгээр сараар зах зээлийн үнэ цэнийг тодорхойлж 4 500 000 төгрөгөөр үнэлснийг зөвшөөрөхгүй байна. Давж заалдах шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг сайтын мэдээлэлтэй холбож тайлбарлаж байгаа нь үндэслэл муутай, Шинжээч мэдээллийн эх сурвалжаа сайтуудаас зах зээлийн ханшийг тооцож байгааг буруутгах үндэслэлгүй, бид мэдээллийн эрин зуунд амьдарч бүх зүйл нээлттэй байгааг анхаарч үзэхийг хүсч байна.

Хариуцагч П.Х нь бусдын өмчид хохирол учруулчихаад би төлөхгүй чи О.Баасандашаасаа ав гэсэн шаардлага тавьж байгаа нь хирээс хэтэрсэн асуудал болж байна. Хүний эд хөрөнгө үнэгүй өөрийнх нь үнэ цэнэтэй санагдаад гомдол гаргаад байгаа бол би ч хөрөнгөө үнэлэх, нэхэмжлэх эрхтэй арга саам хийсэн яриа ярьж цаг хугацааг хожиж байгаа тул энэ хүний арга залийг шүүх тунгаан бодож залруулж өгөхийг хүсч байгаа тул надад гэм хорын хохиролд нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас өгсөн 2 500 000 төгрөгийг хасч давж заалдах шатны шүүхээс шинжээчийн дүгнэлтийг 4 500 000 төгрөгөөр тооцсоныг өөрчилж 6 500 000 төгрөгөөр тооцож шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж хариуцагчаас 2 000 000 төгрөгийг нэмж гаргуулах, энэ хүнээс болж би татвар, өмгөөлөгчид хөлс төлж байгаа нь надад учирсан хохирол гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хянаж тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэмэлт өөрчлөлт оруулж өгөхийг хүсч байна.

Хариуцагчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно гэжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч Ш.М нь 29-48 УБВ улсын дугаартай ISUZI wizard машинаа 5 000 000 (таван сая) төгрөгөөр үнэлж үүний тал болох 2 500 000 (хоёр сая таван зуун мянга) төгрөг төл үлдсэн 2 500 000 (хоёр сая таван зуун мянга) төгрөгийг Оюунбилэг овогтой Баасандаш надад өгсөн, чи мөнгөө өгвөл болох гээд байна гэсэн. Би Мөнх-Эрдэмд мөнгө өгсөн авсан баримт үйлдээд хувилан авч машины нэрийг шилжүүлэх тухай ярихад би хөдөө явах ажилтай байна ирээд шилжүүлж өгнө санаа зоволтгүй гээд явсан. Гэтэл Ш.М нь 2017 оны 03 дугаар сарын 17-ноос хойш сураггүй байж байгаад 2017 оны 10 дугаар сард утсаар ярьж Баасандаш надад мөнгө өгөөгүй тийм учраас би машинаа авъя гэж нэхэж эхэлсэн. Мөнх-Эрдэм нь анх хэлэлцэж тохирсон үгэндээ байж чадахгүй Баасандаштай хамтран намайг хохироож байгаад гомдолтой байна. Иймд надаас нэхэмжилж байгаа уг 2 000 000 төгрөгийг Ш.М нь О.Баасандашаас нэхэмжлэх ёстой гэж үзэж байна. Мөн 2 500 000 (хоёр сая таван зуун мянга) төгрөгийг өгөхдөө үлдсэн мөнгийг 14 хоноод өгнө гэж би хэлээгүй. Би анх Мөнх-Эрдэмтэй 98110801, 95727300 дугаарын утсаар ярьж машинаа өгөөч гэж гуйгаагүй. Би урьд нь Мөнх-Эрдэмийг таньдаггүй байсан. Энэ мэтээр намайг гүтгэж байгаад би гомдолтой байна. Иймд уг нэхэмжлэхийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ш.М нь П.Хт холбогдуулан эвдэрсэн автомашины үлдэгдэл төлбөр 4 000 000 төгрөг, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан хөлсөнд төлсөн 500 000 төгрөг, нийт  4 500 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, өөрт ногдох төлбөрийг төлсөн гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар Ш.М нь өөрийн эзэмшлийн Исузу визард маркийн 29-48 УБВ дугаартай автомашиныг О.Баасандашийн хүсэлтээр өгсөн ба Р.Баасандаш нь найз П.Хтой хамт Завхан аймаг руу явах замд зам тээврийн осол гаргаж, автомашиныг онхолдуулж машинд эвдрэл, гэмтэл учирсан, автомашиныг П.Х жолоодож явсан, нэхэмжлэгч машины үнэд 2 500 000 төгрөгийг П.Хоос авсан үйл баримт тогтоогджээ.

Анхан шатны шүүх “...нэхэмжлэгчид учирсан гэм хорыг П.Х нь О.Баасандаштай хамтарч хариуцах үндэслэлтэй...” гэж дүгнэн, П.Хоос 750 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 2 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хариуцагчаар тодорхойлоогүй этгээдэд нэхэмжлэлийн шаардлагыг холбогдуулан дүгнэлт өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3. дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин хоёр шатны шүүх нэхэмжлэгчийн “...өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсны хөлсөнд төлсөн 500 000 төгрөгийг өөрт учирсан хохирол”-д тооцож нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д “Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тодорхойлжээ.

Хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учирсан ба дээрх хохиролтой холбогдуулан бусдад төлбөр төлж, эрх зүйн зөвлөгөө авсан нь хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой байхад “...бусдаас эрх зүйн туслалцаа авах эсэх нь түүний эрхийн асуудал...” гэж үзэж, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу, нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг зөв тодорхойлоогүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзнэ.

Иймд энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч өөрийн автомашинаа 5 000 000 төгрөгөөр үнэлж, хариуцагчаас төлбөр авч байсан, шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэл гаргах үеийн байдлаар автомашиныг 4 500 000 төгрөгөөр үнэлснийг няцаасан тайлбар, үндэслэлээ нэхэмжлэгч нотлоогүй тул автомашиныг 6 500 000 төгрөгөөр үнэлж, 2 000 000 төгрөг нэмж гаргуулахаар магадлалд өөрчлөлт оруулахыг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, харин өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн төлбөрийг гаргуулах гомдлыг хангах үндэстэй байна.

Хариуцагчийн “...нэхэмжлэгч Ш.М нь автомашинаа 5 000 000 төгрөгөөр үнэлж, тал үнийг нь төл үлдсэн мөнгийг нь Баасандашаас авсан гээд надаас 2 500 000 төгрөгийг авсан байхад одоо Баасандашаас нэхэмжлэх ёстой төлбөрөө надаас нэхэж, хамтран намайг хохироож байна, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй, энэ талаар  давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Харин хариуцагч П.Х нь өөрт учирсан хохирлоо О.Баасандашаас нэхэмжлэхэд энэ тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1266 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2018/01211 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д зааснаар хариуцагч П.Хоос 2 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

шийдвэрийн 2 дахь заалтын “...хариуцагчаас 22 550 төгрөг...” гэснийг “...хариуцагчаас 54 950 төгрөг...” гэж   тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлын заримыг хангаж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ш.Мээс төлсөн 46 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч П.Хоос төлсөн 46 200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                              Х.ЭРДЭНЭСУВД