Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 67

 

SH LLC-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий

газарт холбогдох захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь,

            Шүүгчид:                         Г.Банзрагч,

                                                    П.Соёл-Эрдэнэ,

                                                    Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “...2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн “Ш к” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0666 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 658 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г нарыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0666 дугаар шийдвэрээр: Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц, Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2015/ 14 дүгээр зүйлийн 14.2, 14.5, Хууль зүйн сайдын 2015 оны А/41 дүгээр тушаалаар батлагдсан “Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.2, 3.3-д заасныг баримтлан Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “...2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн “Ш к” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Америкийн нэгдсэн улсын хуулийн этгээд SH LLC-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 658 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0666 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2015 он/ 2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 14 дүгээр зүйлийн 14.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “SH” LLC Америкийн Нэгдсэн Улсын хуулийн этгээдээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Ш к” ХХК-ийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2019/0658 дугаар магадлалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байх тул хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Монгол Улсын нэгдэн орсон “Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай” Парисын конвенц нь хуулийн этгээд байгуулах, түүнийг улсын бүртгэлд бүртгэх улсын бүртгэл хөтлөхтэй холбоотой харилцаанд ямар ч хамааралгүй байхад эрх зүйн эх сурвалж болгохоор байна, хуулийн этгээдийн нэрийг барааны тэмдгийн бүрдэлд орсон эсэхээс үл хамааран хамгаалахаар байна гэж буруу дүгнэсэн. Мөн уг конвенцид хуулийн этгээдийн нэр нь бусдыг төөрөгдөлд оруулахаар ижил төсөөтэй байж болохгүй талаар ямар ч зүйл заалт байхгүй, “Ш к” гэх нэр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн өөр хуулийн этгээдийн нэртэй давхардаагүй, бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй биш байтал “...өөр хуулийн этгээдийн нэртэй давхцаагүй боловч олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээнд уг хуулийн этгээдийн нэр нь бусдыг төөрөгдөлд оруулахаар ижил төсөөтэй байгааг анхаарч үзэлгүй нэрийн баталгаажуулалтын хуудас олгож, тухайн нэрээр хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэсэн нь Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц, Иргэний хуулийн 27.3-т заасантай нийцээгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй” гэж хууль бус үндэслэл гаргасан.

5. “Ш к” ХХК гэсэн нэрийг олгож, хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэсэн нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2015 он/ 2 дугаар зүйлийн 2.1-д “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.”, 2.2-т “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.” 14 дүгээр зүйлийн 14.2-т “Улсын бүртгэлийн байгууллага Иргэний хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу дараах ерөнхий шаардлагыг хангасан хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулна, 14.2.1.хуулийн этгээдийн нэрийн санд бүртгэгдсэн нэртэй давхардаагүй; 14.2.3.кирилл үсгээр илэрхийлэгдсэн; 14.2.4.бусад хуулиар хориглоогүй” гэсэн холбогдох заалтуудыг аль ч заалтыг зөрчөөгүй болно.

6. Гэтэл шүүх “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2015 он/ 2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 14 дүгээр зүйлийн 14.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Ш к” ХХК-ийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасан байна. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2019/0658 магадлалыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

7. Гуравдагч этгээдээс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2019/0658 дугаартай магадлалыг доорх үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гомдол гаргаж байна. Америкийн Нэгдсэн Улсын дотоодын хязгаарлагдмал хариуцлагатай компани болох SH LLC-ийн нэхэмжлэлийн агуулга нь “...А.Х санаатайгаар SH LLC-ийн үйлчлүүлэгч булааж, төөрөгдөлд оруулах ...” гэсэн нь анхнаасаа ор үндэсгүй, Монгол Улсын хууль тогтоомжийг үл ойшоосон, Монгол Улсдаа үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн олонд танигдсан бизнесийг санаатайгаар нэр хүндийг нь луйвардан хэрэглэгч үйлчлүүлэгч нарыг төөрөгдүүлж ашиг орлого олох зорилготойгоор нэхэмжлэл гаргасан байдаг.

8. Давж заалдах шатны шүүхийн магадлалд: ... Гуравдагч этгээдийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “...Хууль буруу тайлбарласан... үндэслэлээр гомдол гаргаж байна гэсэн нь гуравдагч этгээд болох А.Х-аас гомдол гаргаагүй байхад гомдол гаргасан мэтээр хянаж үзсэн гэх эхлэлтэй байгаа нь давж заалдах шатны шүүх хэргийн материалыг гүйцэд сайн судлаагүй мөн Америкийн компанийн барааны тэмдгийн бүртгэлийг буруу үнэлсэн гомдол үндэслэлтэй гэсэн нь барааны тэмдэгтийн гэрчилгээ байхгүй байхад үндэслэлтэй гэж дүгнэсэн монголын барааны тэмдгийг огт дурдаагүй байгаа нь хайнга хянаж шийдвэрлэсэн гэж харагдаж байна.

9. Анхны нэхэмжлэл үндэслэлгүйг тайлбарлах нь: SH гэдэг нэртэй карго онлайн захиалга бүртгэлийн веб сайтыг 2014 оноос олон нийтэд цацаж Америкаас карго илгээмж оруулж байсан нь хэрэглэгч үйлчлүүлэгч олонд Ш к хэмээн дуудагдах болсон нь үйлчлүүлэгчид тус сайтыг ашиглан онлайнаар захиалсан бараагаа бүртгүүлэх болон биднээр барааны захиалгаа хийлгэдэг хэрэглэхэд хялбар, олон улсын шуудангийн трак бүртгэлийг бүрэн хянаж өөрийн сайтаас мониторинг хийх системийг захирал А.Х би 2011 оноос хойш карго илгээмж оруулж ирж байсан ажлын туршлагаасаа боловсруулан зохиож “М С” ХХК-аар программаа бичүүлж хэрэглээнд гаргасан билээ. SH.com Оюуны өмчийн барааны тэмдгийн гэрчилгээ материалд хавсаргасан байгаа. Барааны тэмдэг баталгаажиж хамгаалагдсаны үндсэн дээр “Ш к” ХХК-ийг байгуулсан. Америк дах SH LLC яагаад заавал SH гэдэг ийм нэртэй компанитай болсон үндэслэлээ өнөөдөр тайлбарлах нотолгоо байхгүй анхдагч үүсгэн байгуулагчийн нэрийг хүртэл дээрэмдэхийг санаархаж байна.

10. 2011 оноос Америк талд карго илгээмжийг Монгол руу явуулдаг байсан миний төрсөн дүүгийн АМС corp SH компани нь 2016 оноос бизнесээ өргөжүүлж өөр бизнесүүд нээсэн тул карго ажилд ажиллах хүн хүч шаардлагатай болсон тул Монголоос хүн татаж ажиллуулах санал тавьж миний эхнэр болон нэхэмжлэгч З.О эхнэрийн хамт визэнд орж, миний эхнэрт виз татгалзсан хариу өгч З.О эхнэрийн хамт Америкт очин, миний дүү карго компаниа, ажлын байраа шилжүүлэн хариуцуулж ажиллуулж байтал итгэл эвдэн дүү Т-тай сэм хуйвалдаж Монголд У гэж компани байгуулж тусгай зөвшөөрөл гаргуулан карго бизнесийг булаан авсан байдаг юм. Нэхэмжлэгч SH LLC-ийн захирал З.О болон эхнэр н.Б нар гурван сарын жуулчны визээр очоод визийн хугацаа хэтрүүлэн харласан байдаг бөгөөд Монгол улсад бүртгүүлсэн өөрийн оффис салбар байхгүй, Америк улсад хууль бусаар амьдарч үйл ажиллагаа явуулж байгаа SH LLC-ийн Америк дахь оффис хаагдвал монголын хэрэглэгчдэд үйлчлүүлэгчдийн хохирол гомдлыг хариуцах хуулийн хариуцлага байхгүй нь харагддаг. Оюуны өмчөөр хамгаалагдсан SHUURKHAI.com сайтыг миний зөвшөөрөлгүйгээр хуулбарлан хэрэглэж байсан нь хууль бус болох нь тогтоогдож Оюуны өмчийн газраас хаалгасан байдаг. 2014 оноос хойш SH.com гэж нэртэй вебсайттай Америкаас карго оруулж ирдэг компани байдгийг Монголын зуун зуун хэрэглэгч олонд танигдсан нэр хүндийг луйвардан хуулийн этгээдийн эрх ашгийг хөндөж, Үндсэн хуулиар хамгаалуулсан эрхээ эдлэн Монгол улсдаа ажил хөдөлмөр эрхэлж буй иргэн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахыг хүсч байгаа учир давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.

ХЯНАВАЛ:

11. Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасантай нийцсэн байна. 

12. Нэхэмжлэгч SH LLC нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн “Ш к” ХХК-ийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...А.Х нь санаатайгаар SH LLC-ийн үйлчлүүлэгчийг булааж, төөрөгдөлд оруулах зорилгоор Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, хууль тогтоомжийг зөрчиж, манай компанийн нэрийг монгол хэл дээр хөрвүүлэн “Ш к” ХХК гэсэн хуулийн этгээдийн нэрийн бүртгэлийг баталгаажуулж, нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байна” гэж маргасан.

13. Хариуцагчаас “...кирилл үсгээр “Ш к” гэж баталгаажуулсан. ...хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нэрийн санд “Ш к” гэсэн ижил төсөөтэй нэр бүртгэлгүй. ...тус компанийг бүртгэснээр хууль, журмын холбогдох заалт зөрчигдөхгүй” гэсэн тайлбарыг гаргажээ.  

14. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч SH LLC нь Америкийн Нэгдсэн Улсын Иллинойс мужид 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, АНУ-ын хуулийн этгээд байна. Харин “Ш к” ХХК-ийн тухайд, иргэн А.Х нь 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт шинээр байгуулсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл гаргаснаар, тус бүртгэлийн газраас 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр “Ш к” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгэж /үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг ачаа бараа хүргэлтийн үйлчилгээ гэж/, улсын бүртгэлийн 000162389 дугаарын гэрчилгээ олгосон байна.

15. Давж заалдах шатны шүүхээс Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2015 оны/-ийн 2 дугаар зүйлийн 2.1, 2.2, “Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай” Парисын конвенцийн 1 дүгээр зүйлийн 2, 8 дугаар зүйл, Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасныг маргааны үйл баримтад зөв тайлбарлан хэрэглэж, “Ш к” ХХК-ийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл хууль зөрчсөн талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ. 

16. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ”, 2.2-т “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж тус тус зааснаар хуулийн этгээд байгуулах, түүнийг улсын бүртгэлд бүртгэх талаарх харилцааг зохицуулахад Иргэний хууль болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийг дагаж мөрдөхөөр байна. 

17. Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Хуулийн этгээдийн нэр нь өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй” гэж заасан, мөн Монгол Улсын 1984 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр соёрхон баталж, 1985 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон “Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай” Парисын конвенцийн 1 дүгээр зүйл /Холбоо байгуулах: аж үйлдвэрийн өмчийн хүрээ/-ийн 2-т “Аж үйлдвэрийн эрхийн хамгаалалтын объектод патент, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, үйлчилгээний тэмдэг, аж ахуйн нэгжийн нэр, эх үүсвэр буюу нэрийн гарлын заалт, шударга бус өрсөлдөөнийг таслан зогсоох үйлдэл багтана”, 8 дугаар зүйлд “Холбооны гишүүн бүх оронд аж ахуйн нэгжийн нэрийг барааны тэмдгийн бүрдэлд орсон эсэхээс үл хамааран түүнийг мэдүүлэг гаргахыг шаардахгүйгээр эсхүл бүртгэлгүйгээр хамгаална” гэж зааснаар хуулийн этгээдийн нэр аж үйлдвэрийн эрхийн хамгаалалтын объектод багтахаар, түүнчлэн хуулийн этгээдийн нэрийг барааны тэмдгийн бүрдэлд орсон эсэхээс үл хамааран бүртгэлгүйгээр хамгаалахаар заасан. 

18. Иргэний хууль болон конвенцийн дээрх зүйл, заалтуудыг маргааны үйл баримтад холбон дүгнэхэд, АНУ-ын хуулийн этгээд болох SH LLC-ийн нэр нь барааны тэмдгийн бүрдэлд орсон эсэхээс үл хамааран хамгаалагдсан байхад хариуцагч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр “Ш к” ХХК-ийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн нь хууль, конвенцийн дээрх зүйл, заалтуудыг зөрчсөн байна. 

19. Гэтэл анхан шатны шүүх “...нэр давхардах гэх ойлголт нь Монгол улсад бүртгэлтэй өөр аж ахуйн нэгжийн нэртэй ижил төсөөтэй эсэх тухай зохицуулалтыг агуулсан. ...барааны тэмдэгт хуулийн этгээдийн нэрийг бүртгүүлснээр “Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай” Парисын конвенцийн дагуу хуулийн этгээдийн нэр хамгаалагдана” гэсэн хууль бус дүгнэлтүүдийг хийжээ. 

20. Иймд давж заалдах шатны шүүхийн, “...хуулийн этгээдийн нэрийг барааны тэмдгийн бүрдэлд орсон эсэхээс үл хамааран хамгаалахаар байна. ...хариуцагч Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас “Ш к” гэх нэр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн өөр хуулийн этгээдийн нэртэй давхцаагүй боловч олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээнд уг хуулийн этгээдийн нэр нь бусдыг төөрөгдөлд оруулахаар ижил төсөөтэй байгааг анхаарч үзэлгүй нэрийн баталгаажуулалтын хуудас олгож, тухайн нэрээр хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэсэн нь “Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай” Парисын конвенц, Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасантай нийцээгүй” гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй  болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган, “Ш к” ХХК-ийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна гэж үзлээ. 

21. Дээрх үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 658 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгийг баримтлан гуравдагч этгээдийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        М.БАТСУУРЬ

                                   ШҮҮГЧ                                                              Б.МӨНХТУЯА