Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2018/02517

 

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2018/02517

 

 

Эм Ай Эс Эс ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2018/02615 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Эм Ай Эс Эс ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Минторес ХХК-д холбогдох,

 

415 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Бадамханд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Минторес ХХК-ийн нэр дээр гарч буй Говь-Алтай аймаг, Халиун, Есөн булаг сумын Цахирбулаг гэдэг газарт байрлах 9233.58м.кв талбай бүхий ашигт малтмалын хайгуулын орд газрын лицензийг шинээр хуулийн этгээд байгуулж, шинээр байгуулсан компанийг 50, 50 хувь эзэмшихээр санал тавьсныг 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Минторес ХХК хүлээн авч, Ашигт малтмалын салбарт ажиллах шинэ компани байгуулах тухай хэлцэл хийсэн.

Уг хэлцлийн дагуу Эм ай эс эс ХХК нь Минторес ХХК-ийн дансанд 135 000 000 төгрөг шилжүүлснээр үүргээ биелүүлсэн. Үүний үр дүнд 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ашигт малтмалын хайгуулын 9167,68 га талбай бүхий тусгай зөвшөөрлийн гэрчилгээ Минторес ХХК-ийн нэр дээр олгогдсон болно.

Гэтэл хариуцагч байгууллага нь өөрийн нэр дээр лицензээ авсан хирнээ хамтран ажиллах хэлцлийн дагуу шинээр компани байгуулах үүргээ биелүүлээгүй.

Нэхэмжлэгч байгууллагын гол орлого нь борлуулалтын орлого байдаг бөгөөд 135 000 000 төгрөгийг хариуцагч байгууллагад шилжүүлээгүй, энэ мөнгөөрөө борлуулалтаа хийгээд явж байсан бол энэ мөнгө нь өнөөдрийн байдлаар 3.27 дахин өсөх байсан. Тийм учраас 135 000 000 төгрөгийг 3 дахин үржүүлбэл 405 000 000 төгрөгийг олох ёстой байсан бөгөөд үүнээс үндсэн 135 000 000 төгрөгийг хасч тооцвол 270 000 000 төгрөгийн орлого олох боломж алдагдсан.

Хэрвээ хариуцагч байгууллага нь үүргээ зохих ёсоор биелүүлсэн бол нэхэмжлэгч талаас шүүхэд хандах болон өмгөөлөгч авах шаардлага байгаагүй. Тийм учраас нэхэмжлэгч талаас гарах ёсгүй байсан зардал гарсан учраас өмгөөлөгчид төлсөн 10 000 000 төгрөгийг гаргуулахаар тус тус нэхэмжилж байна. Иймд хариуцагчаас нийт 415 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2015 оны 11дүгээр сарын 08-ны өдөр Хэлцлийн протокол-г бичгээр байгуулж, уг хэлцлээр шинээр компани байгуулж, компанийн хувьцааг 50, 50 хувиар эзэмшиж, энэхүү компани руу лицензийг шилжүүлэхээр тохиролцсон.

Нэхэмжлэгч байгууллага нь 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 12 цаг 00 минутаас өмнө 135 000 000 төгрөгийг манай дансанд шилжүүлэх үүргийг хэлцлээр хүлээсэн байсан. Гэтэл нэхэмжлэгч байгууллага нь гэрээнд заасан үүргээ өөрөө зөрчсөн. Хэлцлийн протоколд зааснаар хайгуулын лицензийн зардлыг талууд хариуцна гэсэн байгаа. Иймд нэхэмжлэгч байгууллага нь 2017, 2018 оны хайгуулын зардлыг төлөөгүй. Нэхэмжлэгч байгууллага нь компани байгуулахад гарах зардлыг төлөөгүй байгаа. Энэ нөхцөл байдлуудаас харахад хариуцагч байгууллага нь дангаараа үүргээ зөрчсөн гэдэг нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Харин 135 000 000 төгрөгийг хариуцагч байгууллага авсан нь үнэн учраас төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа.

Өмгөөлөгчийн зардал 10 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Энэ нь өмгөөлөгч авах эсэх нь өөрсдийнх нь асуудал. Тийм учраас уг төлбөрийг нэхэмжлэх нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэгч байгууллагын борлуулалтын орлого 3 дахин өссөн явдал нь олох ёстой байсан орлого 3 дахин өснө гэж шууд ойлгож болохгүй. Энэ компани олон сайхан тендерт шалгарч, өндөр үнийн дүнтэй ажлууд авсан юм байна. Гэтэл тендерээр чинь зардал гарна, цэвэр ашиг гэж юм гарна биз дэ. Ямар ч үндэслэлгүйгээр авсан тендерийн ажлын дүнгээрээ борлуулалтын орлого 3 дахин өссөн манай мөнгийг 3 дахин өсгөж өг гэж байна. Банкны тооцооллоос илүү жилд шууд 100 хувь өсгөж өгдөг банк ч байхгүй. Бидний хооронд ийм тохиролцоо ч байхгүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагаас 135 000 000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Минторес ХХК-аас 135 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Эм Ай Эс Эс ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 280 000 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 391 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Минторес ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 832 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Эм Ай Эс Эс ХХК-д олгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ".... Хэлцлийн 2 дахь заалтаар "Эм Ай Эс Эс" ХХК нь 135 000 000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 12 цагаас өмнө "Минторес" ХХК-ийн дансанд байршуулсан байх үүрэг хүлээсэн байх ба энэхүү үүргээ "Эм Ай Эс Эс" ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 12, 17-ны өдрүүдэд 20 000 000 төгрөг, 115 000 000 төгрөгөөр тус тус гүйцэтгэсэн болох нь баримтаар нотлогдсон" гэж дүгнэжээ. Гэтэл бодит нөхцөл байдал дээр "Эм Ай Эс Эс" ХХК нь хэлцлийн 2 дахь заалтанд заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй, ашигт малтмалын төлбөрийг хариуцагч компани нь бусдаас зээлж төлсөн болох нь нэхэмжлэгч талын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг буруу үнэлж дүгнэсэн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрээр төлүүлэхээр шийдвэрлэсэн 135 000 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Эм Ай Эс Эс ХХК нь хариуцагч Минторес ХХК-д холбогдуулан гэрээний дагуу шилжүүлсэн 135 000 000 төгрөгийг буцаан гаргуулах, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 280 000 000 төгрөг нийт 415 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хэлцэлийн протокол гэсэн нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр Минторес ХХК-аас мөнгөн хөрөнгө байдлаар 90 000 000 төгрөг, биет бус хөрөнгө хэлбэрээр 45 000 000 төгрөг, нийт 135 000 000 төгрөг, Эм Ай Эс Эс ХХК-аас мөнгөн хөрөнгө байдлаар 135 000 000 төгрөгийг тус тус гаргаж Говь-Алтай аймгийн Халиун, Есөнбулаг сумдын нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл Минторес ХХК-ийн нэр дээр авч, энэхүү тусгай зөвшөөрөл нь шинээр байгуулагдаж байгаа компанийн үүсгэн байгуулалтын хөрөнгө болно хэмээн тохиролцсон байна. Уг гэрээний агуулгаас үзвэл хамтран ажиллах болон компани үүсгэн байгуулах тухай холимог төрлийн гэрээ байгуулсан гэж дүгнэхээр боловч гэрээний дийлэнх зохицуулалтаас тодорхойлбол тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч Эм ай эс эс ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 115 000 000 төгрөгийг, 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 20 000 000 төгрөгийг тус тус хариуцагч Минторес ХХК-ийн дансанд шилжүүлсэн талаар талууд маргаагүй.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2-т зааснаар Эм ай эс эс ХХК нь 135 000 000 төгрөгийг 2015 оны 11дүгээр сарын 10-ны өдрийн 12 цагаас өмнө Минторес ХХК-ийн дансанд байршуулсан байх үүргийг хүлээсэн ба уг үүргийг 2-5 хоног хоцорч биелүүлсэн нь үүргийн ялимгүй зөрчилд хамаарах тул үүргийг гүйцэтгээгүй гэж дүгнэхээргүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал үүргийг ялимгүй зөрчснөөс хариуцагч талд учирсан хохирол тогтоогдоогүй буюу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авахад саад болсон аливаа нөхцөл байдал бий болоогүй байна. Учир нь Ашигт малтмалын хайгуулийн тусгай зөвшөөрлийг Минторес ХХК-ийн нэр дээр 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр эрх бүхий байгууллагаас олгожээ. /хх 39 дэх тал/ Түүнээс гадна нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгөн хөрөнгө ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авахад зарцуулагдаагүй гэх тайлбараа хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Ашигт малтмалын газрын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 6/7817 тоот албан бичгээр Минторес ХХК-ийг тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцон шалгарсныг мэдэгдсэн, мөн газрын 6/7850 тоот албан бичгээр мэдэгдлийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр 1 330 000 төгрөг болон тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээний хөлс 3 000 000 төгрөгийг төлөх тухай мэдэгдэл гарсан хугацаанаас хойшхи хугацаанд талууд хамтран ажиллах гэрээг байгуулсан тул нэхэмжлэгч энэ хугацаанд мөнгө төлөх үүрэгтэй байгаагүйгээс гадна дээрхи албан бичгээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн үнэ 220 288 527 төгрөгийн үнэ төлөх үүргийн талаар тусгаагүй, хариуцагч Минторес ХХК нь дээрхи үнийг Ашигт малтмалын газар хэдийд төлсөн талаар баримтгүй байна.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 8-д шинэ компанийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс үүсгэн байгуулах үүргийг хэн аль нь биелүүлээгүй, цаашид биелэгдэх эсэх нь тодорхойгүй тохиолдолд нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсныг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1.1 дэх хэсэгт зааснаар зөвтгөж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь зөв гэж дүгнэхээр байна.

 

Гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй нь гэрээнээс татгалзснаар шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхгүй гэх хариуцагч талын давж заалдах гомдол хуульд үндэслэгдээгүй байх тул давж заалдах шатны шүүх хүлээн авах боломжгүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлээс олох ёстой байсан орлого болон өмгөөллийн хөлсийг хохиролд тооцож хариуцагчаас 280 000 000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчимыг хангах үүднээс давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2018/02615 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 832 950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Э.ЗОЛЗАЯА