Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 64

 

“Э П Э Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн

 орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын

хэлтсийн татварын улсын ахлах байцаагч

Ц.Э, татварын байцаагч Б.Б нарт

холбогдох захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                               Танхимын тэргүүн    М.Батсуурь

Шүүгчид:                                   Г.Банзрагч

                                                  Б.Мөнхтуяа

                                                 П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                        Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга:          Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “...улсын байцаагч нарын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 211800206 дугаар актыг бүхэлд нь хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0621 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 592 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, Д.О

Хариуцагч Ц.Э, Б.Б,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Х.А,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0621 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.2, 1.9 дүгээр зүйл, 3.1 дүгээр зүйлд тус тус заасныг баримтлан Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч Ц.Э, татварын улсын байцаагч Б.Б нарын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 211800206 дугаар актыг ...улсын байцаагч нараас хэргийн нөхцөл байдлыг дахин тодруулсны дараа дахин шинэ акт гаргах хүртэл буюу 3 /гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаа тоологдохыг мэдэгдэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд ...улсын байцаагч нараас шинэ акт гаргаагүй тохиолдолд ...211800206 дугаар актыг хүчингүй болгохыг дурдаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлоор хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд 592 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0621 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д заасныг баримтлан “Э П Э Э” ХХК-ийн гаргасан Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч Ц.Э, татварын улсын байцаагч Б.Б нарын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 211800206 дугаар актыг бүхэлд нь хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай”, 4 дэх заалтыг “2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн 2, 3 дахь заалтыг хасаж, бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э гомдолдоо: “...Маргаан бүхий захиргааны акт болох татварын акт нь агуулгын хувьд бүхэлдээ зөрчил шалган шийдвэрлэсэн, тогтоох хэсэгтээ нэхэмжлэгчид нөхөн татвар, зөрчилд нь торгууль, алданги оногдуулах замаар хариуцлага, шийтгэл оногдуулсан агуулгатай боловч хариуцагчид нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, зарчмыг тогтоосон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг огт хэрэглээгүй. Улмаар анхан шатны шүүх энэ талаар “хариуцагчид нь ...хариуцлага тооцохдоо Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу ажиллагаа хийгээгүй, ...зөрчлийн хэрэг нээлгүйгээр акт тавьсан, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлд заасны дагуу холбогдогчийн эрхийг эдлүүлэлгүйгээр акт тавьсан байна” хэмээн зүй ёсны дүгнэлтийг хийж, маргаан бүхий захиргааны акт нь эрх зүйн зөрчилтэй болохыг тогтоосон боловч хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй болсон.

4. Харин давж заалдах шатны шүүх “Анхан шатны шүүх нэгэнт тогтоогдсон зөрчилд дахин зөрчил шалгах ажиллагаа явуулахаар маргаан бүхий актыг түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй болжээ” хэмээн илт хууль бус дүгнэлтийг хийсэн. Маргаан бүхий татварын актад “...Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч Ц.Энхнаран, татварын улсын байцаагч Б.Батмөнх бид татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргын 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 21180700301 тоот тушаалтын дагуу ...хэсэгчилсэн хяналт шалгалтыг хийж гүйцэтгэв” хэмээн маш тодорхой дурдаж, Тогтоох хэсэгт нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.4-д заасан шийтгэл оногдуулж байгааг тодорхой дурдсан байгаа зэргээс харахад хариуцагчид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулалгүйгээр зөрчил тогтоож, зөрчлийн шийтгэл оногдуулсан үйл баримт нь тодорхой байна.

5. Гэвч давж заалдах шатны шүүх “2014 онд илрүүлсэн зөрчилд захиргааны хариуцлага хүлээлгэхэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагагүй” хэмээн илтэд хууль бус дүгнэлт хийсэн байна. Зөрчил хэдийд үйлдэгдсэн гэж үзэхээс үл хамааран 2018 онд Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл оногдуулахдаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилготой процессын хууль буюу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэхгүй байх, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, 2008 онд үйлдэгдэж, 2014 онд тогтоогдсон гэх зөрчилд 2018 онд Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулахдаа хариуцагчид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байх, улмаар нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг эдлүүлэхгүй байх үндэслэлгүй юм.

6. Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхүүд нэхэмжлэгчийн зөрчил эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлт болон прокурорын тогтоолоор тогтоогдсон мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийж, хуулийг илт буруу тайлбарлаж хэрэглэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний хуульд зааснаар шинжээч нь тусгай мэдлэг шаардлагатай тохиолдолд мэргэжлийн дүгнэлт гаргах үүрэг бүхий этгээд бөгөөд прокурор нь харин хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг бүхий субъект юм. Прокурор болон шинжээчийн хэн аль нь бие даан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах, зөрчил тогтоох эрхгүй, татвар ногдуулах чиг үүрэг, бүрэн эрхгүй юм.

7. Түүнчлэн хэрэгт нотлох баримтаар авагдсан шинжээчийн дүгнэлтүүд нь 2014 оны татварын улсын байцаагчийн дүгнэлт нь үндэслэлгүй хэмээн дүгнэж, харин прокурорын тогтоол нь хэрэг бүртгэлтийг хааж шийдвэрлэсэн. Хэрэг бүртгэлтийн явцад тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь зөрчлийн шинжтэй болох нь тогтоогдвол прокурор хэрэг бүртгэлтийг хааж, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлэхийг мөрдөгчид даалгах журамласан зохицуулалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тодорхой заасан ба энэ ажиллагаа бидний маргаан бүхий тохиолдолд огт хийгдээгүй тул прокурор зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэл байгааг тогтоосон гэж үзэх үндэслэлгүй.

8. Давж заалдах шатны шүүх “Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т татварын дүгнэлтийг эрх бүхий байгууллага албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан” хэмээн 2014 оны татварын дүгнэлтийг хүчингүй болсон мэт дүгнэлт хийсэн боловч үргэлжлүүлэн “...нөгөө талаас татварын улсын байцаагчийн 2014 оны дүгнэлтийн дагуу эрх бүхий этгээдүүдийн хянан шийдвэрлэх ажиллагаа тасралтгүй үргэлжилсэн байх тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзлээ...” хэмээн 2014 оны татварын дүгнэлт хүчинтэй хэвээр байгаа мэт өөр хоорондоо агуулгын хувьд илтэд зөрчил бүхий дүгнэлт хийсэн.

9. Давж заалдах шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан хэмээн хууль бус дүгнэлт хийхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тохиолдолд зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох зохицуулалтыг мөн анхаарсангүй. Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан хуулийн этгээдэд татвар ногдуулах 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад 6-10 жилийн өмнөх үйл ажиллагаанд татварын давхар хяналт шалгалт гүйцэтгэж татвар оногдуулсан талаар, ийнхүү хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөр нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах хууль зүйн үндэслэл үгүйсгэгдэж байгаа талаар болон улмаар хариуцагчид нь дээрх хөөн хэлэлцэх хугацаанаас зайлсхийхийн тулд Зөрчлийн тухай хуулийн заалтыг үндэслэлгүйгээр буцаан хэрэглэсэн нь маргаан бүхий захиргааны актын хуулийн үндэслэлийг үгүйсгэж байгаа талаар нэхэмжлэгчийн тайлбарт анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх хууль зүйн дүгнэлт огт хийсэнгүй.

10. Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заасны дагуу хариуцагчид нь нэхэмжлэгчийн 2008-2012 оны үйл ажиллагаанд нөхөн татвар, хариуцлага оногдуулахдаа хөөн хэлэлцэх хугацааг 2017 онд батлагдсан Зөрчлийн тухай хуулийн дагуу бус харин тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан 3 сарын хөөн хэлэлцэх хугацааг тоолох үндэслэлтэй гэсэн нэхэмжлэгчийн тайлбарт анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй.

11. Хариуцагчид нь анхан шатны шүүх хуралдаан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг улсын төсөвт төлөх 2 тэрбум төгрөгийн татварын үүргээс чөлөөлөгдөхийн тулд нэхэмжлэл гаргасан хэмээх тайлбар хийдэг. Гэвч 2014 оны татварын хяналт шалгалт, 2018 онд гүйцэтгэсэн татварын давхар хяналт шалгалтын явцад нэхэмжлэгч нь зөрчил гэх асуудлуудтай нь холбогдуулан Татварын ерөнхий хууль, Захиргааны ерөнхий хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан тайлбараа өгөх, мэдээ баримт, нотлох баримт цуглуулж өгөх, шийдвэрлэх ажиллагаануудад оролцох зэрэг хууль ёсны эрхээ хэрэгжүүлэх бололцоогоор огт хангагдаж байгаагүй ба үүнтэй холбогдуулан гарсан 2015 оны захиргааны шүүхийн шийдвэр биелэгдэлгүй өнөөдрийг хүрсэн.

12. Дээрх үндэслэлийг харгалзан үзэж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0621 дүгээр шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 592 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангахаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

13. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн  магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэв.

14. Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Э, Б.Б нар 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн  211800206 дугаар актаар “Э П Э Э” ХХК-д хариуцлага оногдуулж, “2008-2012 онд татвар ногдох орлогыг бууруулсан гэх 8,626,480,773.18 төгрөгийн зөрчил”-д 2,071,514,391.61 төгрөгийн нөхөн татвар, 621,454,317.48 төгрөгийн торгууль, 414,302,878.32 төгрөгийн алданги төлүүлэхээр шийдвэрлэж, улмаар торгууль, алданги 1,035,757,195.80 төгрөгийн төлбөрийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өршөөн хэлтрүүлсэн ба “акт” бичихдээ Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 35 дугаар зүйлийн 35.3, Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 9-д заасныг үндэслэжээ.

15. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд: 2014 онд Татварын албанаас “Э П Э Э” ХХК-ийн 2008-2012 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгаж, татвар төлөхөөс зайлсхийсэн гэх 8,535,288,969,901.70 төгрөгийн зөрчил илрүүлэн, Татварын ерөнхий /2008 оны/ хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.6-д заасныг үндэслэн эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр татварын улсын байцаагчийн 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 210000334 дүгээр дүгнэлт бичсэн; уг дүгнэлтийн дагуу Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 2014250004869 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан ба мөрдөгчийн саналыг үндэслэн “гэмт хэрэг гарсан эсэх нь нотлогдоогүй” гэх үндэслэлээр Прокурорын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2771 дүгээр тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон; мөн, үүний дараа Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа дахин явуулахдаа шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан, шинжээчийн дүгнэлтэд үндэслэн “Э П Э Э” ХХК-ийг 2,071,514,391.61 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт буруутгасан боловч мөрдөгчийн саналын дагуу “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үндэслэлээр Прокурор 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” 157 дугаар тогтоолыг гаргасан; шинжээчид 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “...татварын улсын байцаагчийн ...дүгнэлтийн 8,535,288,969.9 мянган төгрөгийн зөрчлийн дийлэнх 97.4 хувь буюу 8,313,303,862.7 мянган төгрөгийн зөрчилд хамааралтай баримтыг шинжээчдийн багт ирүүлээгүй, ирүүлсэн баримт нь шаардлага хангаагүй учраас татварын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэлтэй, үндэслэлгүй эсэхийг тогтоох боломжгүй” гэх, мөн “...үндсэн баримтгүйгээр татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцсон 221,985,107,226,05 төгрөгийн зөрчлийг шинжилгээгээр хянахад ...тооцох зөрчил 8,626,480,773.18 төгрөг, үүнд 2,071,514,391.61 төгрөгийн татвар төлөхөөр байна” гэсэн дүгнэлт гаргасан, эдгээр үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй байна.

16. Татварын ерөнхий /2008 оны/ хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т “энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй”, Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 9-д “хэрэв хүн, хуулийн этгээдийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй ба энэ хуулийн дагуу шийтгэл оногдуулах үндэслэлтэй бол хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай шийдвэр гарсан өдрөөс эхлэн тоолно” гэж тус тус заасан, энэ тохиолдлын хувьд татварын улсын байцаагчийн 2014 оны 21000034 дугаартай  “дүгнэлт”-ийг хуулиар эрх олгосон буюу Татварын албаны дарга эсхүл татварын маргаан таслах Зөвлөлөөс хүчингүй болгоогүй, харин  эрх бүхий байгууллага буюу мөрдөн шалгах байгууллагаас хэрэг бүртгэлтийн үйл ажиллагаа явуулж, дээрх байдлаар шийдвэрлэжээ.

17. Түүнчлэн, “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” Прокурорын 2018 оны 157 дугаар тогтоолд “Э П Э Э” ХХК-иас гомдол гаргаагүй нь уг тогтоолд дурдагдсан “татвар төлөхөөс зайлсхийсэн” гэх зөрчлийн дүнг татвар төлөгч хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр боловч татварын улсын байцаагч Ц.Энхнаран, Б.Батмөнх нар нь маргаан бүхий актаар “Э П Э Э” ХХК-д хариуцлага хүлээлгэхдээ зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулаагүй учраас тус зөрчил нь 2014 оны татварын хяналт шалгалтаар тогтоож “дүгнэлт”-д хамаарсан зөрчил эсэх, эсхүл мөрдөн шалгах ажиллагааны явцад 2018 онд шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зөрчил болох нь тодорхойгүй энэ тохиолдолд, Татварын албанаас 2014 онд шалгалт хийхдээ нэгэнт тогтоосон зөрчил гэж үзэх нь эргэлзээтэй, үүнийг тодруулан шалгах ажиллагааг шүүхээс гүйцэтгэх боломжгүй бөгөөд шүүхийн  шинжлэн судлах зүйлийн цар хүрээнээс хэтэрсэн асуудал гэж үзнэ.

18. Энэ талаар, анхан шатны шүүхээс үндэслэлтэй дүгнэж, маргааны үйл баримтад холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх”-ээр заасныг зөв тайлбарлаж хэрэглэж, хэргийг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  хяналтын журмаар гаргасан “... анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

19. Харин, давж заалдах шатны шүүх “...татварын улсын байцаагчийн 2014 онд хяналт шалгалт хийж, илрүүлсэн зөрчилд нэгэнт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэж үзсэн тул тухайн тогтоогдсон зөрчилд захиргааны хариуцлага  хүлээлгэхэд дахин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагагүй” гэх дүгнэлт хийж, татварын улсын байцаагч нар нь “зөрчил” тогтоогоогүй, мөрдөн шалган ажиллагааны явцад гаргасан “шинжээчийн дүгнэлт”-ийг шууд зааж, маргаан бүхий “акт”-ыг бичсэн нь эргэлзээтэй байхад энэ талаар дүгнээгүй, улмаар “өөрөө” зөрчил тогтоож, зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэсэнд нийцэхгүй юм.

20. Түүнчлэн магадлалд, хариуцагчийн давж заалдах гомдол, гомдлыг хэлэлцсэн байдал, гомдлыг шийдвэрлэсэн талаар огт бичилгүй орхигдуулж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д “давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн магадлалд ...давж заалдах гомдлын агуулга, давж заалдах шатны шүүхээс гаргаж байгаа шийдвэр, түүний үндэслэл тусгагдсан байна” гэснийг зөрчсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

21. Эдгээр үндэслэлээр, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Э П Э Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтөрийн хяналтын журмаар “шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулах”-аар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 592 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0621 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасны дагуу нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахад  төлсөн тэмдэгтийн хураамжийн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                         Ч.ТУНГАЛАГ