Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2019/01724

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2019/01724

 

 

Б.Г-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/01149 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Г-гийн хариуцагч Б.Гт-д холбогдуулан гаргасан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамжны 37 дугаар байрны 00 тоотод байрлах 12 м.кв, нэг өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Б.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Г- нь Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 37-000 тоотод оршин суудаг, уг хаягт байрлах 12 мкв 1 өрөө орон сууцыг өөрийн төрсөн эгч Б.Гт- 2007 онд Голомт банкны зээлээр худалдан авсан болохыг мэдэж байсан бөгөөд эгчийгээ 2007 онд нурууны хагалгаанд орж эрүүл мэндийн хувьд хүнд байхад нь туслах зорилгоор түүний эзэмшлийн худалдаа хөгжлийн банкны 499184744 тоот вальютын данс руу 2012 оны 02 дугаар сарын 9-ний өдрөөс 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 14 016 ам.доллар шилжүүлсэн. Б.Г- нь Швейцарь улсад ажиллаж амьдрах хугацаанд олсон орлогоосоо гуйвуулга хийсэн. Б.Гт-д дээрх мөнгийг эмчилгээндээ зарцуулсан гэж өгсөн боловч Б.Гт- уг мөнгөөр 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Голомт банкны зээлийн 3 430 000 төгрөгийг төлж, мөн 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн үлдэгдэл болох 6 994 192 төгрөгийг төлж зээлээ хаасан болохыг өөрөөс нь асууж мэдсэн. Ийнхүү Б.Гантулгын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахад тодорхой хэмжээний хөрөнгө оруулсан гэдгээ мэдсэнээс хойш дээрх байрны өмчлөгч болох саналаа Б.Гт-д удаа дараа гаргасан боловч маргаан үүссээр өнөөдрийг хүрсэн. Б.Гт- 2016 онд дээр байрыг Хос Маркшейдер ХХК-ийн бусдын өмнө хүлээх үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаанд тавьж уг Хос Маркшейдер ХХК үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01050 тоот захирамж гарч уг захирамжийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, бага тойруу, 37-000 тоотод байрлах 12 мкв орон сууцыг дуудлага худалдаагаар худалдах гэж байгааг 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр мэдсэн. Иймд Иргэний хуулийн 10 дугаар зүйлийн 101.1, 108.1 дэх хэсэгт зааснаар Б.Г-г Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, бага тойруу, 37-000 тоотод байрлах 12 мкв, 1 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ИИ ББСБ ХХК-ийн төлөөлөгч Д.Тэрбиш шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 37 дугаар байр, 00 тоот хаягтай 1 өрөө 12 м.кв талбайтай байрыг Хос маркшейдер ХХК нь манай байгууллагаас зээл авч, барьцаанд нь тавьсан. Гэвч зээлээ төлж чадаагүй улмаас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2016 онд шийдвэр гарч, бид эвлэрсэн. Ингэхдээ зээлээ төлж чадаагүй бол барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж тохиролцсон. Харин зээлдэгч зээлээ төлөөгүй учир бид хүсэлт гаргаж гүйцэтгэх хуудас бичүүлсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байсан. Харин энэ хэрэгтэй холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа түдгэлзсэн. Нэхэмжлэгч Б.Г- өнөөдрийг хүртэл гадаадад байгаа, маргаан бүхий байранд оршин сууж байгаагүй гэж ойлгож байгаа. Тэгээд ч байр худалдан авахад зориулсан гээд байгаа мөнгөний эх үүсвэр байранд биш эгчийнхээ эмчилгээнд зориулж өгсөн мөнгө гэдэг нь тодорхой байна. Б.Г- байрны хамтран өмчлөгч байх боломжгүй. Миний ойлгож байгаагаар хариуцагч, нэхэмжлэгч нар нь төрсөн эгч, дүүс тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах зорилгоор л шүүхэд хандсан. Манай барьцаанд байгаа тухайн байр нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу 2 дахь дуудлага худалдаагаар худалдаалагдсаны дараа нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаж энэ хэрэг өнөөдрийг хүрсэн байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явсан бол манай төлбөр барагдах байсан ч төлбөрөө аваагүй учир бидний эрх ашиг хөндөгдөж байна гэж үзсэн тул энэ хэрэгт гуравдагч этгээдээр орж байгаа гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 108 дугаар зүйлийн 108.1 дэх заалтыг баримтлан Б.Гт-д холбогдох Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамжны 37 дугаар байрны 00 тоотод байрлах 12 м.кв, нэг өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай Б.Г-гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Г-гаас тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М давж заалдах гомдолдоо:

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Б.Г- Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж. 37-000 тоотод оршин суудаг,уг хаягт байрлах 12 мкв 1 өрөө орон сууцыг өөрийн төрсөн эгч Б.Гт- 2007 онд Голомт банкны зээлээр худалдан авсан болохыг мэдэж байсан бөгөөд эгчийгээ 2007 онд нурууны хагалгаанд орж эрүүл мэндийн хувьд хүнд байхад нь туслах зорилгоор түүний эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 499184774 тоот валютын данс руу 2012 оны 02 дугаар сарын 9-ний өдрөөс 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 14 016 доллар шилжүүлсэн. Б.Г- нь тэр үед Швейцарь Улсад ажиллаж амьдрах хугацаанд олсон орлогоосоо гуйвуулга хийсэн. Тухайн үед дээрх байрны өмчлөгчөөр тогтоолгох хүсэлт гаргах, улсын бүртгэлийн гэрчилгээнд нэрээ оруулах боломжгүй байсан.

Б.Гт-д дээрх мөнгийг эмчилгээндээ зарцуулсан гэж өгсөн боловч уг мөнгөөр 2012 оны З дугаар сарын 23-ны өдөр Голомт банкны зээлийн 3 430 000 төгрөгийг төлж, мөн 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн үлдэгдэл болох 6 994 192 төгрөгийг төлж зээлээ хаасан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Г- нь хариуцагч Б.Гт-д холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамжны 37 дугаар байрны 00 тоотод байрлах 12 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...Швейцарь улсад ажиллаж байх хугацаандаа олсон орлогоо эгч Б.Гт-д гуйвуулга хийсэн бөгөөд уг мөнгийг Голомт банкнаас авсан орон сууцны зээлийн үлдэгдлээ төлж зээлээ хаасан гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч Б.Гт- нь 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хариу тайлбар татгалзлаа шүүхэд ирүүлээгүй, харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ИИ ББСБ ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбар татгалзлаа ирүүлсэн байна. /хх 32 дугаар тал/

 

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 37 дугаар байр, 00 тоот хаягтай 12 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Б.Гт- бүртгэлтэй болох нь 2007 оны 8 дугаар сарын 20-ны өдөр олгогдсон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх 35 дугаар тал/

 

Хариуцагч Б.Гт- нь 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ИИ ББСБ ХХК-тай 30 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, барьцааны гэрээгээр өөрийн өмчлөлийн дээрх 1 өрөө орон сууцыг барьцаалсан, /хх45-51 дүгээр тал/ зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдүүлэгч шүүхэд хандаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1050 тоот шүүгчийн захирамжаар барьцааны зүйл болох 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /хх36-37 дугаар тал/ Улмаар 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 772 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэнээр шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явагдсан байна.

/хх 39 дүгээр тал/

 

Хариуцагч Б.Гт- нь 2007 онд орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн, үүнээс хойш буюу 2012 оны 2 дугаар сараас 2012 оны 11 дүгээр сарын 29-ний хооронд хариуцагчаас 14 016 ам.долларыг эмчилгээний зардалд нь зориулан шилжүүлсэн, зэргээс үзвэл нэхэмжлэгч Б.Г-г Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны хамтран өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Мөн өмчлөх эрх Б.Гт-д бүртгэгдсэнийг нэхэмжлэгч буруу ташаа буюу өөрийнх нь эрхийг зөрчсөн үндэслэлээр эсэргүүцэж маргаагүй байх тул Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар бүртгэлийг үнэн зөв гэж тооцно.

 

Анхан шатны шүүх хэргийн дээрх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтыг маргаанд хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/01149 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ

 

А.ОТГОНЦЭЦЭГ