Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 1148

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “С.” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Т.К” ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 27,408,300 төгрөг, алданги 13,704,150 төгрөг нийт 41,112,450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Дамба, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Үлэмж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 12/01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээгээр нэхэмжлэгч “С.ХХК” ХХК нь гэрээнд заасан гэрээт ажил 1,2-ыг гэрээний 4.4-д зааснаар 6 сарын хугацаанд гүйцэтгэх, хариуцагч “Т.К” ХХК гүйцэтгэсэн ажлын хөлсийг гэрээний 4.1, 4.2-д заасан нөхцөл, журмын дагуу 46,285,300 төгрөг төлех, ажлын үр дүнг хүлээж авах үүрэг хүлээсэн юм. Нэхэмжлэгч “С.ХХК” ХХК хүлээсэн үүргээ гэрээний хугацаанд зохих ёсоор биелүүлж, ажлын үр дүнг хариуцагчид явц, үе шаттайгаар хүлээлгэн өгч байсан бөгөөд хариуцагч “Т.К” ХХК хүлээж авсан тухайн ажлын үр дүн бүрт аливаа гомдол гаргаагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “С.ХХК” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн юм. Гэтэл хариуцагч “Т.К” ХХК гэрээгээр хүүлээсэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй, хугацаа хэтрүүлж байгаа нь нэхэмжпэгч “С.ХХК” ХХК-ийн зүгээс шүүхэд хандах үндэслэл болж байна. Түүнчлэн нэхэмжлэгч “С.ХХК” ХХК гүйцэтгэсэн ажлынхаа үлдэгдэл төлбөр 27,408,300 төгрөгийг хариуцагчаас шаардаж байснаас гадна хариуцагчид үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгч байсан. Гэвч хариуцагч “Т.К” ХХК үлдэгдэл төлбөрийг өгнө гэдэг боловч нэмэлт хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй өнөөдрийг хүрлээ.

              Иймд нэхэмжлэгч “С.ХХК” ХХК гэрээний 2.2-д заасан “гүйцэтгэгч нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг захиалагчаас шаардах эрхтэй” гэсэн заалт, мөн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг тус тус үндэслэн хариуцагч “Т.К” ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөр 27,408,300 төгрөг гаргуулах нэхэмжпэлийн шаардлага гаргаж байна.

2. Талууд бид анзын гэрээг бичгээр байгуулсан бөгөөд уг гэрээний 7.4-д “Захиалагч тал гэрээний төлбөрийг хугацаанд нь гүйцэтгэгчид шилжүүлээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцох болно” гэж заасан.

Хариуцагч “Т.К” ХХК нь 2017 оны 09-р сарын 25-ны өдрөөс өнөөг хүртэл гэрээний үлдэгдэл төлбөр 27,408,300 төгрөгийг төлөөгүй, хугацаа хэтрүүлж байгаа нь нэхэмжлэгч “С.ХХК” ХХК-ийн зүгээс алданги шаардах үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд нэхэмжпэгч “С.ХХК” ХХК нь гэрээний 7.4, ИХ 231.1,1, 232.4-д заасныг тус тус үндэслэн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс хариуцагч “Т.К” ХХК-ийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 27,408,300 төгрөгийн 0.5 хувиар хоног тутам алданги тооцож, алданги 13,704,150 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч байгууллага нь гэрээ байгуулахад тусгай зөвшөөрөлгүй компани байсан. Угсралтын шатанд явж байгаа цемент ашиглах байрыг хариуцагч компани ашиглаагүй. Ажлыг дутуу гүйцэтгэсэн учраас ашиглах боломжгүй болсон. Иймд манай байгууллагаас гэрээнээс татгалзах асуудлыг удаа дараа тавьсан. Энэ асуудлыг өнөөдрийг хүртэл шийдвэрлэж чадахгүй өнөөдрийг хүрсэн. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Гэрээний дагуу гүйцэтгэгч нь захиалгаар хийсэн өмч хөрөнгийг захиалагчид шилжүүлэх, хүлээлгэж өгөх, захиалагч нь гэрээгээр тохирсон үнийг төлөх үүрэгтэй байсан. Нэхэмжлэгч компаний өнөөдрийн байдлаар албан ёсоор тухайн сэндвичээр барьсан барилга, байгууламжийг хариуцагч компанид хүлээлгэж өгөөгүй. Ажлаа гүйцэд хийж дуусгах талаар шаардлага мэдэгдэл өгч байсан. Гэтэл барилга байгууламж стандартын дагуу биш байсан учраас манай компани ашиглах боломжгүй байсан. Иймд манай байгууллага үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “С.ХХК” ХХК нь хариуцагч “Т.К” ХХК-нд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 27,408,300 төгрөг, алданги 13,704,150 төгрөг нийт 41,112,450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нь ажлыг доголдолтой гүйцэтгэсэн, гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж  маргаж байна.

            Нэхэмжлэгч “С.ХХК” ХХК болон хариуцагч “Т.К” ХХК нарын хооронд 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр сэндвич барилга үйлдвэрлэн угсрах ажлын гэрээ байгуулж, нэг талаас 37,355,200 төгрөг, 8,930,100 төгрөгийн үнэ бүхий хоёр сэндвич барилга үйлдвэрлэн угсрах ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажлын хөлсөнд нийт 46,285,300 төгрөг төлөх үүргийг харилцан хүлээсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан уг гэрээний хуулбараар тогтоогдож байна. /х.х-ийн 8-10 дахь талд/

Уг гэрээгээр талуудын илэрхийлсэн хүсэл зориг, гэрээний агуулга, зорилгоос дүгнэн үзвэл Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсч, үүрэг үүссэн байна.

            Талууд гэрээний шинж, агуулга, гэрээнд хүсэл сонирхолоо илэрхийлсэн байдал буюу гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 18,877,000 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар маргаагүй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг “талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу үүргээ гүйцэтгэсэн тул гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлс болон хөлсийг хугацаанд нь төлөөгүйгээс гэрээнд зааснаар алданги буюу нэмэгдэл үүргийг гүйцэтгүүлнэ” гэж тодорхойлж, хариуцагч нь татгалзалын үндэслэлээ “нэхэмжлэгч гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөөгүй, доголдолтой гүйцэтгэсэн, засаж гэрээнд заасан стандартад нийцүүлж хүлээлгэж өгөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч засаж сайжруулаагүй тул үлдэгдэл хөлс, нэмэгдэл үүрэг болох алдангийг тус тус төлөх үндэслэлгүй” гэж тус тус тодорхойлж байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийн гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн гэх тайлбарыг үгүйсгээгүй, харин хийж гүйцэтгэсэн ажил доголдолтой, стандартын дагуу хийж гүйцэтгээгүй, хийсэн ажлаа хүлээлгэж өгөөгүй гэж маргаж байна.

Талууд ажлын үр дүнг хэрхэн хүлээлгэн өгөх талаар гэрээндээ тусгайлан тохиролцоогүй байх бөгөөд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар захиалагчийн хөлс төлөх үүрэг, 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсэгт захиалагч нь “гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх”, 351.1.2 дахь хэсэгт “гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах” үүрэгтэй гэж тус тус зохицуулснаар ажлын үр дүнг хүлээн авч, хөлс төлөх үүрэг нь захиалагчийн үүргээр тодорхойлогдож байна.

Зохигчдын хооронд байгуулсан “ажил гүйцэтгэх гэрээ”-ний 1.3 дахь хэсэгт сэндвич барилгын чанарын шаардлагын талаар тохиролцсон байх бөгөөд “сэндвич хавтангийн төмрийн зузааныг 0,42 мм, хөөсөнцрийн нягтрал 14 кг/м3 /галд тэсвэртэй/ байна гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажил нь гэрээнд заасан чанар стандартад нийцээгүй, доголдолтой гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбар татгалзалаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Түүнчлэн хариуцагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй гэх боловч ажлын үр дүнг доголдолтой гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, зөрүүтэй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд дурдан буй үндэслэлүүдээр хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байх  тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэгт зохицуулснаар “хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх” хамгаалалтын аргаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж, хариуцагчаас гүйцэтгэсэн ажлын хөлс гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Хэрэгт авагдсан бичгийн баримтаар хариуцагч ажлын хөлсөнд 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд 18,987,000 төгрөгийг төлсөн байх тул түүний гүйцэтгээгүй үүрэг 27,298,300 төгрөг гарч байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 7.4 дэх хэсэгт талууд нэмэгдэл үүрэг буюу алданги төлөх үүргийн талаар тохиролцсон байх бөгөөд энэхүү тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тохиролцсон анзыг алданги гэнэ” гэж заасантай нийцэж байна.

Хэрэгт авагдсан төлбөр төлсөн баримтаас үзэхэд 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагч үүргээ зохих ёсоор  гүйцэтгэж байсан байх тул тус өдрөөс алдангийг тооцож, хариуцагчаас 64 хоногын алдангид 8,735,456 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.

Дурдан буй үндэслэлүүдээр хариуцагч “Т.К” ХХК-иас үлдэгдэл ажлын хөлс 27,298,300 төгрөг, алдангид 8,735,456 төгрөг, нийт 36,033,756 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С.ХХК” ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 5,078,694 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                                                                                                     ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Т.К” ХХК-иас 36,033,756 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “С.ХХК” ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 5,078,694 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С.ХХК” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 364,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т.К” ХХК-иас 338,118 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “С.ХХК” ХХК-нд олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

                                 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Л.ЭНХЖАРГАЛ