Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2019/01594

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2019/01594

 

 

 

Г- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/01866 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Г- ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд холбогдох

 

2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Г- ХХК болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хооронд байгуулсан ХАГ2013-1220-001 тоот Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Франц улсаас импортолж авсан махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхрийг үржүүлж, хамтран ашиглах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, ХАГ2013-1220-001 тоот хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэн 176 толгой үхэр шаардахгүй байхыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Урангоо

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Баттулга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-, Я.А-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд Г- ХХК гаргасан нэхэмжлэлдээ: Г- ХХК нь ТШ/12/02/01 ЭМААХДХ дугаартай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зарласан Махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр импортолж үржлийн аж ахуй байгуулах төсөл сонгон шалгаруултанд оролцон шалгарч 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай №45 тоот Махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр импортолж, үржлийн аж ахуй байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Гэрээнд заасан LIMOUSINE үүлдрийн 144 толгой үхэр, MONTBELIARDE үүлдрийн 32 толгой үхэр нийт 176 цэвэр үүлдрийн үхрийг оруулж ирсэн бөгөөд 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр захиалагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг төлөөлж МААБХЗГ-ын ахлах мэргэжилтэн Б.Мэнджаргал, СТБГ-ын мэргэжилтэн Ү.Алтаншагай, МААБХЗГ-ын ахлах мэргэжилтэн Я.Алтанцэцэг, МЭҮГБМА-ны дарга Г.Дээшин, ХХААХҮЯ-ны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Золжаргал, МААБХЗГ-ын дарга П.Ганхуяг, мэргэжилтэн Я.А- нар, Г- ХХК-ийг төлөөлөн гүйцэтгэх захирал Н.Наранчимэг нар №15 тоот гэрээ дүгнэсэн акт, тэмдэглэл үйлдэж гэрээний үүргээ бүрэн биелүүлж, гэрээ дуусгавар болсон. Уг гэрээ дүгнэсэн тэмдэглэлийн 2-т ...гүйцэтгэгч нь гэрээний дагуу махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр импортлох захиалгыг бүрэн гүйцэтгэсэн тул гэрээний үлдэгдэл санхүүжилтийг Г- ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв гэсэн байдаг. Захиалагч тал дээрх гэрээ, гэрээ дүгнэсэн актад заасан үлдэгдэл санхүүжилтийг олгох үүргээ 1 жил гаран биелүүлээгүй эс үйлдэхүй гаргаснаас манай компани ихээхэн хэмжээний хохирол хүлээсэн. Ингээд 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дугаар ХАГ2013-1220-001 тоот Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Франц улсаас импортолж авсан махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхрийг үржүүлж, хамтран ашиглах гэрээ гэгчид гарын үсэг зурвал үлдэгдэл санхүүжилтийг олгоно гэж тулган шаардаж, гарын үсэг зуруулсан бөгөөд манай компанийн зүгээс уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Учир нь Г- ХХК нь ТШ/12/02/01 ЭМААХДХ дугаартай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зарласан Махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр импортолж үржлийн аж ахуй байгуулах төсөл сонгон шалгаруултанд оролцон шалгарч гэрээ байгуулж, гэрээний үүргээ биелүүлж №15 тоот гэрээ дүгнэсэн акт, тэмдэглэл үйлдэж гэрээний үүргээ бүрэн биелүүлж, гэрээ дуусгавар болсон тул уг гэрээ нь хүчин төгөлдөр бус юм. Иймд 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Г- ХХК болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хооронд байгуулсан ХАГ2013-1220-001 тоот Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Франц улсаас импортолж авсан махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхрийг үржүүлж, хамтран ашиглах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, ХАГ2013-1220-001 тоот хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэн манай компаниас 176 үхэр шаардахгүй байхыг хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төлөөлөгч Б.Ц- нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Махны чиглэлээр цэвэр үүлдрийн үхэр импортолж, үржлийн аж ахуй эрхлэх ТШ/12/02/01/ЭМААХДХ дугаартай төсөл сонгон шалгаруулалтыг зарлаж тухайн төсөл сонгон шалгаруулалтанд Г- ХХК-ийн ирүүлсэн төсөл шалгарсан байдаг. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь Г- ХХК-тай 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 45 дугаартай Махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр импортолж, үржлийн аж ахуй байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан байна. Гэрээний агуулга нь Махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр импортолж үржлийн аж ахуй байгуулж өндөр технологийг монгол улсад дамжуулан нутагшуулах, өндөр ашиг шимт малын үрийг зохиомол хээлтүүлэгт ашиглах, хөврөл үр шилжүүлэн суулгах зэрэг биотехнологийн дэвшилтэд аргыг нэвтрүүлэн донор сүрэг бий болгон иргэд, аж ахуйн нэгжийн өндөр ашиг шимт үхрийг цэвэр үүлдрийн хээлтэгч, хээлтүүлэгчээр хангах үржлийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү гэрээний зорилго оршино. Махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр импортолж, үржлийн аж ахуй байгуулах ажлыг хүлээн авах ажлын хэсэг 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 45 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээний дагуу импортоор оруулж ирсэн үхрийг хүлээн авч 2012 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээлцэн акт үйлдсэн байдаг. Тухайн актад Гэрээний 2.9, 3.7-г тус тус үндэслэн импортоор оруулж ирсэн нийт үхрийг цаашид махны чиглэлээр цэвэр үүлдрийн өсвөр хээлтүүлэгч, хээлтэгч бойжуулж иргэн, аж ахуйн нэгжийн мал сүргийн чанарыг сайжруулах махны чиглэлээр үхрийн үржлийн аж ахуй байгуулах зорилгоор Г- ХХК-д шилжүүлэн өгч, маллуулан үржүүлэх нь зүйтэй гэж ажлын хэсэг үзэв гэжээ. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Г- ХХК хооронд 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ХАГ20131220-001 тоот Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Франц улсаас импортолж авсан махны чиглэлээр цэвэр үүлдрийг үржүүлж, хамтран ажиллах гэрээ-г байгуулсан. Энэхүү төсөл сонгон шалгаруулалтыг зарлахын тулд төсөл сонгон шалгаруулалтын баримт бичгийг ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга батлан төсөлд оролцож буй аж ахуйн нэгжүүд нь авч танилцан тухайн баримт бичгийн дагуу шаардсан шаардлага, нөхцөлийг хүлээн зөвшөөрч оролцсон байна.

 

Төслийн баримт бичгийн 2.3-т төслийн үе шатыг тодорхой зааж өгсөн байдаг бөгөөд 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 45 тоот гэрээ нь төслийн эхний үе шатны гэрээ бөгөөд 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ХАГ 20131220-001 тоот гэрээ нь Төслийн хоёрдугаар үе шатны гэрээ бөгөөд тухайн хөрөнгө оруулалтыг эргэн төлөх харилцааг зохицуулсан байна. Нэхэмжлэгч тал нь 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Г- ХХК болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хооронд байгуулсан ХАГ2013- 1220-001 тоот гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргахдаа энэхүү гэрээ нь ямар хууль зөрчсөн талаар дурдаагүй байна. Дээрх 2013 оны 12 дугаар сарын 16-ны ХАГ2013-1220-001 тоот гэрээг Иргэний хуульд заасныг баримтлан байгуулсан бөгөөд нэхэмжлэгчийн тайлбарласантай адил тулган шаардсан зүйл байхгүй бөгөөд төслийн жишиг баримт бичигт заасны дагуу гэрээний 2 дахь үе шатыг хэрэгжүүлэх зорилгоор хоёр тал харилцан тохиролцож гэрээг байгуулж гарын үсэг зурсан юм. Бид тухайн аж ахуйн нэгжээс мөнгө шаардаагүй бөгөөд гэрээний үүргийн дагуу 176 толгой үхэр шаардсан юм. Иймд Г- ХХК-иас гаргасан 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ХАГ2013-1220-001 тоот Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Франц улсаас импортолж авсан махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхрийг үржүүлж, хамтран ашиглах гэрээг хүчингүй болгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яаманд холбогдох ХАГ20131220-001 дугаар гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох, 176 толгой үхрийг шаардахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэгч Г- ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 10 228 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Урангоо давж заалдах гомдолдоо: Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой дараах зөрчлүүдийг гаргасан. 1. Шүүхээс 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр шүүх хуралдаан болох талаар нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэж, шүүх хуралдааны товыг танилцуулаагүй. Шүүхээс процессын ажиллагааг дутуу хийж, хэргийг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэснээрээ хэргийг үнэн бодитой шийдвэрлэх, талуудын мэтгэлцэх зарчмыг хангаж, байр сууриа хамгаалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрхтэй оролцох боломжийг хааж, хэргийг нэг талд шийдэх бололцоог олгон, нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн. 2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ХАГ20131220-001 дугаар гэрээ нь хоёр талын сайн дурын үндсэн дээр байгуулагдсан иргэний гэрээ биш. Тендер сонгон шалгаруулалтын үндсэн дээр байгуулагдаж байгаа гэрээ нь захиргаан гэрээ юм. Иймд тус гэрээтэй холбоотой маргаан нь иргэний шүүхээр хянан шийдвэрлэгдэх боломжгүй, захиргааны шүүхийн харьяаллын маргаан юм. Шүүх хэрэг үүсгэснээс хойш тус хэрэг нь хэргийн харьяалал зөрчсөн нь илэрсэн тохиолдолд хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх, эсвэл харьяалал зөрчсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох ёстой байдаг. Гэтэл шүүх тус нөхцөл байдлыг тогтоолгүй нэхэмжлэгч Г- ХХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ХАГ20131220-001 тоот гэрээг хүчингүй болгуулж, тус гэрээний дагуу буцаан өгөх 176 үхрийг буцаан шаардахгүй байхыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох байдлаар хэргийг шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гаргасан.

 

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргаж, нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Г- ХХК нь хариуцагч Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн яам /цаашид ХХААХҮЯам гэх/-д холбогдуулан гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулж, 176 толгой үхэр шаардахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

Г- ХХК нь ХХААХҮЯамнаас зарласан Махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр импортолж, үржлийн аж ахуй эрхлэх төсөл сонгон шалгаруулалтад шалгарч тус яамтай 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр импортолж, үржлийн аж ахуй байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ нэртэй 45 дугаартай гэрээ, 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Франц Улсаас импортолж авсан махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхрийг үржүүлж, хамтран ашиглах гэрээ нэртэй ХАГ2013220-001 дугаартай гэрээг тус тус байгуулсан болох нь хэргийн 7-10, 12-14, 48-56 дахь талд авагдсан бичгийн баримтуудаар нотлогдсон байна.

 

Талууд 2012 онд байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаангүй, харин 2013 оны ХАГ2013220-001 дугаартай гэрээ хүчин төгөлдөр эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

 

Нэхэмжлэгч тал ХАГ2013220-001 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус гэж буй үндэслэлээ ... тулган шаардаж гарын үсэг зуруулсан ... гэж тайлбарлах хэдий ч үүнийгээ баримтаар нотлоогүй байна. Иймээс зохигчдын хооронд байгуулагдсан 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Франц Улсаас импортолж авсан махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхрийг үржүүлж, хамтран ашиглах гэрээ нэртэй ХАГ2013220-001 дугаартай гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний чөлөөт байдлын зарчим алдагдсан, гэрээний агуулгыг нөгөө талтайгаа тохиролцож чөлөөтэй тодорхойлох эрхийг хязгаарласан, хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх боломжгүй юм. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үнэлж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг зөв тогтоосон байна.

 

Нэхэмжлэгч тал шүүхийн харьяалал болон хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргажээ.

 

Зохигч талуудын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан, мөн тухайн гэрээгээр талууд эрх, үүрэг хүлээж, гэрээний нөхцлийг зөвшөөрсөн байна. Дээрхээс үзвэл гэрээний нэг тал болсон нийтийн захиргааны байгууллагаас өөр бусад этгээдтэй тодорхой асуудлаар эрх үүрэг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох зорилгоор байгуулсан тохиролцоо байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн захиргааны гэрээг иргэний шүүхээр шийдвэрлэсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг үндэслэн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр товлон зарлагдсан шүүх хуралдааныг мөн сарын 24-ний өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулж, шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баасандоржид мэдэгдэж, гарын үсэг зуруулсан болох нь хэргийн 107-109 дэх талд авагдсан бичгийн баримтаар нотлогдож байна. Иймээс шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн оролцогчийн шүүх оролцох эрхийг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрхийн болон мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй гэж үзэх боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/01866 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 157 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Ч.ЦЭНД