Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 744

 

                                       

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,

            улсын яллагч С.Солонго,

            шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан ҮД:17-66 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Цагаан бөө овогт Б.Бд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0050 00644 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, ... Б.Б /РД:ЙН97071617/

             Яллах дүгнэлтэнд дурдсанаар:

           Б.Б нь өөрийн гар утасны дугаараа нууцлан 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хооронд иргэн Д.Баттөмөрийн 99102879 дугаарын гар утас руу залган “...2016 онд чи найз Цэрэнболдын хамт буудалд 2 эмэгтэй хүнтэй орсон байна лээ. Надад та нарын бичлэг байна. Чи гэр бүлтэй биз дээ, сошиал ертөнцөд чиний тухайн бичлэгийг тавина...” гэж эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж 12 удаагийн үйлдлээр нийт 1.350.000 төгрөгийг өөрийн дансандаа шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: Энэ хугацаанд би эрхэлсэн ажилгүй байсан ба яаралтай мөнгөний хэрэгцээ шаардлага гараад тийм зүйл хийчихсэн юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би тэр үед писи их тоглодог байсан юм гэв.

    Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Баттөмөрийн: ...2016 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах буудалд Цэрэнболдын хамт ойролцоогоор 22 цагийн багцаа ба хамт танил 2 эмэгтэйгийн хамт дөрвүүлээ орж үйлчлүүлсэн. Тухайн буудлаасаа маргааш өглөө нь 10 цагийн багцаа гарсан. 2017 оны 12 дугаар сарын 12-ны хавьцаа дугаараа нууцалсан дугаараас үл таних эрэгтэй хүн 2016 онд чи Цэрэнболдтой хамт буудалд 2 эмэгтэй хүнтэй орсон байна лээ, надад та нарын бичлэг байна, маргааш нь яаж гарсан эсэхийг мэдэж байгаа, чи гэр бүлтэй биз дээ, сошиал ертөнцөд чиний тухай бичлэгийг тавина гэх мэтчилэн сүрдүүлж дарамталсан. Тухайн хүн надаас нийт 2.000.000 төгрөг нэхэмжилсэн. 2017 оны 12 дугаар сарын дундуураас нийт 7 удаагийн давтамжтай санагдаж байна надад мөнгө шилжүүлсэн баримт болон дансны хуулга бас тухайн хүнтэй харилцсан мессеж, ярьсан бичлэгээ рекорд хийгээд хадгалчихсан байгаа. Надаас мөнгө авах үедээ дандаа нэг дансаар авч байгаа. Би одоогийн байдлаар нийт 900.000 төгрөг шилжүүлсэн байгаа. Одоо бас мөнгө нэхээд 2.000.000 төгрөг болгоно гээд байгаа бас Цэрэнболдоос нэхэмжлэх юм ярьсан. Тус асуудлыг хуулийн дагуу шийдэж өгнө үү. Өвөрхангай аймагт намайг сурдаг байсныг мэдэж байна лээ. 94329952 дугаарын утсаар надтай нөгөө хүн холбогдож ярьсан бас нууцлах гэж байгаад андуурч залгасан тохиолдол гарсан. Бид дөрвөөс өөр гадны ямар нэгэн хүн байхгүй байсан...

...Би 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн найзуудын данснаас бага багаар шилжүүлж эхэлсэн ба би нэг данс руу байнга шилжүүлж байсан. Гүйлгээний утга дээрээ Батаас, Батаагаас гэх мэтээр нэрнийхээ эхний үеийг оруулан бичиж байсан. Надад ямар нэгэн бичлэг үзүүлээгүй. Над руу анх залгахад цагдаагийн байгууллагад хандсан ба тухайн этгээдийг барьж авахын тулд би мөнгө нэхэх үед нь бага багаар өөр өөр хүний дансаар мөнгө шилжүүлж байсан. Би 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 1.350.000 төгрөг дансаар өгсөн ба үүнээс хойш мөнгө өгсөн эсэхээ санахгүй байна. Дансаа шалгачихаад хэлэх боломжтой...гэх мэдүүлэг /хх-ийн 9, 13 дугаар тал/,

- Шүүгдэгч Б.Бийн “ХААН” банкны дансны хуулга /хх-ийн 36-50 дугаар тал/,

- Шүүгдэгч Б.Бийн нэр дээр бүртгэлтэй 94329952 дугаартай гар утасны гадагш ярьсан болон илгээсэн зурвасны жагсаалт /хх-ийн 63-76 дугаар тал/,

- Шүүгдэгч Б.Бийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 21, 22 дугаар тал/,

- Хохирогчийн хүсэлт /хх-ийн 79 дүгээр тал/,

- Шүүгдэгч Б.Бийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 86 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Б нь өөрийн гар утасны дугаараа нууцлан 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хооронд иргэн Д.Баттөмөрийн 99102879 дугаарын гар утас руу залган “...2016 онд чи найз Цэрэнболдын хамт буудалд 2 эмэгтэй хүнтэй орсон байна лээ. Надад та нарын бичлэг байна. Чи гэр бүлтэй биз дээ, сошиал ертөнцөд чиний тухайн бичлэгийг тавина...” гэж эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж 12 удаагийн үйлдлээр нийт 1.350.000 төгрөгийг өөрийн дансандаа шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно, мөн зүйлийн 5 дахь хэсэгт ...Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж тус тус хуульчилсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчид учруулсан хохирол төлбөр болох 1.350.000 төгрөгийг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын саналыг хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн хохирогч Д.Баттөмөр гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн хүсэлтийг хавтаст хэрэгт ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.Бд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна. /хх-ийн 79, 86 дугаар тал/

Шүүгдэгч Б.Б нь өөрийн гар утасны дугаараа нууцлан 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хооронд иргэн Д.Баттөмөрийн 99102879 дугаарын гар утас руу залган “...2016 онд чи найз Цэрэнболдын хамт буудалд 2 эмэгтэй хүнтэй орсон байна лээ. Надад та нарын бичлэг байна. Чи гэр бүлтэй биз дээ, сошиал ертөнцөд чиний тухайн бичлэгийг тавина...” гэж эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж 12 удаагийн үйлдлээр нийт 1.350.000 төгрөгийг өөрийн дансандаа шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна гэж шүүх үзэв.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Бийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэн ирүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Бийн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хохирогчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд ноцтой уршиг учруулж болохуйц мэдээлэл тараахаар сүрдүүлж 12 удаагийн үйлдлээр нийт 1.350.000 төгрөгийг өөрийн дансандаа шилжүүлэн авсан шунахай сэдэлттэй санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул Прокурорын газраас Б.Бийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Бийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч буйгаас гадна шүүгдэгч Б.Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй, орлого нь тодорхойгүй байх тул Прокуророос түүнд оногдуулахаар гаргасан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялын саналыг өөрчлөн хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Хохирогч Д.Баттөмөр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 1.350.000 төгрөгийг авсан, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн хүсэлтийг ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 79 дүгээр тал/

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирол болох 1.350.000 төгрөгийг хохирогчид нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжтой байна.

Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий  ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.  

Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ц овогт Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж бусдын  эд хөрөнгийг  авсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Бд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.АЛТАНЦЭЦЭГ