Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2018/01267

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2018/01267

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сопрема ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 101/ШШ2018/01148 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Сопрема ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Түмэннаст конкрет ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 41 112 450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Дамба

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч Сопрема ХХК-ийн захирал Т.Төвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Сопрема ХХК нь хариуцагч Түмэннаст конкрет ХХК-тай байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 12/01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээнд заасан гэрээт ажлыг 6 сарын хугацаанд гүйцэтгэх, хариуцагч Түмэннаст Конкрет ХХК гүйцэтгэсэн ажлын хөлс 46 285 300 төгрөг төлөх, ажлын үр дүнг хүлээж авах үүрэг хүлээсэн. Нэхэмжлэгч Сопрема ХХК хүлээсэн үүргээ гэрээний хугацаанд зохих ёсоор биелүүлж, ажлын үр дүнг хариуцагчид явц, үе шаттайгаар хүлээлгэн өгч байсан бөгөөд хариуцагч Түмэннаст Конкрет ХХК хүлээж авсан тухайн ажлын үр дүн бүрт аливаа гомдол гаргаагүй. Гэтэл хариуцагч Түмэннаст Конкрет ХХК гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй, хугацаа хэтрүүлж байгаа тул үлдэгдэл төлбөр 27 408 300 төгрөгийг хариуцагчаас шаардаж байснаас гадна хариуцагчид үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгч байсан. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг тус тус үндэслэн хариуцагч Түмэннаст Конкрет ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөр 27 408 300 төгрөг гаргуулж өгнө үү. Талуудын байгуулсан бөгөөд уг гэрээний 7.4-д захиалагч тал төлбөрийг хугацаанд нь гүйцэтгэгчид шилжүүлээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцох болно гэж заасан. Хариуцагч Түмэннаст Конкрет ХХК нь 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс өнөөг хүртэл гэрээний үлдэгдэл төлбөр 27 408 300 төгрөгийг төлөөгүй, хугацаа хэтрүүлж байгаа нь нэхэмжлэгч Сопрема ХХК-ийн зүгээс алданги шаардах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 27 408 300 төгрөгийн 0.5 хувиар хоног тутам алданги тооцож, алдангид 13 704 150 төгрөгийг, гэрээний үлдэгдэл төлбөр 27 408 000 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Үлэмж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч байгууллага нь гэрээ байгуулахад тусгай зөвшөөрөлгүй компани байсан. Угсралтын шатанд явж байгаа цемент ашиглах байрыг хариуцагч компани ашиглаагүй. Ажлыг дутуу гүйцэтгэсэн учраас ашиглах боломжгүй болсон. Иймд манай байгууллагаас гэрээнээс татгалзах асуудлыг удаа дараа тавьсан. Энэ асуудлыг өнөөдрийг хүртэл шийдвэрлэж чадахгүй байна. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Гэрээний дагуу гүйцэтгэгч нь захиалгаар хийсэн өмч хөрөнгийг захиалагчид шилжүүлэх, хүлээлгэж өгөх, захиалагч нь гэрээгээр тохирсон үнийг төлөх үүрэгтэй байсан. Нэхэмжлэгч компаний өнөөдрийн байдлаар албан ёсоор тухайн сэндвичээр барьсан барилга, байгууламжийг хариуцагч компанид хүлээлгэж өгөөгүй. Ажлаа гүйцэд хийж дуусгах талаар шаардлага мэдэгдэл өгч байсан. Барилга байгууламж стандартын дагуу баригдаагүй тул манай компани ашиглах боломжгүй байсан. Иймд манай байгууллага үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт төлөхийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Түмэннаст конкрет ХХК-иас 36 033 756 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Сопрема ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 5 078 694 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Сопрема ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 364 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Түмэннаст конкрет ХХК-иас 338 118 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Сопрема ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Үлэмж давж заалдах гомдолдоо:

... Хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлыг манай байгууллагад хүлээлгэн өгөөгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Нэгэнт хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгч байгууллага гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул манай байгууллага төлбөрийг төлөхгүй байх хүндэтгэн үзэх шалтгаантай байна гэж үзэж байна. Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга болох алдангийг зөвхөн нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас төлөх төлбөр гэж ойлгох нь зөв тохиолдолд нэхэмжлэгч байгууллага ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй нь үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй тул алдангийг төлөх үүрэггүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, алдангийг хасч өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Сопрема ХХК нь хариуцагч Түмэн наст конкрет ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 27 408 300 төгрөг, алданги 13 704 150 төгрөг, нийт 41 112 450 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч байгууллага эс зөвшөөрч ... гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй гэсэн үндэслэл зааж маргажээ.

 

Зохигчид 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 12/01 дугаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Сопрема ХХК нь 46 285 300 төгрөгийн үнэ бүхий сэндвич барилгыг үйлдвэрлэн, угсарч хүлээлгэн өгөх, хариуцагч Түмэн наст конкрет ХХК нь талууд гэрээнд гарын үсэг зурж, гэрээ хүчин төгөлдөр болсноор 3 000 000 төгрөг шилжүүлэх, үлдэгдэл 43 285 300 төгрөгийг тооцоо төлөгдөж дуусах хүртэл сар бүрийн 10-ны өдөр 3 500 000 төгрөгөөр төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх 9-10 тал/

 

Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсгээ зурсан хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгч Сопрема ХХК нь хариуцагч Түмэн наст конкрет ХХК-иас уг гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх заалттай нийцсэн байна.

 

Гэрээний 7.4-т захиалагч тал нь гэрээний төлбөрийг хугацаанд нь гүйцэтгэгч талд шилжүүлээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцох болно гэж заажээ.

 

Хариуцагч Түмэн наст конкрет ХХК нь ...нэхэмжлэгч Сопрема ХХК хийж гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэж өгөөгүй гэж маргаж байгаа боловч уг тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, дээрх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг хийж гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэж өгөөгүй гэсэн атлаа ажлын үр дүн нь доголдолтой байсан гэсэн зөрүүтэй тайлбаруудыг гаргасан боловч өөрийн тайлбар, татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

 

Талууд ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт хариуцагч байгууллага 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд 18 987 000 төгрөг төлсөн асуудлаар зохигчид маргаагүй болно.

 

Захиалагч буюу Түмэн наст конкрет ХХК нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-т зааснаар гэрээнд заасан хугацаанд зохих журмын дагуу хөлс төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй байх тул анхан шатны шүүх хариуцагч Түмэн наст конкрет ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний нийт үнийн дүн болох 46 285 300 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 18 987 000 төгрөгийг хасч үлдэх 27 298 300 төгрөгийг 64 хоногийн алданги 8 735 456 /нийт 36 033 756/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 078 694 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Гэрээний 7.3-т гүйцэтгэгч тал гэрээт ажлыг хугацаанд нь гүйцэтгэгч талд шилжүүлээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцох болно гэж заасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...алданги төлөхгүй гэсэн үндэслэлээр давж заалдсан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, энэ талаар давж заалдах хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 101/ШШ2018/01148 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Үлэмжийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154 720 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Ц.ИЧИНХОРЛОО