Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2018/00606

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2018/00606

 

 

 

Цахим хөтөлбөр ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/03976 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Цахим хөтөлбөр ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэст холбогдох, хохирол, олох байсан орлогод 245 068 739 3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Бум-Очир, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа, Ч.Октябрь, прокурор М.Цэнд-Аюуш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Бум-Очир түүний өмгөөлөгч Т.Цэрэндэгва нар шүүхэд гаргасан тайлбартаа: Тус компани 2010 онд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах 700 м.кв газартай, 312 м.кв үйлчилгээний талбай бүхий Солонгос рестораныг худалдан авч, рестораны чиглэлээр үйл ажиллагааг 2014 он хүртэл хэвийн явуулж байсан. Мөн дүүргийн мэргэжлийн хяналтын газраас барилга болон ажлын байр нь рестораны үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой гэж дүгнэлт гаргасан. 2011 онд хууль журмын дагуу рестораны тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаатайгаар авч, үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд 2011 онд 41 000 000, 2012 онд 63 300 000, 2013 онд 65 700 000, 2014 оны 1 дүгээр улиралд 9 500 000, 2014 оны 2 дугаар улиралд 0, 2014 оны 3 дугаар улиралд 0, 2014 оны 4 дүгээр улиралд 5 100 000, 2015 оны 1 дүгээр улирлаас хойш одоог хүртэл 0 төгрөгийн борлуулалтыг тус тус хийсэн. Уг ресторан нь Нарантуул, Өгөөмөр захын худалдаачид болон тэр хавийн төмрийн худалдаачид, авто засварын газрын ажилчид зэрэг үйлчлүүлэгчид ихтэй, жилээс жилд үйлчлүүлэгчдийн тоо болон компанийн борлуулалтын ашиг нэмэгдсээр ирсэн.

Гэтэл Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтсээс хууль, журамд заасан хугацааныхаа дотор манай тусгай зөвшөөрлийг сунгаагүйгээс компани эдийн засгийн хүнд нөхцөлд орсон. 2013 онд рестораны зөвшөөрлөө сунгуулахаар Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэст очиход рестораны гадуур хашаа барьсны дараа сунгана гэсэн. Үүний дагуу хашаагаа барьчхаад дахин очиход энэ жилийн зөвшөөрөл сунгах хугацаа дууссан тул 2014 оны 4 дүгээр сард хүрээд ир, зөвшөөрлийг чинь ямар ч асуудалгүй сунгаад өгнө, тэр хүртэл үйл ажиллагаагаа явуулж бай гэсэн. Энэ хугацаанд хууль тогтоомжид заасан ямар ч зөрчил гаргалгүй рестораны үйл ажиллагааг явуулж байгаад 2014 оны 4 дүгээр сард болон түүнээс хойш зөвшөөрлөө сунгуулахаар хэд хэд очтол газар дээр нь үзэж, танилцаж байж зөвшөөрөл олгоно гээд хэд хэдэн удаа ирж танилцсан боловч, ирэх бүртээ өөр өөр шаардлага тавьж байсаар 2014 оны эцэс болж, Худалдаа үйлчилгээний хэлтсээс тавих шаардлага улам хатуурч, ресторандаа их засвар хий гэх болсон. Хуулийн байгууллагад хандана гэж хэлэхэд манай рестораны архиар үйлчлэх зөвшөөрлийг хасч, зөвхөн пиво, вино зарах эрхтэй кафегаар ажилла гэж жил гаруй хугацааны дараа буюу 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гэрээний эхлэх дуусах оны цифрийг дарсан Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хачин гэрээг өгсөн боловч үүнийг үндэслэн үйлчилгээ эрхлэх ямар ч боломжгүй бөгөөд наад зах нь нотариатаар батлуулах боломжгүй байсан.

Хууль тогтоомжид зааснаар үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл болон тусгай зөвшөөрөл шинээр олгох асуудлыг төрийн захиргааны байгууллагаас 21 хоногийн дотор, сунгах асуудлыг 3 хоногийн дотор шийдвэрлэж хариу өгөхөөр заасан байхад ийнхүү холбогдох зөвшөөрлүүдийг хууль журамд заасан хугацаанд өгөлгүй, бүтэн 1 жил гаруй хугацааны дараа өгсөн бөгөөд энэ хугацаанд манай компани ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, урт хугацаанд бүрэн зогсонги байдалд байснаас маш их хэмжээний алдагдалд орж, цаашлаад компани дампуурахад хүрсэн. Хариуцагчийн дээрх хууль бус үйлдлийн талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүх хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйг тогтоож шийдвэрлэсэн. Иймээс Баянзүрх дүүргийн Худалдаа, үйлчилгээний хэлтсийн согтууруулах ундаа спиртийн өндөр болон сул агууламжтай худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай Цахим хөтөлбөр ХХК-ийн өргөдлийг хүлээн авч хууль тогтоомжид заасан хугацаанд шалгаж, эрх бүхий албан тушаалтанд танилцуулаагүй хууль бус эс үйлдэхүйн улмаас 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 29- ний өдрийг хүртэлх хугацаанд учирсан гэм хорын хохирол, олох байсан орлогод 245 068 739 3 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа, Ч.Октябрь нар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2 дах хэсэгт заасныг үндэслэл болгосон байна. Нэхэмжлэгч дээрх дүнг шаардах эрхтэй байхын тулд шаардах эрх үүссэн, дуусгавар болоогүй, хэрэгжүүлэх боломжтой байх ёстой. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 71 дүгээр тогтоолоор баталсан Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам-ыг үндэслэн Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шийдвэрээр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг олгох, сунгах асуудлыг шийдвэрлэдэг. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох хяналт тавих журам-ын 3 дугаар зүйлийн 3.6 дахь заалтад Тусгай зөвшөөрлийг анх олгосон хугацаанаас ихгүй хугацаагаар сунгалт хийх бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий менежерийн шийдвэрээр сунгалт хийнэ гэж заасан. Тус журам нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн /цаашид НИТХ гэх/ 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 205 дугаар тогтоолоор баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам-аар хүчингүй болсон бөгөөд нэхэмжлэгчийн өргөдөл гаргасан гэх үед тус журам үйлчилж байсан болно. Түүнчлэн НИТХ-ын 2015 оны 205 дугаар тогтоолоор батлагдсан журмын 6 дугаар зүйлийн 6.3-д Холбогдох хууль тогтоомж, стандарт болон энэ журмын 5.1-д заасан шаардлагыг хангасан аж ахуйн нэгжид эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр 2 жилийн хугацаагаар тусгай зөвшөөрөл олгох буюу сунгана гэж заасан. Мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүх Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтсийг хариуцагчийн хувьд Цахим хөтөлбөр ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг л тогтоосон. Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 498 дугаар зүйлээс үзэхэд шаардах эрх үүсэх гол урьдач нөхцөл нь хариуцагчийн гэм хор учруулсан эс үйлдэхүй байх, хохирол байх, тус үйлдлийн улмаас хохирол учирсан шалтгаант холбоо байх ёстой байна. Гэтэл нэхэмжлэгч хариуцагчаас тусгай зөвшөөрлийн хугацаа сунгаагүй эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол гэж нэхэмжилж буй нь үндэслэлгүй. Энд өргөдлийг хугацаанд нь шийдвэрлээгүй эс үйлдэл байхаас тусгай зөвшөөрөл сунгах эс үйлдэхүй байхгүй, шууд үр дагавар гаргах эс үйлдэл байхгүй байна. Энэ талаар Улсын дээд шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 209 дүгээр тогтоолын хянавал хэсэгт ... үйл ажиллагаа явуулах эс үйлдэхүйг тогтоолгох, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгохыг даалгах зэрэг нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтсийн даргын эрх хэмжээнд хамааралгүй, нэхэмжлэгчийн стандартын шаардлага хангасан эсэхээс тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэх эрх нь захиргааны байгууллагад хадгалагдаж байгаа тул зөвшөөрөл олгохыг болон зөвшөөрлийн хугацаа сунгахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлтүүд зөв байна гэж зааснаар нотлогдож байна.

Түүнчлэн хариуцагчаас 2014 оны 06 сарын 26-ны өдөр Худалдаа, үйлчилгээний хэлтсийн нийтийн хоол хариуцсан мэргэжилтэн Ч.Октябрь, Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлах ахлагч П.Ганбаяр нар Бумба зоогийн газарт Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ Хоолны газрын ангилал зэрэглэл МNS 4946:2005 стандартын шаардлагыг хангасан эсэхэд хийсэн шалгалтаар стандартын хэд хэдэн заалтуудыг зөрчсөн байсан тул удаа дараа үүрэг даалгаврыг өгсөн. Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ Хоолны газрын ангилал зэрэглэл МNS 4946:2005 стандартын дагуу нийт 93 үзүүлэлтээр 93 оноо авахаас 51 үзүүлэлтийг хангаж 51 оноо буюу 54,8 хувьтай хангалтгүй оноогоор дүгнэгдэж Нэгдүгээр зэрэглэлийн ресторан-ны шаардлагыг хангаагүй бөгөөд авсан үнэлгээгээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зуран, тамга дарж баталгаажуулсан. Аттестатчиллын шалгалтаар стандартад заагдсан шаардлагуудын дагуу өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, дахин ажлын байраа үзүүлээгүй, мөн стандартын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй. Нэхэмжлэгчээс 2015 оны 12 сарын 17-ны өдөр Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ Хоолны газрын ангилал зэрэглэл МNS 4946:2005 стандартыг хангасан гэсний дагуу Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Халиунаа, Нийтийн хоол хариуцсан мэргэжилтэн Ч.Октябрь нар дахин ажлын байрыг үзэхэд өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөлийг зөрчсөн байсан.

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөнд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй., 229.2 дах хэсэгт Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ гэж тус тус заасан байна. Гэтэл нэхэмжлэгч цэвэр, бохир усны зардал, шатахууны зардал, төрийн банкны зээлийн хүүгийн зээлийн зардал, интернетийн зардал, цахилгааны зардал, үл хөдлөх хөрөнгийн татварын зардал, гар утасны зардал зэрэг нийт 103 402 073.11 төгрөгийн гарсан зардлыг бодит хохирол гэж, олох ёстой байсан орлогыг 2011-2014 онд үйл ажиллагаа гаргасан татварын тайлангийн дунджаар тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгчид үйл ажиллагааны зөвшөөрөл олгогдсон харин тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг Улаанбаатар хотын ерөнхий менежер шийдвэрлэдэг байхад өргөдөл гаргасан бол тусгай зөвшөөрлийг олгогдох ёстой гэж тоймлон нэхэмжилж буй нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан шаардах эрх нь үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг. Тус маргаанд хариуцагчийн хохирол учруулсан үйлдэл, бодитой хохирсон хохирол байхгүй. Мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3 дах хэсэгт Хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно гэж заасан. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/06 дугаар тушаалаар Цахим Хөтөлбөр ХХК-д шинээр кафе ажиллуулах тусгай зөвшөөрөл олгосон талаар удаа дараа мэдэгдэж байхад Цахим хөтөлбөр ХХК-ийн захирал С.Бум-Очир зөвшөөрлийг аваагүй, стандартын шаардлага хангаагүй, журмын дагуу зөрчлөө арилгахыг хүсэхэд арилгаагүй, олгосон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжтой байхад очиж авалгүй хүчингүй болгуулсан зэрэг нь нэхэмжлэгч өөрөө болгоомжгүй хандсан гэх үндэстэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 229.2, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баянзүрх дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс 70 833 333 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Цахим хөтөлбөр ХХК-д олгож, нэхэмжлэлээс 174 235 406 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 383 300 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс 512 116 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Цахим хөтөлбөр ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа, Ч.Октябрь нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 229 дүгээр зүйлийн 229.1, 229.2 дах хэсэг болон нэхэмжлэгчийн олох ёстой байсан орлогын боломжит хэмжээг тодорхойлсон Эмига ХХК-ийн 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 9/17 тоот шинжээчийн дүгнэлтийг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж 70 833 333 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 498 дугаар зүйлээс үзэхэд шаардах эрх үүсэх гол нөхцөл нь хариуцагчийн гэм хор учруулсан эс үйлдэхүй байх, хохирол байх, тус үйлдлийн улмаас хохирол учирсан шалтгаант холбоо байх ёстой байна. Гэтэл нэхэмжлэгч өргөдлийг хугацаанд нь шийдвэрлээгүй эс үйлдлээс хохирол учирсан хэмээн нэхэмжилж буй нь үндэслэлгүй.

Учир нь захиргааны хэргийн шүүхээс хариуцагчийн спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай Цахим хөтөлбөр ХХК-ийн өргөдлийг хүлээн авч, хууль журамд заасан хугацаанд шалгаж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерт танилцуулаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус өргөдлийн дагуу тусгай зөвшөөрөл олгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч өөрөө анх эзэмшиж байсан спиртийн өндөр болон сул агууламжтай тусгай зөвшөөрөл эрхлэх шаардлага хангахгүй байсан нь Худалдаа, үйлчилгээний хэлтсээс хийсэн шалгалтын дүнгээр нотлогддог ба нэхэмжлэгч стандартын шаардлага хангасан эсэхээс хамааран тусгай зөвшөөрөл олгох талаар Улсын дээд шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 209 дүгээр тогтоолд дурдсан байдаг.

Хариуцагчаас 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Бумба зоогийн газар Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ- Хоолны газрын ангилал зэрэглэл MNS 4946:2005 стандартын шаардлагыг хангасан эсэхэд аттестатчиллын шалгалтыг хийхэд нийт 93 үзүүлэлтээр 93 оноо авахаас 51 үзүүлэлтийг хангаж 51 оноо буюу 54,8%-тай хангалтгүй оноогоор дүгнэгдэж "Нэгдүгээр зэрэглэлийн ресторан"-ны шаардлагыг хангаагүй бөгөөд нэхэмжлэгч авсан үнэлгээгээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зуран, тамга дарж баталгаажуулсан. Нэхэмжлэгч нь аттестатчиллын шалгалтаар стандартад заагдсан шаардлагуудын дагуу өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, дахин ажлын байраа үзүүлээгүй, мөн стандартын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ Хоолны газрын ангилал зэрэглэл MNS 4946:2005 стандартыг хангасан гэсний дагуу хариуцагчийн зүгээс дахин ажлын байрыг үзэхэд өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөлийг зөрчсөн хэвээр байсан. Хэдийгээр нэгдүгээр зэрэглэлийн рестораны буюу спиртийн өндөр, сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийн болзлыг хангахгүй байсан боловч спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар худалдах, үйлчлэх, борлуулах тусгай зөвшөөрлийг олгох боломжтой байсан тул Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2015 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн А/06 дугаар тушаалаар Цахим хөтөлбөр ХХК-д шинээр кафе ажиллуулах тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд тусгай зөвшөөрөл гарсан талаар удаа дараа мэдэгдэж байхад Цахим хөтөлбөр ХХК-ийн захирал С.Бум-Очир зөвшөөрлийг аваагүйгээс Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/76 дугаар тушаалын хавсралтаар Цахим хөтөлбөр ХХК-ийн 04/0069 дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.

Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн эс үйлдэхүй болон хохирлын хоорондын шалтгаант холбоонд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй атлаа захиргааны хэргийн шүүхээс хариуцагчийн гэм бурууг тогтоосон гэсэн ерөнхий үндэслэлээр хариуцагчаас 70 833 333 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Шүүх шүүхийн шийдвэрээ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2-т заасныг зөрчсөн шинжээчийн дүгнэлтэд үндэслэсэн, шинжээч зайлшгүй баримтлах ёстой Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2017 оны А/114/141 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан "Эдийн засгийн шинжилгээ хийх журам"-ыг баримтлаагүй, бусад холбогдох хууль тогтоомжийг хэрхэн баримталсан талаар дүгнэлтдээ тусгаагүйн улмаас шинжээчийн дүгнэлт үндэслэл бүхий болж чадаагүйг давж заалдах шатны шүүхийн зүгээс анхаарахыг хүсч байна. Хариуцагчийн зүгээс шинжээч томилсон шүүгчийн захирамжид болон шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч нэмэлт шинжилгээ хийх хүсэлтийг шүүхэд гаргасан боловч анхан шатны шүүхийн зүгээс хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа бол шүүхийн зардлыг хариуцагч, нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулах ба шинжээчийн зардал нь нөхөн төлүүлэх шүүхийн зардал тул шүүх шийдвэртээ уг асуудлыг тусгах ёстой байтал 101/ШШ2017/03976 дугаартай шийдвэрт шинжээчийн дүгнэлтийн зардлыг хэрхэн шийдвэрлэхийг орхигдуулсан байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, анхан шатны шүүхийн зүгээс маргааны нөхцөл байдалд бүрэн дүүрэн дүгнэлт өгөлгүйгээр "Цахим хөтөлбөр" ХХК-д 70 833 333 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Цахим хөтөлбөр ХХК нь хариуцагч Баянзүрх дүүргийн Худалдаа, үйлчилгээний хэлтэст холбогдуулан хохирол, олох байсан орлогод 245 068 739 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцвал зохих этгээд хэргийн зохигчоор оролцсон эсэх нь тодорхойгүй, шүүх хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн нь алдаатай болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт Хэргийн оролцогчийн эрх эдэлж, үүрэг хүлээх чадвар /иргэний эрх зүйн чадвар/-ыг бүх оролцогч тэгш эдэлнэ, 24 дугээр зүйлийн 24.1 дэх хэсэгт Шүүхэд эрхээ өөрөө хэрэгжүүлэх буюу төлөөлөгчөөр дамжуулан гүйцэтгүүлэх чадварыг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээд эдэлнэ гэж тус тус заасан.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан хариуцагчаас олгогдсон итгэмжлэл, хариуцагчийн тайлбар зэрэг нь Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрын албан бичгийн бланк дээр бичигдэж, Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга гарын үсэг зурж тус хэлтсийн нэр бүхий тэмдгээр баталгаажжээ. Дээрх итгэмжлэлийг үндэслэн хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааг явуулсан байх ба уг хэрэгт хариуцагч гэж тайлбар гаргаж буй этгээд нь Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар эсхүл тус тамгын газрын зохион байгуулалтын нэгж болох Худалдаа үйлчилгээний хэлтсийн аль болох нь ойлгомжгүй, Засаг даргын Тамгын газрыг төлөөлөх эрхтэй этгээд нь Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга мөн эсэх, эсхүл уг нэхэмжлэлд хариуцагчаар заагдсан Худалдаа үйлчилгээний хэлтсийн өмнөөс төлөөлж тайлбар гаргаж буй гэх нөхцөл байдал тодорхой бус байна. /2хх-ийн 449, 3хх-ийн 211, 141, 4хх-ийн 41, 2хх-ийн 454-458 дугаар хуудас/

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтсийг хариуцагчаар зааж шүүх уг хэлтсээс төлбөрийг гаргуулан шийдвэрлэсэн байна. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ гэж, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно гэж, мөн 29 дүгээр зүйлийн 29.6 дах хэсэгт Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна гэж тус тус заасан, Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байна гэсэн зэрэгт нийцэж байгаа эсэх болон уг хэлтэс нь эрх зүйн чадвартай эсэхийг нотолсон баримт хэрэгт байхгүй байна. Өөрөөр хэлбэл, Худалдаа үйлчилгээний хэлтэс гэх бие даасан байгууллага, хуулийн этгээд байгаа эсэх, иргэний эрх зүйн харилцааны оролцогч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хариуцагч байж чадах эсэх нь тодорхой бус болжээ.

Түүнчлэн шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хэлэлцэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар иргэний хэргийг түдгэлзүүлсэнтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх учиртай. Гэтэл гурван шүүгчийн шүүх бүрэлдэхүүний зүгээс шинжээч томилсон нь үндэслэлтэй эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэж үзнэ. /2хх-ийн 477-478, 496-498 дугаар хуудас/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн засах, хэргийн үйл баримтад хууль хэрэглээний дүгнэлт хийх боломжгүй болно. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/03976 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Б.НАРМАНДАХ