Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2019/00765

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2019/00765

 

 

 

х.ч ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2019/00530 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч х.чын нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдох

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/173 тоот захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, урамшуулал гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч х.ч, түүний өмгөөлөгч Т.Батчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч х.ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оноос Сонгинохайрхан дүүргийн 124 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байсан. 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Дүүдээ дарга утсаар ажлаас халах тушаал 11 дүгээр сарын 24-нд гарсан ажлаа өг гэж ярьсан. Ингээд 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ажил дээр ажил хүлээлцэх комисс гэж 2 хүн ирээд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 16-нд гарсан захирамжийн дагуу ажпаа хүлээлгэж өг гээд ажил авсан. Уг захирамж нь сахилгын арга хэмжээ авах захирамж байсан. Нийслэлийн Засаг даргын захирамж 10 дугаар сарын 16-нд гарсан байсныг огт мэдээгүй, энэ талаар юу ч ярьж байгаагүй. 11 дүгээр сарын сүүлээр яриад 24-ний өдөр тушаал гарсан гэж хэлсэн болохоор тийм байх гэж бодож байсан. Нийслэлийн Засаг дарга нь шинээр томилогдсоноосоо хойш сургуулийн ажил байдалтай танилцаж байгаагүй мөртлөө асуудлыг шалгаж баталгаажуулахгүйгээр захирамж гаргаж, миний хөдөлмөрлөх эрхэд халдсанд гомдолтой байна. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагч О.Алтантуул, А.Танан Эрдэнэ нар 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 124 дүгээр сургуулийн үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгээд илрүүлсэн 13 зөрчилтэй холбогдуулан тэдгээрийг арилгуулах зорилгоор 6 төрлийн шаардлага тавиад шаардлагынхаа хариуг 2018 оны 08 дугаар сарын 25-ны дотор ирүүлэхийг үүрэгдсэн. Энэ албан шаардлагын хариуг 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 46 тоот албан бичгээр хавсралт материалын хамт Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагч О.Алтантуул, А.Танан-Эрдэнэ нарт хүргүүлсэн. Улсын байцаагч нараас албан шаардлагыг биелүүлээгүй, зөрчлийг арилгаагүй байгаа учраас арга хэмжээ авна гэсэн ямар нэгэн хариу ирүүлээгүй. Хэрэв албан шаардлагыг биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.1 дэх заалтын дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж тодорхой мэдэгдсэн. Иймд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/173 тоот захирамжийг хүчингүй болгуулж, ажиллаж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс болон 2018 оны үр дүнгийн гэрээний мөнгөн урамшууллыг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийхийг даалгаж, урамшуулах гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/82 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 124 дүгээр сургуулийн захирлаар х.чыг томилсон. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Эрх шилжүүлэх тухай А/998 дугаар захирамжаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулгад нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай хөдөлмөрийн гэрээ байгуулах, сануулах, үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 30 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулах эрхийг шилжүүлсэн. х.чт Нийслэлийн Боловсролын газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/92 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-т заасны дагуу сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/826 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн удирдамжаар 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 124 дүгээр сургуульд хяналт шалгалт явуулсан бөгөөд ажлын хэсгийн дүгнэлтээр захирал х.ч нь боловсролын бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, биелэлтийг дүгнэх, сургуулийг багш, ажилтнаар хангах, хамт олныг төлөвшүүлэх, мэргэшлийг дээшлүүлэх үүргээ хангалтгүй биелүүлсэн нь тогтоогдсон тул Нийслэлийн Боловсролын газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/120 дугаар х.чт сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т зааснаар үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын боловсролын болон эрүүл ахуй, халдвар хамгааллын чиглэлээр 7 заалт бүхий албан шаардлагыг 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 02-09-0897/480 тоот албан бичгээр хүргүүлсэн байна. Сонгинохайрхан дүүргийн 124 дүгээр сургуулийн үйл ажиллагаанд боловсрол, эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын шалгалтыг явуулж 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 02-01/3133 тоот албан бичгээр 19 дугаартай нийслэлийн илтгэх хуудас, шалгалтын дүнг Нийслэлийн Боловсролын газар ирүүлсэн байна. Дээрх гүйцэтгэлийн шалгалтаар 7 заалт бүхий үүрэг даалгаврын 3-ыг арилгаж албан шаардлагын биелэлт 42.9 хувьтай дүгнэгдсэн тул хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч хариу ирүүлэхийг мэдэгдсэн. Энэ дагуу 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөрХ,Чулуунбаатарт танилцуулж, сахилгын шийтгэл ногдуулах нөхцөл бүрдсэнийг тайлбарлан сонсох ажиллагаа явуулсан. Нийслэлийн Боловсролын газраас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 01/1486 тоот албан бичгээр Сонгинохайрхан дүүргийн 124 дүгээр сургуулийн захирал х.чт сахилгын шийтгэл ногдуулах санал ирүүлснийг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/173 дугаар захирамжаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4, хөдөлмөрийн гэрээний 6 дугаар хэсгийн 6.3.11, 6.3.21-д заасан зөрчил гаргаад зөрчил, дутагдлаа арилгаагүй гэж үзсэн. Боловсролын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.15-д заасан тул Нийслэлийн засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд сахилгын шийтгэл ногдуулах захирамж гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч х.ч хариуагч Нийслэлийн Засаг даргад холбогдуулан урамшуулах гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг батлаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 16-ны Б/173 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч х.чыг Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 124 дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2.401.200 төгрөгийг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч х.чт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Нийслэлийн Засаг даргын тамгын газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 53.369 төгрөгийг гаргуулж Улсын орлого болгож, Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/120 тоот тушаалаар нийслэлийн Засаг даргын 2017 оны А/826 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн төлөвлөгөөт бус хяналт шалгалтын дүгнэлтээр тогтоогдсон зөрчил буюу боловсролын бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хяналт, биелэлтийг дүгнэх, сургуулийг багш, ажилтнаар хангах, хамт олныг төлөвшүүлэх, мэргэшлийг дээшлүүлэх захирлын үүргээ хангалтгүй биелүүлсэн зөрчилд х.чт сахилгын шийтгэл ногдуулсан. Төрийн хяналт шалгатын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.2, 10 дугаар зүйлийн 10.9.8 тус тус заасны дагуу мэргэжлийн хяналтын улсын байцаагч Сонгинохайрхан дүүргийн 124 дүгээр сургуулийн үйл ажиллагаанд боловсрол, эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын чиглэлээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гүйцэтгэлийн хяналт шалгалтыг явуулсан. Дээрх гүйцэтгэлийн шалгалтаар 7 заалт бүхий үүрэг даалгаврын гурвыг нь арилгаж албан шаардлагын биелэлт 42.9 хувьтай дүгнэгдсэн. Нэхэмжлэгчид Боловсролын газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн Б/120 тоот тушаалаар захирлын хууль тогтоомж хэрэгжүүлэх, хяналт тавих үүргээ хангалтгүй биелүүлсэн зөрчилд сахилгын арга хэмжээ авсан бол Нийслэлийн Засаг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/173 дугаар захирамжаар эрх бүхий байгууллагаас албан шаардлага хүргүүлсний дагуу зөрчил дутагдлыг арилгах, хууль зөрчсөн үйлдлийг зогсоох, холбогдох тодорхой арга хэмжээ аваагүй үйлдэл, эс үйлдэхүйд сахилгын шийтгэл ногдуулсан. Дээрх зөрчил нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар хэсгийн 6.3.11, 6.3.21-д заасан ноцтой зөрчил бөгөөд сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа давтан зөрчил гаргасан учраас давтан зөрчил гаргасан байна. Улсын дээд шүүхийн 2012 оны зөвлөмжийн 2.4-т "Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан" гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хоёр буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүйгээс гадна давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна" гэсэн байх бөгөөд нэхэмжлэгчид ногдуулсан сахилгын зөрчлийг тус бүрд нь тогтоосон байдаг. Анхан шатны шүүхэд зөрчлийг шалгасан талаарх материал, бусад баримт тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг ажил олгогч гаргаж өгсөөр байтал нотлох баримтыг тал бүрээс бодитойгоор үнэлж дүгнээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дах хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч х.ч нь хариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/173 тоот захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч х.ч нь Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/82 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 124 дүгээр сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байгаад Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/173 дугаар захирамжаар ажлаасаа чөлөөлөгдсөн ба дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг  Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд гаргажээ.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/173 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, 131.2, Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар хэсгийн 2.2, 6 дугаар хэсгийн 6,3,11, 6.3.21, 7 дугаар хэсгийн 7.1, 7.2-т заасныг үндэслэл болгон х.ч нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 02-09-087/480 дугаар албан шаардлагыг хүлээн аваад зөрчлийг арилгах тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй, ажлын байрны тодорхойлолт шаардлагад нийцээгүй багш ажилд авсан зөрчил гаргасан тул Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 124 дүгээр сургуулийн захирлын үүрэгт ажлаас 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ. /хх-ийн 5/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ...ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан... бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах талаар заасан. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/173 дугаар захирамжид ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзжээ. Харин захирамжид давтан зөрчил гаргасан гэсэн үндэслэлийн талаар заагаагүй байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн баталсан 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 19 дүгээр удирдамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 124 дүгээр сургуулийн үйл ажиллагаанд шалгалт хийж, мөн оны 6 дугаар сарын 19-ний өдөр хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлт гаргажээ. Уг дүгнэлтэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7.1.2, 7.3, 30.4.3-т заасан заалтуудыг хэрэгжүүлээгүй халаалтын нүүрс худалдан авах ажлыг сонгон шалгаруулалтгүйгээр шууд гэрээ байгуулж БТБ Жаргал ХХК-иас 25 602 мянган төгрөгийн нүүрсний худалдан авалт хийсэн, багшлах эрхгүй О.Энхтуяа, Л.Гантулга нар ажиллаж байгаа, сургуулийн захирал нь багш ажилтны ажлын байрны тодорхойлолтыг боловсруулж тушаалаар баталгаажуулаагүй гэх мэт зөрчлүүд тогтоогдсон, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцлага хүлээлгэх саналтай гэж заажээ. /хх-ийн 54-58/

Нийслэлийн Боловсролын газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Б/120 дугаар тушаалаар 124 дүгээр сургуулийн захирал х.чт үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулахдаа дээрх ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэсэн байх бөгөөд уг тушаалд ...сургуулийг багш ажилтнаар хангах үүргээ биелүүлээгүй... гэсэн үндэслэл заасан, харин нүүрс худалдан авах ажлын талаар заагаагүй байна. /хх-ийн 50/

Нэхэмжлэгч х.ч Нийслэлийн Боловсролын газрыг хариуцагчаар татаж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Нийслэлийн Боловсролын газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Б/120 дугаар тушаалыг хүчингүй болгох тухай шаардлага гаргасан ба шүүгчийн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШЗ2019/01461 дүгээр захирамжаар уг шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь учир дутагдалтай болжээ. Гэвч нэхэмжлэгч уг асуудлаар тусдаа нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа талаар талууд тайлбарласан байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцоогүй болно. Түүнчлэн, Нийслэлийн Засаг даргын 2018 оны Б/173 дугаар захирамжаар нэхэмжлэгчийг давтан зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөөгүй тул Б/120 тоот уг тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар энэ хэргийн хүрээнд дүгнэх шаардлагагүй байсан гэж үзлээ.

Анхан шатны шүүх Нийслэлийн Боловсролын газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Б/12 тоот тушаал, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/173 дугаар захирамжаар ажилтанд  сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дах хэсэгт нийцээгүй гэж үзсэн нь үндэслэлтэй болжээ.

Учир нь Нийслэлийн Боловсролын газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Б/120 дугаар тушаалд Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн баталсан удирдамжийн дагуу хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэсэн, ...сургуулийг багш ажилтнаар хангах үүргээ биелүүлээгүй... гэсэн үндэслэл заагдсан бол, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/173 дугаар захирамжид хөдөлмөрийн гэрээний 6.3.21-д заасныг зөрчсөн буюу ажлын байрны тодорхойлолт шаардлагад нийцээгүй багш ажилд авсан зөрчил гаргасан гэж заасан байгаагаас үзэхэд нэг зөрчлийн талаар дахин сахилгын шийтгэл ногдуулахдаа ажлаас халсан гэж үзэхээр байна.

Сонгинохайрхан дүүргийн 124 дүгээр сургуульд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 02-09-087/480 дугаар албан шаардлага хүргүүлжээ. Уг албан шаардлагаар Боловсрын хяналтын чиглэлээр: 1.Сургалтын хичээлийн лаборатори, дадлагын газрын орчин нөхцлийг сайжруулах, 2.Боловсрын байгууллагад тавигдах шаардлага болон шалгуур үзүүлэлтийг хангасан мэргэжлийн номын санч, нийгмийн ажилтнаар хангах, 3.Ажиллах багш орон тоо болон анги дүүргэлтийг оновчтойгоор тогтоон сургалтыг зохион байгуулах, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр: 3.Сургуульд эрүүл ахуйч эмч орон тоогоор ажиллуулах, 4.Сургалт хүмүүжлийн байгууллагын барилга байгууламж барилгын норм ба дүрэм БНбД 66-88, Хүүхэд өсвөр үеийнхний сургалт хүмүүжлийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх үлгэрчилсэн дүрмийг хангах ажиллах, Эдэлбэр газрын хөрс нь аюулгүй байдлын шаардлага хангасан эсэхэд шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулах, 6.Дотоод хяналт шалгалтын тайлан, үр дүнг хамт олонд нээлттэй тайлагнах, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг шалтгаан нөхцөлийг тодруулан арилгуулах, давтан гаргуулахгүй байх арга хэмжээг авч хэрэгжүүлэн 2018 оны 8 дугаар сарын 25-ны хариу ирүүлэхийг үүрэг болгосон /хх-ийн 31-33 тал/ байна.

Сонгинохайрхан дүүргийн 124 дүгээр сургуулийн захирал х.ч нь Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 02-09-087/480 дугаар албан шаардлагын хариуг 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 46 дугаар албан бичгээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүргүүлснээс гадна Нийслэлийн болосролын газарт зөрчлийг арилгаж авсан арга хэмжээний талаар 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 58 дугаар албан бичиг хүргүүлсэн болох нь хэрэгт баримтаар авагджээ. /хх-ийн 106-107/

Иймд нэхэмжлэгчийг дээрх эрх бүхий байгууллагын албан шаардлагын дагуу зөрчлийг арилгах тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй байх тул хөдөлмөрийн гэрээний 6.3.21-д заасан ноцтой зөрчил гаргасан гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.

Хариуцагч нь өмнөх дүгнэлтэд дурдсан үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан нь зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах талаарх Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дах заалтад нийцэхгүй байхаас гадна мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт заасантай нийцсэн байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2019/00530 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Н.БАТЗОРИГ