Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 647

 

 

 

 

                                                                                                

                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

Б.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Э.Ундраххэрлэн,

шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч П.Отгонбаяр,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулж,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 744 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Солонгын бичсэн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 74 дүгээр улсын яллагчийн эсэргүүцэл, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Б-д холбогдох 1806005000644 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б.Б, 19хх оны хх дугаар сарын хх-нд төрсөн, хх настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн экскаваторын оператор мэргэжилтэй, ХХК-д механизмийн оператор ажилтай, ххх тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй,

 

Б.Б- нь өөрийн гар утасны дугаараа нууцлан 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн хооронд иргэн Д.Б-ийн гар утас руу залган “...2016 онд чи найз Ц-ын хамт буудалд 2 эмэгтэй хүнтэй орсон байна. Надад та нарын бичлэг байна. Чи гэр бүлтэй биз дээ, сошиал ертөнцөд чиний тухайн бичлэгийг тавина...” гэж эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж 12 удаагийн үйлдлээр нийт 1,350,000 төгрөгийг өөрийн дансандаа шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Б.Б-д холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж бусдын эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Прокурор С.Солонго бичсэн эсэргүүцэлдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж бусдын эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ийг 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Шүүхийн шийтгэх тогтоолд дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна.

Б.Б- нь прокурорт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар хүсэлтийг гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ” гэж заасан. Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тогтоол үйлдэж, Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, Б.Б- нь оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан. Шүүх яллагдагчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа “арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” тухай прокурорын саналын хүрээнд бус хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 744 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

 

Шүүгдэгч Б.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гэм буруугаа ухамсарлан ойлгосон, хэргээ хурдан шийдвэрлүүлж, дахин гэмт хэрэгт холбогдохгүй, сурах, боловсрол эзэмших хүсэл тэмүүлэлтэй байсан тул хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасан. Анхан шатны шүүх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн хэдий ч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана гэснийг шүүх харгалзан үзсэнгүй. Миний хувьд учруулсан хохирлоо нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдолгүй болно. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх хариуцлага, сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн. Надад муу үр дагавартай гэдгийг ухамсарлан ойлгосон. Иймд дээр дурдсан үндэслэл, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан давж заалдах гомдолдоо: “...Шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлж бусдын эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон болно.

Шүүхээс ийнхүү шийтгэх тогтоол гаргахдаа Б.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байгаагаас гадна Б.Б- нь эрхэлсэн тодорхой ажилгүй, орлого тодорхойгүй байх тул прокуророос түүнд оногдуулахаар гаргасан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялын саналыг өөрчлөн хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн энэхүү тогтоол нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн шийдвэр боллоо гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

1. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан үндэслэл, журам нэгэнт хангагдсан гэж үзэн хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа бол мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг прокурорын саналын хүрээнд шийдвэрлэнэ. Гэтэл анхан шатны шүүх прокурорын саналыг хуульд огт заагаагүй үндэслэлээр буруу тайлбарлаж өөрчилсөн нь үндэслэлгүй болжээ.

2. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “...Б.Б-д холбогдох ...гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна” гэж дүгнэсэн атлаа түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэргийн ангилалд хамаарна хэмээн үзэж прокурорын ялын саналыг өөрчилсөн нь ойлгомжгүй байна.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 5.3 дугаар зүйлд “Торгох” ялыг оногдуулах үндэслэл, журмыг тогтоосон. Уг ялыг оногдуулахдаа баримтлах ямар нэгэн тусгай шалгуур, болзлын талаар хуульчлаагүй байна. Ийм ч учраас оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй, биелүүлэхээс зайлсхийсэн бол ял шийтгүүлсэн гэмт хэрэгт нь хорих ял оногдуулахаар заасан эсэхээс үл хамааран хорих ялаар солихоор хуульчилжээ. Гэтэл анхан шатны шүүх Б.Б- нь эрхэлсэн тодорхой ажилгүй, орлого нь тодорхойгүй байх тул прокуророос түүнд оногдуулахаар гаргасан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялын саналыг өөрчлөн хорих ял оногдуулах нь зүйтэй гэж гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 744 дүгээр шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5-д тус тус зааснаар өөрчилж, Б.Б-д анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу прокурорын санал болгосон торгох ялаар сольж, хуулийн зөв хэрэглээг хангаж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч П.Отгонбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч гомдол санал байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Шүүх ял оногдуулахдаа ажилгүй, орлого нь тодорхойгүй үндэслэлээр хорих ял оногдуулсан. Иймд Б.Б-д хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэв.

 

Прокурор Э.Ундраххэрлэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасанд нийцжээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Б.Б- нь өөрийн гар утасны дугаараа нууцлан 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн хооронд иргэн Д.Б-ийн гар утас руу залган “...2016 онд чи найз Ц-ын хамт буудалд 2 эмэгтэй хүнтэй орсон байна. Надад та нарын бичлэг байна. Чи гэр бүлтэй биз дээ, сошиал ертөнцөд чиний тухайн бичлэгийг тавина...” гэж эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж 12 удаагийн үйлдлээр нийт 1,350,000 төгрөгийг өөрийн дансандаа шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Д.Б- /хх-ийн 9, 13 тал/, хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.Б- /хх-ийн 58 тал/ нарын мэдүүлэг, шүүгдэгч Б.Б-ийн Хаан банкны дансны хуулга /хх-ийн 46-50 тал/, шүүгдэгч Б.Б-ийн эзэмшдэг ххх дугаарын гадагш ярьсан болон илгээсэн мессежний жагсаалт /хх-ийн 61-76 тал/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой хэрэгт цуглуулагдсан нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж бусдын эд хөрөнгийг авсан...” гэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв байна. 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйл “Прокурорын хяналт”-ийн 1.2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан эсэх...”-ийг прокуророос хянахыг заасан байх ба Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл нь “....Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх...” асуудлыг зохицуулжээ. Гэтэл прокурор Д.Батгэрэлийн үйлдсэн гэмт хэрэг хорих ялтай зүйл болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын хэмжээн дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасанг журамлан санал гаргалгүйгээр торгох ялын төрөл, хэмжээний талаар санал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

            Харин анхан шатны шүүхийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “....Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана...” гэж зааснаар Б.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн...” нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

            Иймд прокурор С.Солонгын бичсэн “...Б.Б-д анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу прокурорын санал болгосон торгох ялаар сольж, хуулийн зөв хэрэглээг хангаж өгнө үү...” гэх улсын яллагчийн эсэргүүцлийг, шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Энх-Амгалангийн “...Б.Б-д анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу прокурорын санал болгосон торгох ялаар сольж, хуулийн зөв хэрэглээг хангаж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Гэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...Давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ...болно” гэж заасан давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг үндэслэн Б.Б-ийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан ялын төрлийг хөнгөрүүлэн торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр оногдуулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 744 дүгээр шийтгэх тогтоолын:

 

            А. Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөг /арван сая төгрөг/-өөр торгох ялаар шийтгэсүгэй...” гэж өөрчилсүгэй.

           

Б. Тогтоох хэсэгт:

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б-ийн цагдан хоригдсон 55 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 825,000 төгрөгөөр тооцон түүний эдлэх арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаас хасч, Б.Б-ийн эдлэх торгох ялыг есөн мянга нэг зуун далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9,175,000 төгрөг /есөн сая нэг зуун далан таван мянга/-өөр торгох ялаар тогтоосугай...” ,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан есөн мянга нэг зуун далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9,175,000 төгрөгөөр торгох ялыг 1 жил 6 сар /нэг жил зургаан сар/-ын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай...” ,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон 1 жил 6 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг Б.Б-д мэдэгдсүгэй...” гэсэн нэмэлт заалтуудыг оруулсугай.

 

            В. Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

           

            2. Шүүгдэгч Б.Б-ийг нэн даруй сулласугай.

 

            3. Прокурор С.Солонгын бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл, шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Энх-Амгалангийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                               

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                       Н.БАТСАЙХАН

 

                                                                                    Д.ОЧМАНДАХ