Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2019/00530

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: дүүрэг, хороо, байр  тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /,  овогт Хартолгойн Ч-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: дүүрэг, хороо, байрлах, Н-д холбогдох,

 

Н-ын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/173 тоот захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, урамшуулал гаргуулах, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Ч-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, хариуцагчийн төлөөлөгч А.У, гэрч А.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюун-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Ч- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оноос  дүүргийн  дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байсан. 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Дүүдээ дарга утсаар яриад “ажлаас халах тушаал 11 дүгээр сарын 24-нд гарсан ажлаа өг” гэсэн. Ингээд 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ажил хүлээлцэх комисс гэж 2 хүн ирээд Н-ын 2018 оны 10 дугаар сарын 16-нд гарсан захирамжийн дагуу ажлаа хүлээлгэж өг гээд ажил авсан. Уг захирамж нь сахилгын арга хэмжээ авах захирамж байсан. Н-ын захирамж 10 дугаар сарын 16-нд гарсан байсныг огт мэдээгүй, энэ талаар юу ч ярьж байгаагүй. 11 дүгээр сарын сүүлээр яриад 24-ний өдөр тушаал гарсан гэж хэлсэн болохоор тийм байх гэж бодож байсан. Н-ын захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д Сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдлыг шүүхээр хянан шийдвэрлэхээр заасан. Захирамжийн үндэслэл болсон хуулийн  заалтууд нь сахилгын шийтгэл ногдуулаад байгаа юмуу, ажлаас нь халаад байгаа юмуу, алинд нь аль заалт ямар нөлөөтэй, ач холбогдолтой нь ойлгомжгүй байна. Захирамжийн 1 дэх заалтаас харахад НМХГ-н Улсын ахлах байцаагчийн албан шаардлагыг хүлээж аваад зөрчлийг арилгах тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй, ажлын байрны тодорхойлолт шаардлагад нийцээгүй багш ажилд авсан зөрчил гаргасан гэжээ. Гэтэл Н-ын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагч О.А, А.Т нар 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр  дүгээр сургуулийн үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажпыг хийж гүйцэтгээд илрүүлсэн 13 зөрчилтэй холбогдуулан тэдгээрийг арилгуулах зорилгоор 6 төрлийн шаардлага тавиад шаардлагынхаа хариуг 2018 оны 08 дугаар сарын 25-ны дотор ирүүлэхийг үүрэг болгосон. Энэ албан шаардлагын хариуг 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 46 тоот албан бичгээр хавсралт материалын хамт Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагч О.А, А.Т нарт хүргүүлсэн. Улсын байцаагч нараас албан шаардлагыг биелүүлээгүй, зөрчлийг арилгаагүй байгаа учраас арга хэмжээ авна гэсэн ямар нэгэн хариу ирүүлээгүй. Хэрэв албан шаардлагыг биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.1 дэх заалтын дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж тодорхой мэдэгдсэн. Гэтэл өөрийн эрх хэмжээгээ хэтрүүлэн үндэслэлгүйгээр үүрэгт ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Н-ын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/173 тоот захирамжийг хүчингүй болгуулж, ажиллаж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийхийг даалгаж өгнө үү. Харин урамшуулал гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

Хариуцагч Н-ын төлөөлөгч А.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Н-ын 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/82 дугаар захирамжаар  дүүргийн  дүгээр сургуулийн захирлаар Х.Ч-ыг томилсон. Н-ын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Эрх шилжүүлэх тухай” А/998 дугаар захирамжаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулгад Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай хөдөлмөрийн гэрээ байгуулах, сануулах, үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 30 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулах эрхийг шилжүүлсэн. Х.Ч-т Нийслэлийн Боловсролын газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/92 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-т заасны дагуу сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Н-ын 2017 оны А/826 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Н-ын орлогч Ш.Анхмаагийн удирдамжаар 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр  дүүргийн ерөнхий боловсролын  дүгээр сургуульд хяналт шалгалт явуулсан бөгөөд ажлын хэсгийн дүгнэлтээр захирал Х.Ч- нь боловсролын бодлого, хууль тогтоомж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, биелэлтийг дүгнэх, сургуулийг багш, ажилтнаар хангах, хамт олныг төлөвшүүлэх, мэргэшлийг дээшлүүлэх үүргээ хангалтгүй биелүүлсэн нь тогтоогдсон тул Нийслэлийн Боловсролын газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/120 дугаар “Х.Ч-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т зааснаар үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.   Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын боловсролын болон эрүүл ахуй, халдвар хамгааллын чиглэлээр 7 заалт бүхий албан шаардлагыг 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 02-09-0897/480 тоот албан бичгээр хүргүүлсэн байна.  дүүргийн  дүгээр сургуулийн үйл ажиллагаанд боловсрол, эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын шалгалтыг явуулж 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 02-01/3133 тоот албан бичгээр 19 дугаартай илтгэх хуудас, шалгалтын дүнг Нийслэлийн Боловсролын газар ирүүлсэн байна. Дээрх гүйцэтгэлийн шалгалтаар 7 заалт бүхий үүрэг даалгаврын гурвыг арилгаж албан шаардлагын биелэлт 42,9 хувьтай дүгнэгдсэн тул хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч хариу ирүүлэхийг мэдэгдсэн. Энэ дагуу 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Х,Ч-т танилцуулж, сахилгын шийтгэл ногдуулах нөхцөл бүрдсэнийг тайлбарлан сонсох ажиллагаа явуулсан. Нийслэлийн Боловсролын газраас Н- бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 01/1486 тоот албан бичгээр  дүүргийн  дүгээр сургуулийн захирал Х.Ч-т сахилгын шийтгэл ногдуулах санал ирүүлснийг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/173 дугаар захирамжаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Х.Ч- нь сахилгын шийтгэл ногдуулсан Б/92, 120 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар эрх бүхий байгууллагад гомдол санал гомдол гаргаж маргаан үүсгээгүй байсан. Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-д заасан сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа удаа дараа сахилгын зөрчил гаргасан, хөдөлмөрийн гэрээний 6 дугаар хэсгийн 6.3.11 /хууль хяналтын байгууллага /прокурор, цагдаа, мэргэжлийн хяналт/ эрх бүхий албан тушаалтны шаардлага, мэдэгдэл хүлээн аваад тодорхой арга хэмжээ аваагүй, зөрчил дутагдлыг арилгаагүй/, 6.3.21 /Ажлын байрны тодорхойлолт шаардлагад нийцээгүй ажилтныг ажилд авсан/-д заасан зөрчил гаргаад зөрчил, дутагдлаа арилгаагүй гэж үзсэн.  Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4-т "Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ. Төрийн албан хаагчийн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоогүй зөрчилд энэ хуульд заасан нийтлэг журмаар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ажил олгогч гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг 5 дугаар зүйлийн 5.1-т ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй, 131 дүгээр зүйлийн 131.1-т ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна, Боловсролын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.15. Аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэж заасан тул Н- бүрэн эрхийнхээ хүрээнд сахилгын шийтгэл ногдуулах захирамж гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэг болон зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Х.Ч- нь Н-д холбогдуулан  Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/173 тоот захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, урамшуулал гаргуулах, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдааны үед урамшуулал гаргуулах нэхэмжлэлийн  шаардлагаасаа татгалзаж байна.  

 

Хариуцагч Н- нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул захирамж үндэслэлтэй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Х.Ч- нь Н-ын 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/82 дугаар захирамжаар тус дүүргийн  дүгээр сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байжээ.

 

Н-ын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/173 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 40 дүгээр зүйлийн  40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, 131.2, Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар хэсгийн 2.2, 6 дугаар хэсгийн 6.3.11, 6.3.21, 7 дугаар хэсгийн 7.1, 7.2-т заасныг үндэслэл болгон Х.Ч- нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 02-09-087/480 дугаар албан шаардлагыг хүлээн аваад зөрчлийг арилгах тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй, ажлын байрны тодорхойлолт шаардлагад нийцээгүй багш ажилд авсан зөрчил гаргасан тул  дүүргийн Ерөнхий боловсролын  дүгээр сургуулийн захирлын үүрэгт ажлаас 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон халах сахилгын шийтгэл /хх-ийн 5 тал/ ногдуулсан байна.

 

Н-ын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/826 дугаар захирамжаар Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбоотой иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу хууль тогтоомж, эрх бүхий албан тушаалтаны шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдалыг арилгах үүрэг бүхий ажлын хэсэг /хх-ийн 51 тал/ байгуулжээ.

 

Н-ын орлогч Ш.Анхмаа 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 19 дугаартай  Ажлын хэсгийн удирдамж баталж, Н-ын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/826 дугаар захирамжийг үндэслэн Нийслэлийн төрийн өмчийн зарим Сургууль, Цэцэрлэгийн үйл ажиллагаа хууль тогтоомж, ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, эрх бүхий бусад байгууллага албан тушаалтаны шийдвэрт нийцэж байгаа эсэхэд байгууллагын хэмжээнд хяналт тавьж илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор  дүүргийн Ерөнхий боловсролын  дүгээр сургуулийн удирдлага, багш, ажилчид хамруулахаар шалгалтын бүрэлдэхүүн томилон ажиллуулсан /хх-ийн 52-53 тал/ байна.

 

Н-ын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 02-09-087/480 дугаар албан шаардлага тус сургуульд хүргүүлжээ.

 

Уг албан шаардлагаар Сургалтын хичээлийн лаборатори, дадлагын газрын орчин нөхцлийг сайжруулах, Боловсрын байгууллагад тавигдах шаардлага болон шалгуур үзүүлэлтийг хангасан мэргэжлийн номын санч, нийгмийн ажилтнаар хангах, Ажиллах багш орон тоо болон анги дүүргэлтийг оновчтойгоор тогтоон сургалтыг зохион байгуулах, Сургуульд эрүүл ахуйч эмч орон тоогоор ажиллуулах, Сургалт хүмүүжлийн байгууллагын барилга байгууламж барилгын норм ба дүрэм БНбД 66-88, Хүүхэд өсвөр үеийнхний сургалт хүмүүжлийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх үлгэрчилсэн дүрмийг хангах ажиллах, Эдэлбэр газрын хөрс нь аюулгүй байдлын шаардлага хангасан эсэхэд шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулах, Дотоод хяналт шалгалтын тайлан, үр дүнг хамт олонд нээлттэй тайлагнах, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг шалтгаан нөхцөлийг тодруулан арилгуулах, давтан гаргуулахгүй байх арга хэмжээг авч хэрэгжүүлэн 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор хариу ирүүлэхийг үүрэг болгосон” /хх-ийн 31-33 тал/ байна.

 

 дүүргийн Ерөнхий боловсролын  дүгээр сургуулийн үйл ажиллагааны талаар хамт олноос ирүүлсэн гомдлын дагуу хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлтээр “ТБОНӨХБАҮХАТ хуулийн 7.1.2, 7.3, 30.4.3 заалтуудыг хэрэгжүүлэлгүй халаалтын нүүрс худалдан авах ажлыг сонгон шалгаруулалтгүйгээр шууд гэрээ байгуулж, БТБ Жаргал ХХК-аас 25,602.0 мянган төгрөгийн нүүрсний худалдан авалтыг хийсэн нь, Багшлах эрхгүй О.Энхтуяа, Л.Гантулга нар ажиллаж байгаа нь, сургуулийн захирал нь багш ажилтны ажлын байрны тодорхойлолтыг боловсруулж тушаалаар баталгаажуулаагүй гэх мэт зөрчлүүд тогтоогдсон. Иймд  дүгээр сургуулийн захирал Г.Ч-т Боловсролын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.”Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.“Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”, Ажил олгогчийн зүгээс эрхлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн хууль тогтоомжид заасан бусад зөрчил гаргасан бол холбогдох хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл ногдуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй 131 дүгээр зүйлийн 131.1-д “Ажил олгогч буюу дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна” заасныг үндэслэн хариуцлага хүлээлгэх саналтай байна /хх-ийн 54-58 тал/ гэжээ. 

 

Н-ын хэрэгжүүлэгч  агентлаг Боловсролын газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/12 тоот тушаал, Н-ын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/826 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтээр  дүүргийн Ерөнхий боловсролын  дүгээр сургуулийн захирал Х.Ч- нь боловсролын бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, биелэлтийг дүгнэх, сургуулийг багш, ажилтнаар хангах, хамт олныг төлөвшүүлэх, мэргэжлийг дээшлүүлэх  үүргээ хангалтгүй биелүүлсэн нь тогтоогдсон тул үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. /хх-ийн 50 тал/

 

Ажилтан Х.Ч- нь Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 02-09-087/480 дугаар албан шаардлагын хариуг 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүргүүлсэн болох нь гэрч А.Танан-Эрдэнийн мэдүүлэг, хариуцагчийн тайлбар зэргээр тогтоогдож байх ба дээрх албан шаардлагыг тус сургууль бие даан шийдвэрлэх боломжгүй, хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардагдах, үе шаттайгаар хийж гүйцэтгэхээр байжээ. 

 

Н-ын хэрэгжүүлэгч  агентлаг Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 19 дугаар “ Илтгэх хуудас”-аар Н-ын орлогч Ш.Анхмаагийн баталсан удирдамжаар тус сургуулийн  үйл ажиллагаанд боловсрол эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын чиглэлээр хийсэн хяналт шалгалтын дүнг үндэслэн өгсөн улсын ахлах байцаагчийн албан шаардлагын биелэлтэд гүйцэтгэлийн хяналт шалгалт хийж 7 заалт бүхий үүрэг даалгаврын гурвыг арилгаж, албан шаардлагын биелэлт 42,9 хувь гэж дүгнэжээ. /хх-ийн 63-64 тал/

 

Н-ын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/173 дугаар захирамжаар Х.Ч- нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 02-09-087/480 дугаар албан шаардлагыг хүлээн аваад зөрчлийг арилгах тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй, ажлын байрны тодорхойлолт шаардлагад нийцээгүй багш ажилд авсан зөрчил гаргасан тул  дүүргийн Ерөнхий боловсролын  дүгээр сургуулийн захирлын үүрэгт ажлаас 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон халах сахилгын шийтгэл /хх-ийн 5 тал/ ногдуулсан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3.Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй” гэж заажээ.

 

Н-ын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/12 тоот тушаал, Н-ын 2018 оны 10 дугаар сарын 16-ны Б/173 дугаар захирамжаар ажилтны сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулсан нь хуульд нийцээгүй байна.

 

Иймд Н-ын 2018 оны 10 дугаар сарын 16-ны Б/173 дугаар захирамжийг хүчингүй болгож, Х.Ч-ыг  дүүргийн Ерөнхий боловсролын  дүгээр сургуулийн захирлын ажилд нь эгүүлэн тогтоож, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /сард 890,087 төгрөг:21,5=өдөрт 41,400 төгрөг х 58 өдөр/ 2,401,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралтаар баталсан “дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д зааснаар ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр сарын дундаж цалинг тооцсон болохыг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Ч- хариуцагч Н-д холбогдох урамшуулал гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н-ын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/173 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.Ч-ыг  дүүргийн Ерөнхий боловсролын  дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2,401,200 /хоёр сая дөрвөн зуун нэг мянга хоёр зуу/ төгрөгийг Н-ын тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч Х.Ч-т олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Н-ын тамгын газарт даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан хариуцагч Н-ын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 53,369 төгрөгийг гаргуулж Улсын орлого болгосугай.

 

5. Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Н.НАРАНГЭРЭЛ