Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 202/МА2020/00017

 

 

 

 

 

  

Б.Сгийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 137/ШШ2020/00123 дугаар шийдвэртэй,  

                                                                

Нэхэмжлэгч: Ө овогт Б-ны С-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Б.С” ХХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, Ц.Л, хариуцагчийн өмгөөлөгч Б.Д нарын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “Б.С” ХХК-д кассын нярвын албан тушаал дээр анх томилогдон ажилд орсон. 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр миний ажлаас халагдсан тухай тушаал гарсныг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр буюу ажлын сүүлийн өдөр болох 5 дахь өдөр тус компанийн хүний нөөцийн мэргэжилтэн Э.Х нь фэйсбүүк чат хаягаар мессеж бичиж мэдэгдсэн. 1 дэх өдөр буюу 04 дүгээр сарын 08-ны өдөр тушаалтай танилцсан. Миний албан тушаалын онцлог нь ихэвчлэн шуурхай засварын бараа материалын худалдан авалтад БНХАУ-ын Эрээн хот руу ажлын болон амралтын өдрүүдэд ажлын цагаар явж орой хил хаах цагаас өмнө амжиж орж ирдэг ба ажлын цаг дууссан байдаг тул шөнө орой илүү цагаар сууж тайлан мэдээ боловсруулдаг. Миний бие нягтлан бодох бүртгэл санхүүгийн чиглэлээр ажиллаж байгаагүй нь үнэн. Анх тус компанийн санхүүгийн хэсэгт ажилд ороход ерөнхий нягтлан бодогчоор Ц.Э нь 2018 оны 07 сарын 27-ны өдрөөс 2018 оны 09 сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд удирдлага арга зүйгээр хангаж ажиллаж эхлээд удаагүй ажлаас чөлөөлөгдсөн. Үүний дараа ахлах нягтлан бодогч Э.Ууганбаяр нь ерөнхий нягтлан бодогчийн ажлыг түр орлон гүйцэтгэгчээр 11 сарын 21-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэсэн. 11 сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэл Ц.Л нь ажиллаж байгаа. Энэ 6 сарын хугацаанд тус компанийн ерөнхий нягтлан бодогч 3 солигдсон. Миний бие нягтлан бодох бүртгэл болон санхүүгийн чиглэлээр ажлын дадлага туршлагагүй энэ байдлыг Санхүү борлуулалт хариуцсан дэд захирал Ц.Б, ерөнхий нягтлан бодогч Ц.Л, ахлах нягтлан бодогч Э.У нар нь удирдлага арга зүйгээр хангаж, ажлын байран дээр дадлагажих хугацааг олгоогүй гаргасан мэдээ тайланг энэ маягт болохгүй байна, ингэж хийх ёстой тэгж хийх ёстой гэж хэд хэдэн удаа өөрчилж байсан. Энэ хугацаанд ахлах нягтлан бодогч Э.У тогтмол шөнө орой илүү цагаар сууж тулгалт хийж байсан ба нягтлан бодогч Э.Ууганбаяр нь энэ болохгүй байна гээд анх ажил авсан цагаас хойшхи тайланг 3-4 удаа бодит баримтад засвар оруулж байсныг ахлах нягтлан бодогчийн удирдлага арга зүйн дагуу өөрчилж тайлан мэдээг гаргадаг байсан. Ингэж олон дахин засвар оруулахдаа ажил авсан цагаас хойших бүх тайланг эхнээс нь өөрчилж байсан тул цаг хугацаа их алддаг байсан. Энэ тохиолдолд дэд захирал Ц.Б нь Б.С тайлан мэдээгээ хийж дуусга, худалдан авалтад борлуулалтын байцаагч Ж.Ц-ыг болон бусад албан хаагчийг явуул гэж аман үүрэг өгч ажил үүргийг гүйцэтгэдэг байсан нь Кассын үйл ажиллагааны журмын 2.4, 2.6, 2.7, 2.11, 2.15, 2.18, 3.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 53.1, 54.2 гэх мэт заалтыг зөрчсөн. Мөн миний бие 2018 оны 11 сараас хойш сарын ажлын цалин хөлсийг огт аваагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5, 43.2, 59.1, Байгууллагын дотоод журмын 4.6, 4.7, 4.9, 9.5 зэрэг зүйл заалтыг баримталсан байх буюу миний бие дээрх ноцтой зөрчлийг гаргаж байгаагүй бөгөөд үндэслэлгүйгээр гүтгэж хувийн ашиг сонирхлын үүднээс ажлаас халсан гэж үзэж байгаа тул гомдолтой байна. Учир нь миний бие дотоод журамд заасан ноцтой зөрчилд дурдагдсан ажлын байранд тухайн асуудлаар арга хэмжээ авахуулж байгаагүй. Иймд “Б.С” ХХК-ийн захирлын тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан тул дээрх хууль бус ажлаас чөлөөлөх тухай 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 6/29 дугаартай тушаалыг хүчингүй болгож Б.С намайг урьд эрхэлж байсан буюу “Б.С” ХХК-ийн Кассын нярвын ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах хүртэлх цалин хөлсийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.С нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нэхэмжлэхдээ: “...үндэслэлгүйгээр ажлаас халагдсан тул миний хөдөлмөрлөх эрх, цалин хөлс авах эрх, хуульд заасан журмын дагуу нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг ажил олгогчоор төлүүлэх эрх зөрчигдөж байгаа тул хариуцагч “Б.С” ХХК-иар Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасны дагуу нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Мөн хариуцагчаар “Б.С” ХХК-ийн захирал Б.С гэснийг “Б.С” ХХК болгон тодруулж байна...” гэжээ.

 

           Хариуцагч “Б.С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Аудитын шалгалт дүгнэлтээр их хэмжээний мөнгөний дутагдал гарсан. Бүр өөрөө хүсэлт гарган дахин шалгуулсан. Нотлогдсон. Хүүхдээ хотод эмчлүүлсэн нэрээр олон хоног ажил тасалсан. Тайлан балансаа цаг тухайд нь гаргахгүй байнга хоцроодог байсан тул сахилгын шийтгэл авагдаж байсан. Ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай хэд хэдэн удаа ирж байсан. Үүнийг санхүүгийн хүмүүс гэрчилдэг. Ерөнхий нягтлан бодогч солигдоход бусдын ажил үүрэг нь өөрчлөгдөнө гэсэн ойлголт байхгүй. Журмаараа л тайлан балансаа хугацаандаа гаргаад явна. Санхүүгийн хэлтсийн ажил хугацаатай, хэрэв хоцроовол арга хэмжээ авагддаг. Ажил хүлээлцэх хугацааг тушаалд дурдаж, хангалттай 15 хоногоор тавьж өгсөн боловч бүрэн хүлээлцэхгүй орхин явж байгаад ирсэн...” гэжээ.  

 

            Анхан шатны шүүх: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Ө овогт Б-ны Сг “Б.С” ХХК-ийн кассын нярвын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 7344257.1 төгрөгийг “Б.С” ХХК-иас гаргуулан Б.Сд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3988884.9 төгрөгийг хэсгийг хэрэгсэхгүй болгож,

 

            Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Сгийн ажилгүй байсан хугацааны цалин 7344257.1 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг “Б.С” ХХК-д даалгаж,

 

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.С нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар “Б.С” ХХК-иас 202658.11 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар,

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, Ц.Л, өмгөөлөгч Б.Д  нар нь давж заалдсан гомдолдоо болон хариуцагчийн өмгөөлөгч Б.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.С нь хөдөлмөрийн сахилгын зөрчил удаа дараа гаргасан, ажил тасалсан. Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан албан үүргээ хангалтгүй биелүүлж, мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтны үүрэгтээ хайнга хандсаны улмаас 3676000 төгрөгийн дутагдал гаргасан зөрчил нь тогтоогдсон учир “Б.С” ХХК-ийн захирлын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/29 дугаартай тушаалаар Б.Стой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, кассын нярвын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Б.С нь хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэх буруутай үйлдэл нь тус компанийн захирлын 2018 оны Б/111 дугаартай тушаалаар нярвын үндсэн үүрэг болох санхүүгийн тайлан, санхүүгийн анхан шатны баримт бичгийг хугацаанд нь гаргаж өгдөггүй, ажлаа хийдэггүй зөрчил гаргасанд “сануулах” шийтгэл оногдуулж байсан. Үүний дараа нягтлан бодогч Э.Ууганбаярт гаргаж өгөх үүрэгтэй тайлан, санхүүгийн анхан шатны баримтыг хугацаанд нь гаргаж өгөөгүйгээс компанийн санхүүгийн тайлан хугацаандаа гарахгүй байсан тул Б.Сгийн гаргаж ирсэн баримтад үндэслэн тайлан гаргахад 5000000 гаруй төгрөгийн бэлэн мөнгөний дутагдал илэрсэн. Ингэж их хэмжээний дутагдал илэрсэн учраас байгууллага дотоод хяналт, шалгалт хийхэд мөн дээрх зөрчил илэрсэн тул санхүү, хяналтын байгууллагад хандаж Б.Сд акт тавигдсан. Уг актын талаар Б.С маргаж Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2019 оны 11 сарын 05-ны өдрийн 115/ШШ2019/0021 дугаартай шийдвэрээр Дорноговь аймгийн Төрийн аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 01/37 ДГА 2019/5/СТА-ОНӨААН дугаар акт, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 03/38 ДГА-2019/5/СТА/ОНӨААН дугаар албан шаардлагын Б.Сд холбогдох хэсэгт дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж ... шийдвэрлэсэн. Гэтэл Төрийн аудитын байгууллага энэ асуудалд хайнга хандаж шүүхээс тогтоосон хугацаанд Б.Сд холбогдуулж дахин шинэ акт гаргаагүй. Энэ үйл баримт нь манай байгууллагын буруутай үйл ажиллагаа биш тул Б.Сг хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэж үзнэ. Б.Сгийн мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан гэх зөрчил нь санхүүгийн тайланг хугацаанд нь гаргаагүй, санхүүгийн анхан шатны баримт нь эмх замбараагүй, холбогдох Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, эд хариуцагчийн дүрэм, Сангийн сайдын тушаалаар батлагдсан эд хариуцагчийн өдөр тутам ажилдаа заавал мөрдлөг болгон ажиллах ёстой хууль тогтоомжийг хэрэгжүүлдэггүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох компанийн санхүүгийн баримт, түүний гаргасан тайлангийн зөрүүтэй байдал дотоод хяналт шалгалт хийсэн баримт, Төрийн аудитын шалгалтын үр дүн зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Шүүх “...ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, ...уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэхүй байна гэж ойлгоно” гэж тайлбарлажээ. Б.С нь байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 9.5.4-т дараах болон дурдагдаагүй бусад ноцтой зөрчил гаргасан тохиолдолд компанийн ажилтныг хуульд заасныг үл хамааран ажлаас шууд халах эрхтэй. Үүнд: 9.5.4.11-т “Эд хөрөнгө болон мөнгө, хөрөнгө үрэгдүүлж, дутаасан, ажил олгогчийн итгэлийг алдсан” ноцтой зөрчил гаргасан тул ажлаас шууд халах үндэслэл болно. Дээр дурдсан зөрчил дутагдал илрэн тогтоогдсон тул компанийн зүгээс шуурхай шийдвэр гаргаж эд хариуцагч, кассын нярав Б.Сг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргасан болно. Нэхэмжлэгч Б.Сгийн ажлаа удаа дараа тасалж, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн үйлдэл нь түүний ажлын цагийн бүртгэл, сар бүр авсан цалингийн тооцоо, чөлөө зөвшөөрөл авсан гэх боловч зохих журмын дагуу буюу компанийн хөдөлмөрийн дотоод журам, хамтын гэрээнд заасан журмын дагуу аваагүй. Гэтэл шүүх гүйцэтгэх захиралд мэдэгдсэн, зохигчдын тайлбараар нотлогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Харин албан ёсоор чөлөө аваагүй, ажлаа тасалсан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байхад шүүх тэдгээрийг үнэлээгүй явдал нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон гэдэгт эргэлзээ төрж байна. Б.С нь Б.С ХХК-д кассын нярваар ажиллаж байх хугацаандаа компанийн мөнгө, хөрөнгөөс завшсан эсэх асуудлаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгагдаж байгаа болно. Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 сарын 14-ний өдрийн 123 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтаст хэргийн 46 дугаар хуудсанд авагдсан цагийн бүртгэлд Б.С 2020 оны 02 дугаар сарын 01, 04, 08, 11-15, 18-28-ны өдрүүдэд ажил тасалсан гэж бүртгэгдсэн. С захиралтай харьцаж чөлөө авсан гэдэг боловч хавтаст хэргийн 59 дүгээр хуудсанд авагдсан байгууллагын дотоод журмын 8.21 буюу чөлөө олгох гэсэн заалтад ажилтан аливаа урьдчилан товлоогүй гэнэтийн шалтгаанаар ажилдаа ирэх боломжгүй бол хүний нөөцийн мэргэжилтэн болон холбогдох хүмүүст мэдэгдэнэ гэж заасан. С байгууллагын дотоод журамд заасны дагуу чөлөө аваагүй. 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Улаанбаатар хотод эмчлүүлсэн гэж нэхэмжлэл болон тайлбартаа хэлсэн. Энэ эмнэлгийн магадалгаатай хугацааг нь хасаад тооцоход цаана нь бүтэн 7 хоног ажил тасалсан. Анхан шатны шүүхээс С компанийн гүйцэтгэх захиралд хүүхдээ өвдсөн талаараа фэйсбүүк чатаар мэдэгдсэнийг чөлөө олгосон гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Шүүхийн шийдвэр батлагдсан дүрэм, журам дээр тулгуурлах ёстой. Байгууллагын дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд чөлөө олгох журмыг тодорхой заачихсан байхад гүйцэтгэх захиралтай харьцсан чатанд үзлэг хийж, уг чатыг үндэслэн чөлөөтэй байсан гэж дүгнэсэн. Үүнийг тооцохгүй байсан ч Сгийн нэр дээр бүтэн 7 хоног ажил тасалсан ирц бүртгэлтэй байдаг. Захирлуудын зөвлөгөөний хурлын тэмдэглэл дээр Сгийн ямар зөрчил гаргасан талаар дэлгэрэнгүй хэлэлцэж, ажлаас чөлөөлнө гэдгийг өөрт нь урьдчилан мэдэгдсэн. Хавтаст хэргийн 29-31 дүгээр хуудсанд Сгийн ажил хүлээлцсэн гарын үсэгтэй баримтууд байгаа. Тэгэхээр захирлуудын зөвлөлийн хурлаар ороод ажлаас чөлөөлөгдөх тушаалаа мэдсэн хүн өнөөдөр ингэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Дорноговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Б.Сг огт буруугүй гэж дүгнээгүй. Төрийн аудитын байгууллага хариуцлага алдсан. Сд холбогдох хэсэгт шинэ акт гарах хүртэл дахин хяналт шалгалт хий гэж 3 сарын хугацаа өгсөн боловч төрийн аудитын байгуулага дахин дүгнэлт гаргаагүй. Гэхдээ энэ дахиж хянагдах боломжтой шүүхийн шийдвэр байгаа. Хавтаст хэргийн 213 дугаар хуудсанд авагдсан 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Сд холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа тухай мөрдөгчийн тогтоол дээр өчигдөр эцсийн байдлаар 3 дахь удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Касснаас дутаасан мөнгөн дүн 3747012 төгрөг, бараа материалаас дутаасан мөнгөн дүн 507513.3, дутагдлын нийт дүн 4254525 төгрөг гээд өмнө нь гарсан эрүүгийн хэрэг дээр байгаа шинжээчийн дүгнэлтүүдтэй мөнгөн дүн нь 90 орчим мянган төгрөгийн зөрүүтэй гарсан. Үүн дээр үндэслээд ажлаас чөлөөлөх гэж байгаа гэдгээ мэдэгдсэн. Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Миний бие нягтлан бодох бүртгэл болон санхүүгийн чиглэлээр ажлын дадлага туршлагагүй” гэж бичсэнээс нь харахад С өөрөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрдөг. Энэ хүнийг дадлага, туршлагажуулах үүрэг байгууллагад байхгүй. Ажлаа хийж чадахгүй байгаагаа С өргөдөл дээрээ ч өөрөө дурдсан байдаг. С 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Энэ үед манай “Б.С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Л, У, Б, Г нар байсан. Гэтэл анх нэхэмжлэлийг Г-д л гардуулсан. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа хэргийн бусад оролцогчдод огт гардуулаагүй. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хэргийн оролцогчдын эрхийг ноцтой зөрчсөн. Ажлаас халсан тушаалын үндэслэлүүд нь Сгийн гаргасан зөрчилд нь тохирсон байдаг. Ажил мэргэжилдээ тэнцэхгүй, гаргасан алдаа дутагдлаа өөрөө ойлгохгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хангалттай биелүүлээгүй зэрэг нь сахилгын ноцтой зөрчил мөн гээд хөдөлмөрийн гэрээний 6.6 дугаар зүйлд заасан. С эдгээр зөрчлийг гаргасан гэдэг нь тогтоогдсон байхад анхан шатны шүүх 6.6-д заасан ноцтой зөрчил гаргаагүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

 

Нэхэмжлэгч Б.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би хариуцагч компанид 6 сар ажилласан учраас үйл ажиллагааных нь талаар үнэнийг илчлэх зорилгоор өөрийн биеэр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ компанид ажиллаад над шиг хохирсон хүмүүс маш олон байгаа ч шүүхэд хандаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Хууль зүйн мэргэжилтэн нь Г гэдэг хүн байж байгаад солигдсон юм байна. Цагийн бүртгэлүүд нь бүгд зөрүүтэй байгаа. Намайг ажлаас гарсны дараа нарийн бичиг, хүний нөөц нар ажлаас халагдсан. Тэр 2 хүнийг халагдахаас нь өмнө асуухад “Таны цагийн бүртгэлийг дэд захирал өөрчлүүлсэн шүү дээ” гэж надад хэлсэн...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

            Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч “Б.С” ХХК-д холбогдуулан ажлаас буруу халсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл /гомдол/ гаргажээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... мөнгөний дутагдал гаргасан, ... ажил тасалсан, ... сахилгын шийтгэл авагдаж байсан, ... архи согтууруулах ундаа хэрэглэсэн ... гэж маргажээ.

 

            Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ууганбаяр, Ц.Лхагвасүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Д нар эс зөвшөөрч давж заалдсан гомдол гаргажээ.

 

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын болон хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл  анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, маргаанд холбогдох хуулийг зөв хэрэглэж, шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

 

Хариуцагч буюу “Б.С” ХХК-ийн захирлын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/29 дугаартай тушаалаар Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 43 дугаар зүйлийн 43.2, 59 дүгээр зүйлийн 59.1, “Байгууллагын дотоод журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.6, 4.7, 4.9, 9 дүгээр зүйлийн 9.5.4.11, Дорноговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн санхүүгийн тайлангийн дүгнэлт, 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн захирлын зөвлөлийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ... сахилгын сануулах шийтгэл авагдаж байсан боловч өөрийн дутагдалдаа дүгнэлт хийхгүй, тайлан тооцоогоо нийлэхгүй, олон хоногоор хэл сураггүй ажил тасалдаг, хийж гүйцэтгэж байгаа ажлын хүрээнд төрийн аудитын санхүүгийн шалгалтаар 10356971,32 төгрөгийн бэлэн мөнгө, мөнгөн хөрөнгийг дутаасан зөрчил гаргасан гэж үзэн нэхэмжлэгч Б.Сг кассын нярвын ажлаас халжээ.

 

Хариуцагч Б.С ХХК нь нэхэмжлэгч Б.Сг ажлаас халах тухай тушаалыг 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гаргасан боловч уг тушаалыг нэхэмжлэгчид буюу ажилтанд 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гардуулан өгсөн  талаар зохигчид маргаагүй, улмаар нэхэмжлэгч 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан “ажилтан ажлаас буруу халсан ... тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор шүүхэд гаргана.” гэснийг зөрчөөгүй ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт энэхүү хуульд нийцсэн.

 

            Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбараас үзэхэд хариуцагч буюу ажил олгогч нь нэхэмжлэгч Б.Сг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, 40.1.5-д заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэснийг үндэслэл болгож нэхэмжлэгчийг 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр сануулах сахилгын шийтгэл хүлээсний дараа  кассын бэлэн мөнгө дутагдуулсан, ажил тасалсан, ажлын байранд архи, согтууруулах ундаа хэрэглэж сахилгын зөрчил давтан гаргасан гэжээ.

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-т зааснаар ажилтан хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн нь түүнд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болох бөгөөд хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Д.Сг кассын нярвын ажилд 3 сарын туршилтын хугацаагаар ажиллуулахаар 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээ /хх48/ байгуулснаас өөрөөр түүнтэй хөдөлмөрийн гэрээг шинэчилж байгуулсан нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй, тэрээр уг ажлаа гүйцэтгэсээр байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т зааснаар гэрээг сунгагдсанд тооцно.

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д зааснаар мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байвал зохих бөгөөд нэхэмжлэгч Б.С нь  энэхүү зөрчлийг гаргасан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй, анхан шатны шүүх энэ талаарх нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчөөгүй байна.

 

          Энэ нь нэхэмжлэгч Б.Сг кассын бэлэн мөнгө дутагдуулсан гэх зөрчлийн тухайд хариуцагч нь Дорноговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 01/37 ДГА2019/5/СТА-ОНӨААН дугаар “Төлбөр барагдуулах тухай” акт /хх68-69/, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 03/38 ДГА-2019/5/СТА-ОНӨААН дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагыг /хх70-71/ үндэслэсэн, энэхүү  бичгийн нотлох баримтуудад нэхэмжлэгч Б.Сг нийт 10356971,32 төгрөг дутагдуулсан талаар дурдсан байх боловч нэхэмжлэгч Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 115/ШШ2019/0021 дугаартай шийдвэрт /хх154-161/ уг акт, албан шаардлагын нэхэмжлэгч Б.Сд холбогдох хэсгийн хувьд дахин шинэ акт гаргахаар 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, энэхүү тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол дээрх акт болон албан шаардлагын нэхэмжлэгчид холбогдох хэсгүүдийг хүчингүй болгохоор заажээ.

 

Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд ийнхүү шинэ акт гарсан болох нь тогтоогдоогүй тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6, 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар дээрх акт болон албан шаардлага хүчингүй болсон гэж үзнэ.

 

Мөн “Б.С” ХХК-ийн захирлын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/30 тоот тушаалаар /хх-175/ томилогдсон комиссын тайланд /хх171-172/  “ ... Б.Сд хамаарах ... 5410272, 87 төгрөгийн тооцоо байгааг тогтоов” гэж тэмдэглэгдсэн байх боловч энэхүү тайлан нь нэхэмжлэгчийг ажлаас халсны дараа гарсан, уг бичгийн нотлох баримтад  хариуцагч байгууллага өөрөө хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангаагүй.

 

Иймд дурдсан зөрчилтэй холбоотой хэрэгт цугларсан нотлох баримтууд болох Дорноговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 01/37 ДГА2019/5/СТА-ОНӨААН дугаар “Төлбөр барагдуулах тухай” акт /хх68-69/, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 03/38 ДГА-2019/5/СТА-ОНӨААН дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлага /хх70-71/, “Б.С” ХХК-ийн захирлын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/30 тоот тушаалаар /хх-175/ томилогдсон комиссын тайлан зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлэх боломжгүй байна.

 

Хэрэгт нэхэмжлэгчийг “Б.С” ХХК-д нярваар ажиллаж байхдаа байгууллагын мөнгийг завшсан байж болзошгүй үндэслэлээр “хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол” /хх-213/ авагдсан байх боловч энэхүү баримт нь нэхэмжлэгчийг дээрх зөрчлийг гаргасан болохыг нотлоогүй бөгөөд тухайн үйл баримт нь цаг хугацааны хувьд нэхэмжлэгчийг ажлаас халсны дараа 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн болох нь тогтоогджээ.

 

2. Хариуцагч буюу ажил олгогч нэхэмжлэгчийг ажлаас халсан шийдвэртээ түүнийг ажил тасалсан сахилгын зөрчлийн гаргасан гэж зааж, нэхэмжлэгч өвчтэй байсан энэ талаар захиралд мэдэгдсэн, чөлөө хүссэн өргөдлийг хүний нөөцийн мэргэжилтэнд хүргүүлсэн гэж маргаж, хэрэгт энэ талаар эмнэлгийн магадалгаа /хх-27-28/, ажилтны цагийн бүртгэл /хх46, 47, 80, 124-126/, Хөдөлмөрийн гэрээ /хх-48/, “Б.С” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам /хх-49-62/, гэрч Ж.Хуягбаатар /хх109/-ын мэдүүлэг, нэхэмжлэгчийн нүүр ном хуудасны хувийн цахим захидал /facebook messenger/ /хх186-189/ зэрэг нотлох баримт цугларчээ.  

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д “Ажил олгогч нь ажилтанд түүний хүссэнээр чөлөө олгож болно.” гэж, хэрэгт авагдсан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.5-д “... ажил тасалсан ... ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ... захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах, хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.21-д “ажилтан аливаа урьдчилан төлөвлөөгүй гэнэтийн шалтгаанаар ажлын цагаас хоцрох, ажилдаа ирэх боломжгүй бол хүний нөөцийн мэргэжилтэн болон холбогдох хүмүүст мэдэгдэнэ. Гүйцэтгэх захирлаас олгосон албан ёсны магадалгаа, тодорхойлолтыг үндэслэн ажилтныг чөлөө авсанд тооцно.”  гэж тус тус заажээ.

 

Эндээс үзвэл ажил тасалсан зөрчил нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан  ноцтой зөрчил мөн байх ба хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ажил олгогч  буюу гүйцэтгэх захирлаас чөлөө олгосон тохиолдолд ажилтан чөлөөг эдлэхээр зохицуулсан гэж үзэхээр байна.

 

Зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгчид хөдөлмөрийн дотоод журамд заасан урьдчилан төлөвлөөгүй гэнэтийн шалтгаан гарсныг буюу нэхэмжлэгчийн хүүхэд өвдсөн, мөн өөрөө эмчлүүлэх шаардлагатай болсныг хариуцагч талаас үгүйсгээгүй ба эмнэлгийн магадалгаа, гэрч Ж.Хуягбаатарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нэхэмжлэгч Б.Сгийн хүү Ч.Б мухар олгой мэс засал өвчний улмаас 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэг, 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн мэс заслын эмч Ж.Хуягбаатар эмнэлгийн магадалгаа тус тус олгосон, эмч Ж.Хуягбаатар өөр орон нутгийн харьяалалтай шалтгаанаар эмнэлгийн хуудас олгоогүй нь тогтоогджээ.

 

Харин нэхэмжлэгч нь дээрх шалтгаанаа компанийн захиралд хувийн нүүр ном хуудсаар цахим захидлаар мэдэгдсэн, мөн хүний нөөцийн ажилтанд өргөдлөө хүргүүлсэн гэх боловч энэхүү нөхцөл байдал нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүйн гадна нүүр ном хуудасны захидал хэсэг нь /facebook messenger/ Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь хэсгийн 1-д зааснаар хувь хүний нууцад хамаарах бөгөөд хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хуулиар тусгайлан эрх олгогдсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан зөвхөн хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу хувь хүний нууцтай танилцах эрхтэй байдаг тул хариуцагчийн төлөөлөгч У.Санрайжав өөрөө зөвшөөрснөөс бусад тохиолдолд энэхүү захидал харилцаа нотлох баримт болохгүй юм.

 

Мөн байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд нүүр номын болон бусад байдлаар буюу цахим хувийн захидал харилцаагаар чөлөө хүссэн өргөдөл гаргаж болохыг нарийвчлан зохицуулаагүй тул нэхэмжлэгчийг хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу чөлөө хүссэн өргөдлөө гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Гэхдээ хариуцагч талаас ажилтны ажлын цагийн бүртгэлийг /2019 оны 01 сар хх-47, 2019 оны 02 сар хх46, 2019 оны 03 сар хх80/ ирүүлсэн байх боловч энэхүү бүртгэл нь мөн хариуцагч талаас ирүүлсэн захиргаа аж ахуй, санхүү борлуулалт, инженер техникийн ажилчдын ирц /хх-124-126/ баримтаас зөрүүтэй байх тул эдгээр баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлэх боломжгүй байна.

 

Тодруулбал нэхэмжлэгч Б.Сгийн хувьд хэргийн 47 дугаар хуудсанд авагдсан 1 дүгээр сарын ажлын цагийн бүртгэлд тасалсан цаг бүртгэгдээгүй атал хэргийн 125 дугаар хуудсанд авагдсан 1 дүгээр сарын ажлын цагийн бүртгэл баримтад нийт 9 цаг ажил тасалснаар дүгнэгдсэн, хэргийн 46 дугаар хуудсанд авагдсан 2 дугаар сарын бүртгэлд 15 өдөр буюу 120 цаг  ажил тасалснаар бүртгэгдсэн атал 126 дугаар хуудсанд авагдсан мөн 2 дугаар сарын бүртгэлд 6 өдөр буюу 48 цаг ажил тасалснаар бүртгэсэн нь тус тус зөрүүтэй, ажил олгогч буюу хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас халсан шийдвэртээ “... олон хоногоор хэл сураггүй ажил тасалдаг ... “ гэж дурдсанаас өөрөөр хэзээ, хэдий хугацаагаар ажил тасалсан талаар тодорхой дурдаагүйгээс дээрх тохиолдолд чухам аль бүртгэлийг үндэслэн ажил тасалсан зөрчилд тооцох үндэслэл болгосноо нотлоогүй гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч нь ажилтныг ажлаас халсан шийдвэртээ нэхэмжлэгчийг хэзээ, хэдий хугацаагаар ажил тасалсан талаар тодорхой дурдаагүй, шүүхэд гаргаж өгсөн баримт нь зөрүүтэйгээс дээр дурдсан баримтыг үндэслэн сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болгосон гэж үзэх болон Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан сахилгын шийтгэл ногдуулах хугацааг тоолох, тооцож дүгнэх боломжгүй байна.

 

3. Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлын байранд архи, согтууруулах ундаа хэрэглэж, ноцтой зөрчил гаргасан гэх боловч энэхүү нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Мөн хариуцагч талаас нэхэмжлэгчийг буюу ажилтныг сахилгын зөрчил гаргасан болохыг нотлохоор 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлийг /хх72-76/ шүүхэд ирүүлсэн байх боловч энэхүү баримт болон ажил олгогчийн тайлбар нь ажилтныг сахилгын зөрчил гаргасныг бүрэн нотлохгүй бөгөөд хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг дүгнэж үзвэл нэхэмжлэгч Б.Сг 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр сануулах сахилгын шийтгэл хүлээснээс хойш сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар болон хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, Ц.Л, хариуцагчийн өмгөөлөгч Б.Д нарын давж заалдсан гомдлыг хангаагүй тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 202658,11  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 57 дугаар зүйлийн 57.1, 162 дугаар зүйлийн 162.4-т нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 137/ШШ2020/00123 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, Ц.Л, хариуцагчийн өмгөөлөгч Б.Д нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдол гаргахад хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202658,11 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                    А.САЙНТӨГС

 

                                                    ШҮҮГЧИД                                    Н.БОЛОРМАА

 

                                                                                                         Н.БАТЧИМЭГ