Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2019/01149

 

 

 

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2019/01149

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г -ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г -д холбогдох

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамжны 37 дугаар байрны 8 тоотод байрлах 12 м.кв, нэг өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Минжүүрдорж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд И-ийн гүйцэтгэх захирал Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ш.Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Г Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 37-08 тоотод оршин суудаг, уг хаягт  байрлах 12 мкв 1 өрөө орон сууцыг өөрийн төрсөн эгч Б.Г 2007 онд Голомт банкны зээлээр худалдан авсан болохыг мэдэж байсан бөгөөд эгчийгээ 2007 онд нурууны хагалгаанд орж эрүүл мэндийн хувьд хүнд байхад нь туслах зорилгоор түүний эзэмшлийн худалдаа хөгжлийн банкны 499184744 тоот вальютын данс руу 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2012 оны 11 сарын 29-ний өдөр хүртлэх хугацаанд нийт 14.016 доллар шилжүүлсэн байдаг. Б.Г нь Швейцарь улсад ажиллаж амьдрах хугацаанд олсон орлогоосоо хуйвуулга хийсэн. Б.Гд дээр мөнгийг эмчилгээндээ зарцуулсан гэж өгсөн боловч Б.Г уг мөнгөөр 2012.03.23-ны өдөр Голомт банкны зээлийн 3.430.000 төгрөгийг төлж, мөн 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн үлдэгдэл болох 6.994.192 төгрөгийг төлж зээлээ хаасан болохыг өөрөөс нь асууж мэдсэн. Ийнхүү Б.Гантулгын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахад тодорхой хэмжээний хөрөнгө оруулсан гэдгээ мэдсэнээс хойш дээрх байрны өмчлөгч болох саналаа Б.Гд удаа дараа гаргаж байсан боловч маргаан үүссээр өнөөдрийг хүрсэн. Б.Г 2016 онд дээр байрыг Хос Маркшейдер ХХК-ийн бусдын өмнө хүлээх үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаанд тавьж уг Хос Маркшейдер ХХК үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.11.15-ны өдрийн 01050 тоот захирамж гарч уг захирамжийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, бага тойруу, 37-08 тоотод байрлах 12 мкв орон сууцыг дуудлага худалдаагаар худалдах гэж байгааг 2019.03.05-ны өдөр мэдсэн. Иймд Иргэний хуулийн 101.1, 108.1-д зааснаар Б.Гг Чингэлтэй дүүргийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, бага тойруу, 37-08 тоотод байрлах 12 мкв, 1 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ингүүмэл инвест ББСБ ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 37 дугаар байр, 8 тоот хаягтай 1 өрөө 12 м.кв талбайтай байрыг “Хос маркшейдер” ХХК нь манай байгууллагаас зээл авч, барьцаанд нь тавьсан байдаг. Гэвч зээлээ төлж чадаагүй улмаас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2016 онд шийдвэр гарч, бид эвлэрсэн байгаа. Ингэхдээ зээлээ төлж чадаагүй бол барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж тохиролцсон. Харин зээлдэгч зээлээ төлөөгүй учир бид хүсэлт гаргаж гүйцэтгэх хуудас бичүүлсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байсан. Харин энэ хэрэгтэй холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа түдгэлзсэн. Нэхэмжлэгч Г өнөөдрийг хүртэл гадаадад байгаа, маргаан бүхий байранд оршин сууж байгаагүй гэж ойлгож байгаа. Тэгээд ч байр худалдан авахад зориулсан гээд байгаа мөнгөний эх үүсвэр байранд биш эгчийнхэ эмчилгээнд зориулж өгсөн мөнгө гэдэг нь тодорхой байна. Г байрны хамтран өмчлөгч байх боломжгүй. Миний ойлгож байгаагаар хариуцагч, нэхэмжлэгч нар нь төрсөн эгч, дүүс тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах зорилгоор л шүүхэд хандсан. Манай барьцаанд байгаа тухайн байр нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу 2 дахь дуудлага худалдаагаар худалдаалагдсаны дараа нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаж энэ хэрэг өнөөдрийг хүрсэн байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явсан бол манай төлбөр барагдах байсан ч төлбөрөө аваагүй байгаа учир бидний эрх ашиг хөндөгдөж байна гэж үзсэн тул энэ хэрэгт гуравдагч этгээдээр орж байгаа гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Б.Гд холбогдуулж Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамжны 37 дугаар байрны 8 тоотод байрлах 12 м.кв, нэг өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг нэхэмжлэгч Б.Г нь Швейцарь улсаас дүү Б.Гантулгын эмчилгээнд зориулж 14,016 ам долларыг тодорхой хугацаанд цувуулж шилжүүлсэн бөгөөд уг мөнгөөр дүү Б.Г нь тухайн үед орон сууцны зээлээ хаасан байсныг сүүлд мэдсэн, байр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад бусдын өрөнд хураагдах болсон байх бөгөөд Б.Ггийн эд хөрөнгийн эрх, ашиг хөндөгдөж байна, нэгэнт байранд хөрөнгө оруулсан учир хамтран өмчлөгч болохоор шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

Хариуцагч Б.Г нь 2019.04.12-ны өдөр нэхэмжлэлийг гардан авч, 2016.04.26-ны өдөр тайлбар, татгалзлаа нотолсон баримтуудыг шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн байх боловч шүүхэд бичгээр ямар нэгэн тайлбар болон холбогдох баримтуудыг ирүүлсэнгүй.

 

Харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хариуцагч Б.Гантулгын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамжны 37 дугаар байрны 8 тоотод байрлах 12 м.кв, нэг өрөө орон сууц нь манай байгууллагын барьцаанд байгаа бөгөөд тус дүүргийн шүүхийн 2016.11.15-ны өдрийн 1050 дугаартай шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаад энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түдгэлзсэн, бид төлбөрөө барагдуулж чадахгүй, байгууллагын эрх, ашиг хөндөгдөж байна, нэхэмжлэгч Б.Г маргаан бүхий байранд амьдарч байгаагүй, гадаадад байсан гэдэг нь баримтаар харагдаж байна, тэгээд ч тус байранд амьдарч байгаагүй юм байна гэж мэтгэлцсэн.

 

Нэхэмжлэгч Б.Г, хариуцагч Б.Г нар нь төрсөн эгч, дүүс байх бөгөөд хариуцагч Б.Г нь зохигчдын маргаан зүйл болсон Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамжны 37 дугаар байрны 8 тоотод байрлах 12 м.кв, нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр 2007.08.20-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж өмчлөгч болсон, тэрээр уг байрыг худалдаж авахад зориулж 2007.08.22-ны өдөр Голомт банкнаас орон сууцны зориулалтаар 14,800,000 төгрөгийн зээл авч байсан байна.

                                 

Хариуцагч Б.Г нь дээрх орон сууцаа 2015.01.07-ны өдөр Хос маркшейдер ХХК-ийн Ингүүмэл инвест ББСБ ХХК-иас 2015.01.07-ны өдөр авсан 30,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан байх бөгөөд Хос маркшейдер ХХК зээлээ төлж чадаагүйн улмаас Ингүүмэл инвест ББСБ ХХК нь Б.Г, Хос маркшейдер ХХК-нд холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 55,484,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг тус шүүхийн 2016.11.15-ны өдрийн 1050 дугаар шүүгчийн захирамжаар Хос маркшейдер ХХК нь 55,484,000 төгрөгийг тодорхой графикийн дагуу Ингүүмэл инвест ББСБ ХХК-нд төлөх, төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамжны 37 дугаар байрны 8 тоотод байрлах 12 м.кв, нэг өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 

Уг шүүгчийн захирамжийн дагуу Ингүүмэл инвест ББСБ ХХК-ийн хүсэлтээр Б.Г, Хос маркшейдер ХХК-иас төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна.

 

Дурдсан үйл баримтууд зохигчдын гаргасан тайлбар, маргаан бүхий байрны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилээ, тус шүүхийн 2016.11.15-ны өдрийн 1050 дугаартай шийдвэр, 2017.08.22-ны өдрийн 772 дугаартай гүйцэтгэх хуудас, мөн өдрийн 7858 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны үнэлгээний мэдэгдэл, албадан дуудлага худалдааны мэдэгдэл, хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, барьцаалбар, зээлийн болон барьцааны гэрээ, Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа, холбогдох баримт, Шарга СӨХ-ны тодорхойлолт, холбогдох баримт, Голомт банк ХХК-ийн лавлагаа, холбогдох баримт зэргээр тогтоогдов.

 

Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол төр, аймаг, нийслэл, сум, дүүрэг, иргэн болон хуулийн этгээд өмчлөгч байна”, 108 дугаар зүйлийн 108.1-д “хуульд зааснаар эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно” гэж заажээ.

 

Иймд нэхэмжлэгч Б.Гд хуулийн дээрх заалтуудын дагуу шаардах эрх үүссэн байх боловч түүний үндэслэлээ болгож байгаа хөрөнгө оруулсан гэх 14,016 ам долларын Б.Гантулгын Худалдаа, хөгжлийн банкны дансны хуулгаар түүнийг хариуцагч Б.Гантулгын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамжны 37 дугаар байрны 8 тоотод байрлах 12 м.кв, нэг өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоох хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Учир нь нэхэмжлэгч Б.Г нь Швейцарь улсаас 2012.02.09-ний өдрөөс 2012.11.29-ний хооронд хариуцагч Б.Гд шилжүүлсэн гэх 14,016 ам долларын анхны зорилго өөр, нэхэмжлэгч Б.Г нь төрсөн дүү болох хариуцагч Б.Гантулгыг нурууны хагалгаанд орж эрүүл мэндээ сайжруулахад нь зориулсан, түүнчлэн хариуцагч Б.Г нь маргаан бүхий байрны өмчлөгчөөр 2007 онд бүртгэгдсэн цаг хугацаа, нэхэмжлэгч Б.Ггийн мөнгө шилжүүлсэн гэх дурдсан цаг хугацаа хоорондоо зөрүүтэй, нэхэмжлэгч Б.Ггийн шилжүүлсэн мөнгөөр хариуцагч Б.Г 2012.03.23-нд 3,430,000 төгрөг, 2012.04.23-ны өдөр 6,994,192 төгрөг төлж Голомт банкин дахь зээлээ хаасан гэж үзэх боломжгүй, уг мөнгө нь түүний шилжүүлсэн гэх 14,016 ам доллар мөн эсэх нь тодорхойгүй, байрыг анхнаас нь худалдан авахад зориулж мөнгө шилжүүлсэн бол байрны гэрчилгээг авахад хамтран өмчлөгчөөр нэрээ бүртгүүлэх боломжтой, энэ хугацаанд хамтран өмчлөгчөөр бүртгүүлье гэж хариуцагч Б.Гас шаардах боломжтой байхад нэхэмжлэгч Б.Г нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2-т заасан энэ эрхээ хэрэгжүүлээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно.

 

Иймд Б.Ггийн нэхэмжлэл үндэслэлгүй байх тул Б.Гд холбогдох Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамжны 37 дугаар байрны 8 тоотод байрлах 12 м.кв, нэг өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай Б.Ггийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагч Б.Г шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хуралдаанд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд,

мөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ингүүмэл инвест ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Тэрбиш нэхэмжлэл болон эрх, үүрэг, хэргийн материалтай 2019.06.03-ны өдөр танилцсан боловч тэрээр хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх шаардлагагүй, хэргийн үйл баримтын талаар мэдэж байгаа, хурлыг үргэлжлүүлнэ гэж тайлбарласан тул хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 108 дугаар зүйлийн 108.1-д заасныг баримтлан Б.Гд холбогдох Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамжны 37 дугаар байрны 8 тоотод байрлах 12 м.кв, нэг өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай Б.Ггийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ггаас тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Т.ЭНХТУЯА