Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2018/0287

 

“МН” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 138 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгч А.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нарын гаргасан давж заалдах гомдлоор, “МН” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 138 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 19.4, 19.5-д зааснаар /Энэ зүйл 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсон/ нэхэмжлэгч “МН” ХХК-ийн гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 466 тоот шийдвэрийн “МН” ХХК-ийн өргөдөл гаргасан Зүүн далан гэх талбайд холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулах, “МН” ХХК-ийн гаргасан өргөдлийн дагуу Дорноговь аймгийн Зүүн далан гэх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нар давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч “МН" ХХК Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Зүүн далан гэх талбайд 5869 м.кв газарт хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд Дорноговь аймгийн Засаг дарга "дэмжихгүй" гэсэн санал ирүүлснийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 466 дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь дараах үндэслэлээр хууль бус байсныг анхан шатны шүүх харгалзсангүй.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1,4.2.5-д зааснаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 466 дугаар шийдвэр нь үндэслэл бүхий, түүнчлэн хуульд нийцсэн байх, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т зааснаар захиргааны акт гаргахдаа түүний хууль зүйн үндэслэлийг заах зохицуулалттай байна. Гэтэл Дорноговь аймгийн Засаг даргын "дэмжихгүй" гэсэн санал нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт заасны дагуу гагцхүү хуульд заасан үндэслэлээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах шаардлагыг зөрчсөн нь илт байхад уг саналд үндэслэсэн нь хууль бус бөгөөд Кадастрын хэлтсийн дарга Засаг даргын хууль бус саналыг үндэслэхгүй байх үүрэгтэй байсан.

Дорноговь аймгийн Засаг даргын "дэмжихгүй"' гэсэн саналыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга шийдвэртээ мөн адил дурдсан байх ба эдгээр хуулийн зүйл нь татгалзах хууль зүйн үндэслэлд хамаарахгүй байгааг анхаарч үзэх ёстой.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 466 дугаар шийдвэрт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах болсон хууль зүйн ямар нэг үндэслэл заагаагүй. Харин хариуцагчийн дээд шатны албан тушаалтнаас өгсөн гомдлын хариунд Дорноговь аймгийн Засаг дарга уг газрыг бэлчээр усны нөөцтэй газар, тусгай хамгаалалттай газрын бүс нутаг гэж үзэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны хамгаалалтын бүсийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн уг газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихээс татгалзсан гэх үндэслэл заажээ. Гэтэл эдгээр үндэслэлээр тухайн газарт ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулахыг хориглохоор ямар нэг хуульд заагдаагүй байна. Тухайлбал, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт байгаль орчныг хамгаалах талаарх сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын нийтлэг бүрэн эрх тусгагдсан. Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5 дахь хэсэгт мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийтлэг бүрэн эрх, Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны хамгаалалтын бүсийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт мөн орон нутгийн засаг захиргааны байгууллагын хяналтын чиг үүрэг тусгагдсан байна.

Бэлчээр, усны нөөцтэй газар гэх үндэслэлээр ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглоогүй байна. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан тусгай хэрэгцээний газар гэх үндэслэл байхгүй байна.

Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь 2017 оны 07 сарын 31-ний өдөр 466 тоот шийдвэр гаргахдаа дээрх эрх зүйн үндэслэлд хамаарах нөхцөл байдлыг бүрэн судалж, тогтоолгүйгээр өөрөөр хэлбэл, хуульд заагдаагүй үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихээс татгалзсан Дорноговь аймгийн Засаг даргын саналыг үндэслэн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг Зүүн далан гэдэг газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байна.

Монгол Улсын Засгийн газрын 511 дүгээр тогтоолоор нэгэнт солбицлыг тогтоосон хайгуулын зөвшөөрөл. олгож болох талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах нь хууль бус болно.

Иймд анхан шатны шүүх дээрх үндэслэл, нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй нэхэмжлэлийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 138 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар үндэслэлтэй зөв дүгнэсэн боловч хэрэглэвэл зохих хуулийн зүйл, заалтыг орхигдуулсан байх тул хууль хэрэглээний зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Анх “МН” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 466 дугаар шийдвэрийн “Зүүн далан” гэх талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 466 тоот шийдвэрийн “Зүүн далан” гэх талбайд холбогдох хэсгийг илт хууль бусд тооцуулах, “МН” ХХК-ийн гаргасан өргөдлийн дагуу Дорноговь аймгийн “Зүүн далан” гэх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” гэж өөрчилж, “...аймгийн Засаг даргын хууль бус саналыг үндэслэн хариуцагч хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хууль бус бөгөөд гагцхүү хуульд заасан үндэслэлээр татгалзах шаардлагыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс дарга зөрчсөн шийдвэр гаргасан” гэж тайлбар гарган маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт байрлах 5869 га талбайд нэхэмжлэгч хуулийн этгээдийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан NE-027316 дугаар өргөдлийг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр  зүйлийн 19.3-т заасан санал авах мэдэгдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын 2015 оны 6/10062[1] дугаар албан бичгээр Дорноговь аймгийн Засаг даргад хүргүүлэхэд тус аймгийн Засаг даргаас “дэмжихгүй”[2] санал ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгч компанийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гаргасан “аймаг, сумаас дахин санал авах” хүсэлтийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 6/2103 дугаар “дахин санал авах” мэдэгдлийг хүргүүлэхэд аймгийн Засаг даргаас дахин “дэмжихгүй”[3] саналыг тус тус ирүүлжээ.

Дээрх Засаг даргын “дэмжихгүй” саналууд нь тухайн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 01 дүгээр  сарын 20-ны өдрийн 16 дугаар албан тоот, 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 92 дугаар албан тоот, мөн аймгийн Даланжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 01 дүгээр  сарын 08-ны өдрийн 02 дугаар албан тоот, 2016 оны 04 дүгээр  сарын 14-ний өдрийн 10 дугаар албан тоот “хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжээгүй” саналд үндэслэжээ..

Ашигт малтмалын тухай хууль /2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсон/-ийн 19 дүгээр зүйлийн 19.3 /Энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх.../, 19.4 /Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ/, 19.5 /Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно/, 19.6 /Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол.../ гэж зааснаас үзвэл аймаг, нийслэлийн Засаг даргын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих, эсхүл дэмжихгүй санал нь тухайн тусгай зөвшөөрөл олгоход тавигдах үндсэн нөхцөл, шаардлагуудын нэг болох бөгөөд хариуцагч төрийн захиргааны байгууллагаас аймгийн Засаг даргын дэмжихгүй саналд үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалттай нийцсэн, энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Дээр дурдсанчлан захиргааны байгууллагын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх шийдвэр нь Засаг даргын саналаас шууд хамаарч байх тул Дорноговь аймгийн Засаг даргын санал нь Захиргааны ерөнхий хуулийн 37  дугаар зүйлд заасан бие даасан эрх зүйн үр дагавартай захиргааны акт болно.

Нэхэмжлэгчээс дээрх аймгийн болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “дэмжихгүй” албан бичиг, түүнийг үндэслэн гарсан Засаг даргын “дэмжихгүй”  саналтай тухайлан маргаагүй, Дорноговь аймгийн Засаг дарга, Даланжаргалан сумын Засаг дарга нь энэхүү хэргийн хариуцагч биш байх тул нэхэмжлэгчийн “..хуульд заагдаагүй үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихээс татгалзсан аймгийн Засаг даргын саналыг үндэслэн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан” гэх гомдлын үндэслэлд давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгох, өргөдлийг хянан шийдвэрлэх ажиллагааны журам нь бүхэлдээ хүчингүй болж, хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтын журмаар олгохоор 2017 оны 11 дүгээр  сарын 10-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар өөрчлөн найруулж, хууль хүчин төгөлдөр болсон, дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн даалгах нэхэмжлэлийн шаардлага хангах үндэслэлгүй.

Харин анхан анхан шатны шүүхээс “...хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь өөрийн хуульд заасан чиг үүргийн дагуу гарсан акт учир түүнийг илт хууль бус гэж үзэх боломжгүй” гэж зөв дүгнэсэн атлаа шүүхийн шийдвэрийн “тогтоох” хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэсэн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтыг орхигдуулж, хууль хэрэглээний алдаа гаргасныг зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.  

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0138 дугаар шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийн 1-д “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6“ гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

                                                 ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР

                                                 ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

               

 


[1] Хавтаст хэргийн 44 дэх тал

[2] Хавтаст хэргийн 40 дэх тал

[3] Хавтаст хэргийн 37 дахь тал