Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 184/ШШ2018/02615

 




 

 

 

 

2018 оны 10 сарын 24 өдөр

     Дугаар 184/ШШ2018/02615

                 Улаанбаатар хот

 

                                                                                                                                     

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, .. тоот хаягт байрлах, “Э-” ХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ... тоот хаягт байрлах, “М-” ХХК /РД:.../-д холбогдох,

 

415.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М-, гэрч Д.О-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “М-” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Э-, менежер н.А- нар нь 2015 оны 11 сарын 04-ний өдөр “Э-” ХХК-ийн захирал Д.М-той очиж уулзсан байдаг. Ингэхдээ Говь-Алтай аймгийн Халиун, Есөнбулаг сумдын Цахирбулаг гэх газарт байрлах 9233,58 м.кв талбайтай ашигт малтмалын хайгуулын орд бүхий лиценз авах боллоо, 2 компани нийлээд шинээр компани байгуулан 50, 50 хувийн хувьцаа эзэмшиж энэхүү лицензээ шинэ компани дээрээ ашиглая гэж санал тавьсан. Ингээд лиценз шинээр авахад Ашигт малтмалын газарт тушаах 225.000.000 төгрөгийн 90.000.000 төгрөгийг хариуцагч байгууллага, 135.000.000 төгрөгийг нэхэмжлэгч байгууллага гаргахаар тохиролцсон. Уг лицензтэй газар нь олон төрлийн эрдэс, баялаг ихтэй “Ц-”-ын орд дайны том газар гэж байсан. Ингээд компани байгуулан ажиллах юм бол жилд 10-20 тэрбум төгрөгийн ашиг олох том орд газар байгаа юм гэж танилцуулж байсан. Тийм учраас хөрөнгө оруулаач гэдэг санал гаргасныг бид зөвшөөрсөн. Ингээд 2015 оны 11 сарын 08-ны өдөр “Э-” ХХК нь “М-” ХХК-тай хамтарч ажиллахаар тохиролцож хамтран ажиллах гэрээ буюу хэлцэл хийсэн. Талуудын байгуулсан хэлцлийн дагуу манай компани 2015 оны 11 сарын 13-ны өдөр 20.000.000 төгрөг, 2015 оны 11 сарын 17-ны өдөр 115.000.000 төгрөгийг “М-” ХХК-д шилжүүлсэн. Үүний үр дүнд 2016 оны 03 сарын 17-ны өдөр ашигт малтмалын 9167,68 м.кв талбай бүхий лиценз нь “М-” ХХК-ийн нэр дээр ХҮ-019691 тоот тусгай зөвшөөрлийн дугаартайгаар олгогдсон. Гэтэл хариуцагч байгууллага нь өөрийн нэр дээр лицензээ авсан хирнээ хамтран ажиллах хэлцлийн дагуу шинээр компани байгуулах үүргээ биелүүлээгүй. Ингээд хэлцлийн үүргээ биелүүлнэ үү гэж удаа дараа шаардлага тавьсан. Ингэж уулзахаар хийнэ гэж хэлээд таг алга болдог. Хамгийн сүүлд хариуцагч байгууллагын захирал нь нэхэмжлэгч байгууллагын захиралтай 2018 оны 01 сард ирж уулзахдаа манайх шинээр компани байгуулах, лиценз шилжүүлэх гэхээр татварыг маш өндөр төлөх ёстой юм байна. Тийм учраас манай охин компанид лицензийг шилжүүлээд тэр компанийг 50, 50 хувиар эзэмших санал тавьж талууд тохиролцож салсан байдаг. Гэтэл мөн л өдийг хүртэл биелүүлээгүй. Манайх эхлээд лицензийн эзэмшигчээр тогтоолгох шаардлага гаргасан. Энэ шаардлагаа хариуцагч “М-” ХХК-ийн 50 хувийн эзэмшигчээр тогтоолгох гэж өөрчилсөн. Тэгээд болохгүй юм байна гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагаа дахин өөрчилсөн. Ерөөсөө нэхэмжлэгч байгууллага нь 135.000.000 төгрөгийг хариуцагч байгууллагад шилжүүлээгүй, энэ мөнгөөрөө борлуулалтаа хийгээд явж байсан бол энэ мөнгө нь өнөөдрийн байдлаар 3.27 дахин өсөх байсан. Тийм учраас 135.000.000 төгрөгийг 3 дахин үржүүлээд олох ёстой байсан орлого гэж үзэн 405.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Ямар учраас борлуулалтын орлогоор тооцсон бэ гэхээр компанийн гол эх үүсвэр нь борлуулалтын орлого байдаг учраас ингэж тооцсон. Тухайн үед хариуцагч талаас амлаж байсан танилцуулгын дагуу ирээдүйд олох байсан орлогоо тооцох юм бол хэдэн тэрбум төгрөгөөр тооцох ёстой байсан. Хариуцагч талаас зээлээр тооцно гэдэг боловч нэхэмжлэгч талаас бодит борлуулалтын орлогоор тооцно гэж уг үнийн дүнг нэхэмжилж байна. Хэрвээ хариуцагч байгууллага нь үүргээ зохих ёсоор биелүүлсэн бол нэхэмжлэгч талаас шүүхэд хандах болон өмгөөлөгч авах шаардлага байгаагүй. Тийм учраас нэхэмжлэгч талаас гарах ёсгүй байсан зардал гарсан учраас өмгөөлөгчид төлсөн 10.000.000 төгрөгийг гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд тооцож давхар нэхэмжилж, нийт 415.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ маргааны нөхцөл байдлын талаар хэлэхэд 2015 онд хэлцлийн протокол гэдэг баримтыг байгуулж байхад хариуцагч байгууллага нь 4 хувьцаа эзэмшигчтэй байсан. Уг хэлцлийн протокол гэх баримтыг үйлдэхэд 2 хувьцаа эзэмшигч байсан байдаг. Ямар учраас нэхэмжлэгч байгууллагад санал тавьсан бэ гэхээр хариуцагч байгууллагад бэлэн мөнгө байгаагүй учраас нэхэмжлэгч байгууллагад санал тавьсан. Гэтэл 2015 оны 11 сарын 08-ны өдөр байгуулсан хэлцэл нь өөрөө хуульд нийцсэн эсэх нь асуудалтай. Компанийн тухай хуульд их хэмжээний хэлцэл гэж тусгасан байдаг. Энэ нь компанийн хөрөнгийн 25 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг их хэмжээний хэлцэл гэж тооцдог. Хариуцагч байгууллагын хэлцэл хийхээс өмнөх санхүүгийн баланс нь 2015 оны 3 дугаар улиралд 904.317.400 төгрөг болж байгаа юм. Иймд 270.000.000 төгрөгийн хэлцэл нь 29.8 хувийг эзэлж байгаа. Тийм учраас уг хэлцэл нь компанийн тухай хуульд зааснаар их хэмжээний хэлцэлд тооцогдож байгаа. Мөн нэхэмжлэлийн шаардлагын нэгдүгээр шаардлага нь миний ойлгож байгаагаар хариуцагч байгууллага нь үүргээ биелүүлэхгүй байгаа учраас гэрээнээс татгалзаж, түүнтэй холбоотой олох ёстой байсан орлогоо нэхэмжилж байна гэж ойлгож байгаа. Гэтэл гэрээнээс татгалзах шалтгаан нь нэг тал гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байхыг шаарддаг. Нэхэмжлэгч талын тайлбараас харахад дандаа хариуцагч байгууллага нь үүргээ биелүүлээгүй гэж хэлээд байна. Нэхэмжлэгч байгууллага нь 2015 оны 11 сарын 10-ны өдрийн 12 цаг 00 минутаас өмнө 135.000.000 төгрөгийг манай дансанд шилжүүлэх үүргийг хэлцлээр хүлээсэн байсан. Гэтэл нэхэмжлэгч байгууллага нь гэрээнд заасан үүргээ өөрөө зөрчсөн гэдэг нь нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийнх нь тайлбараас харагдаж байгаа. Хэлцлийн протоколд зааснаар хайгуулын лицензийн зардлыг талууд хариуцна гэсэн байгаа. Иймд нэхэмжлэгч байгууллага нь 2017, 2018 оны хайгуулын зардлыг төлөөгүй. Нэхэмжлэгч байгууллага нь компани байгуулахад гарах зардлыг төлөөгүй байгаа. Энэ нөхцөл байдлуудаас харахад хариуцагч байгууллага нь дангаараа үүргээ зөрчсөн гэдэг нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Харин 135.000.000 төгрөгийг хариуцагч байгууллага авсан нь үнэн учраас төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Өмгөөлөгчийн зардал 10.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Энэ нь өмгөөлөгч авах эсэх нь өөрсдийнх нь асуудал. Тийм учраас уг төлбөрийг нэхэмжлэх нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тэгээд ч өнөөдрийг хүртэлх шүүх хуралд нэхэмжлэгч байгууллагаас нэг ч өмгөөлөгч оролцоогүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б- гуай оролцсоор ирсэн. Тийм байж өмгөөлөгчийн зардал 10.000.000 төгрөг нэхэж байгааг ойлгохгүй байна. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлсэн байна. 100.000 төгрөгөөр өмгөөлөгч авах, 1.000.000 төгрөгөөр өмгөөлөгч авах эсэх нь нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэл зориг байна. 135.000.000 төгрөг дээр нэмж нэхэмжлээд байгаа 270.000.000 төгрөгийн хувьд хэлцэлд хүү болон анзын асуудал огт тусгагдаагүй байгаа учраас нэхэмжлэх нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэв зээлийн гэрээ гэж үзэх юм бол хүүгээр тооцох ёстой, мөн л хэлцэлд тусгагдаагүй. Мөн нэхэмжлэгч байгууллагын борлуулалтын орлого 3 дахин өссөн явдал нь олох ёстой байсан орлого 3 дахин өснө гэж шууд ойлгож болохгүй. Энэ компани олон сайхан тендерт шалгарч, өндөр үнийн дүнтэй ажлууд авсан юм байна. Гэтэл тендерээр чинь зардал гарна, цэвэр ашиг гэж юм гарна биз дэ. Ямар ч үндэслэлгүйгээр авсан тендерийн ажлын дүнгээрээ борлуулалтын орлого 3 дахин өссөн манай мөнгийг 3 дахин өсгөж өг гэж байна. Банкны тооцооллоос илүү жилд шууд 100 хувь өсгөж өгдөг банк ч байхгүй. Бидний хооронд ийм тохиролцоо ч байхгүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагаас 135.000.000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Э-” ХХК нь хариуцагч “М-” ХХК-д холбогдуулан 4583,84 га талбай бүхий лицензийн эзэмшигчээр тогтоолгож, өмгөөлөгчийн хөлс 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “М-” ХХК-ийн 50 хувийн эзэмшигчээр тогтоолгож, 10.000.000 төгрөг гаргуулахаар өөрчилсөн ба дахин шаардлагаа өөрчлөн 415.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардав.

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

“Э-” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2015 оны 11 сарын 08-ны өдөр талуудын хооронд “ашигт малтмалын салбарт ажиллах шинэ компани байгуулах тухай” хэлцэл байгуулагдсан. Нэхэмжлэгч хэлцэлд заасан 135.000.000 төгрөгийг “М-” ХХК-д шилжүүлэх үүргээ биелүүлсэн боловч хариуцагч нь хэлцэлд заасан үүргээ биелүүлэхгүй байх тул анх шилжүүлсэн 135.000.000 төгрөг, үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол буюу олох ёстой байсан орлого 270.000.000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн хөлс 10.000.000 төгрөг, нийт 415.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна” хэмээн тодорхойлов.

 

Хариуцагч “М-” ХХК нь “...135.000.000 төгрөг хүлээн авснаа зөвшөөрч байна. “Э-” ХХК нь хэлцэлд заасан 2015 оны 11 сарын 10-ны өдрийн 12 цагаас өмнө дээрх мөнгийг манай дансанд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул манай компани бусдаас мөнгө зээлж лицензийн төлбөрийг Ашигт малтмалын газарт хугацаандаа амжиж төлсөн. Нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгийг лиценз авахад зарцуулаагүй, бусдаас авсан зээлийг хаасан. Талуудын хооронд байгуулсан хэлцэл нь зээлийн гэрээ биш мөн хэлцлээр хүү болон анзын талаар тохиролцоогүй учраас хүү, алданги, анз төлөх асуудал яригдахгүй. Мөн олох ёстой байсан орлого гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч талаас өмгөөлөгч оролцоогүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцож байгаа учраас өмгөөлөгчийн зардал гэх 10.000.000 төгрөг нэхэмжилж байгаа нь бас үндэслэлгүй. Тиймээс 135.000.000 төгрөгийг хангаж, үлдэх 280.000.000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн маргав.

 

Талууд 2015 оны 11 сарын 08-ны өдөр “...“М-” ХХК, “Э-” ХХК нар хамтран ашигт малтмалын салбарт ажиллах шинэ компани байгуулах тухай” хэлцлийн протокол нэртэй бичгийн баримт үйлджээ. Энэхүү бичгийн баримтаар “М-” ХХК-иас мөнгөн хөрөнгө байдлаар 90 сая төгрөг, биет бус хөрөнгө хэлбэрээр 45 сая төгрөг, нийт 135 сая төгрөг, “Э-” ХХК-иас мөнгөн хөрөнгө байдлаар 135 сая төгрөгийг тус тус гаргаж Говь-Алтай аймгийн Халиун, Есөнбулаг сумдын нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл “М-” ХХК-ийн нэр дээр авч, энэхүү тусгай зөвшөөрөл нь шинээр байгуулагдаж байгаа компанийн үүсгэн байгуулалтын хөрөнгө болно” хэмээн тохиролцжээ. /хх-9-10/

 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзэхээр заасан ба дээрх баримтаас үзэхэд талууд хэлцэл хийсэн гэж үзэхээр байна.

 

Хэлцлийн 2 дахь заалтаар “Э-” ХХК нь 135.000.000 төгрөгийг 2015 оны 11 сарын 10-ны өдрийн 12 цагаас өмнө “М-” ХХК-ийн дансанд байршуулсан байх үүргийг хүлээсэн байх ба энэхүү үүргээ “Э-” ХХК нь 2015 оны 11 сарын 12, 17-ны өдрүүдэд 20.000.000, 115.000.000 төгрөгөөр тус тус гүйцэтгэсэн болох нь баримтаар нотлогдсон,135.000.000 төгрөгийг шилжүүлсэн болон хүлээн авсан үйл баримтын талаар талууд хэн аль нь маргаагүй болно. /хх-11/

Хариуцагчаас “...“Э-” ХХК нь 2015 оны 11 сарын 10-ны өдрийн 12 цагаас өмнө мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүйгээс манай компанийн хувьцаа эзэмшигчид хөрөнгөө барьцаалан зээл авч тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн” гэж тайлбарлах боловч энэхүү тайлбар нь хэрэгт төдийлөн ач холбогдолтой бус, нэгэнт 135.000.000 төгрөгийг хүлээн авсан, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаатай хамааралгүй тул шүүх хэрэгт баримтаар авагдсан зээлийн болон барьцааны гэрээг үнэлж, дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв. /хх145-150/

 

Талууд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр ашиг олох зорилгоор хамтран ажиллахаар хэлэлцэн тохиролцсон нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасан хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэсэн зохицуулалттай нийцэж байх тул талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Хамтран ажиллах гэрээний оролцогчид мөнгөн болон биет бус байдлаар тус тус 135.000.000 төгрөг гаргахаар тохиролцсон тохиролцоог Иргэний хуулийн 477 дугаар зүйлд заасан хамтын үйл ажиллагаандаа оруулсан хувь, хураамж гэж үзэх боломжтой.

 

Ашигт малтмалын тухай хуульд эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг “ашигт малтмал хайх” гэж тодорхойлсон бөгөөд талууд хамтын үйл ажиллагаандаа зориулж зохих хэмжээний хувь хураамж нийлүүлсэн байх боловч тэдний ашиг олох зорилго нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшсээр хэрэгжих боломжгүй юм. Ашигт малтмал эрэх, хайх ажлыг тодорхой хугацаанд хийж гүйцэтгэж, хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн хэсэгт онцгой эрхийнхээ дагуу ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг авч, ашигт малтмалыг ашиглаж эхэлснээр хамтран ажиллах гэрээний ашиг олох гол зорилго хэрэгжиж эхлэх боломж бүрдэнэ.

 

Нэхэмжлэгчээс “...хариуцагч шинээр компани байгуулж, тусгай зөвшөөрлөө тус компанид шилжүүлэх үүргээ биелүүлэхгүй байгаагаас хамтран ажиллах боломжгүй болсон” гэж тайлбарлах боловч 2 талын хувь тэнцүү компани байгуулах нь хамтран ажиллах гэрээний үндсэн агуулга нь биш бөгөөд энэ нь тэдний хамтын үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх арга, хэлбэр гэж ойлгогдохоор байна. Нэхэмжлэгч хариуцагчийг шинээр компани байгуулах үүргээ биелүүлээгүй, 135.000.000 төгрөгийг хариуцагчид шилжүүлээгүй байсан бол уг мөнгө 3 дахин өсөх боломжтой болох нь “Э-” ХХК-ийн борлуулалтын орлогоор нотлогдож байх тул анх шилжүүлсэн 135.000.000 төгрөг, үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол буюу олох ёстой байсан орлого 270.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэх шаардлагын хохиролд шаардсан 270.000.000 төгрөгийн шаардлага үндэслэлгүй, хэрхэн яаж хохирсон болох, нэхэмжлэгчийн хөрөнгө нь 3 дахин өссөн гэж үзэх үндэслэл баримтаар нотлогдоогүй, талуудын байгуулсан хамтран ажиллах гэрээнд гэрээнээс аль нэг тал татгалзах, цуцлах тохиолдолд хэрхэх талаар талуудад үүрэгжүүлсэн хариуцлагыг огт тусгаагүй болно.

 

Нэхэмжлэгчээс тухайн компанийн борлуулалтын орлого 3 дахин өссөн талаар нотлох баримтыг ирүүлсэн гэх боловч энэхүү баримтаар тухайн компанийн мөнгөн хөрөнгө 2015 оноос 2018 оны хооронд 3 дахин өссөн гэж үзэх боломжгүй юм.  Хуулийн этгээдийн тайлант хугацааны олсон орлого гаргасан зардлын зөрүүгээр цэвэр ашгийг тодорхойлох ба цэвэр ашиг нь тухайн компанийн хөрөнгөнд тооцогдоно. /хх-116-130/

 

Талуудын шүүхэд гаргаж буй тайлбар, нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд хэн аль нь гэрээнээс татгалзах буюу цуцлахыг харилцан зөвшөөрч байна. Иймд Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-т зааснаар нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй гэж дүгнэв.  Гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу талууд өгсөн авсан зүйлээ, гэрээ биелснээс хойш олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн хариуцагчид шилжүүлсэн 135.000.000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй. Хуулийн дээрх зохицуулалтаар хариуцагч “М-” ХХК нь нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг өөрийн эзэмшил ашиглалтад байлгасан хугацаанд ашиг олсон бол 135.000.000 төгрөгөөс олсон ашгийг нэхэмжлэгчид өгөх ойлголт юм. Нэхэмжлэгчээс хариуцагч мөнгөн хөрөнгийг нь эзэмшиж ашигласнаар ашиг олсон талаар шаардлага гаргаагүй болно.

 

“Э-” ХХК нь өмгөөлөгчийн хөлс 10.000.000 төгрөг шаардсан ба энэхүү шаардлага нь талуудын хооронд үүссэн гэрээний маргаантай хамааралгүй, нэхэмжлэгч хуулийн байгууллагад мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан зардал гэж үзнэ. Нэхэмжлэгчээс өмгөөлөгч Ж.Б-тай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, уг гэрээ болон 10.000.000 төгрөгийн зарлагын баримт зэргийг баримтаар ирүүлсэн боловч “М-” ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч байгууллагаас өмгөөлөгч оролцоогүй, Ж.Б- нь тус хуулийн этгээдээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсоныг дурдах нь зүйтэй. Тиймээс уг шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй. /хх-13-14/

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг 135.000.000 төгрөгийн хэмжээнд хангаж, үлдэх 280.000.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу зохигчдод хуваарилан хариуцуулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг баримтлан хариуцагч “М-” ХХК-иас 135.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э-” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 280.000.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2.391.900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М-” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 832.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э-” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.УРАНЗУЛ